Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2017/00473

 

                                                        А.Содномын нэхэмжлэлтэй,

                                                               иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 45 дугаар шийдвэр,

Увс аймгийн эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : А.Содном,

Хариуцагч : Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар,

Нэхэмжлэлийн шаардлага : Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016.9.19-ний өдрийн 219 мэдэгдэл, 2016.11.03-ны өдрийн Б/51 тушаалыг тус тус хүчингүй болгох, хуучин ажилд эгүүлэн тогтоолгох тухай

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Би 2013 оны 7 дугаар сард Увс аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн сахиулын ажилд орсон ба слесарь-н  ажил давхар хийдэг байсан. 2015.11.01-ний өдөр тус байгууллага нь дулааны шугамд холбогдож, 4 харуулын орон тоо гарч, би харуулаар ажиллах болсон. Увс аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй нэгдэж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болсон. Газрын дарга Д.Цогт-Очир 2016.9.19-ний өдөр надад 219 тоот мэдэгдлийг ирүүлсэн. Уг мэдэгдэлд миний орон тоо цөөрсөн учраас 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл байсан. Ингээд намайг ажлаас халж, миний ажлын байранд Цэдэн-Иш гэдэг хүнийг ажилд авсан байна.  Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Хөдөлмөрийн хууль зөрчиж намайг халж, өөр хүн  ажилд авсан  учир тус газрын даргын 2016.9.19-ний өдрийн 219 тоот мэдэгдэл, 2016.11.03-ны өдрийн Б/51 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг харуулын  ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст харуулаар ажиллаж байсан А.Содном нь өмнө 2016.8.17-ны өдөр Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын Б/28 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. А.Содном нь тус хэлтэс татан буугдаж, ажлаас чөлөөлөгдсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.3-т зааснаар А.Содномтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016.11.03-ны өдрийн Б/51 тоот тушаал нь А.Содномыг ажлаас чөлөөлсөн тушаал биш, харин ажлаас чөлөөлөгдөсний тэтгэмж олгох тухай тушаал юм. А.Содном сахиулаар ажиллаж байх хугацаандаа буюу эд хөрөнгө хадгалж, хамгаалах үүргийг хүлээж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасныг зөрчиж байсан тул харуулын үүрэгт ажилд тэнцэхгүй гэж үзэж ажилд томилохоос татгалзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 45 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016.9.19-ний өдрийн 219 тоот мэдэгдэл, 2016.11.03-ны өдрийн Б/51 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, А.Содномыг Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан буюу харуулын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар А.Содном нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 70.200 төгрөгийг гаргуулахаа  шийдвэрлэсэн байна. 

Увс аймгийн эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар магадлал гаргаж,  анхан шатны 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь төрийн захиргааны байгууллага. Төрийн захиргааны асуудлаар гаргасан захиргааны актыг иргэний хэргийн шүүх хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. А.Содномд тэтгэмж олгох тухай Б/51 дүгээр  тушаалын утга агуулга нь тодорхой, баталсан байгууллага нь тодорхой, өөрийн чиг үүрэг хамаарсан асуудлаар холбогдох албан тушаалтнуудад зөвшөөрсөн үүрэг болгосон гүйцэтгэх эзэн нь тодорхой хууль зүйн үндэслэлтэй эрх зүйн акт болно. Энэ актаар хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, хэ нэгэн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдах зэрэг хуульд заасан үндэслэл байхгүй болно. Мөн хуулийн 47.2 хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасан байна. Гэтэл А.Содном нь энэ актыг үндэслэн ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж хүлээн авсан нь тухайн актын үйлчилгээг хүлээн зөвшөөрч буй үйлдэл юм гэжээ.

   ХЯНАВАЛ:

А.Содном Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хариуцагчийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 219 тоот мэдэгдэл, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/51 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах, харуулын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага тавьсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй  маргажээ. 

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “...ажлаас халах тушаал гаргаагүй... нэхэмжлэгч шилжиж ирэхдээ ажлаасаа халагдсан байсан...” гэсэн үндэслэл заасан нь шийдвэр  болон магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй.  

Нэхэмжлэгч А.Содном нь Увс аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст харуулаар ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар мөн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжин ирснээс хойш  хариуцагч 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 219 тоот мэдэгдэл, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/51 дугаар  тушаал гаргасан нь нотлогдсон байна.      

Хариуцагч “...халах тушаал гаргаагүй...” гэж маргах боловч А.Содном Увс аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэсээс шилжин ирсэн нь тогтоогдсон, хариуцагч нэхэмжлэлтэй холбогдуулан тайлбар гаргахдаа А.Содном Увс аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст эд хөрөнгө хадгалж, хамгаалах үүрэгтэй байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчиж байснаас харуулын ажил тэнцэхгүй гэж үзэж ажилд томилоогүй гэх тул нэхэмжлэгч 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/28 бус, харин 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/51 дугаар тушаалаар харуулын ажлаас халагдсан гэж үзнэ.     

Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 219 дугаар  мэдэгдэл,  Б/51 дугаар  тушаалд  орон тоог цөөрүүлж  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах талаар заасан байх тул  хариуцагчийн тайлбар нэхэмжлэлийг үгүйсгэхгүй байна.   

Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга  2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр  Б/51 дугаар тушаал гаргаж нэхэмжлэгчийг харуулын ажлаас халсан байх бөгөөд тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй нь нотлогдсон тул ажил олгогчийн гомдлыг хангах боломжгүй.       

Хоёр шатны шүүх А.Содномын нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул  хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээнэ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 45 дугаар шийдвэр, Увс аймгийн эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР                                             

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ