Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2018/0437

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаарh221/МА2018/0437

Улаанбаатар хот

 

 

Д.Б-н нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, гуравдагч этгээд Э.Б, Э.Ж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0331 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.Б нэхэмжлэлтэй, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0331 дүгээр шийдвэрээр: Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 8 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 121 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 161 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 тоот тогтоолын Д.Д-д холбогдох хэсгийн 3 өрөө гэснийг 2 жижиг өрөө буюу А, В өрөөг өмчлүүлэх гэж өөрчлөх, 0038177 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 23-15 тоот байрны 1 том өрөө болох Б өрөөг Д.Б-т ордерыг олгож, өмчлүүлэхийг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд даалгах” шаардлага бүхий Д.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О нар давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 тоот тогтоолын Д.Д-д холбогдох хэсгийн 3 өрөө гэснийг 2 жижиг өрөө буюу A, B өрөөг өмчлүүлэх гэж өөрчлөх, 0038177 орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 23-15 тоот байрны 1 том өрөө болох Б өрөөг Д.Б-т ордерыг олгож өмчлүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсэгт Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 290 дүгээр шүүхийн шийдвэрээр А, В өрөөг Д.Д-д, Б өрөөг Д.Б-т эзэмшүүлэхээр шийдвэрлэж байрны 913402 тоот ордерыг хүчингүй болгосон. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д ““сууц эззмшигч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /нэг буюу нэгээс дээш өрөө/-ыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй” гэж заасны дагуу гэрчилгээ олгосон нь хуульд нийцсэн гэх дүгнэлтийг өгч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэспэл бүхий байна” гэсэн зарчимтай нийцэхгүй байна. Учир нь 1998 оны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн тогтоох хэсэгт Д.Д-н 958482 тоот ордер, Д.Б-н 913402 тоот ордерыг тус тус хүчингүй болгосон. Уг шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг.

Өөрөөр хэлбэл, дээрх хоёр ордерыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай байхад шүүх дээрх нотлох баримтыг үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй байна. Түүнчлэн шүүхээс дүгнэхдээ зөвхөн Д.Б-н ордерыг хүчингүй болгосон мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй.

Нэгэнт маргаж буй нөхцөл байдал өөрөөр хэлбэл, Орон сууцны конторын Д.Д-д өмчлүүлсэн үйлдэл хуульд нийцсэн эсэхийг тогтоох шаардлагатай.

Үүний тулд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг шүүх гүйцэтгэхээр заажээ. Гэтэл 1998 оны 04 дүгээр сарын  14-ний өдринй 08 тоот тогтоолоор Д.Д-д өмчлүүлсэн нөхцөл байлыг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байсан ба Д.Д-д эзэмших эрхийн хэдэн тоот ордероор өмчлүүлсэн талаарх ажиллагааг хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн. Түүнчлэн үндэслэх хэсэгт ямар нотлох баримт буюу хэдэн тоот ордероор өмчлүүлсэн тухай дурьдаагүй байна.

Мөн нэхэмжлэгч нь орон сууц өмчлөх хүсэлтээ гаргаагүй тухай дурьдсан байх ба Орон сууц хувьчлах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эзэмшигч нь хувьчлан авах өргөдлийг гаргах эрхийг хуульчилсан байх ба  өргөдлийг гаргах хугацааг заагаагүй юм. Үүнээс үзэхэд эзэмшигч хүсэлт гаргаагүй нь түүнийг өмчлөх эрхээ алдсан гэх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу тэргүүн ээлжинд өмчлөх хуульд заасан эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл, орон сууцны контор нь хүчингүй ордероор өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож байхад шүүх хэдэн тоот ордероор өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нотлох баримтыг цуглуулаагүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдааныг хийхээс өмнө шүүгч өглөө 10 цаг 30 минутад урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж хуралдуулаад мөн өдрийнхөө 13 цаг 30 минутад шүүх хуралдааныг зарлаж хийсэн нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг зөрчжээ.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Б-с Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус тус холбогдуулан “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 тоот тогтоолын Д.Д-д холбогдох хэсгийн 3 өрөө гэснийг 2 жижиг өрөө буюу А, В өрөөг өмчлүүлэх гэж өөрчлөх, 0038177 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 23-15 тоот байрны 1 том өрөө болох Б өрөөг Д.Б-д ордерыг олгож, өмчлүүлэхийг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд даалгах тухай” нэхэмжлэлийг гаргажээ.

Маргаан бүхий Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолоор Орон сууц хувьчлах товчооны мөн өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн орон сууцаа хувьчлан авах хүсэлт гаргасан иргэдэд өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэсний дотор Д.Д багтаж, түүнд Баянзүрх дүүрэг 12 дугаар хороолол, 23 дугаар байрны 15 тоот орон сууцыг өмчлөх 0038177 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.

Д.Б-с дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 290 дүгээр шийдвэрээр маргаан бүхий орон сууцны А, В өрөөг Д.Д-д, Б өрөөг Д.Б-д эзэмшүүлж, тус бүрт нь ордер олгохыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Орон сууцны хэлтэст үүрэг болгосон байхад Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Д-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль бус” гэж маргаж байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Д.Б-с өмнө нь Д.Д-д холбогдуулан иргэний хэргийн шүүхэд “орон сууцнаас гаргуулах” нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 290 дүгээр шийдвэрээр Д.Б-н орон сууц эзэмших 913402 тоот ордер, Д.Д-н орон сууц эзэмших 958452 тоот ордерийг тус тус хүчингүйд тооцож, 12 дугаар хорооллын 23 дугаар байрны 1-р орцны 5 давхрын 15 тоотоос А, В өрөөг Д.Дд-, Б өрөө буюу том өрөөг Д.Б-д эзэмшүүлж, тус бүрт нь ордер олгохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Орон сууцны хэлтэст үүрэг болгож шийдвэрлэсэн, үүний дараа буюу 1997 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Д.Д АДХГЗ-ын олгосон 1995 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 958452 дугаартай эрхийн бичгээр сууж буй маргаан бүхий 3 өрөө орон сууцыг өмчлөх хүсэлтээ Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан үйл баримтууд тогтоогдож байна.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д зааснаар хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй хэдий ч мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 1-д зааснаар хууль ёсоор эзэмшиж байгаа сууц /өрөө/-аа хувьчлан авах иргэд эзэмшиж байгаа сууц /өрөө/-аа хувьчлан авах тухай өргөдлийг орон сууц хувьчлах товчоонд гаргаж, уг эрхээ хэрэгжүүлэхээр байна.

Гэтэл нэхэмжлэгч Д.Б нь Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд орон сууцны өрөөг өмчлөн авах талаар ямар нэгэн өргөдөл гаргаагүй, харин түүний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дэмжин тайлбарлаж буй Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны шийдвэрээр дээрх маргаан бүхий төрийн өмчийн 3 өрөө орон сууцыг эзэмшихтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч захиргааны байгууллагаас дээрх шүүхийн шийдвэрийг мэдээгүй гэж тайлбарлаж байхаас гадна уг иргэний хэрэгт ямар нэг байдлаар оролцоогүй  байх тул Д.Д-н гаргасан өргөдлийг үндэслэн түүнд маргаан бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг олгосон захиргааны байгууллагын шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд төрийн өмчийн орон сууцыг эзэмшихтэй холбоотой талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны шийдвэр гарсан гэдэг үндэслэлээр уг орон сууцны өрөөг өмчлөх талаар хүсэлт гаргаагүй Д.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

Гомдлын “Шүүгч өглөө 10 цаг 30 минутад урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, мөн өдрийнхөө 13 цаг 30 минутад шүүх хуралдааныг товлон зарлаж хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь дээрх шүүх хуралдааныг товлосон урьдчилсан хэлэлцүүлэгт оролцож, шүүх хуралдааныг мөн өдрийн 13 цаг 30 минутад товлоход татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч Д.Б нь хуульд заасан журмын дагуу тухайн орон сууцны өрөөг өмчлөх хүсэлтийг захиргааны байгууллагад гаргаагүй, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 тоот тогтоолын Д.Д-д холбогдох хэсгийн 3 өрөө гэснийг 2 жижиг өрөө буюу А, В өрөөг өмчлүүлэх гэж өөрчлөн, 0038177 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 23-15 тоот байрны Б өрөөг Д.Б-д ордерыг олгож, өмчлүүлэхийг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд даалгаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0331 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, өмгөөлөгч Б.О нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН