Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 278

 

А.Е-ы нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий

газрын даргад холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   Ч.Тунгалаг

Шүүгчид:                      Г.Банзрагч

                                       Б.Мөнхтуяа

                                       Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:            М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/666 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, А.Е-ы хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож ажил хүлээлцүүлэхийг даалгах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2020/0189 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 342 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-О нар,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2020/0189 дүгээр шийдвэрээр: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 23 дугаар зүйлийн 23.2, 23.5, 23.6, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 78 дугаар зүйлийн 78.1-д заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/666 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, А.Е-ы хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож ажил хүлээлцүүлэхийг даалгах нэхэмжлэгч А.Е-ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 342 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 189 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн төлөөлөгч Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдлоо: “... Давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ “нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалд, эсхүл уг албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалын алинд нь томилогдохоор маргаж байгаа нь тодорхойгүй, бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, давж заалдах гомдлын үндэслэл зэрэг нь хоорондоо зөрүүтэй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна” гэж дүгнэжээ.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/666 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газарт Замын цагдаагийн тасгийн даргаар эгүүлэн тогтоож, ажил хүлээлцүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээрх нэхэмжлэлийн шаардлага дэмжин оролцсон билээ.

5. “Өмнө эрхэлж байсан албан тушаалд дүйцэх албан тушаалд томилуулах” асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэлбэрийн хувьд бие даасан тусдаа шаардлага болно гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

6. Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн хянан хэлэлцэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийх нь зүйн хэрэг юм.

7. Гэвч давж заалдах шатны шүүхийн магадлалд “нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц өөр албан тушаалд томилогдохоор маргаж байгаа эсэхийг тодруулах” зэрэг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн үйл баримтад дүгнэлт хийлгэхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж буй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцээгүй гэж үзэхээр байна.

8. Түүнчлэн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчийн захиргааны өөр актыг эс зөвшөөрч маргаж, шийдвэрлэгдсэн өөр хэргийн үйл баримтыг одоо хянан хэлэлцэж буй хэргийн үйл баримттай холбож хууль зүйн дүгнэлт хийж буй нь үндэслэлгүй юм.

9. Ийнхүү давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасныг удирдлага болгож буй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь магадлалд “нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” талаар ямар нэгэн дүгнэлт хийгдээгүй байдаг.

10. Үүнээс үзэхэд давж заалдах шатны шүүхийн магадлал нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байх ба анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т зааснаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Нэхэмжлэгч А.Е-ы маргаж буй Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/666 дугаар тушаалаар “... цагдаагийн дэд хурандаа А.Е-ы хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгуулахад эрхэлж буй албан тушаал нь албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал бий болсон талаар Авлигатай тэмцэх газрын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 05/6275 дугаар албан бичгээр мэдэгдсэн” гэсэн үндэслэлээр Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын ажлаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 08 дугаар сарын 28-ны өдрөөс Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт Алтай сум дахь хэсгийн даргаар томилжээ.

12. Нэг. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 170 дугаар тогтоолоор Ержаныг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрийг биелүүлсэн дүр эсгэн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/655 дугаар тушаалаар уг албан тушаалд эгүүлэн томилсон атлаа 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/666 дугаар тушаалаар дахин чөлөөлж, өөр ажилд шилжүүлсэн нь хууль бус” гэж, хариуцагчаас “... шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, Авлигатай тэмцэх газраас ирсэн албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт Алтай сум дахь хэсгийн даргаар буцаан томилсон” гэх байдлаар маргасан.

13. 1 дүгээр хавтаст хэргийн 74 дэх талд Авлигатай тэмцэх газрын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилэн мэдүүлгийг хянасан тухай” 05/6275 дугаартай баримт авагдсан бөгөөд уг баримтад “...нэр дэвшигч А.Е- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8-р баг, Ах хус тау Сурахбаяр 101 дүгээр гудамжны 01 тоотод байрлал бүхий өөрийн өмчлөлийн газар дээр төрсөн дүү А.Еркегүлийн нөхөр Х.Жанарбекийн “Royal-pub” нэртэйгээр “Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл” бүхий үйл ажиллагаа явуулж байгааг мэдүүлгийн “Нэр дэвшсэн нийтийн алба, түүний эрхлэх асуудал, харьяалах нутаг дэвсгэрт байгаа хамаарал бүхий этгээд” хэсэгт мэдүүлээгүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.2 дахь заалтыг зөрчсөн, түүнчлэн мэдүүлэг гаргагчийн төрсөн дүү А.Еркегүлийн нөхөр Х.Жанарбек нь тухайн нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа эрхэлж байгаа нь албан үүрэгт шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой байх тул мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг бий болохоор байна” гэх баримт авагдсан бөгөөд анхан шатны шүүх маргаан бүхий тушаалын үндэслэл болсон уг албан бичигт эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь буруу байна.

14. Тодруулбал, нэхэмжлэгч тухайн албан тушаал эрхлэх нь “ашиг сонирхлын зөрчил” үүсэх, эсхүл хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдийн талаар мэдүүлээгүй гэдгийг аль нь тухайн тушаалын үндэслэл болсон талаар нэмж тодруулж, эрх зүйн дүгнэлт өгөх учиртай.

15. Хоёр. Нэхэмжлэгч А.Е-ыг Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаас чөлөөлж, Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт Алтай сум дахь хэсгийн даргаар томилсон; I хавтаст хэргийн 172 дахь талд авагдсан төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн тасаг, хэсгийн даргын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолт болон 175 дахь талд авагдсан орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтсийн сум, сум дундын цагдаагийн хэлтсийн тасаг хэсгийн даргын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтыг авч үзвэл албан тушаалын ангилал, зэрэглэл нь ТТ-12, 13 буюу ангилал, зэрэглэлийн хувьд ижил боловч нэхэмжлэгч талаас “албан тушаал буурсан” гэж маргаж байгаа тохиолдолд цагдаагийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн томилоход эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэв буурсан эсэх талаар нотлох баримт цуглуулж, дүгнэлт өгөх мөн шаардлагатай.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан; анхан шатны шүүх дээрх байдлаар талуудын маргаж буй үйл баримтад хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 342 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ж.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                        М.БАТСУУРЬ