Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 693

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Р.Оюунжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогч Г.Ууганцэцэг, түүний өмгөөлөгч Д.Жаргал,

ялтан Р.Оюунжаргал, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ,

нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулж,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дугаар сарын 21-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Ууганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Р.Оюунжаргалд холбогдох 201601070180 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Рэгзэндавгын Оюунжаргал, 1969 оны 5 дугаар сарын 1-нд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монре даатгал” ХХК-д төлөөлөгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1 дүгээр хэсэг 1190 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ТК69050104/;

 

Р.Оюунжаргал нь 2016 оны 7 дугаар сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ноён тур” амралтын газарт Г.Ууганцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, Г.Ууганцэцэгийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Багануур дүүргийн прокурорын газраас: Р.Оюунжаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татах тогтоол үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Рэгзэндавгын Оюунжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Р.Оюунжаргалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун жаран /960,000/ мянган төгрөгийн торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Р.Оюунжаргалыг торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Р.Оюунжаргалаас эмчилгээний болон бусад зардалд 830,400 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Ууганцэцэгт олгож, хохирогч Г.Ууганцэцэг нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй дурдан шийдвэрлэжээ.

 

Хохирогч Г.Ууганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна. Р.Оюунжаргалыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг орхигдуулан, ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэн үзсэн. Нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байхад хөнгөн ял оногдуулсан. Мөн шүүх хуралдаан дээр үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зүйл огт байгаагүй намайг “нөхөртөө дандаа зодуулдаг” гэж гүтгэн доромжилж байгаа хүнийг яаж чин санаанаасаа гэмшиж байгаа гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэг гарах үйл явцад Оюунжаргал руу ямар ч үйлдэл хийгээгүй. Шүүх хуралдаанд гэрч оролцсон атал шийтгэх тогтоолд гэрчийг оролцсон талаар бүрэн дурдаагүй байгааг анхаарч үзнэ үү. Оюунжаргалын өмгөөлөгч нь хохирол төлбөрийг төлчихвөл эвлэрдэг хэрэг дээр эвлэрүүлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Оюунжаргал манай өмгөөлөгчийг гүтгэж доромжилсон үг үйлдэл шүүх хуралдаан дээр гаргасанд гомдолтой байгаа.

Шүүх хуралдаанд оролцсон боловч үг хэлэх эрхийг боогдуулж шүүх хуралдааны шүүмжлэлийн шатыг дуусгасан. Жаргал өмгөөлөгч Ууганцэцэгийг шүүхэд үг хэлэх боломж олгооч гэхэд шүүгч шүүх хуралдаан хаасан гээд миний эрхийг эдлүүлэхгүйгээр шүүх хуралдааныг хаасан. Хохирогчийн эрхийг шүүх хамгаалах ёстой гэж үзэж байна. Оюунжаргалын нөхөр нь өвчтэй гэсэн нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн боловч энэхүү нотлох баримтыг шалгаж үзэлгүйгээр өвчтэй нөхөртэй учраас торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Миний хохирлыг барагдуулж чадаагүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгаагүй байхад торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Оюунжаргал нь хохирол төлөх талаар ямар ч санал гаргаагүй, шүүх миний хохирлыг гаргуулах талаар хуульд зааснаар нотлох баримтанд үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байгаа. Миний нүүрэнд учруулсан сорви өнөөдрийг хүртэл арилаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр нь шүүх баталгаажуулаад байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Цагдаагийн байгууллагад хэрэг шалгагдаж байхад чамд мөнгө төлөхгүй торгуулийн ял авч улсдаа мөнгө төлнө гэж намайг дарамталдаг байсан. Энэ хэргийн улмаас хуульд зааснаар эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгч авч оролцсон боловч өмгөөллийн хөлсийг буруутай этгээдээс гаргуулах ёстой байтал түүний гэм буруутай үйлдлийг тогтоосоор байж өмгөөллийн хөлс болон хохирлыг гаргуулан шийдвэрлээгүй болно. Шүүх хохирсон хүний эрхийг дахин хохироож, хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна...” гэв.

 

Хохирогч Г.Ууганцэцэгийн өмгөөлөгч Д.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч хохирол төлбөр төлөгдөөгүй учраас шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй гарах зардлаа тодорхойлсон байгаа. Эмчилгээний зардлыг шүүхээс хуулийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломж байгаа. Тийм учраас Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй гарах зардлыг урьдчилан төлүүлэхээр, гэм хорыг арилгуулахаар үүрэг бүхий этгээдээс шаардах эрх нь байгаа учраас баримтаа бүрдүүлж өгсөн. 3,240,000 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэл байгаа. Гэм буруутай этгээд хохиролд нэг ч төгрөг төлөөгүй...” гэв.

 

Ялтан Р.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирол төлөх талаар ярьсан. Анхан шатны шүүх дээр би сорви арилгадаг тос авч өгье гэхэд үгүй гэсэн. Намайг гарсан зардалтай танилц гэхэд нь очиход 4,000,000 төгрөгийн баримт үзүүлсэн. Би 4,000,000 төгрөг төлөх боломжгүй, 1,500,000 төгрөг аргалаад өгье гэж олон удаа санал тавьсан. Анхан шатны шүүхээс гаргуулсан төлбөрийг төлье гэхэд авахгүй, бөөнөөр нь авна гэсэн. Хохирол барагдуулах гэж оролдсон...” гэв.

 

Ялтан Р.Оюунжаргалын өмгөөлөгч Ж.Цэцэгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанаас өмнө хохирол төлөх гэж оролдсон. Хохирогч талаас бөөнд нь 4,000,000 төгрөг өг гэдэг. Р.Оюунжаргал 4,000,000 төгрөг өгөх боломж байхгүй. 1,500,000 төгрөг өгье гэхэд авахгүй гээд анхан шатны шүүх хуралдааны өмнө төлөх боломжгүй болсон. Шүүхээс гаргуулсан 830,400 төгрөгийг төлье гэхээр хохирогч зөвшөөрдөггүй. Ирээдүйд лазерт орох мөнгөө гаргуулж авна гэснээс өнөөдрийг хүртэл эвлэрээгүй. Шүүхээс ял оногдуулахдаа миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон түүнчлэн хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзаж шийдвэрлэсэн гэж үзэж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Р.Оюунжаргалд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

2016 оны 7 дугаар сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ноён тур” амралтын газарт Р.Оюунжаргал нь Г.Ууганцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож, Р.Оюунжаргал нь Г.Ууганцэцэгийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

хохирогч Г.Ууганцэцэгийн “...Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн голын гүүрний хойд талын “Ноён” нэртэй амралтын газар очоод хамгийн наад талын гэр рүү орсон юм. Тэгсэн Уранчимэг мах ид гэхээр нь би бага зэрэг өлсөж байсан болохоор мах иддэг юм уу гэж бодоод байж байтал Уранчимэг, Гэрлээ гэдэг жижигхэн хар эгчээс хутгыг нь аваад өгөх гэтэл “пизда чинь хүн юм идэж байгаа юм биш үү” гэхээр нь би “хутгыг өг” гэсэн чинь эргүүлээд Уранчимэг хутгыг өгсөн. Уранчимэг мах идсэн үү гэхээр нь би жоохон өөхтэй байна гэсэн чинь Уранчимэг надад мах авч өгөх гэж байгаад ширээн дээр дартал ширээн дээр байсан архины шил унаад бага зэрэг түжигнэж дуугарсан. Тэгсэн зүүн талын орон дээр хэвтэж байсан өндөр том алаг нүдтэй хүүхэн “Урнаа п.. минь, идсэнээ шингээж чадахгүй” гэхэд Урнаа өөрийгөө хамгаалаад би мах идэх гээд байна гээд хойд талын орон дээр ирээд суусан. Тэгсэн энд тэндээс хүмүүс хэл амаар доромжлоод байсан. Тэнд 1 эрэгтэй, 9 эмэгтэй байсан. Тэгээд би Урнаа надтай хамт явах уу гэсэн чинь Оюунжаргал гэх эмэгтэй “Хаанаас ирчихээд хэнийг авч явах гээд байгаа юм бэ” гээд босч ирээд зүүн талын мөрнөөс нэг удаа угзчиж татаад түлхсэн. Тэгээд Оюунжаргал үснээс зулгааж хойш нь унагасан. Тэгсэн миний толгой дээр 4-5 гар миний үснээс зулгаасан. Миний нүүрийг Оюунжаргал самардсан. Тэгсэн тэр дунд салгах гээд орилж байсан, би зугтаад гарсан...” /хх-ийн 29-30 тал/,

гэрч Р.Цолмонгийн “...Орой болсон учир зарим нэг хүмүүс нь орондоо ороод унтаж байсан. Намайг унтаж байгаад сэрээд хартал хоёр эмэгтэй үсдэлцээд гэрээс гарах шиг болсон. Ямар хоёр хүн маргалдаад гарсныг тухайн үед анзаараагүй. Амар ч байсан зарим нэг нь дотуур хувцастайгаа тэр хоёрыг салгах гээд хамт гарцгаасан...” /хх-ийн 33 тал/,

гэрч Б.Болормаагийн “...Бид архи ууж байгаад шөнийн 00 цагийн үед бүгдээрээ орондоо орсон. Гэтэл шөнийн 01 цагийн үед зүс таних Ууганцэцэг гэдэг хүүхэн үл таних нэг залуугийн хамт бидний амарч байгаа гэрт 1 шил архи бариад орж ирсэн. Би тэр хоёрт хорхогны мах болон авчирсан архинаас нь хийж өгсөн. Гэтэл Уранчимэг мах идэх гэж байгаад ширээн дээр байсан эд зүйлийг нурааж унагаасан. Уранчимэг тухайн үед бага зэрэг согтуу байсан. Тэгэхээр нь би Уранчимэгийг хүнд тавьж өгсөн ширээ нураалаа гэж загнасан. Уранчимэг уурлаад намайг “зайлаач п... минь” гээд хараагаад байсан. Ууганцэцэгтэй хамт явсан залуу нь мах идээд архинаас нэг татчихаад гарсан. Өдөр нь Уранчимэг бид нарт манай найз Ууганцэцэг наашаа ирж байгаа, нөхөр нь Багануурт амралтын газар нэг хүүхэнтэй байгаа, нөхрийгөө олох хэрэгтэй байгаа гэж байсан. Намайг хамт явъя гээд байгаа юм. Намайг битгий явуулаарай гээд байсан юм. Ууганцэцэг Уранчимэгийг хамт явъя гээд татаад байсан. Оюунжаргал эгч “Хамт олонтойгоо амрахаар ирсэн байхад чи хүн авч явах гэлээ, өөрөө яв, бид нар амарч байхад амгалан тайван байдал алдагдууллаа” гэж хэлсэн. Тэр үед Ууганцэцэг гэрээс гарахгүй зогсоод байсан. Уранчимэгийг хурдал, явъя гээд байсан. Оюунжаргал эгч Ууганцэцэгийг чи өөрөө яв гээд гэрээс гаргах гээд гараас нь түлхсэн. Тэгээд тэр хоёр бие биенийхээ үснээс зууралдаад авахаар нь гэрт байсан хүмүүс очиж салгаад гэрээс гарсан. Удалгүй Оюунжаргал эгчийн үс нь сэгсийчихсэн, нүүрээ маажуулсан байдалтай ороод ирсэн. Ууганцэцэг яваад өгсөн байсан...” /хх-ийн 35 тал/,

гэрч Г.Болортуяагийн “...шөнийн 00 цаг өнгөрч байхад Насандэлгэр эгчийн хамт гэрийн гадна зогсож байтал хамт явсан Уранчимэг зүс таних Ууганцэцэг, үл таних 2 залуугийн хамт орж ирсэн. Уранчимэг их согтуу байсан. Нэг залуу нь Уранчимэгийг хоргоож чангаагаад байхаар нь Уранчимэгийг гэр рүү ор гээд оруулсан. Нэг залуу нь машин руугаа явсан. Ууганцэцэг их согтуу байсан. Үлдсэн нэг залуугийн хамт гэрт орсон. Ууганцэцэг нэг шил архи авч орж ирсэн байсан. Тэгэхээр нь тэр архинаас нь өөрсдөд нь хийж өсгөн. Ууганцэцэгтэй хамт орж ирсэн залуу нь гараад явчихсан. Тэгтэл Ууганцэцэг Уранчимэгийг хамт явъя гээд байсан. Оюунжаргал эгч Уранчимэгийг согтуу хүнийг явуулахгүй гээд байсан. Түүнээс болоод маргалдаж, зууралдаад Ууганцэцэг Оюунжаргал эгчийг үсдээд авсан. Тэгээд тэр хоёр хэн хэнийгээ үсдээд маажилцсан. Би болон Бат-Амгалан зэрэг хамт байсан хүмүүс тэр хоёрыг очиж салгасан. Тэгээд гадаа гартал Ууганцэцэг яваад өгсөн...” /хх-ийн 32 тал/,

гэрч Г.Бат-Амгалангийн “...Бид нар хоол ундаа идэж уугаад орой 00 цагийн үед бүгдээрээ унтаж амрах үед гаднаас зүс таних Ууганцэцэг үл таних нэг залуугийн хамт нэг шил архи аваад, лаазтай пиво уучихсан орж ирсэн. Бид нар хоол унд хийж өгсөн. Бид олуулаа байсан болохоор ширээгээ холдуулж, газраар ор засахаар болсон. Гэтэл Уранчимэг “Би юм идэж байна, байж бай” гээд согтуурхаад байсан. Уранчимэг тухайн үед бага зэрэг согтсон байсан. Ууганцэцэг нь Уранчимэгийн найз нь байгаа юм. Ууганцэцэг гэнэт Уранчимэгийг явъя гээд байсан. Гэтэл Оюунжаргал эгч “чи өөрөө яв, хамт олноороо байгаа хүмүүс дээр хар холоос шөнө дунд ирчихээд хүн авч явах гэлээ. Чи өөрөө яв” гэж хэлсэн. Тэгтэл Ууганцэцэг найзыгаа авч явна гээд тэр хоёр маргалдсан. Оюунжаргал эгч чи өөрөө гарчих гэж хэлээд гарнаас нь татсан. Тэгээд тэр хоёр зууралдаж, ноцолдож байгаад хэн хэнийгээ үсдэж зууралдаад гэрээс гарсан...” /хх-ийн 36 тал/,

гэрч Б.Насандэлгэрийн “...Орой 20 цагийн үед Уранчимэг “Манай найз Ууганцэцэг нөхрөө хайж наашаа ирж байгаа гэнэ, намайг хамт хайж өгөөч гээд байна, ирээд явъя гэх юм бол намайг битгий явуулаарай” гээд захиад байсан. Шөнө 01 цагийн үед гэрийн гадна Болортуяатай юм яриад зогсож байтал зүс таних Ууганцэцэг үл таних хоёр залуугийн хамт ирж байсан. Уранчимэг тэд нартай уулзаад хамт ирж байсан. Уранчимэг нэг залуутай зууралдаад согтуурхаад байсан. Ууганцэцэг тэр залууг машин руугаа явж бай гээд явуулсан. Тэгээд Ууганцэцэг үлдсэн нэг залуугийн хамт гэр рүү орсон. Удалгүй намайг гэрт ороод унтаж байтал хүмүүс шуугилдаад би сэрсэн. Тэгээд хартал Оюунжаргал, Ууганцэцэг хоёр хоорондоо үсдэлцэж зууралдаад зогсож байсан. Хамт байсан хүмүүс тэр хоёрыг салгасан. Би босоод тэдний араас гартал Ууганцэцэг яваад өгсөн байсан. Уранчимэг гэрээс гараад Ууганцэцэгтэй явна гээд гараад явахаар нь Болортуяа, Болормаа хоёртой явж Уранчимэгийг авчирсан...” /хх-ийн 37 тал/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 09шэ/281 дугаар “...Г.Ууганцэцэгийн биед баруун хацарт зулгаралт, баруун дал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хохирогчийн зааж буй хугацаанд тохирч байна. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эдгээр гэмтэл нь учирсан үедээ хохирогчийн амь насанд аюулгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх-ийн 43 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 968 дугаар “...Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн гаргасан 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 09шэ/281 тоот дүгнэлт үндэслэлгүй байна. Г.Ууганцэцэгийн биед тухайн үед баруун хацар, хамрын угийн баруун хажуу хэсгийн зулгаралт, зулайн хуйх, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, баруун дал, шилбэний цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 49 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1026 дугаар “...Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 281 тоот дүгнэлт үндэслэлгүй. 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн 968 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Г.Ууганцэцэгийн биед тухайн үед тархи доргилт, баруун хацар, хамрын угийн баруун хажуу хэсгийн зулгаралт, зулайн хуйх, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, баруун дал, шилбэний цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь 2016 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө учирсан байх боломжтой. Шүүх змнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 75 тал/ гэх Шинжээчийн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 09шэ/285 дугаар “...Р.Оюунжаргалын биед цээжинд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хохирогчийн зааж буй хугацаанд тохирч байна. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эдгээр гэмтэл нь учирсан үедээ хохирогчийн амь насанд аюулгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх-ийн 41 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 999 дүгээр “...Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 09шэ/285 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Р.Оюунжаргалын биед нүүр, баруун бугалганд цус хуралт, өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 60 тал/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Р.Оюунжаргалын Г.Ууганцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож, Р.Оюунжаргалын Г.Ууганцэцэгийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “...Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх ба энэ талаар хийсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Р.Оюунжаргалд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ...” гэсэн ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогч Г.Ууганцэцэгийн “...ял хөнгөдсөн...” талаарх давж заалдах гомдлыг,

анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Г.Ууганцэцэг оролцож, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд үг хэлсэн, хохирогчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны шүүмжлэл явуулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 122-134 тал/-ээр нотлогдож байх тул хохирогч Г.Ууганцэцэгийн “...шүүгч А.Бямбажав хохирогч миний эрхийг эдлүүлэхгүйгээр шүүх хуралдааныг хаасан...” талаарх давж заалдах гомдлыг,

Р.Оюунжаргалаас гаргуулахаар нэхэмжилж буй хохирлын хэмжээг эргэлзээгүй, үндэслэл бүхий баримтаар нотолсон хохирогч Г.Ууганцэцэгийн нэхэмжлэлээс “Налайх, Улаанбаатар хооронд энэ хэрэгтэй холбоотойгоор зорчсон замын зардал 145900 /хх-ийн 111-112 тал/, эм тарианы үнэ 264500 төгрөг /хх-ийн 113 тал/, эмнэлгийн үзлэгийн төлбөр 20,000 төгрөг /хх-ийн 11 тал/, Cinderella арьс гоос заслын эмнэлэгт хийлгэсэн эмчилгээнийн төлбөр 400,000 төгрөг /хх-ийн 108 тал/ нийт 830,400 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь “хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангасан байх тул хохирогч Г.Ууганцэцэгийн “...хохирлыг Р.Оюунжаргалын өмгөөлөгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр гаргуулан шийдвэрлэсэн...” гэх давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Хохирогч Г.Ууганцэцэгийн хохирлын нэхэмжлэлийн шаардлагын баримт болох:

“бэлэн мөнгөний орлогын баримт, дугаар 599, 2016 он 7 сар 21 өдөр, Амин-Эрдэнэ эмнэлэг, өрөө 5-а, гүйлгээний утга-5 хоног эмчлүүлсний төлбөр тушаасан мөнгө-300,000 төгрөг, ЭМД-аас хөнгөлсөн 170,000 төгрөг, касс, /хх-ийн 23 тал/ гэх төлбөр тушаагч нь хэн болох нь тодорхойгүй баримтыг Г.Ууганцэцэгийн эмчилгээний төлбөр гэж үзэх үндэслэл байхгүй,

“Синдерелла клиник” ХХК-ийн “цаашид арьс нөхөн төлжүүлэх сорвины дараах эмчилгээг хийлгэх шаардлагатай болно. Давтамж- ... 6 удаа -...нийт 3,250,000 төгрөг” гэх /хх-ийн 109 тал/ баримт нь 6 удаагийн зохих төлбөртэй эмчилгээний дараа Р.Оюунжаргалын Г.Ууганцэцэгийн нүүрэнд учруулсан сорви эдгэнэ, зайлшгүй уг эмчилгээг ийм төлбөртэйгээр хийлгэнэ гэж ирээдүйд гарах зардлын төлбөрийг нотолж чадахгүй байх тул,

хохирогч Г.Ууганцэцэг ажил хийж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал төлдөг, өвчний учир ажилгүй байсан хугацаандаа нийгмийн даатгалаас хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж авах ёстой болох нь түүний өөрийн шүүхэд гаргаж өгсөн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар /хх-ийн 110 тал/ нотлогдож байх ба хэдий хугацаанд Р.Оюунжаргалын учруулсан гэмтлээс шалтгаалан ажилгүй байсан, гаргуулах төлбөрийн хэмжээг шүүх тогтоох боломжгүй тул анхан шатны шүүхийн “...цаашид гарах эмчилгээний зардал болон бусад нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй...” гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэлтэй.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “...хохирогч Г.Ууганцэцэгийн нэхэмжилсэн өмгөөлөгчтэй тохиролцон төлсөн өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөгийг Р.Оюунжаргалаас гаргуулах боломжгүй...” талаар үндэслэл бүхий дүгнэсэн атлаа уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоогүй, эд хөрөнгийн хохирлыг гаргуулах заалтыг давхар баримтлаагүй байх тул энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулах нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 63 дугаар Шийтгэх тогтоолын:

           

            тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Р.Оюунжаргалаас эмчилгээний болон бусад зардалд 830,400 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ууганцэцэгт олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Р.Оюунжаргалаас эмчилгээний болон бусад зардалд 830,400 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ууганцэцэг /уг82101203 регистртэй/-т олгож, Г.Ууганцэцэгийн өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж,

 

тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хохирогч Г.Ууганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЮУНЧУЛУУН

 

                        ШҮҮГЧИД                                                           М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                                     Д.ОЧМАНДАХ