Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 275

 

Н.Б, П.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай      

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч П.Цгийн өмгөөлөгч Э.Уянга, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 298 дугаар магадлалтай, Н.Б, П.Ц нарт холбогдох 1822000500149 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч С.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Нийн Б;

2.Монгол Улсын иргэн, 1987 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Олхонууд овогт Пгийн Ц нар нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

шүүгдэгч П.Цг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Цг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ВСD ангиллын 149204 дугаартай жолоочийн үнэмлэхийг Н.Бд буцаан олгох, шүүгдэгч П.Цгээс 74.300 төгрөг гаргуулж өмгөөлөгч Б.Хандмаад олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Б, П.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн өмгөөлөгч С.Даваасүрэн гаргасан гомдолдоо: “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 сарын 10-ны өдрийн 298 тоот магадлалд “...жолооч Н.Б гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хохирол, хор уршиг учруулсан тул гэмт хэрэгт тооцно” гэж хуулийн заалтыг нилээн дэлгэрэнгүй тайлбарлажээ. Ингэхдээ жолооч Н.Б нэн даруй ямар нэг аргаар замыг чөлөөлөх ёстой байсан гэм буруутай, анхааруулах дохио хэрэглэсэн эсэхийг тогтоогоогүй учраас анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн байна.

Жолооч Н.Бийн ямар гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй байсан бэ?

1.Нэн даруй замыг чөлөөлөх арга хэмжээ аваагүй гэж дүгнэсэн нь бодит байдал, нотлох баримтад тулгуурлаагүй, үндэслэлгүй байна. Замаас зайлуулахын тулд чирж яваа автомашин чиргүүлтэйгээ баруун гар талын жалга руу хөмөрч унах, эсхүл ид шид, хүн болон техникийн бодит байдлаас ангид хүчин зүйлээр замаас алга болгон шийдвэрлэх боломжтой. Бодит байдал дээр чирж явсан чиргүүл хөдөлгөөнд оролцох боломжгүй /анхны хэргийн газрын үзлэг, фото зураг хх-9-16, техникийн дүгнэлт хх-241, шинжээч Батчулууны мэдүүлэг хх-193-195/ болсон тул Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх хэсэгт “Жолооч... зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй (хөвөөгүй) түүний зах руу аль болох шахаж зогсооно.” гэсний дагуу чиргүүлийг байрлуулж зогссон. Замын нөхцөл байдал замын баруун гар талд жалганд цасан хунгартай, урдах чирж явсан автомашин, чиргүүл ачаатай байсан тул хоёулаа хөмөрч болзошгүй нөхцөл байдалтай байсан. Жолооч Н.Б чиргүүлийг замаас чөлөөлөх боломжтой талаар ямар нэг баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад зүгээр л зогссоноос хойш 14 цагийн хугацаанд чиргүүлийг замаас зайлуулах арга хэмжээ аваагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ хугацаанд жолооч Н.Б зүгээр суугаагүй Дундговь аймгийн төв рүү орж сэлбэг хайсан боловч олдоогүй тул Улаанбаатар хот руу захиад харанхуйд ирэхээр нь гэгээ оронгуут солихоор хүлээж байсан юм.

2.Анхааруулах дохио хэрэглэсэн эсэх байдлыг тогтоогоогүй гэсэн байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-т “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна. 6.3.в-д: “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон үед ослын зогсолтын тэмдгийг хэрэглэнэ гэж заасан, энэ дагуу жолооч Н.Б нь ослын зогсолтын тэмдгийг байрлуулсан болох нь анхны хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-9-16, уг тэмдэглэлд хавсаргасан фото зураг /хх-6, 26/, гэрч Ц /хх-151/, гэрч Г /хх-154/, Ё /хх-156/, Д /-хх-159, 187/ нарын мэдүүлгээр нотлогддог. Харин жолооч П.Ц осол болсон газраас 256 метрийн зайд байрлуулсан “ОГЦОМ ЭРГЭЛТ” анхааруулах тэмдэг, мөн чиргүүлийн ар талд байрлуулсан цацруулагч тэмдэг 150-250 метр зайд харагдаж байхад хараагүй (нөхөн үзлэгийн тэмдэглэл, чиргүүлд үзлэг хийсэн тэмдэглэл), чиргүүлнээс хойш /наана/ 30 метр зайд байрлуулсан байсан дээрх ослын гурвалжин тэмдгийг ч харахгүй, эдгээр тэмдгүүрээр анхааруулсан анхааруулгын дагуу хурд хасах, зогсоох арга хэмжээ юу ч авалгүйгээр чиргүүлийн зүүн хойд ирмэгийг маш хүчтэй мөргөснөөс уг зам тээврийн осол гарсан байна. Осол болсны дараа ямар нэгэн дүгнэлт, шийдвэрүүд гараагүй байхад жолооч П.Ц нь тэр даруй хохирогч болон тэдний ар гэрт төлбөр төлж ирсэн нь тэрээр гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байсныг харуулдаг. Жолооч Н.Бийн чирж явсан чиргүүл хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон учир аль болох замын баруун тал руу /чиргүүл 5 тонн ачаатай, замын баруун тал нь жалгатай, жалганд цасан хунгартай/ байсан учир аль болох баруун тал руу шахаж зогсоосон. Чиргүүлийн ард цацруулагчтай, чиргүүлнээс 30м зайд ослын гурвалжин тэмдэг байрлуулаад зогсож байсан жолооч Н.Б юу буруу хийж, ямар гэм буруутай үйлдэл хийснийг ойлгохгүй байна.

Магадлалд дурдсан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн...” нөхцөл байдал тогтоогдохгүй байхад давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийж хуулийг буруу хэрэглэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлахгүйгээр ямар нэг илбэ, ид шидийн аргаар 14 цагийн хугацаанд чиргүүлийг зайлуулаагүй нь жолооч Н.Бийн буруу гэж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 298 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч П.Цгийн өмгөөлөгч Э.Уянга хэлсэн саналдаа: “Жолооч Н.Б 14 цагийн хугацаанд чирэгч нь эвдрэлгүй байхад замыг бүрэн чөлөөлөөгүйгээс П.Ц Замын хөдөлгөөний дүрмийг болгоомжгүйгээр зөрчсөн. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан зөрчилд хамаарахаар дүгнэлт гаргасан. Гэрчүүдийн мэдүүлгээр Н.Б ослын тэмдэг тавьсан эсэх нь эргэлзээ бүхий байдаг. Хэд хэдэн гэрч хойшлуулшгүй байдлаар мэдүүлэг өгөхдөө ослын тэмдэг байгаагүй талаар тодорхой дурдсан. Н.Б Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй бол зам тээврийн осол гарахгүй байх боломжтой байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Бийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн чиргүүл эвдэрч, шүүгдэгч тээврийн хэрэгсэл, чиргүүлийг замын зорчих хэсгээс бүрэн чөлөөлөөгүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгээс харагдаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байна. Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч С.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Б, П.Ц нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч П.Цг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Бийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн чиргүүлийн зүүн гар талын урд дугуйны стуцерийн хоёр шарик эвдэрснээс хойш 14 цагийн дараа зам тээврийн осол болсон бөгөөд энэ хугацаанд чиргүүлийг замын зорчих хэсгээс чөлөөлөх арга хэмжээ аваагүй, шөнийн цагт анхааруулах гэрлэн дохиог яагаад хэрэглээгүй талаар дүгнэлт хийх шаардлагатай  гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 298 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 298 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч С.Даваасүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                               ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                    Б.БАТЦЭРЭН 

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН