Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0487

 

Э.Г-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0429 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Э.Г-ын нэхэмжлэлтэй, Монгол улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0429 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-ийн 6, Дипломат албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Ерөнхий консулыг эгүүлэн татах тухай 92 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Э.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс Э.Г-ыг Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух ерөнхий консулаар томилохдоо Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29-р зүйлийн 2-ийн 6-д заасныг зөрчсөн гэж үзсэн.  Э.Г-ыг томилсон тогтоолыг гаргахдаа дээрх хуулийн заалтыг баримтлаагүй хэмээн үзэж байгаа нь тухайн тогтоолыг хууль бус гэж үзэн хүчингүй болгох үндэслэл болохгүй. Учир нь хуульд зааснаар Ерөнхий консулыг томилох нь Засгийн газрын бүрэн эрхэд хамаардаг. Э.Г-ыг томилох шийдвэрийг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29-р зүйлийн 29.2.1-29.2.6-д заасны дагуу гаргасан ба харин 29.2.6-д “...холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино” гэж заасан нь заавал саналыг авах ёстой гэсэн агуулга харагдахгүй байна. Мөн Дипломат албаны тухай хуулийн 5-р зүйлд Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Гэтэл тус чиг үүрэгт Ерөнхий консулыг томилуулах, эгүүлэн татах асуудал хэлэлцүүлэх тухай Засгийн газарт санал оруулах, дүгнэлт гаргах болон түүнтэй холбоотой чиг үүрэг байхгүй. Түүнчлэн шүүх Гадаад харилцааны сайдаас Ерөнхий консулыг томилуулах талаарх шийдвэрийн төсөл, санал, танилцуулгыг хянан үзэж зөвшөөрсөн тохиолдолд Засгийн газрын хуралдаанд оруулах ёстой гэж хуулиар зохицуулаагүй харилцааг баримталж байгаа явдал нь хууль бус юм. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу ойлгон тайлбарласан, хуулиар зохицуулагдаагүй харилцааг үндэслэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүхээс Э.Г-ыг Ерөнхий консулын албан тушаалыг хаших нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлох, цаашилбал нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус юм. Анхан шатны шүүх хуульд заасны дагуу шаардлагатай нотлох баримтыг гаргуулахаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй байж дээрх дүгнэлтийг гаргасан. Гадаад харилцааны яамны сайдын 2018 оны 03-р сарын 21-ны өдрийн 08/1715 дугаартай албан бичигт “Ерөнхий консулын ажлын байрны тодорхойлолтоор тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг Э.Г хангаж буй эсэх нь тодорхойгүй байхад шууд томилсон тул Э.Г-ыг эгүүлэн татах саналыг үүгээр хүргүүлж байна” гэсэн байна. Эндээс харахад Гадаад харилцааны яамнаас Э.Г-ыг эгүүлэн татах гол үндэслэл нь түүнийг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан эсэх нь тодорхойгүй гэж үзсэн болох нь тодорхой харагдаж байна. Түүнчлэн шүүхээс Э.Г-ынгадаад хэлний түвшинг шаардпагын түвшинд хангахгүй байна гэж дүгнэхдээ зөвхөн хавтаст хэрэгт байгаа материалыг үндэслэн дүгнэсэн нь өрөөсгөл юм. Учир нь аливаа хувь хүний гадаад хэлний мэдпэгийн түвшинг зохих шалгалт, тестээр тодорхойлох боломжтой. Гэтэл Э.Г-ынхэлний түвшинг тодорхойлсон ямар нэгэн дүгнэлт гараагүй байхад шүүх дүгнэж шийдвэр гаргах боломжгүй байтал ийнхүү шийдвэрлэжээ. Э.Г-ынгадаад хэлний мэдлэг, ажлын дадлага туршлагын талаар эрх бүхий байгууллагаас ямар нэгэн дүгнэлт гараагүй, мөн Э.Г  нь ажлаа хүлээж авсанаас хойш өнөөдрийг хүртэл ажиллахдаа ямар нэгэн зөрчил дутагдал, санал, гомдол гарч байгаагүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгааг онцлох нь зүйтэй болов уу. Дээрх нөхцөл байдлуудаас харахад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу ойлгон тайлбарлан хуулиар зохицуулагдаагүй харилцааг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Э.Г  нь “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан-Франциско хотод суух ерөнхий консулын албан тушаалыг хашиж байхдаа ямар нэг зөрчил гаргаагүй, анх томилогдохдоо тухайн албан тушаалын шаардлагыг хангасан эсэх талаар ямар нэг дүгнэлт гараагүй, тодорхойгүй, хуульд заасан 4 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад үндэслэлгүйгээр эгүүлэн татсан нь хууль зөрчсөн” гэж тайлбарласан бол хариуцагчаас “ерөнхий консулын ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан болзол шаардлагыг хангасан эсэх нь тодорхойгүй, холбогдох яамнаас санал хүргүүлээгүй байхад шууд томилсон нь хууль бус тул эгүүлэн татсан” гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

Тодруулбал,

Дипломат албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Дипломат албан тушаалд томилогдох иргэн нь олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, 2 буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байх бөгөөд нэг нь түгээмэл гадаад хэл байна” гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хариуцах бол тэдгээр нь хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино” гэж тус тус заасныг дээрх хуулийн шаардлага хангасан иргэнийг ерөнхий консулаар томилуулах тухай шийдвэрийн төсөл, санал, танилцуулгыг Гадаад харилцааны сайдаас зөвшөөрсөн тохиолдолд Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ гэж ойлгох бөгөөд энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Түүнчлэн, Дипломат албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т “Монгол Улсаас гадаад улстай тогтоосон дипломат болон консулын харилцааг хэрэгжүүлэх” гэж Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүргийг тодорхойлж өгсөн байх тул дээрх чиг үүргээ хэрэгжүүлж Монгол Улсаас гадаад улсад суух ерөнхий консулыг томилуулах, эгүүлэн татах талаар санал, дүгнэлт гаргах нь хууль зөрчихгүй бөгөөд Э.Г ыг анх ерөнхий консулаар томилохдоо холбогдох санал, дүгнэлт явуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байна. 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэгт Ерөнхий консулыг томилуулах, эгүүлэн татах асуудал хэлэлцүүлэх тухай Засгийн газарт санал оруулах, дүгнэлт гаргах болон түүнтэй холбоотой чиг үүрэг байхгүй, шүүх хуулиар зохицуулагдаагүй харилцааг үндэслэн шийдвэр гаргасан” гэх гомдлыг хангах боломжгүй.

Мөн нэхэмжлэгч Э.Г-ыг Төрийн албан хаагчийн анкетад өөрийн эзэмшсэн гэх боловсрол, мэргэжлээ худал мэдүүлж бичсэн талаар шүүх холбогдох нотлох баримтыг харьцуулан судалж зөв дүгнэлт хийсэн байх бөгөөд “Дипломат албаны тухай хуульд заасан болзол, ерөнхий консулын ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй” гэх маргаан бүхий актын үндэслэл хуульд нийцсэн эсэхийг шүүх шалгахдаа дээрх болзол, шаардлагыг нэхэмжлэгч Э.Г хангасан эсэхэд дүгнэлт өгснийг буруутгах боломжгүй.

 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг Дипломат албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан “олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй”, “дадлага туршлагатай”, “2 буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн” гэх болзол, Сан-Франциско хотод суух ерөнхий консулын ажлын байрны тодорхойлолтод заасан “төрийн албанд 10 жил ажилласан байх”, “консулын албанд ажилласан байх” гэх шаардлагыг хангасан эсэхэд шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй бөгөөд Э.Г-ынөөрийн бичсэн Төрийн албан хаагчийн анкет дахь мэдээллийг бусад баримтуудтай харьцуулан үзэхэд “олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй”, “дадлага туршлагатай” гэх болзлыг хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Нөгөөтэйгүүр, Э.Г нь 2008-2009 оны хооронд Монголын оюутны холбоо Оюутны хөдөлмөрийн биржийн захирлаар, 2009-2010 оны хооронд Улсын Их Хурлын Тамгын газарт гишүүний бие төлөөлөгчөөр, 2012-2015 оны хооронд “Мон-Атом” төрийн өмчит ХХК-д Стратегийн хөгжлийн газрын даргаар, 2015 оны 02 дугаар сараас 2016 он хүртэл гүйцэтгэх захирлаар, 2016-2017 оны хооронд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д Хөгжлийн асуудал хариуцсан орлогч даргаар тус тус ажиллаж байсан зэргээс үзвэл ажлын байрны тодорхойлолтод тавигдсан “төрийн албанд 10 жил ажилласан байх”, “консулын албанд ажилласан байх” зэрэг шаардлагыг мөн хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

Ийнхүү Гадаад харилцааны сайдын танилцуулгад дурдагдсан “Ерөнхий консулын ажлын байрны тодорхойлолтод заасан тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж буй эсэхийг нягтлан шалгах бололцоо олгоогүй, тус яамны албан ёсны саналгүй шууд томилсон” гэх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 92 тоот тогтоолоор Э.Г-ыг Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан-Франциско хотод суух ерөнхий консулын үүрэгт ажлаас эгүүлэн татсан нь Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 “Энэ хуулийн 16.1-д зааснаас бусад тохиолдолд Олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн, гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий Консулыг Засгийн газар томилж, эгүүлэн татна” гэж заасантай нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “Э.Г-ыг эгүүлэн татах гол үндэслэл нь түүнийг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан эсэх нь тодорхойгүй гэж үзсэн байхад шүүхээс ерөнхий консулын албан тушаалыг хаших нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлох эрхгүй” гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0429 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                          

                            

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ  

                        ШҮҮГЧ                                                                О.НОМУУЛИН