Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01650

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01650

 

 

 

 

Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/01685 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дугаартай шийдвэрээр Аз рийч ХХК болон Хас банк ХХК-ийн эвлэрлийн гэрээг баталгаажуулан, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүгчийн захирамжийн дагуу Д.Оюунгэрэл надаас 2 340 000 төгрөгийг төлүүлэх ажиллагаа хийж, миний харилцах дансыг битүүмжилж, зарлагын хөдөлгөөнийг хаасан. Миний бие төлбөр төлөгч биш, надаас төлбөр гаргуулахаар гүйцэтгэх хуудас олгоогүй. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн хариу тайлбарт: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дугаартай шүүхийн шийдвэртэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад иргэн Д.Оюунгэрэлийн харилцах дансны хөдөлгөөнийг хаагаагүй, үүнтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй. Харин тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 1-ны өдрийн 183/ШШ2018/00959 дүгээр шийдвэрээр Д.Батжаргал, Д.Оюунгэрэл нараас 70 165 098 төгрөг гаргуулж, Жи Эс Би капитал ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөр төлснөөр дуусгавар болсон. Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн ажиллагааны явцад дансыг нь битүүмжилсэн байсан бөгөөд уг ажиллагаа дуусгавар болсон тул Д.Оюунгэрэлийн дансны хөдөлгөөнийг нээсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.     

 Шүүх:   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, 93 дугаар зүйлийн 93.4, 122.5-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2020/07060 тоот Хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжийн Захирамжлах нь хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн өндөр настай эх нь хөлний хагалгаанд орж явж чадахгүй хэвтэрт орсоноос харж хандан сахих болсноор нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон. Энэ нь эмнэлгийн бичгээр нотлогдож байгаа бөгөөд надад итгэмжлэл олгож миний бие 2020 оны 6 сарын 19-ний өдрөөс шүүхийн ажиллагаанд оролцох болсон. Хэргийн материалтай танилцах, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд эрх ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгч авах талаар шүүх хуралдааны явцад хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авалгүй шүүх хүралдааныг хийсэнд гомдолтой байна. Өмгөөлөгч Д.Наранцэцэг нь нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн өмгөөлөгч байсан бөгөөд миний хувьд өөр өмгөөлөгч авах эрхтэй байхад боломж олгоогүй. Хэргийн материалтай танилцаагүй шүүх хуралдаанд оролож нэхэмжлэлээ дэмжих, хүсэлт гаргах, нотлох баримт гаргуулах эрхээ хэрэгжүүлэх боломж байсангүй. Хэргийн материалтай танилцаагүй шүүх хуралдаанд оролцсон болохоор тайлбар хийгээгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр бүцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дугаартай Азрийч ХХК, Д.Батжаргал нараас 2 340 000 000 төгрөг гаргуулах захирамжийг албадан гүйцэтгэхээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу хийгдсэн ажиллагааны талаарх баримтууд хэргийн 19-57 дугаар тал дахь шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан байна.

Хариуцагч тал дээрх ажиллагаанд нэхэмжлэгчтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй гэж тайлбарладаг боловч шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгчийг Азрийч ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч гэдэг утгаар төлбөр хэзээ төлөгдөх, төлбөр төлөгч Д.Батжаргалын оршин суугаа хаяг зэргийг тодруулан тайлбар авч, тэмдэглэл хөтөлсөн нь хэргийн 40, 43 дугаар талд авагджээ. Нэхэмжлэгч энэ ажиллагаанд гомдол гаргаагүй, харин түүний арилжааны банкин дахь харилцах дансыг битүүмжилж, зарлагын хөдөлгөөнийг хаасан гэх үндэслэлээр гомдол гаргасан байна.

Хэргийн 29-31, 39 дүгээр талд авагдсан Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банкинд хүргүүлсэн хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол нь төлбөр төлөгч Азрийч ХХК, Д.Батжаргал нарт хамааралтай байна.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг шүүх тайлбарлан таниулсан байх ба шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийнх нь хэргийн материалтай танилцах, нэхэмжлэгч өвчтөн асарч байгаа гэх үндэслэлүүдээр удаа дараа хуралдааныг хойшлуулж, нэхэмжлэгчид шүүх хуралдаанд биечлэн оролцох, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах боломж олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/01685 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

А.МӨНХЗУЛ