Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01649

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01649

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/01991 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарын хариуцагч Ц.Нацагдолгор, Т.Батхуяг нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 59 870 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Цэнд-Аюуш овогтой Нацагдолгор, Тодмөнх овогтой Батхуяг нар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдэн авсан. Зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, барьцааны гэрээгээ үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэн. Ц.Нацагдолгор, Т.Батхуяг нар нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зээлийн хүү гэж 1 000 000 төгрөг төлж, үүнээс хойш төлөлт хийгээгүй. Зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл биелүүлээгүй. Ингээд зээлийн болон барьцааны гэрээг сунгах хүсэлт гаргасныг хүлээн авч 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар хариуцагч нараас үндсэн зээл 30 000 000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хүү 9 800 000 төгрөг, Иргэний хуулийн 222.5, 222.7 дах хэсэг, зээлийн гэрээний 3, 6-д заасны дагуу хэтэрсэн хугацааны хүү 5 070 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 59 870 000 төгрөгийг гаргуулж, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 1-р хороо, Сансар 23-р байрны 3 тоот хаягт байрлах 119.53 м.кв сургалтын зориулалттай /Ү-2204080941/ үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагч талын эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч нарын хариу тайлбарт: Ц.Нацагдолгор нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн Ч.Хүрэлбаатараас 3 хувийн хүүтэй 30 000 000 төгрөг зээлдэн авсан. Зээлээ тухай бүрт нь төлж явсан бөгөөд 2018 оны 10 дугаар сараас эхлэн өөрийнх нь болон аавынх нь эрүүл мэндэд асуудал үүсч хагалгаа хийлгүүлсэн. Эрүүл мэндийн шалтгаанаар 2019 оны 01 дүгээр сараас ажлаасаа гарч тогтмол орлогогүй болсон. Энэ хооронд бодит байдлаа хэлж зээлээ төлнө гэдгээ мэдэгдэж байсан. Барьцаанд тавьсан объект нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай том объектийн нэг хэсэг бөгөөд зах зээлийн ханшаар өндөр үнэлгээтэй. Ч.Хүрэлбаатарыг хохироох гэсэн санаа агуулаагүй. Би 2018 оноос эхлэн хэд хэдэн төсөл хөөцөлдөж байгаа боловч хүлээгдсээр байгаа бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдсэн. Зээл 30 000 000 төгрөг, үндсэн хүүг төлж дуусгах болно. Хэтэрсэн хугацааны хүү 5 070 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Шүүхээс алданги 15 000 000 төгрөгийг бууруулж өгнө үү. 48 700 000 төгрөг дээр эвлэрэх саналтай байна гэжээ.

 Шүүх:   Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ц.Нацагдолгор, Т.Батхуяг нараас 59 870 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарт олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.Нацагдолгорын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Сансар 23-р байрны 1 дүгээр давхрын 3 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204080941 дугаартай, 119.53 м.кв талбайтай сургалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгчээс төлсөн 527 500 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Нацагдолгор, Т.Батхуяг нараас 527 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, Г.Хан-Уул нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 44 870 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, харин алданги болох 15 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Ц.Нацагдолгор нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж байгаад хүндэтгэх үзэх шалтгаан /төрсөн эцэгээ эмнэлэгт сахих, өөрийн эрүүл мэндийн шалгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн/-ны улмаас цаашид үргэлжлүүлэн төлж чадаагүй болохыг тайлбарласан. Мөн хариуцагч нар нь зээлийн хүүгийн төлбөрт 9 370 000 төгрөг төлсөн байдаг. Гэтэл шүүх энэхүү нөхцөл байдалд огт дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байна.

Нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарын зээлийн гэрээний үүрэгт 59 870 000 төгрөг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас 15 000 000 төгрөгт ногдох хэсгийг хариуцагч Ц.Нацагдорж, Т.Баттулга нар эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч нь 30 000 000 төгрөг сард 3 хувийн хүүтэй 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлдүүлэх, зээлдэгч зээл, хүүг тогтоосон хугацаанд төлж барагдуулах, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 01-р хороо, Сансар 23-р байрны 3 тоот хаягт байрлах 119.53 м.кв сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангахаар харилцан тохиролцсон байх бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрээний хугацааг 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан байна. /хх4-8, 10/ Энэ гэрээний хүчин төгөлдөр байдалд мөн зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.

 

Зохигчдын хооронд иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн, үүргийг хэн аль нь шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т нийцжээ. Харин хэтэрсэн хугацааны хүүг Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шаардана. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь нь буруу болжээ.

 

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүд төлөгдөх 48 900 000 төгрөгийн үүргээс 9 370 000 төгрөг төлсөн нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх9/ Хариуцагчийн гэрээний дагуу гүйцэтгэх үүргээс гүйцэтгэсэн үүргийнх нь дүнг хасахад 39 530 000 төгрөг төлөхөөр байна.

Талууд гэрээний 5 дахь хэсэгт зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт нийцэх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

 

Гэвч, гэрээний хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дууссан, үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нөхцөл байдал тодорхой байхад зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь алдангийн хэмжээг ихэсгэх үндэслэл болсон байна. Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжилж буй алдангийн хэмжээг 232.8 дахь хэсгийг баримтлан тал хувиар бууруулж 7 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байна.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүүд 39 530 000 төгрөг, алдангид 7 500 000 төгрөг нийт 47 030 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/01991 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 59 870 000 төгрөг гэснийг 47 030 000 төгрөг гэж, 12 840 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулж, 3 дах заалтын 527 500 төгрөг гэснийг 393 100 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

А.МӨНХЗУЛ