Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2020/01991

 

                        

 

 

 

            

 

 

  2020         05          29                                          101/ШШ2020/01991

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг  дугаар хороо,  дугаар хороолол, -р байрны  тоот хаягт оршин суух, РД:ЧД, Ө овогт Ч Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,  дүгээр хороо, -р хороолол, Сансар-р байрны  тоотод оршин суух, РД:ЦБ, Ө овогт Ц Н,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,  дүгээр хороо, -р хороолол, Сансар -р байрны  тоотод оршин суух, РД:УК, Ө овогт Т Б нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 59.870.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Х, хариуцагч Ц.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч Т.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц овогтой Н, Т овогтой Б нар нь 2017-12-01-ний өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж 30.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 2018-12-01-ний өдөр төлж барагдуулахаар, зээлийн эргэн төлөлтийн график байгуулан зээлж авсан. Бид зээл ба барьцааны гэрээгээ нотариатаар гэрчлүүлж, барьцааны гэрээгээ үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэн. Ц.Н, Т.Б нар нь 2019-02-01-нд зээлийн хүү гэж 1.000.000 төгрөг төлж, үүнээс хойш нэг ч эргэн төлөлт хийгээгүй. Миний бие зээлдэгч талд зээл ба зээлийн хүүгээ төлөхийг удаа дараа шаардсан боловч миний шаардлагыг одоо болтол биелүүлээгүй. Зээл, барьцааны гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргаж, миний бие хүлээн авч 2019-09-01-ний өдрийг хүртэл сунгасан.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Ц.Н, Т.Б нараас үндсэн зээл 30.000.000 төгрөг, 2019-09-01-ний өдрийг хүртэлх хүү 9.800.000 төгрөг,  Иргэний хуулийн 222.5, 222.7 зээлийн гэрээний 3, 6-д заасны дагуу хэтрүүлсэн хугацааны хүү 5.070.000 төгрөг, /2019-09-01-нээс 2020-02-17/, Иргэний хуулийн 232.4; 232.6 зааснаар алданги 15.000.000 төгрөг, нийт 59.870.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа бөгөөд зээлдэгч тал дээрхи мөнгийг сайн дураараа төлөхгүй бол зээлийн барьцаанд тавьсан Баянзүрх дүүргийн -р хороо, Сансар -р байрны 3 тоот хаягт байрлах 119.53 м.кв сургалтын зориулалттай /Ү-220/ үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагч талын эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Ц.Н, Т.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Н нь 2017-12-01-ний өдөр иргэн Ч.Х-с 3 хувийн хүүтэй 30.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлээ тухай бүр төлж явсан ба 2018 оны 10-р сараас эхлэн өөрийн ба миний аавын эрүүл мэндэд асуудал гарч улмаар хагалгаа хийлгүүлсэн. Эрүүл мэндийн шалтгаанаар 2019 оны 01-р сараас ажлаасаа гарч тогтмол орлогогүй болсон. Энэ хооронд бодит байдлаа учирлан хэлж хохиролгүй болгоно зээлээ төлнө гэдгээ мэдэгдэж байсан. Гэвч энэ хооронд барьцаа хөрөнгийн барилгад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад хүн явуулах, “хаалаа барьцааллаа” гэх зэргээр зохистой бус зан байдал гаргаж байсан ч энэ бүгд “бид төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй учир ингэж байгаа” гэж бодож хүндэтгэлтэй хандаж ирсэн. Барьцаанд тавьсан объект Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай том объектийн нэг хэсэг бөгөөд зах зээлийн ханшаар өндөр үнэлгээтэй. Бид объектоо алдах ямар ч сонирхолгүй ба иргэн Ч.Х-г хохироох гэсэн санаа агуулаагүй. Би 2018 оноос эхлэн хэд хэдэн төсөл хөөцөлдөж байгаа боловч хүлээгдсээр байгаа ба нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдсэн. Зээлийн 30.000.000 төгрөг, зээлийн үндсэн хүүг төлж дуусгах болно. Алданги гэх 15.000.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөргүй. 6 сарын дотор буюу 2020 оны 09-р сард зээл, хүүгээ төлнө гэжээ.

Хариуцагч Ц.Н- н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээл 30.000.000 төгрөг, зээлийн хүү 9.800.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй. Хугацаа хэтрүүлсэний хүү 5.070.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Хариуцагч Ш.Н эцэг Ш.Ц-н эрүүл мэнд муудаж, асрах шаардлагатай, болсон, мөн 2019-02-22-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн учир зээлээ төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Шүүхээс алданги 15.000.000 төгрөгийг бууруулж өгнө үү, 48.700.000 төгрөг дээр эвлэрэх саналтай байна гэв.

Хариуцагч Т.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Н-н төлөөлөгч Ц.Б-ийн тайлбарыг дэмжиж байна гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Х нь хариуцагч Ц.Н, Т.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 59.870.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  Хариуцагч Ц.Н, Т.Бнар үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 14.870.000 төгрөг, нийт 44.870.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги 15.000.000 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргажээ.

Зохигчийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нарт 30.000.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлийг олгожээ.

Мөн өдрийн Зээлийн барьцааны гэрээгээр хариуцагч Ц.Н ын өмчлөлийн  тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220дугаартай, 119.53 м.кв талбайтай сургалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, тус гэрээг  улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулжээ. /хх-ийн 4-7 тал/

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч Ч.Х нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлд зааснаар “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар үүргээ биелүүлсэн байх тул шаардах эрхтэй байна.

Хариуцагч нар хүүнд 9.370.000 төгрөг төлжээ. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч нарын хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй, мөн нэхэмжлэгч, зээлдэгч нарын хэнээс үүргийн гүйцэтгэлийг шаардах нь нэхэмжлэгчийн бүрэн эрх тул хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг хүлээх үндэслэлтэй.

Хариуцагч нар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар харилцан тохиролцож байгуулсан гэрээний үүргээ, гэрээнд заасан нөхцөлийн хүрээнд үнэнч шударгаар, гэрээнд тухайлан заасан хугацаа, хуваарийн дагуу биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч үндсэн зээл 30.000.000 төгрөг, зээлийн хүү 14.870.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг, нийт 59.870.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д нийцнэ.

Шүүх нэхэмжлэгчийн мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба зохигчийн хооронд байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д нийцнэ.

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй явдал нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасны дагуу нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар шаардах эрхийг үүсгэх ба энэ нь барьцааны зүйлийн өмчлөгчид шууд чиглэдэг учир хариуцагч нар нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцах үүрэгтэй тул барьцаа хөрөнгө хариуцагч Ц.Н-ын өмчлөлийн  тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, 119.53 м.кв талбайтай сургалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар зээлийг төлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иймд хариуцагч Ц.Н, Т.Б нараас 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 59.870.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Х-т олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ч.Х хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 527.500 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Н, Т.Б нараас 527.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хариуцагч Ц.Н, Т.Б нараас 59.870.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Х-т олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.Н-ын өмчлөлийн тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, 119.53 м.кв талбайтай сургалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 527.500 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Н, Т.Бнараас 527.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Х-т олгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА