Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2018/0449

 

“С т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “С т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.А, Д.А нар болон Увс аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн “үндэслэлгүй төлөгдсөн татварын алдангийг “С т” ХХК-д шилжүүлэхийг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “С т” ХХК-д үндэслэлгүй төлөгдсөн татварын алдангид 5,162,920 төгрөгийг шилжүүлэхийг Увс аймгийн Татварын хэлтэст даалгаж,

2 дахь заалтаар: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2016 он/ 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн татварын улсын байцаагч С.А, П.А нарт холбогдуулан гаргасан “татварын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 150020982 дугаартай актын 48207443 төгрөгийн зөрчилд хамаарах нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Увс аймгийн “С т” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б би Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Увс аймгийн “С т” ХХК нь Увс аймгийн Татварын хэлтэст холбогдуулан “Увс аймгийн Татварын хэлтсээс 2011, 2012 онд агаарын бохирдлын төлбөрт үндэслэлгүйгээр хураан авч төсөвт төлөгдсөн 5.720.000 төгрөгийг татварын өрөнд суутгасан 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд тооцох 5.175.938 төгрөгийн алдангийг гаргуулан “С т” ХХК-д шилжүүлэхийг даалгуулах, татварын улсын байцаагч С.А, П.А нарт холбогдуулан татварын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 150020982 дугаартай актын 48.207.443 төгрөгийн зөрчилд хамаарах нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан.

Улмаар анхан шатны шүүх Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан “нэхэмжлэгчийн үндэслэлгүй төлөгдсөн татварын алдангийг “С т” ХХК-д шилжүүлэхийг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “С т” ХХК-д үндэслэлгүй төлөгдсөн татварын алдангид 5.162.920 төгрөгийг шилжүүлэхийг Увс аймгийн Татварын хэлтэст даалгаж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.1, 14.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн “татварын улсын байцаагч С.А, П.А нарт холбогдуулан гаргасан татварын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 150020982 дугаартай актын 48.207.443 төгрөгийн зөрчилд хамаарах нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрээс татварын улсын байцаагчийн 150020982 дугаартай актын “С т ХХК нь 2015 онд 19.241.074 төгрөгийн үнэ бүхий бензин түлш худалдан авахад төлсөн НӨАТ-ыг, тус албан татварын ногдуулалт төлөлтийн тайлангийн “нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа ажил үйлчилгээ” хэсэгт тусган төсөвт төлөх татварыг бууруулсан гэх зөрчилд 1.924.107.40 төгрөгийн нөхөн татвар, 577.232.20 төгрөгийн торгууль, 285.142.50 алданги ногдуулсан татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг анхан шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа. гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.3 дахь хэсэгт “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн баримтад тусгаагүй бол уг татварыг хасч тооцохгүй” гэж тус тус заажээ.

“С т” ХХК нь үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох нүүрсний тээврийн хөлсний зарим хэсгийг тээвэрлэлт хийсэн иргэнд түлш, шатахуун хэлбэрээр олгосон байдаг. Түлш шатахуун борлуулагч этгээдтэй богино хугацаат төлбөрийн нөхцөл бүхий зээлийн гэрээгээр худалдан авсан 19.241.074 төгрөгийн түлш шатахуун ямар нэгэн төлбөр нэмж хасахгүйгээр нүүрсний тээвэр хийсэн иргэнд олгосон. 

Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу компанийн өртөг зардлыг бодитоор тооцож, санхүүгийн байдалд тухай бүр дүн шинжилгээ хийж байх үүднээс “С т” ХХК нь үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд буюу нүүрс тээвэрлэлтийн тээврийн хөлсний дээрх зардлыг түүхий эдийн өртөгт шингээж компанийн дотоод үйл ажиллагаанд ашигласан түлш шатахуун болон борлуулалттай холбоотой тээврийн хөлсний зардлаас тусад нь ангилан санхүүгийн тайлангийн мөнгөн гүйлгээний тайлан хэсгийн бараа материал худалдан авахад төлсөн зардал төлсөн зардал хэсэгт бүртгэсэн байна. Нүүрсний тээврийн хөлсний зардал нь нүүрсний уурхай дээрх нүүрсний үнийн дүнгийн 70 гаруй хувь, үйлдвэрт татан авч ирсэн нүүрсний бодит үнийн 40 гаруй хувиас бүрддэг. Дээрх тээврийн хөлсний төлбөрийг бараа материалын өртөгт шингээж бүртгэснээр компанийн зардлын нийт хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй бөгөөд НӨАТ-ын падаан болон төлбөрийн баримтаар баталгаажсан тухайн тайлант жилийн зардал юм.

Тодруулбал хэрэгт нотлох баримтаар авагдсан “С т” ХХК-ийн санхүүгийн баримтаас үзэхэд тус компани нь 2015 онд нийт 61.374.285 төгрөгийн бензин шатахууны худалдан авалтын зардал гаргасан бөгөөд үүний 42.133.211 төгрөгийн зардлыг 2015 оны Санхүүгийн тайлангийн мөнгөн гүйлгээний тайлангийн Түлш, шатахуун тээврийн хөлс, сэлбэг хэрэгсэл төлсөн зардал хэсэгт, үлдэх 19.241.074 төгрөгийн зардлыг Санхүүгийн тайлангийн мөнгөн гүйлгээний бараа материал худалдан авахад төлсөн зардал хэсэгт тус тус бүртгэж, тухайн жилийн түлш шатахууны зардлыг нягтлан бодох бүртгэлд бүрэн тусгасан нь нотлогдож байна. Мөн нүүрсний тээврийн хөлсний төлбөрт олгох, мөн уурын зуухны халаалтын тогоо бусад холбогдох материалыг Улаанбаатар хотоос Улаангом хүртэл тээвэрлэхтэй холбоотой тээврийн хөлсөнд олгох төлбөрийг тээвэрлэлт хийсэн жолооч нарт бэлэн бусаар буюу бензин шатахуун олгох хэлбэрээр хийсэн тул уг зардлыг түүхий эд бараа материалын өртөгт шингээж, бараа материал худалдан авахад төлсөн зардал хэсэгт бүртгэсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1. 14.3 дахь заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна.

 Түүнчлэн бараа материалын өртөгт шингээж, санхүүгийн тайланд тусгасан 19.241.074 төгрөгийн бензин шатахуун авахад төлсөн төлбөрийн баримт, НӨАТ-ын баримт, зээлээр бензин шатахуун худалдан авах тухай “У У” ХХК, “Т п” ХХК-уудтай байгуулсан гэрээ, түлш шатахууны төлбөрийг шилжүүлсэн баримт, тээвэрлэлт хийсэн жолооч нартай байгуулсан тээвэрлэлтийн гэрээ, тээврийн хөлс төлсөн талаарх баримтуудыг “С т” ХХК бүрэн үйлдсэн нь хэрэгт авагдсан тус компанийн 2015 оны санхүүгийн баримтаас тодорхой харагдаж байна. Мөн дээрх худалдан авалтуудтай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварыг бензин шатахуун борлуулагч компаниуд борлуулалтаар бүртгэн холбогдох тайландаа тусгасан, “С т” ХХК ч мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, санхүүгийн тайлангуудад тухай бүр тусгаж ирсэн ба тайланг аймгийн Татварын албанд хүлээлгэж өгсөн байдаг.

“С т” ХХК нь 19.241.074 төгрөгийн зардлыг тус компанийн санхүүгийн баримтад бүрэн тусгасан байхад анхан шатны шүүх огт тусгаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн түүнчлэн дээрх 19.241.074 төгрөгийн бараа үйлчилгээний худалдан авалт нь компанийн үндсэн үйлдвэрлэлийн зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд хамаарч байгаа тул нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаартай шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, Увс аймгийн Татварын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 150020982 дугаартай актын 19.241.074 төгрөгийн үнэ бүхий бензин түлш худалдан авахад төлсөн НӨАТ-ыг, тус албан татварын ногдуулалт төлөлтийн тайлангийн “нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа ажил үйлчилгээ” хэсэгт тусган төсөвт төлөх татварыг бууруулсан гэх зөрчилд 1.924.107.40 төгрөгийн нөхөн татвар, 577.232.20 төгрөгийн торгууль, 285.142.50 алданги ногдуулсныг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 “С т” ХХК-аас Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.А, Д.А нар болон Увс аймгийн Татварын хэлтэст холбогдуулан “1. Увс аймгийн Татварын хэлтсээс 2011, 2012 онд агаарын бохирдлын төлбөрт үндэслэлгүйгээр хураан авч улсын төсөвт төлөгдсөн 5,720,000 төгрөгийг татварын өрөнд суутгасан 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд тооцох 5,175,938 төгрөгийн алдангийг гаргуулан “С т” ХХК-д шилжүүлэхийг Татварын хэлтэст даалгуулах, 2. Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.А,С.А нарын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 150020982 дугаартай актын 48,207,443 төгрөгийн зөрчилд хамаарах нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах” гэсэн 2 шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд хэргийн оролцогчдоос шүүхийн шийдвэрийн 1 дэх заалттай холбоотой гомдол гаргаагүй, харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч “түлш шатахууны худалдан авалт болох 19,241,074 төгрөгийн зөрчилд 1,924,107 төгрөгийн нөхөн татвар, 577,232.20 төгрөгийн торгууль, 285,142.50 төгрөгийн алданги ногдуулсныг хүчингүй болгуулах”-аар давж заалдах гомдол гаргасан тул бусад зөрчилтэй холбоотой асуудлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан тул 19,241,074 төгрөгийн үнэ бүхий бензин, түлш худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг, тус албан татварын ногдуулалт төлөлтийн тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа ажил үйлчилгээ” хэсэгт тусган төсөвт төлөх татварыг бууруулсан гэх зөрчилд татвар, торгууль, алданги төлүүлэхээр тогтоосон нь дээрх хуулийн зүйл, заалт болон тухайн үед мөрдөгдөж байсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журмын 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасантай нийцжээ.

Түүнчлэн мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаас үзвэл худалдан авагч нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаанаас гадна “нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан, бараа хүлээлцсэн акт гэх мэт санхүүгийн бусад баримтаар нотлогдох ёстой талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 Учир нь уг зүйл дэх “болон” гэсэн холбоос нь “нягтлан бодох бүртгэлийн бусад баримт”-ыг зайлшгүй шаардаж байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “нүүрсний тээврийн хөлсний төлбөрт олгох, мөн уурын зуухны халаалтын тогоо бусад холбогдох материалыг Улаанбаатар хотоос Улаангом хүртэл тээвэрлэхтэй холбоотой тээврийн хөлсөнд олгох төлбөрийг тээвэрлэлт хийсэн жолооч нарт бэлэн бусаар буюу бензин, шатахуун олгох хэлбэрээр хийсэн тул уг зардлыг түүхий эд бараа материалын өртөгт шингээж, бараа материал худалдан авахад төлсөн зардал хэсэгт бүртгэсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.3 дахь заалтуудыг зөрчөөгүй, ...“С т” ХХК нь 19,241,074 төгрөгийн зардлыг тус компанийн санхүүгийн баримтад бүрэн тусгасан байхад анхан шатны шүүх огт тусгаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэсэн гомдлыг хангах боломжгүй.

Мөн нэхэмжлэгчээс 19,241,074 төгрөгийн бензины худалдан авалтын төлбөр 64,127,634 төгрөгийн мөнгөн гүйлгээнд тусгагдсан гэх боловч санхүүгийн анхан шатны баримтаар бензин худалдан борлуулагчид нийт 42,183,218 төгрөгийн төлбөрийг төлсөн, бензин, түлш шатахууны төлбөрийн нэхэмжлэхийн хувьд “Т п” ХХК-ийн 6,255,931.80 төгрөгийн нэхэмжлэх санхүүгийн тайланд авагдсан, өөр бусад нэхэмжлэгч байхгүй, 2015 оны 7, 8, 9, 10 саруудад жолооч нарт олгосон бензин шатахууны бүртгэлд бензиныг хэдэн төгрөгийн хөлсөнд хэрхэн тооцож олгосон нь тодорхойгүй, зарцуулалтын тайлан, бараа материалын тайлан байхгүй, нэхэмжлэгч 2015 онд 19,241,074 төгрөгийн бензин шатахууны төлбөрийг төлсөн баримтгүй, төлбөртэй холбоотой нэхэмжлэл хүлээн аваагүй зарцуулалтын тайлан тодорхойгүй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С т” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

                               ШҮҮГЧ                                                                  Э.ЗОРИГТБААТАР