Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 475

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Оч,

Улсын яллагч М.Очбадрах,

Хохирогч Д.Бямбадорж,

Шүүгдэгч Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баянмөнхөд холбогдох эрүүгийн 1811008710446 дугаартай хэргийг 2018 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Борын  Баянмөнх, 1975 оны 08 сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн  хамт, Баянзүрх  дүүргийн 2 дугаар хороо 6-45в тоотод оршин суудаг, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасны дагуу 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:АЮ75081810/.

 

Шүүгдэгч Б.Баянмөнх нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө  Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянбүрд төвийн гадаа Д.Бямбадоржтой маргалдаж түүний баруун гарын 4-р хурууны үзүүрийн шивнүүр ясны суурь хэсгийг хазаж, тасдан эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баянмөнх мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Д.Бямбадоржоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр бид нар бааранп орсон. Орохдоо гаднаас нэг шил виски авч ороод уусан. Тэгээд би эхнэртэйгээ маргалдаад байж байхад энэ залуу хажуугаар орж ирээд залуу эхнэртэй хөгшин төгцөг гэж маргаан үүсгэсэн. Шүүгдэгч маргалдаж байгаад миний урд ирээд намайг 3 удаа цохиход цус гараад би баарнаас гарсан. Гадаа зогсож байхад шүүгдэгч араас гарч ирсэн. Тэр бааранд ажилдаг миний таньдаг хүн надад 5.000 төгрөг өгөөд таксинд суулгасан чинь шүүгдэгч араас татаад маргаан үүсгэсэн. Тэгээд миний баруун гарын ядам хурууг хазаж тасарсан гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Д. Бямбадоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-12-15,/  Б.Баянмөнхийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-29-30, 46-47/, гэрч Б.Мөнхцэцэгийн мэдүүлэг /хх-16/, гэрч О. Чинтогтохын мэдүүлэг /хх-17/, гэрч Н.Дэлгэрбаярмаагийн мэдүүлэг /хх-19, гэрч П.Мөнхчимэгийн мэдүүлэг /хх-21-22/, гэрч Э.Номингийн мэдүүлэг /хх-23-24/, гэрч Г.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хх-25-26/, гэрч Н.Гомбын мэдүүлэг /хх-27-28/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹3942 дугаар тогтоол /хх-34/, шинжээч эмч М.Энхбаярын мэдүүлэг /хх-40-43/, Б.Баянмөнхийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-48/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/,  Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-49/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Баянмөнх  нь 2018 оны 03 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө  Чингэлтэй дүүргийн 6 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянбүрд төвийн гадаа Д.Бямбадоржтой маргалдаж, түүний баруун гарын 4-р хурууны үзүүрийн шивнүүр ясны суурь хэсгийн тайрагдалт, дээд уруулд гарх бүхий гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Бямбадоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-13-14/: “...Баянмөнх бид 2 гадаа гараад заамдалдсан чинь Баянмөнх миний гарыг бугуйгаас нь барьж байгаад баруун гарын ядам хурууг ам руугаа хийгээд хазсан бөгөөд толгойгоо 2 тийшээ савчиж гарыг маань гаргахгүй байсан. Би энэ үед нь гараа авахын тулд зүүн гараараа түүний шанаа орчимд “гар тавь” гээд цохисон. Тэгээд амнаас нь гараа авсан чинь баруун гарын ядам хуруу 1-р үеэрээ тасарсан байсан. Гэтэл Баянмөнх шууд зугатаад явчихсан бөгөөд би гараа бариад караоке руу орсон..Эмчилгээ хийлгэсэн баримт надад байхгүй. Би баримтаа цуглуулаагүй..Баянмөнх анх надад 2 сая төгрөг өгнө гэсэн бөгөөд 1.200.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 800.000 төгрөгөө авахгүй бол гомдолтой байна..”  гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч О.Чинтогтохоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-17/ “...Баянаа, Бямбадорж нар гараад явчихсан байсан. Хэсэг хугацааны дараа Бямбадорж ганцаараа ороод ирсэн бөгөөд Баянаа миний хурууг хазаад тасалчихлаа тэгээд зугатаад явчихлаа гэж хэлсэн. Бямбадоржийн хуруу нь цус гарчихсан, гадуур нь даавуугаар боочихсон харагдаж байсан..”  гэх мэдүүлгээр,

 

Гэрч Г.Мягмарсүрэнгээс /хх-25-р хуудас/ “..ширээн дээр байсан архины шилийг нэг эрэгтэй нь аваад Бямбадоржийн толгой руу цохих гэж байхад нь архины шилийг нь түрүүлж авсан. Би архины шилийг нь авчихаад буцаад пабад нь орж ирээд Гомбоод “сая нэг нь архины шилээр Бямбадорж ахыг цохих гэж байна” гэж хэлчихээд Гомбоо бид 2 цугтаа караокед орж ирсэн чинь буйдан дээр Бямбадорж суучихсан, нөгөө архины шилээр цохих гэж байсан эрэгтэй гараараа Бямбадорж ахыг цохиж байхад нь Гомбоо очиж салгасан..” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч Н.Гомбоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-27-р хуудас/ “..Баянмөнх гэж эрэгтэй нь гарч ирээд Бямбадорж ахыг цохичихсон. Би салгаад тэр 2 хоорондоо зодолдохоо больсон бөгөөд би ажилтай байсан болохоор тэр 2-ыг үлдээгээд ажил руугаа орсон..Намайг харахад бол караоке дотор Бямбадоржийг Баянмөнх нь цохиж хамарнаас нь цус гаргасан байсан...” гэх мэдүүлэг,

 

Шинжээч М.Энхбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-41-42/ “..Хүзүүвч хэсгээр хугарсан болон буйланд ямар 1 гэмтэл үүсэхгүй..гараа хазуулж байгаа хүн хуруугаа татаж байх үед шүд хүзүүвч хэсгээрээ хугарах боломжтой..Б.Баянмөнхийн биед үүссэн гэмтэл, унасан шүдийг үзэж дүгнэлтийг гаргасан бөгөөд Б. Баянмөнхийн зүүн дээд 4-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал гэмтэл нь хүний хурууг хазаж, 4-р хурууны үзүүрийн шивнүүр ясны суурь хэсгийг тасдсан тохиолдолд унасан байх боломжтой. Шүд нь ёзоороор сугарч гарч ирсэн хугаралыг хүзүүвч хэсгийн хугарал гэж байгаа юм...” гэх мэдүүлэг

 

Б.Баянмөнхийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-47/ “..Би Бямбадоржийг цохиогүй бөгөөд баруун гарынх нь ядам хурууг шүд унагалаа гэх шалтгаанаар хазсан. Тухайн үед хуруу нь тасарсан гэж мэдээгүй бөгөөд тэр үед Бямбадорж “чи миний хурууг тасалчихлаа шүү дээ” гэж байсан..Би тухайн үед цохилтоос болж шүд унасан гэж бодсон. Яахаар шүд ёзоор хэсгээр хугардаг гэдгийг би мэдэхгүй шүү дээ”  гэх мэдүүлгээр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹3942 тоот дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч гэмтэл авсан талаараа мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчид уг гэмтлийг учруулсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹3942 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Бямбадоржид учирсан гэмтэл гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Баянмөнх дээрх байдлаар хохирогч Д.Бямбадоржид гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Баянмөнхыг хүний эрүүл хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Баянмөнхийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Д.Бямбадорж нь гомдолтой, цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх боловч хавтаст хэрэг, шүүхийн хэлэлцүүлэгт баримт гаргаж өгөөгүй, харин шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид 1.200.000 төгрөг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн байна. Хохирогч дээрхи мөнгөөр эмчилгээ, хагалгаа хийлгэсэн боловч шарх нь бүрэн эдгэрээгүй, түүнийг цаашид эмчлүүлэх, улмаар хиймэл хурууны үе хийлгэх зэрэг шаардлагтай байгаа талаараа шүүхэд мэдүүлж байх тул баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Баянмөнхийн зүүн дээд 4-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал бүхий хөнгөн гэмтэл учирсан байна. Энэ нь дээрхи зодооны явцад, хохирогчийн гарыг хазах үед үүссэн байх боломжтой гэж шинжээч эмч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлжээ. Шүүгдэгч Б.Баянмөнхийн биед гэмтэл учруулсан үйлдэлд прокуророос Д.Бямбадоржид ял сонсгож, шүүхэд ирүүлээгүй бөгөөд түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн талаар шүүх хуралдаанд тайлбарласан, шүүгдэгч Б.Баянмөнх нь өөрт нь учирсан гэмтэлд Д.Бямбадоржийг буруутгаагүй, ямар нэг гомдол саналгүй талаараа мэдүүлжээ. Иймд хэргийн бүрдэл хангагдсан гэж үзсэн буюу шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Баянмөнх нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Борын Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Баянмөнхийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баянмөнхийг уг торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Баянмөнх нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Баянмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Хохирогч Д.Бямбадорж нь хуруугаа эмчлүүлэх, хийсэл үе хийлгэхтэй холбоотой цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Б.Баянмөнх нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баянмөнхөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР