Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/00971

 

Э.Бнэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00574 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Бхариуцагч Экредит ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан фидуцийн гэрээг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дөлгөөн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгосүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Экредит ББСБ ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 5 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зээлдэн авахаар тохиролцсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангагдах хүртэл эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ /Фидуци/-г байгуулж, өөрийн өмчлөлийн ...УБЧ улсын дугаартай Тоёота Ланд крузер-100 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Экредит ББСБ ХХК-д шилжүүлсэн. Гэвч зээлдүүлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийг хууль болон гэрээнд заасан журмын дагуу олгоогүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, гэрээний 2.1.1-д зааснаар 5 000 000 төгрөг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний харилцаа нэгэнт үүсээгүй учир фидуцийн гэрээ хүчингүй юм. Фидуцийн гэрээ нь зээлийн гэрээний харилцаанаас шууд хамааралтай бөгөөд зээлийн харилцаа бодитой хийгдсэн нөхцөлд уг гэрээний харилцаа үүсч, гэрээний үүрэг үүснэ. Иймд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ0500190008 тоот фидуцийн гэрээг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн бүртгэлийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү. Зээлийн гэрээ биелэгдэхгүй учраас гэрээнээс татгалзаж, фидуцийн гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний хугацаанд 5 000 000 төгрөг Э.Б тухайн үедээ шаардлагатай байсан боловч одоо энэ мөнгийг авах үр дагаваргүй болсон учраас зээлийн гэрээний үүрэг биелүүлэхэд нэмэлт хугацаа олгохоор урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал үүссэн. Зээлийн гэрээнээс Э.Бтатгалзсан учраас зээлийн гэрээний үр дагавар байхгүй. Фидуцийн гэрээ хүчингүй учраас уг гэрээгээр Э.Бөмчлөлийн Тоёота Ланд круйзер 100 маркийн ...УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэх эрхтэй. Хариуцагч тал Э.бөгсөн зөвшөөрөл, хүсэлтийн дагуу А.Тгэх хүний Хаан банкны ... тоот данс руу 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлах боловч хавтаст хэрэгт авагдсан нэг ч баримтанд нэхэмжлэгч энэ мөнгийг А.Тгэдэг хүний данс руу шилжүүлэх талаар бичгийн болон бусад баримт байхгүй, ийм хүсэлт гаргаж байгаагүй. Гүйлгээ хийсэн баримтыг нь харвал Экредит ББСБ ХХК-ийн данснаас А.Тгэх хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн байна. Зээлийн данс үүсгэнэ гэдэг нь нягтлан бодох бүртгэл, Иргэний хууль, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны тухай хуульд зааснаар иргэн Э.Бгэдэг хүний өмчлөлд 5 000 000 төгрөг шилжих асуудал яригдана. Гэтэл Э.Б энэ мөнгийг захиран зарцуулах эрх очоогүй. Шимтгэл төлсөн тухайд нэхэмжлэгчид зээлийг таны зээлийн данс руу олгоно, эхлээд шимтгэлээ төлсний дараа зээл олгоно гэж тайлбарлаад шимтгэлээ авчихаад, зээлээ олгодоггүй. Э.Бнь А.Тгэдэг хүний дансанд 5 000 000 төгрөг шилжүүлсэн гэдгийг мэдээгүй байсан. Нэхэмжлэгч нь А.Тгэдэг хүнтэй холбоотой асуудлаар Цагдаад гомдол гаргаагүй. Экредит ББСБ ХХК болон Үүлэн тревэл ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байдаг. Уг гэрээгээр ББСБ-ын зүгээс нөгөө компанитай харилцагч нарт нь зээл олгох биш харин эсрэгээрээ А.Тгэдэг хүний Луис вилл ХХК-д зээл олгох утгатай гэрээ байгаа. Энэ хамтран ажиллах гэрээний дагуу бусдын авах гэж байсан зээлийг Экредит ББСБ ХХК нь Луис вилл ХХК-д шилжүүлдэг, нөгөө этгээдүүдэд нь зээл олгогддоггүй. Тиймээс А.Тгэх хүн эрүүгийн журмаар шалгагдаад хүмүүст их хэмжээний хохирол учруулсанд ББСБ-ын оролцоо ч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Манай байгууллага 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Э.Б 5 000 000 төгрөгийг 3.3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлж, зээлийн болон Фидуцийн гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсан даруй 5 000 000 төгрөгийг Э.Бхүсэлтийн дагуу Хаан банкны ... тоот данс руу Э.Б олгов гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Манай байгууллага зээлсэн мөнгийг бэлнээр эсвэл зээлдэгчийн данс руу шилжүүлж болох байтал Э.Бнь зориуд бусдын дансаар шилжүүлэн авч, зээлсэн мөнгийг өөрөө ашигласан атлаа зээл аваагүй мэтээр гүтгэж, зээлийн төлбөрөөс зайлсхийж залилан мэхлэх шинжтэй үйлдэл гаргаж байгаад харамсалтай байна. Э.Бнь А.Тгэх хүнтэй, түүний Луйс вилл ХХК-тай харилцан тохиролцож БНСУ-руу аялах зорилготой гэрээ байгуулсан байсан. Уг гэрээний төлбөрөө төлөхийн тулд Экредит ББСБ ХХК-аас 5 000 000 төгрөг зээлж авсан. Уг төлбөрийг Э.Б эргэн төлөх талаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст байцаалт өгөхдөө мэдэгдэж, шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Санхүүгийн зохицуулах хороо, бусад холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсны хүрээнд зээлдэгчид зээлийн данс үүсгэдэг. Тухайн зээлийн дансанд төлбөрийг гүйцэтгэсэн болох нь зээлийн хорооны шийдвэр, зээл олгосон баримтаар нотлогдож байгаа. Зээлийн гэрээний 2.3-т зааснаар зээлийн хугацааг тодотгосон байгаа нь зээлийг ямар хэлбэрээр олгохыг харилцан тохиролцсон тохиролцоо биш, зээлийн хүүг хаанаас хэрхэн яаж тооцож эхлэх вэ гэдгийг тодотгосон заалт юм. Нэхэмжлэгч Фидуцийн гэрээг хүчингүйд тооцож, тээврийн хэрэгслийг хариуцагчид буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэж үзэж байна. Фидуцийн гэрээ нь дангаараа эрх зүйн харилцаа үүсгэхгүй. Аливаа нэг зээлийн гэрээг дагалдаж үүсгэгддэг гэрээ бөгөөд талуудын байгуулсан үндсэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр, дуусгавар болоогүй байгаа. Зээлийн гэрээний 2.1.4-т зээл олгох үедээ нэг удаагийн шимтгэлд 125 000 төгрөг авна гэсний дагуу зээл олгосны дараа зээлдэгчээс бэлнээр авсан нь төлбөрийн баримтаар нотлогддог. Нэхэмжлэгч зээлийг олгоогүй гэж нэхэмжлэлдээ дурдсан байдаг боловч, зээлийг олгоогүй бол Э.Бнь шимтгэлийг төлөхгүй байсан гэдгийг нотолж байгаа юм. Үндсэн гэрээний асуудлыг шийдсэн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй, зээлдэгч тал гэрээнээс татгалзаагүй, гэрээ дуусгавар болоогүй байгаа. Зээлийн гэрээний зорилго, зориулалт, зээл авах болсон хэрэгцээ шаардлага зэрэг нь ойлгомжтой бөгөөд нэхэмжлэгч аялал жуулчлалын зорилгоор зээл авсан байдаг. Зээлийн данс, харилцах депозит данс гэдэг нь 2 өөр ойлголт юм. Хариуцагчаас нэхэмжлэгчид зээлийн данс үүсгээд зээл олгосон байна. Талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүссэн. Үндсэн гэрээний үүрэг дуусаагүй байхад зээлдэгч өөрөө шийдвэр гаргаад үүрэг байхгүй гээд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой байгуулсан Фидуцийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Экредит ББСБ ХХК нь А.Түвшинтөгстэй ямар нэгэн байдлаар зээлийн гэрээний үүрэг үүсгээгүй хэдий ч зээлдэгч Э.Бхүссэн учраас зээлийн мөнгийг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

  Шүүх:  Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангагдах хүртэл эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ /Фидуци/-г хүчингүй болгуулж, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай Э.БЭкредит ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Бдавж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ... тухайн өдөр иргэн А.Түвшинтөгсийн Хаан банк дахь ... тоот дансанд зээл олгов Э.Б гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гэрчээр оролцсон А.Түвшинтөгсийн гэх тайлбар зэргээр хариуцагч Экредит ББСБ ХХК нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн мөнгийг зээлдэгч Э.Б олгосон болох нъ тогтоогдож байх тул зээл олгоогүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна гэжээ. Гэрчээр оролцсон А.Тнь нэхэмжлэгч Э.Бболон түүний нөхөр, өөр олон жирийн иргэдийг залилан мэхэлсэн этгээд бөгөөд түүний уг үйлдлийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа. Э.Б зээлийн гэрээний дагуу олгох ёстой мөнгөн хөрөнгийг А.Тгэх этгээдийн дансанд шилжүүлсэн бөгөөд А.Тгэгч этгээдтэй нэхэмжлэгч Э.Бхолбоогүй бөгөөд түүнтэй аливаа гэрээ, хэлцэл байгуулаагүй. А.Тгэгч этгээдтэй нэхэмжлэгчийн нөхөр нь гэрээ хэлцэл байгуулсан гэдгээ гэрч мэдэхгүй, санахгүй байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдоно. Гэрч зөвхөн хариуцагч ЭКредит ББСБ ХХК-нд ашигтай мэдүүлэг өгөхдөө бүгдийг санаж байгаа мэтээр хариулдаг боловч хавтаст хэрэгт байгаа баримтын хүрээнд мэдүүлэг гаргахаар санахгүй буруу, худал мэдүүлэг гаргадаг. Мөн гэрч А.Тнь ЛВХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал бөгөөд уг компани нь ЭКредит ББСБ ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Гэрч А.Тболон хариуцагч ЭКредит ББСБ ХХК нь хоорондоо ашиг сонирхол нэгтэй, Л.Түвшинтөгс нь бусдыг залилан мэхлэх үйлдэл хийхдээ уг ЭКредит ББСБ ХХК-ийг ашигласан байхад шүүгчийн зүгээс гэрчийн мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэгчийг хариуцагчид мөнгө шилжүүлэх тухай хүсэлт амаар гаргасан гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт хэт нэг талыг барьсан, хариуцлагагүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Түүнчлэн хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалтыг хэрэглэсэн нь шүүгч хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний том алдаа гаргасан нь харагдаж байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Зээлийн гэрээ байгуулагдсан. Уг зээлийн гэрээгээр зээлдүүлэгч буюу ЭКредит ББСБ ХХК нь зээлдэгч буюу Э.Б мөнгөн хөрөнгийг түүний өмчлөлд хуульд заасан арга хэлбэрийн дагуу шилжүүлэх үүрэгтэй. Хариуцагч ЭКредит ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Зээл олгох эрхтэй болохоос Мөнгөн шилжүүлэг хийх эрх байхгүй. Хэрэв төлбөрийн даалгаварын дагуу шилжүүлэг хийсэн гэж үзвэл хариуцагч хуулиар олгогдоогүй үйл ажиллагаа явуулсан болно. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банк болон бусад банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд Зээлийн гэрээ-ний дагуу олгосон зээлийг шууд бусдын дансанд гүйлгээ хийж олгодоггүй. Хүсэлт буюу Төлбөрийн даалгавар гэгч зүйлийг авч, бусдын дансанд гүйлгээ хийнэ. Энэ бол хууль, журмын дагуу хийгдэж буй үйлдэл. Гэтэл хариуцагч ЭКредит ББСБ ХХК нь шууд өөрийн данснаас А.Тгэгч этгээдийн дансанд гүйлгээ хийсэн атлаа уг үйлдлээ нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу гэж тайлбарлаж буй нь хууль зөрчсөн тайлбар. Шүүх хариуцагчийн энэхүү хууль бус тайлбарыг үндэслэн хэрэгт авагдсан бусад нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг дүгнэхгүйгээр шууд зээл олгосон хэмээн үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Э.Бнь хариуцагч Экредит ББСБ ХХК-д холбогдуулан фидуцийн гэрээг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.

 

 

 

Зохигчид 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 5 000 000 төгрөг сарын 3.3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд ...УБЧ улсын дугаартай Тоёота ланд крузер маркийн автомашин барьцаалсан зээлийн болон фидуцийн гэрээг байгуулсан байх ба гэрээний зүйлийг шилжүүлэх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй гэж нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тайлбарласан байна. /хх6-8/

 

 

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлж үүргээ биелүүлсэн гэх дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай байна.

 

 

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээнээс татгалзсан, эсхүл тухайн гэрээний хүчин төгөлдөр байдал, уг гэрээг хүчингүйд тооцох Иргэний хуулийн 56, 57, 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шаардлага гаргаж байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй.

 

 

 

Зохигч үндсэн үүрэг болох зээлийн гэрээний биелэлтийн талаар шаардлага гаргаагүй, гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах фидуцийн гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй.

 

 

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө, үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтыг хэргийн үйл баримттай харьцуулан дүгнэхэд хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн зөвшөөрсөн этгээд болох А.Түвшинтөгсийн дансанд шилжүүлэхдээ нэхэмжлэгчийн зөвшөөрлийг авсан эсэхийг тодруулах шаардлагатай.

 

 

 

Хариуцагч Экредит ББСБ ХХК нь гэрч А.Түвшинтөгсийн эрхлэн явуулдаг ЛВХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулж, уг гэрээний дагуу БНСУ-руу аялалын визний зориулалттай байршуулах 5 000 000 төгрөгийг ЛВХХК-аар зуучлуулж буй үйлчлүүлэгчдэд сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр ... тохиролцсон байх ба хариуцагч нь нэхэмжлэгч БНСУ-ын визэнд орохын тулд 5 000 000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авсан, төлбөр төлөхөөс зайлсхийж байна гэж тайлбарладаг. /хх59-60/

 

 

 

Хэргийн 88 дугаар тал дахь шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн өмгөөлөгч визэндээ орсон юм шиг байна лээ. Виз нь гараагүй .., визнийхээ баримтыг өгсөн, өгөөгүйг сайн мэдэхгүй байна гэж ойлгомжгүй тайлбар бичигдсэн байх ба шүүх уг тайлбарт үндэслэсэн дүгнэлт хийсэн нь буруу. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн бодит үнэнийг тогтоох боломжгүй байна. Нэхэмжлэгч нь БНСУ-ын визэнд орсон эсэх нь тодорхойгүй, үүнийг тодруулах нь гэрээний зүйл зээлдэгчийн хүсэлтээр гуравдагч этгээдэд шилжсэн эсэхт дүгнэлт өгөхөд ач холбогдолтой болно.

 

 

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00574 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ