Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/0496/з |
Дугаар | 102 |
Огноо | 2020-03-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 102
М.Б-ийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын
газрын даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/165 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Б-ийг урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал буурч ажилласан хугацааны цалин хөлсний зөрүүг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0672 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.О нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0672 дугаар шийдвэрээр: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.1, 3.1.2, мөн хуулийн 11,12 дугаар зүйл, 18 дугаар зүйлийн 18.5.3 Төрийн албаны тухай /шинэ/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17-т заасныг тус тус баримтлан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/165 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Б-ийг урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал буурч ажилласан хугацааны цалин хөлсний зөрүүг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий М.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0672 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3, 29 дүгээр зүйлийн 29.2.3, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17, 38 дугаар зүйлийн 38.1.6-д заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/165 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Б-ийг урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал буурч ажилласан хугацааны цалин хөлсний зөрүүг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” тухай М.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэвийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17, 38 дугаар зүйлийн 38.1.6 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж эдгээр заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3-т заасан хязгаарлалтыг зөрчсөн гэж үзэж шийтгэл оногдуулсан байхад шүүхээс уг актад дурдагдаагүй хуулийн заалт буюу Төрийн албаны тухай хуулийг хэрэглэж байгаа нь хууль бус юм.
4. М.Б нь Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд анх томилогдохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Хөрөнгө орлого, ашиг сонирхлын зөрчлийн урьдчилсан мэдүүлэг гаргасан бөгөөд уг мэдүүлэгт Монголын тогооч нарын холбооны үүсгэн байгуулагч болохоо мэдүүлсэн, Авлигатай тэмцэх газрын 2017 оны 04 дүгээр 03-ны өдрийн 05/3060 тоот албан бичгээр уг албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэсэн хариу ирүүлсэн, нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь Монголын тогооч нарын холбооны үүсгэн байгуулагч бөгөөд 2017 оны 3 дугаар сараас буюу Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсоноосоо хойш уг холбооны өдөр тутмын ажилд оролцоогүй, холбооны дүрмийн дагуу холбооны бүх гишүүдийн хурал хуралдаагүй учир Холбооны Удирдах зөвлөлийн даргын сонгуульт ажлаа хүлээлгэн өгөх боломжгүй байсан, зөвхөн үүсгэн байгуулагчаар улсын бүртгэлтэй байгаа зэргээс үзэхэд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3-т заасан хязгаарлалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл уг хуулийн заалт нь дээрх тохиолдолд хэрэглэгдэхгүй бөгөөд нэгэнт томилогдсон төрийн албан хаагчийн хувьд томилогдсоноосоо хойш давхар ажил эрхэлсэн, эсхүл өөр байгууллагад орон тооны ажил, албан тушаал цалинтайгаар гүйцэтгэсэн тохиолдолд энэхүү хязгаарлалт үйлчлэхээр зохицуулсан байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэрүүд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.
5. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг албан тушаал бууруулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу томилогдсон гэх албан тушаалд ажиллах улсын ахлах байцаагчийн эрх олгогдоогүй байхад Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн бүтэц, орон тоонд байхгүй Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч гэх албан тушаалд томилсоноор ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй болгож, төрийн албан хаагчийн эрхийг зөрчсөн байхад шүүхүүд энэ талаар огт дүгнэлт хийгээгүй.
6. Захиргааны байгууллагын зүгээс маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй бөгөөд маргаан бүхий акт гаргах өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчтэй өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан ярилцсаныг сонсох ажиллагаа хийсэн гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл сонсох ажиллагааны зорилт хангагдаагүй. Маргаан бүхий акт гаргахад шаардлагатай дээрх нөхцөл байдлыг тогтоогоогүйгээс маргаан бүхий акт хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхад шүүхүүд энэ талаар дүгнэлт хийлгүйгээр хариуцагчийг сонсох ажиллагаа огт явуулаагүй гэж буруутгах боломжгүй гэж дүгнэсэн.
7. Хариуцагчийн зүгээс Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 05/3805 дугаар албан бичгийн дагуу ямар нэгэн ажиллагаа явуулж, нөхцөл байдлыг тогтоолгүй шууд захиргааны акт гаргасан нь хууль бус. Өөрөөр хэлбэл Авлигатай тэмцэх газрын дээрх албан бичиг нь захигааны байгууллагыг төрийн албан хаагчийн эрхэд шууд халдах үндэслэлийг бий болгохгүй бөгөөд захиргааны акт гаргаж, төрийн албан хаагчид хариуцлага тооцоход шаардлагатай нөхцөл байдлыг тогтоох, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах үүргээс чөлөөлөхгүй юм.
8. Гэтэл шүүхүүд дээрх нөхцөл байдлуудыг үнэлээгүй нь Захирсааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийи шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн зөрчил гэж үзэж гомдол гаргаж байна.
9. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0672 дугаар шийдвэр. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0012 дугаар магадлалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтуудад холбогдуулан хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
11. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/165 дугаар тушаалаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3, 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалтуудыг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Б-ийг “... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр “Монголын тогооч нарын холбоо” НҮТББ-ын ерөнхийлөгчийн албан үүргийг гүйцэтгэж, ашиг сонирхлын зөрчил үүссэн” гэх үндэслэлээр албан тушаал бууруулан, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилсон, нэхэмжлэгчээс уг тушаалыг эс зөвшөөрч, “... “Монголын тогооч нарын холбоо” НҮТББ-ын ерөнхийлөгч гэдэг нь сонгуульт ажил бөгөөд миний бие уг төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн хэмжээгээр оролцдоггүй, ... Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3 дахь хязгаарлалт нь албан тушаалд томилогдсон этгээд давхар ажил эрхлэхтэй холбоотой хязгаарлалт байх бөгөөд миний бие албан тушаалд анх орохдоо энэ сонгуульт ажилд сонгогдсон байсан, ... хуулийн хязгаарлалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэх зэргээр маргасан, “Монголын тогооч нарын холбоо” НҮТББ нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, уг бүртгэлд М.Б нь тус холбооны Удирдах зөвлөлийн дарга (ерөнхийлөгч), итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгэгдсэн, талууд уг үйл баримттай маргаагүй байна.
12. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, “Монголын тогооч нарын холбоо” НҮТББ (хувийн өмчийн) нь “... үйл ажиллагаа явуулдаг өмчийн бүх хэвшлийн хоолны газруудын үйл ажиллагааг дэмжиж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, менежмент, маркетингийг боловсронгуй болгох, ... ажилтан, ажилчдын ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой” байгуулагдсан байх тул уг ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга (ерөнхийлөгч)-ийн албан тушаалд Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Б ажиллаж байгаа нь “нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчил” үүсгэхээр байна гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй.
13. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “... хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг /ойлгох/”-оор, 3.1.3-т “... ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг /ойлгох/”-оор тус тус зааснаас үзвэл, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Б-ийн албаны бүрэн эрх, төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах чиг үүргээ хэрэгжүүлэхэд “Монголын тогооч нарын холбоо” НҮТББ дахь түүний хувийн ашиг сонирхол аливаа хэлбэрээр нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй, М.Б “Монголын тогооч нарын холбоо” НҮТББ-аас цалин хөлс авдаг эсэх, өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдог эсэх нь дээрх хуулиар тодорхойлсон “ашиг сонирхлын зөрчил” үүсэхэд шууд хамааралгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... томилогдсоноосоо хойш давхар ажил эрхэлсэн, эсхүл өөр байгууллагад орон тооны ажил, албан тушаал цалинтайгаар гүйцэтгэсэн тохиолдолд энэхүү хязгаарлалт үйлчлэхээр зохицуулсан” гэх гомдол үндэслэлгүй.
14. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно”, 18.5.3-т “ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг… /давхар эрхэлж болно/” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Б-ийг “Монголын тогооч нарын холбоо” НҮТББ-ын “үүсгэн байгуулагч” байхыг хориглоогүй, харин уг байгууллагын удирдах албан тушаалд давхар ажиллахыг хориглосон, “Монголын тогооч нарын холбоо” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга (ерөнхийлөгч)-ийн хувьд үүсэх хувийн ашиг сонирхол нь Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалын албаны чиг үүрэгт харшаар нөлөөлж болохуйц буюу “ашиг сонирхлын зөрчил үүсгэхээр” байх тул хуулиар зөвшөөрөгдөөгүй гэж үзнэ.
15. Харин, нийтийн албан тушаалтан өөрийн албаны чиг үүрэгтэй аливаа байдлаар харшлахгүй бусад алба, ажил үүрэг гүйцэтгэхээр бол, тухайлбал, марк, дугтуй сонирхогчдын холбоонд сонгуульт ажил эрхлэх тохиолдолд өөрийн удирдах албан тушаалтанд мэдэгдэж, бичгээр зөвшөөрөл авах үүрэгтэй, хуулийн 18 дугаар зүйлд заасан эдгээр хориглолт, хязгаарлалтуудыг зөрчсөн тохиолдолд “албан тушаалыг нь бууруулах” хариуцлага хүлээлгэхээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т тусгайлан заасан байх тул М.Б-ийг “албан тушаал бууруулан томилсон” маргаан бүхий акт хуульд болон зорилгодоо нийцсэн байна.
16. Түүнчлэн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3-т заасан “ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг… /давхар эрхэлж болно/” гэх зохицуулалтыг тухайн нийтийн албан тушаалтанд “өөрийн удирдах албан тушаалтан” байгаа бол түүнд, тийм удирдах албан тушаалтан байхгүй бол хуулиар эрх олгосон “эрх бүхий байгууллага” буюу Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, бичгээр зөвшөөрөл авна гэж ойлгох тул тухайн тохиолдолд, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Б “ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй” давхар ажил эрхлэлтийн асуудлаар өөрийн удирдах албан тушаалтан болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад мэдэгдэж, түүнээс бичгээр зөвшөөрөл авах үүрэгтэй гэж үзнэ.
17. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... албан тушаалд томилогдохоосоо өмнө “Монголын тогооч нарын холбоо” НҮТББ-ын /Тэргүүн) байсан, ... ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгтээ мэдүүлсэн, ... уг холбооны өдөр тутмын ажилд оролцоогүй, ... Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3-т заасан хязгаарлалт энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй, ... шүүх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх зэрэг гомдлыг хүлээж авах боломжгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
18. Нэхэмжлэгч М.Б-ийг Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилсон маргаан бүхий Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/165 дугаар тушаал хүчин төгөлдөр байгаа, М.Б-ийг уг “албан тушаалд томилохгүй байгаа” талаар хэрэгт баримт авагдаагүй, талууд уг асуудлаар маргаагүй, нэхэмжлэгчээс уг асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн бүтэц, орон тоонд байхгүй Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч гэх албан тушаалд томилсон, ... ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй байгаа” гэх зэрэг гомдлын үндэслэлд хяналтын шатны шүүх дүгнэлт хийхгүй, шүүхийн энэ тогтоол нь М.Б-ийг “Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллуулаагүй” гэх асуудлаар маргаан үүсгэх нэхэмжлэгчийн эрхийг хөндөхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Б-ийн өмгөөлөгч Б.Г-ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б-оос тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА