Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01579

 

МХХК-ийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, А.Отгонцэцэг шүүгч, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/01594 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч МХХК-ийн хариуцагч НШШГГгазарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 184/ШШ2018/01012 дугаар захирамжаар ...МХК-иас 717 169 164 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. НШШГГгазар Сэлэнгэ эстимэйт ХХК-иар МХК-ийн эзэмшлийн ...талбарын дугаар бүхий 19 985 м.кв талбайтай газрыг зах зээлийн үнээс хэт багаар буюу 300 000 000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээний дагуу НШШГГгазар нь ажиллагаа хийж үнэлэгдсэн үнийн 70 хувь болох 210 000 000 төгрөгөөр 2020 оны 01 сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулахаар болсон. МХК-ийн эзэмшлийн газрын хувьд зах зээлийн аргыг хэрэглэх үзүүлэлтүүд болох газар зүйн байршил, ижил төсөөтэй газруудтай жиших бүрэн боломжтой бөгөөд зах зээлийн хандлага, өртгийн хандлагыг хослуулан хэрэглэснээр тухайн газрын бодит үнэлгээ тогтоогдох байсан гэж үзэж байна. Гэтэл үнэлгээг хийхдээ тухайн газраас хол зайд байрлах, ижил төсөөтэй биш газрыг сонгон авч харьцуулалт хийсэн нь газрын үнэлгээ хэт багаар үнэлэгдэх шалтгаан болсон. Иймд НШШГГгазрын Сэлэнгэ эстимэйт ХХК-иар хийлгүүлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, хэт бага үнээр үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалт, Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан Олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 8 дугаар зүйлийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно гэж заасны дагуу МХК-ийн эзэмшлийн газрыг үнэлүүлж зах зээлийн бодит ханшийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Төлбөр төлөгч МХК-ийн эзэмшлийн ...хойд талд байрлах нэгж талбарын ... дугаарт бүртгэгдсэн 19 985 м.кв талбайтай газрыг битүүмжлэн, хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, зах зээлийн үнийг 300 000 000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар талуудад мэдэгдэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ 300 000 000 төгрөгийн 70 хувь болох 210 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 01 сарын 24-ний өдөр явуулсан боловч худалдан борлогдоогүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгч МХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхзолбоогийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан НШШГГгазарт холбогдох Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн МХК-ийн эзэмшлийн ... тоот дугаартай газар эд хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч МХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Сэлэнгэ эстимэйт ХХК нь ...талбарын дугаар бүхий ...м.кв талбайтай газрыг өнөөдрийн зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн нь бидэнд илт хохиролтой байна. Анхан шатны шүүх зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн нь илт хохиролтой, газар зүйн байршил, ижил төсөөтэй газруудтай жишихдээ тухайн газраас хол зайд байрлах, ижил төсөөтэй биш газрыг сонгон авч харьцуулалт хийсэн нь газрын үнэлгээ багаар үнэлэгдэх шалтгаан болсон үнэлгээг зөвшөөрөхгүй гэх боловч уг тайлбар, шаардлагаа холбогдох нотлох баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлоогүй, шинжээчийн дүгнэлтийн үндэслэл, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хууль, эрх зүйн үндэслэлийн талаар маргаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үнэлгээний тайланд тусгасан харьцуулагдсан үл хөдлөх хөрөнгийг харьцагдах объект биш гэдэг боловч энэ байдлаа нотлоогүй, түүнчлэн өөрийн судалж мэдсэн гэх өөр бусад газар буюу объекттой харьцуулж тайлбарлахдаа ижил төстэй объект мөн эсэх, онцлог, дээр нь үл хөдлөх хөрөнгө, шугам сүлжээ байгаа эсэх ижил төстэй хөрөнгөтэй харьцуулсан эсэх нь тодорхойгүй, ямар үнэлгээтэй эсэх талаар зөвхөн тайлбар гаргаж л мэтгэлцдэг, мөн үнэлж буй өөрийн эзэмшлийн хөрөнгө буюу газрын онцлогийг сайтар мэддэггүй, түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасныг зөрчсөн гэх боловч энэ байдал баримтаар тогтоогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг хангалттай бүрэн цуглуулаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргаж байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч МХК-ийн хариуцагч НШШГГгазарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 184/ШШ2018/01012 дугаар захирамжаар МХК-аас 717 169 164 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А Х ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. Уг шийдвэр, гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн 2018 оны 18271187 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх 8-9, 49, 52/

 

НШШГГгазраас МХК-ийн эзэмшлийн ...талбар бүхий 19 985 м.кв талбай газрыг битүүмжлэн, хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ. /хх 53-60/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар саналаа өгөхийг НШШГГгазраас мэдэгдсэн боловч төлбөр авагч, төлбөр төлөгч нараас үнийн санал ирүүлээгүй байх тул хариуцагч байгууллага 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 413 тоот, Шинжээч томилох тухай тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18-55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх 52-87, 63, 64/

 

Төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг 300 000 000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хариуцагч байгууллагаас төлбөр төлөгчийн хаягаар 2019 оны 12 сарын 13-ны өдрийн мэдэгдлээр хүргүүлсэн байна. /хх88-90/

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийхдээ хөрөнгийн тухай шинж байдал, онцлогийн талаар тайландаа тусгаж, хөрөнгийн орчны судалгаа, зах зээлийн үнэ ханшийг судлан тооцож гаргасан тооцооллоо тайландаа тодорхой тусгасан байх тул үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1 хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3 хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх, 9.3.8 хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тодорхой тусгах зохицуулалтад нийцсэн гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн, үнэлгээний тайланд тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгө харьцуулагдахаар барилга биш байсан гэх боловч шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээг тогтоосон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/01594 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ