Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/01087

 

 

 

М.Оын нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2020/00642 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Оын хариуцагч ТОСКТӨХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амартунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, Б.Итгэлбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч М.О миний бие 2007 онд "ТОСК" ТӨХХК-д барилгын хяналтын инженерээр анх ажилд орж, Барилга байгууламжийн захиалагчийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/08 тоот тушаалаар надтай огт зөвлөлдөхгүйгээр ажлаас минь чөлөөлж, орон сууц ашиглалтын хэлтэст хангагч байгууллагатай харилцах асуудал эрхэлсэн мэргэжилтнээр томилсон. Миний бие ажил олгогч байгууллагын хууль бус үйл ажиллагааг эсэргүүцдэг байсан тул орон тооны цомхтгол нэрийдлээр 2017 онд Дэд бүтэц төслийн удирдлагын газрын даргаар ажиллаж байхад минь тус газрыг Барилга байгууламжийн захиалагчийн газар болгон өөрчилж, намайг ажлаас халсан бөгөөд уг ажилдаа шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоолгож байсан. Харин одоо байгууллагын нэршлийг дахин өөрчилж, өөр хүнийг миний оронд томилон намайг албан тушаал бууруулсан. Хэдий байгууллагын нэршил, статус өөрчлөгдсөн ч зорилго, чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэвийн явуулж байгаа. Шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсоны дараа ажил олгогч ажилчдын хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байсан учраас Үйлдвэрчний эвлэлийн хороог сар гаруй хугацааны өмнө байгуулан тэргүүлэгч гишүүнээр нь сонгогдсоны төлөө намайг өмнөх өс хонзонгийн үүднээс ажлаас ахин чөлөөлж, албан тушаал бууруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд намайг "ТОСК" ТӨХХК-ийн Барилга байгууламжийн захиалагчийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. "ТОСК" ТӨҮГ нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 127 тоот тогтоолоор 4 газар, 60 хүний орон тоотой ажиллаж байсныг Засгийн газрын 328 дугаар тогтоолоор "ТОСК" ТӨХХК болгон өөрчлөн байгуулж, "ТОСК"-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор тус компанийн бүтэц, орон тоог шинэчлэн 3 хэлтэс нийт 50 хүний орон тоотойгоор ажиллахаар бүтэц, орон тоог бууруулсан. Шинэ бүтцээр Барилга, байгууламж захиалагчийн газар нь татан буугдаж, тус газрын орон тоо хасагдсан. Түүнчлэн "ТОСК" ТӨҮГ-аас иргэн М.Отай 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь тухайн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт заасан хугацаагаар тодорхойлогдох бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж цааш сунгагдахгүй болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажлаас чөлөөлөх мэдэгдлийг хуульд заасан хугацаанд М.От танилцуулсан боловч мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан. Байгууллагын зүгээс ажилтан, албан хаагчдыг халахгүй байх бодлого баримталж, бололцооны дагуу өөр ажлын байр гарган тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/08 тоот тушаалаар М.Оыг Барилга байгууламж захиалагчийн газрын даргаас чөлөөлж, Орон сууц ашиглалтын хэлтэст хангагч байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон боловч тэрээр шинээр томилогдсон ажлын байранд ажиллаагүй, хуучин эрхэлж байсан ажлаа хүлээлгэн өгөөгүй. М.О нь Барилга байгууламжийн захиалагчийн даргаар буюу тус газрын Захирлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа Үйлдвэрчний эвлэлийн хороог санаачлан байгуулж, тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг илт зөрчсөн. М.О нь Барилга, байгууламжийн захиалагчийн газрын дарга нь Захирлын зөвлөлийн гишүүн юм. "ТОСК" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/08 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээг байгуулахыг хориглоно" гэснийг, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээ нь аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр дуусгавар болохоор заасныг, түүнчлэн "ТОСК"-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 05 дугаартай "компанийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсан" тухай тогтоолыг тус тус үндэслэж гарсан байх тул хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх:   Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч М.Оын хариуцагч "ТОСК" ТӨХХК-нд холбогдуулан гаргасан Барилга, байгууламжийн захиалагчийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амартунгалагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч буюу ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчид 45 хоногийн өмнө мэдэгдэж, хэлэлцээ хийнэ гэснийг зөрчиж, М.Од мэдэгдэх хуудсыг гардуулаагүй буюу мэдэгдээгүй. 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 17 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулахыг ойлгоно гэж тайлбарласан. Гэтэл хэргийн баримтад энэ тухай нотлох баримт огт байхгүй бөгөөд хуулийн дагуу гардуулаагүй төдийгүй хуурамчаар тэмдэглэл гэх зүйл үйлдэж шүүхэд өгсөн. Шүүх Хөдөлмөрийн тухай хууль, Монгол улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсгийг тайлбарласан шаардлагыг хангаагүй баримтыг үнэлж, шийдвэр гаргах үндэслэлээ болгосон нь хуульд нийцээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй. Шүүх аливаа этгээдүүд тодорхой асуудлаар харилцан тохиролцоонд хүрэхийн тулд 2 талын нэгэн жигд оролцоо, чармайлт шаардлагатай бөгөөд ажил олгогчийн хүргүүлсэн ажлаас чөлөөлөх болсон талаар урьдчилсан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж байсан нөхцөл байдлаас үзвэл тохиролцоо хийх боломжийг ажилтан ажил олгогчид олгосон гэж үзэхэд бэрхшээлтэй байна гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж хуульд заасан шаардлага хангаагүй баримтыг үндэслэлээ болгож бодит байдлыг гуйвуулж тайлбарласан байна. Түүнчлэн шүүхээс ажил олгогч ажлын байр цөөрсөн, орон тоо хасагдсантай холбогдуулан өөр ажилд цаг алдалгүй томилсныг буруутгах боломжгүй, талууд тохиролцолгүйгээр нэхэмжлэгчийг өөр ажлын байранд томилсон нь тушаалыг бүхэлд нь хууль бус гэх үндэслэл болохгүй гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, түүнийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбарыг зөрчсөн. Тус байгууллагын зүгээс бүтэц орон тоо хасагдсан боловч ажилтан, албан хаагчдыг халахгүй байх бодлого баримталж, дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авч бололцооны дагуу өөр ажлын байр гарган орон сууц ашиглалтын хэлтэст хангагч байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу М.Оын өмнө эрхэлж байсан газрынх нь нэрийг өөрчлөөд газрын дарга байсан хүнийг мэргэжилтнээр томилж болно гэсэн утга агуулаагүй. Харин 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 16 дахь хэсэгт зааснаар ойлгоно гэж тайлбарласан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан ТОСКТӨХХК-ийн дүрмийн 4.1, ТОСКТӨХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дугаар тушаалаар батлагдсан байгууллагын дотоод журмын 2.1.1 дэх хэсэгт тус тус хариуцагч байгууллагын зорилт, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын тухай заасан. Тус байгууллага 2006 онд байгуулагдсанаас хойш үндсэн үйл ажиллагааны чиг үүрэг нь огт өөрчлөгдөөгүй хэвээр байгаа. Барилга, байгууламжийн захиалагчийн газар өмнө нь буюу 2012-2016 оны хооронд дэд бүтэц, төслийн удирдлагын газар нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан. 2016-2020 оны хооронд Барилга, байгууламжийн захиалагчийн газар болгон нэрийг өөрчилж үйл ажиллагааг явуулж байсан. 2020 онд хийсэн бүтэц, зохион байгуулалтаар өмнөх нэршлээр буюу төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газар болон өөрчлөгдөх боломжгүй юм. Энэ байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг өөрчлөгдөөгүй, зөвхөн нэрийг өөрчилсөн. 2016 онд бүтэц зохион байгуулалт хийхдээ М.Оыг ажлаас үндэслэлгүй чөлөөлж, шүүхийн шийдвэрээр буцаан томилсон. 2020 онд мөн бүтэц зохион байгуулалт хийхдээ М.Оыг ажлаас нь чөлөөлж, мэргэжилтэн байсан хүнийг газрын даргаар томилсон. Барилга, байгууламжийн захиалагчийн газар болон Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газар нь чиг үүргийн хувьд адил. Шүүх хэргийн бодит байдал хууль болон бусад эрх бүхий байгууллагын гаргасан тайлбарыг илтэд зөрчиж нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй, хэтэрхий нэг талыг барьж шийдвэрээ гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч ТОСКТӨХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хариуцагч байгууллагын зохион байгуулалт, бүтцэд 2016, 2018, 2020 онуудад хийгдсэн өөрчлөлтийн талаар хэргийн 24-28 дугаар талд авагдсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 127 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 328 дугаар тогтоол, ТОСКТӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 05 дугаар тогтоол зэрэг баримтуудад үндэслэж дүгнэсэн байх ба ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/08 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалт, орон тоо шинэчлэн батлагдаж Барилга байгууламжийн захиалагчийн газрын даргын орон тоо хасагдсан, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр барилга байгууламж захилагчийн газрын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. /хх3/

 

Ажилтны ажиллаж байсан албан тушаал, ажлын байр байхгүй болсон нь тогтоогдсон байна.

 

ТОСКТӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 05 дугаар тогтоолоор тус байгууллагын орон тооны дээд хязгаарыг 50 ажилтан, зохион байгуулалтын бүтцийн хувьд Захиргаа, удирдлагын газар, Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газар, Гэрээ, хөрөнгийн удирдлагын газар, Төслийн хяналт зохицуулалтын хэлтэс, Орон сууц ашиглалтын хэлтэс, Санхүү бүртгэлийн хэлтэс байхаар шийдвэрлэсэн байна. /хх27-28/

 

Нэхэмжлэгчийн Барилга байгууламжийн захиалагчийн газрын чиг үүрэг нь Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газрын чиг үүрэгтэй давхцсан гэж тайлбар нь хэргийн 61-62, 68-69 дүгээр талд авагдсан Барилга байгууламжийн захиалагчийн газар болон Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газрын чиг үүргийн талаарх баримтаар үгүйсгэгдэж байна. Анхан шатны шүүх дээрх 2 газрын үндсэн чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт, албан тушаалтанд тавигдах шаардлагыг харьцуулан дүгнэж адил чиг үүрэг бүхий нэгж биш гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Ажил олгогчийн зүгээс ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа мэдэгдээгүй гэх үндэслэл тогтоогдсонгүй. Хэргийн 34 дүгээр талд ажлаас чөлөөлөх мэдэгдэл танилцуулсан тухай 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн протокол авагдсан байх ба уг протоколд Барилга байгууламжийн захиалагчийн газрын дарга М.От ажлаас чөлөөлөх мэдэгдлийг танилцуулахад мэдэгдэх хуудсыг хүлээн авахгүй, захирал дарга нартай уулзаж байж болно гээд өрөөнөөс гараад явсан гэж тэмдэглэгджээ. Нэхэмжлэгчийн уг баримтыг хуурамчаар үйлдсэн гэх тайлбар баримтаар нотлогдоогүй, шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

 

 

 

Хариуцагч нь эрх мэдлийнхээ хүрээнд нэхэмжлэгчийг өөрт байгаа бололцооны дагуу ажлын байраар хангаж, ТОСКТӨХХК-ийн Орон сууц ашиглалтын хэлтэст хангагч байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

 

 

Түүнчлэн хариуцагч зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтийн улмаас ажилтны тоог цөөрүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг бөөнөөр халсан тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэх байсан гэх гомдол үндэслэлгүй.

 

 

 

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2020/00642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

А.МӨНХЗУЛ