Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00689

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 06 08 001/ХТ2021/00689

 

 

 

М.Оригжавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2020/00642 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1087 дугаар магадлалтай,

 

М.Оригжавын нэхэмжлэлтэй,

Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амартунгалагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амартунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, Ж.Санчир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Оригжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч М.Оригжав миний бие 2007 онд Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-д барилгын хяналтын инженерээр анх ажилд орж, Барилга байгууламжийн захиалагчийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 2020.01.14-ний өдрийн Б/08 тоот тушаалаар надтай огт зөвлөлдөхгүйгээр ажлаас минь чөлөөлж, орон сууц ашиглалтын хэлтэст хангагч байгууллагатай харилцах асуудал эрхэлсэн мэргэжилтнээр томилсон. Миний бие ажил олгогч байгууллагын хууль бус үйл ажиллагааг эсэргүүцдэг байсан тул орон тооны цомхтгол нэрийдлээр 2017 онд Дэд бүтэц төслийн удирдлагын газрын даргаар ажиллаж байхад минь тус газрыг Барилга байгууламжийн захиалагчийн газар болгон өөрчилж, намайг ажлаас халсан бөгөөд уг ажилдаа шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоолгож байсан. Харин одоо байгууллагын нэршлийг дахин өөрчилж, өөр хүнийг миний оронд томилон намайг албан тушаал бууруулсан. Хэдий байгууллагын нэршил, статус өөрчлөгдсөн ч зорилго, чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэвийн явуулж байгаа. Шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсоны дараа ажил олгогч ажилчдын хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байсан учраас Үйлдвэрчний эвлэлийн хороог сар гаруй хугацааны өмнө байгуулан тэргүүлэгч гишүүнээр нь сонгогдсоны төлөө намайг өмнөх өс хонзонгийн үүднээс ажлаас ахин чөлөөлж, албан тушаал бууруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд намайг Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн Барилга байгууламжийн захиалагчийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн орон сууцны корпораци ТӨХХК нь иргэн М.Оригжавын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тайлбар, татгалзлаа Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, тус байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон бусад холбогдох нотлох баримтад тулгуурлан дараах байдлаар гаргаж байна. Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016.11.08-ны өдрийн 127 тоот тогтоолоор батлагдсан бүтэц болох Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газар (Маркетинг, борлуулалтын хэлтэстэй), Захиргаа, санхүүгийн газар (Аж ахуйн албатай), Барилга байгууламжийн захиалагчийн газар (Орон сууц ашиглалтын хэлтэстэй), Гэрээ, хөрөнгийн удирдлагын газар гэсэн 4 газар, 60 хүний орон тоотой ажиллаж байсныг Засгийн газрын 328 дугаар тогтоолоор Төрийн орон сууцны корпораци ТӨХХК болгон өөрчлөн байгуулж, Төрийн орон сууцны корпораци-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019.11.01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор тус компанийн бүтэц, орон тоог шинэчлэн Захиргаа, удирдлагын газар, Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газар (Төслийн хяналт зохицуулалтын хэлтэстэй), Гэрээ, хөрөнгийн удирдлагын газар (Орон сууц ашиглалтын хэлтэстэй), Санхүү бүртгэлийн хэлтэс гэсэн 3 газар, 3 хэлтэстэй нийт 50 хүний орон тоотойгоор ажиллахаар бүтэц, орон тоог бууруулсан. Тус байгууллагын шинэ бүтцээр Барилга, байгууламж захиалагчийн газар нь татан буугдаж, тус газрын орон тоо хасагдсан. Түүнчлэн Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас иргэн М.Оригжавтай 2017.06.15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь тухайн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт заасан хугацаагаар тодорхойлогдох бөгөөд 2019.06.15-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж, цааш сунгагдахгүй болсон. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажлаас чөлөөлөх мэдэгдлийг хуульд заасан хугацаанд М.Оригжавт танилцуулсан боловч мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан байна. Байгууллагын зүгээс ажилтан, албан хаагчдыг халахгүй байх бодлого баримталж, бололцооны дагуу өөр ажлын байр гарган тус компанийн гүйцэтгэх захирлын 2020.01.14-ний өдрийн Б/08 тоот тушаалаар М.Оригжавыг Барилга байгууламж захиалагчийн газрын даргаас чөлөөлж, Орон сууц ашиглалтын хэлтэст Хангагч байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон боловч тэрээр шинээр томилогдсон ажлын байранд ажиллаагүй, хуучин эрхэлж байсан ажлаа хүлээлгэн өгөөгүй байна. М.Оригжав шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тайлбарлахдаа Үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулан тэргүүлэгч гишүүнээр нь сонгогдсоны төлөө өмнөх өс хонзонгийн үүднээс намайг ажлаас ахин чөлөөлсөн гэжээ. Гэвч М.Оригжав нь Барилга байгууламжийн захиалагчийн даргаар буюу тус газрын Захирлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа Үйлдвэрчний эвлэлийн хороог санаачлан байгуулж, тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг илт зөрчсөн байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт үйлдвэрийн газар, байгууллагын захиргааны удирдах албан тушаалтан үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж болохгүй гэж заасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2007.11.29-ний өдрийн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 46 дугаар тогтоолоор Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6.5-д заасан захиргааны албан тушаалтан гэдэгт үйлдвэрийн газар, байгууллага, аж ахуйн нэгжийн ажил олгогчийн эрх эдлэхээр сонгогдож, томилогдсон албан тушаалтнууд, даргын зөвлөлийн гишүүд, компанийн удирдлагын багийн гишүүд, хоршооны тэргүүлэгчид, төлөөлөн удирдах зөвлөл, хянан шалгах зөвлөлийн дарга, гишүүд хамаарна гэж; үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажил гэдэгт бүх шатны үйлдвэрчний эвлэлүүдийн сонгуулиар хүлээсэн үүргийг ойлгоно гэж заасныг М.Оригжав нь зөрчиж, хууль бусаар үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон байна. Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2016.11.15-ны өдрийн А/199 тоот тушаалаар тус газрын захирлын зөвлөлийн бүрэлдэхүүн-ийг баталсан бөгөөд Барилга, байгууламжийн захиалагчийн газрын дарга нь Захирлын зөвлөлийн гишүүн юм. Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020.01.14-ний өдрийн Б/08 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээг байгуулахыг хориглоно гэснийг, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээ нь аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр дуусгавар болохоор заасныг, түүнчлэн Төрийн орон сууцны корпораци-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 05 дугаартай компанийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсан тухай тогтоолыг тус тус үндэслэж гарсан байх тул хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд М.Оригжавын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2020/00642 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч М.Оригжавын хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-нд холбогдуулан гаргасан Барилга, байгууламжийн захиалагчийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2020/1087 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2020/00642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амартунгалаг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Хариуцагч буюу ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ. гэх заалтыг зөрчиж М.Оригжав мэдэгдэх хуудсыг гардуулаагүй буюу мэдэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл 2006.07.03-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 17 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулахыг ойлгоно гэж тайлбарласан байна. Гэтэл хэргийн баримтанд энэ тухай нотлох баримт огт байхгүй бөгөөд хуулийн дагуу гардуулаагүй төдийгүй хуурамчаар протокол гэх зүйл үйлдэж шүүхэд гаргаж өгчээ. Гэтэл шүүх Ажпаас чөлөөлөх мэдэгдэл танилцуулсан тухай протокол гэх баримт хэрэгт авагдсан байх... Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан үүргийг ажил олгогч зөрчсөн гэж дүгнэх боломжгүй байна гэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль болон Монгол Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсгийг тайлбарласан шаардлагыг хангаагүй баримтыг үнэлж шийдвэр гаргах үндэслэлээ болгосон нь хуульд нийцээгүй байна. 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй. гэж заасныг ажил олгогч хэрэгжүүлээгүй тухай маргасан байдаг. Энэхүү заалтыг 2006.07.03-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 13 дахь хэсэгт зааснаар Адил чанарын өөр ажил, албан тушаал гэдэгт цомхотгогдсон ажлын байр, ажлын байрны толорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо түвшингийн ажлын байр, албан тушаалыг ойлгоно. гэж тайлбарласан байна. Гэтэл шүүх Аливаа этгээдүүд тодорхой асуудлаар харилцан тохиролцоонд хүрэхийн тулд 2 талын нэгэн жигд оролцоо, чармайлт шаардлагатай бөгөөд ажил олгогчийн хүргүүлсэн ажлаас чөлөөлөх болсон талаарх урьдчилсан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж байсан нөхцөл байдлаас үзвэл тохиролцоо хийх боломжийг ажилтан ажил олгогчид олгосон гэж үзэхэд бэрхшээлтэй байна гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасны дагуу Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана., 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана. гэснийг тус тус зөрчиж хуульд заасан шаардлага хангаагүй баримтыг үндэслэлээ болгож бодит байдлыг гуйвуулж төсөөллөөрөө тайлбарласан байна. 3. Түүнчлэн Ажил олгогч ажлын байр цөөрсөн, орон тоо хасагдсантай холбогдуулан өөр ажилд цаг алдалгүй томилсныг буруутгах боломжгүй, ...Талууд тохиролцолгүйгээр нэхэмжлэгчийг өөр ажлын байранд томилсон нь тушаалыг бүхэлд нь хууль бус гэх үндэслэл болохгүй гэсэн нь мөн л дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2, түүнийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбарыг зөрчжээ. Тухайн байгууллагын зүгээс бүтэц орон тоо хасагдсан боловч ажилтан, албан хаагчдыг халахгүй байх бодлого баримталж, дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авч бололцооны дагуу өөр ажлын байр гарган орон сууц ашиглалтын хэлтэст Хангагч байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө. гэж заасан нь М.Оригжавыг өмнө эрхэлж байсан газрынх нь нэрийг өөрчлөөд газрын дарга байсан хүнийг мэргэжилтнээр томилж болно гэсэн утга санааг агуулаагүй болно. Харин 2006.07.03-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 16 дахь хэсэгт зааснаар ойлгоно гэж тайлбарласан байна. Мөн Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газрын 2019.01.12-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан ТОСК ТӨХХК дүрмийн Дөрөвт Компанийн үндсэн зорилт, үйл ажиллагааны чиглэл, үйл ажиллагаа явуулах хугацааны тухай заасан бөгөөд 4.1 дэх хэсэгт Компанийн үндсэн зорилт Монгол Улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай, орон сууцаар хангах, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээд байна гэж заасан байна. Мөн ТОСК ТӨҮГазрын Ерөнхий захирлын баталсан 2016.12.07-ны өдрийн А/109 дугаар тушаалаар батлагдсан байгууллагын дотоод журмын Хоёрт байгууллагын эрхлэх асуудал, удирдлага зохион байгуулалтын тухай заасан Өөрөөр хэлбэл энэ байгууллагын 2006 онд байгууллагдсанаас хойш үндсэн үйл ажиллагааны чиг үүрэг огт өөрчлөгдөөгүй төдийгүй хэвээрээ байгааг дээрх баримтуудаас харж байна. Барилга, байгууламжийн захиалагчийн газар нь өмнө нь буюу: 2012-2016 оны хооронд Дэд бүтэц, төслийн удирдлагын газар нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан. /Шүүхийн шийдвэр 2017 оны 01088 дугаартай/ 2016-2020 оны хооронд Барилга, байгууламжийн захиалагчийн газар болгон нэрийг өөрчилж үйл ажиллагааг явуулж байсан. 2020 онд хийсэн бүтэц, зохион байгуулалтаар өмнөх нэршлээр буюу Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газар болгон өөрчилсөн. Энэ байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиг үүргийн амин сүнс болсон энэ газрын нэрийг өөрчлөх боловч чиг үүрэг нь өөрчлөгдөх боломжгүй юм. Гэтэл ажил олгогч 2016 онд бүтэц, зохион байгуулалт хийхдээ Дэд бүтэц, төслийн удирдлагын газрын дарга М.Оригжавыг ажлаас мөн л үндэслэлгүй чөлөөлж, шүүхийн шийдвэрээр буцаан томилж Барилга, байгууламжийн захиалагчийн газрын даргаар томилсон нь хэргийн баримтад авагдсан шүүхийн шийдвэрээр нотлогдож байдаг. Барилга байгууламжийн захиалагчийн газрын чиг үүрэг, дарга, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газрын /хэлтэс/ чиг үүрэг, дарга, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт хэвээрээ, өмнө нь Барилга байгууламжийн захиалагчийн газарт ажиллаж байсан мэргэжилтнүүдийн 90 хувийг одоогийн Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газрын /хэлтэс/-т томилон ажилуулж байгаа нь газрын нэр солигдсоноос чиг үүрэг өөрчлөгдөөгүйг нотолж байх бөгөөд хариуцагч маргаагүй байхад шүүх дээрх газрууд адил чиг үүрэг бүхий нэгж гэж үзэх боломжгүй байгаа тухай тайлбарласан нь бодит байдал, нотлох баримтыг илтэд гуйвуулсан байна. Шүүх хэргийн бодит байдал хууль болон бусад эрх бүхий байгууллагын гаргасан тайлбарыг илтэд зөрчиж нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй, хэтэрхий нэг талыг барьж шийдвэрээ гаргасан байна. Аливаа шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн үндсэн зарчмыг хангаагүй байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хангаж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.31-ний өдрийн 182/ШШ2020/00642 дугаартай шийдвэр, 2020.05.18-ны өдрийн 1087 дугаар бүхий Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М.Оригжав нь Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шийтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч тайлбар гаргажээ.  

 

Анхан болон давж шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, тухайн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

М.Оригжав нь Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т 2017.6.15-ны өдрөөс Барилга байгууламжийн захиалагчийн газрын даргын ажилд томилогдон, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын 2020.01.14-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар ...Барилга байгууламжийн захиалагчийн газрын даргын орон тоо хасагдсан, 2017.6.15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, ...тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019.11.01-ний өдрийн 05 дугаар тогтоолыг үндэслэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан. Хуулийн энэхүү зохицуулалтын орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд энэ тохиолдолд ажил олгогч нь хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж болохыг хуульчилсан байна. Мөн, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх... гэж заасан.

 

Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016.11.08-ны өдрийн 127 тоот тогтоолоор батлагдсан бүтэц болох Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газар, Захиргаа, санхүүгийн газар, Барилга байгууламжийн захиалагчийн газар, Гэрээ, хөрөнгийн удирдлагын газар гэсэн 4 газар, 60 хүний орон тоотой ажиллаж байсныг Монгол Улсын Засгийн газрын 2018.10.31-ний өдрийн 328 дугаар тогтоолоор Төрийн орон сууцны корпораци ТӨХХК болгон өөрчлөн байгуулжээ. Уг өөрчлөлтийг үндэслэн, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019.11.01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор тус компанийн бүтэц, орон тоог шинэчлэн баталж, Захиргаа, удирдлагын газар, Төслийн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны газар, Гэрээ, хөрөнгийн удирдлагын газар, Санхүү бүртгэлийн хэлтэс гэсэн 3 газар, 3 хэлтэстэй, нийт 50 хүний орон тоотойгоор ажиллахаар тогтоосон, энэхүү шинэ бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Барилга байгууламжийн захиалагчийн газар татан буугдаж, тус газрын даргын орон тоо хасагджээ.

Үүнтэй уялдуулан хариуцагчаас, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр орон тоо нь хасагдсан тухай М.Оригжавт 2019.11.07-ны өдөр мэдэгдэж /мэдэгдэл танилцуулсан протоколд тэмдэглэж/, тус компанийн гүйцэтгэх захирлын 2020.01.14-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар түүнийг Барилга байгууламжийн захиалагчийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан, улмаар Харилцагч байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.2-т заасныг зөрчиж, М.Оригжавт мэдэгдэх хуудсыг гардуулаагүй буюу мэдэгдээгүй. ...шүүхүүдийн Ажил олгогч ажлын байр цөөрсөн, орон тоо хасагдсантай холбогдуулан өөр ажилд цаг алдалгүй томилсныг буруутгах боломжгүй, ...Талууд тохиролцолгүйгээр нэхэмжлэгчийг өөр ажлын байранд томилсон нь тушаалыг бүхэлд нь хууль бус гэх үндэслэл болохгүй гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2, түүнийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбарыг зөрчжээ... гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2020/00642 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1087 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Г.ЦАГААНЦООЖ