Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/01088

 

 

 

УБ БХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00865 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч УБ БХХК-ийн хариуцагч Ж.Ст холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 4 674 007 671.24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, Т.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ж.С нь УБХ Б2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр №ЗГ9102/180406 тоот зээлийн гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр №3НГ9101/190430(1) тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулан, барилгын санхүүжилт хийх зорилгоор 8 200 000 000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдэн авсан. Мөн өдөр байгуулсан №БГ9101/180406 тоот зээлийн барьцааны гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №БГ9101/190430(1) тоот зээлийн барьцааны гэрээгээр ... 1284.59 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй барилга, ..., 14 давхрын 1259.56 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг тус тус барьцаалсан.  Зээлдэгч зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн хуваарьт төлбөрийн зөрчил үүсгэж, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлээс 209 хоногийн хугацаа хэтрүүлж, нийт 1 574 007 671.24 төгрөгийн зөрчил үүссэн байна. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй ч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, банкнаас зээлсэн зээлийн хуваарьт төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй байгаа нь зээлийн гэрээний 5.7-д заасан зээлийг буцаан дуудах нөхцлийг бүрдүүлж байна. Иймд Иргэний хуулийн 451, 158 дугаар зүйл, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24.3 дахь хэсэг, зээлийн гэрээний 5.7, 6.4, 6.11 дах заалт, барьцааны гэрээний 3.7, 4.2 заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлдэгч Ж.Саас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4 100 000 000 төгрөг, зээлийн хүүд 571 798 356.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 209 315.07 төгрөг, нийт 4 674 007 671.24 төгрөг гаргуулах. Үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

Хариуцагчийн тайлбарт:  Банктай байгуулсан гэрээний хугацаанд нийт 5 404 683.396 төгрөг төлсөн бөгөөд үүнээс Банк зээлийн үндсэн төлбөрт 4 100 000 000 төгрөг, зээлийн хүүнд 1 267 318 356 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 37 365 041 төгрөг гэж бүртгэсэн байна. Нэхэмжлэгчийн зээл нь 209 хоног хугацаа хэтэрсэн, зээлийн зөрчил үүссэн гэж зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийг буцаан дуудаж байх бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх тул нэмэгдүүлсэн хүүг төлүүлэн авах боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргаангүй. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр дуусах байсан. Зээлийн гэрээний хугацаанд 2019 оны 05 сарын 28-ны өдөр үндсэн зээлд 4 100 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 267 318 356 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 37 365 041 төгрөг, нийт 5 404 683 396 төгрөг төлсөн. Нэмэгдүүлсэн хүүд 37 365. 041 төгрөг төлөгдсөн гэж авсаныг зөвшөөрөхгүй байгаа. Зээлийн хүүд 1 267 318 356 төгрөг авсаныг зөвшөөрөхгүй. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр үндсэн зээлээс 4 137 000 000 төгрөг гээд нэмэгдүүлсэн хүүгээ хасчихаар 4 062 634 959 төгрөг. 2019 оны 05 сарын 28-ны өдрөөс энэ дүнгээс үндсэн зээлээс хүү бодох ёстой. Нэхэмжлэгч тал зээл хүүгийн тооцоолол дээр 38, 94, 63, 23, 24 хоног гээд бичсэн байна. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 38 хоног байгаа үүнд зээлийн хүү 71 057 155 төгрөг. Тооцоолол бодсон аргачлал нь 38, 94, 63, 23, 5, 24 хоног гэж гарч байгаа. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хүү нь 461 871 508 төгрөг болж байгаа. Хүүгийн зөрүүг хасахаар хүү 571 798 356 төгрөг болно. 109 926 848 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 209 315 төгрөг, нийт 112 136 163 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Төлөгдөөд байгаа дүнгээс нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүйгээр тооцож авсаныг зөвшөөрөхгүй. Уг дүнгээс хойш  хүү бодохоор үндсэн зээлийн төлбөрийн дүн өөрчлөгдөнө. Сүүлийн 2 209 000 төгрөгийг хасаад нийт 112 136 163 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

Шүүх:   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ9102/180406 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Ж.С /.../-аас 4 674 007 671.24 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч УБ БХХК /РД:2637545/-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Ж.С нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-...дугаарт бүртгэлтэй, ... 1 давхар, 14 давхар 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 598 188.36 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Саас улсын тэмдэгтийн хураамж 23 598 188.36 төгрөг гаргуулан нэхэмжлэгч УБ БХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 180 984 003 төгрөг гаргуулах хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. УБХ Б2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 8 200 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 1.4 хувийн хүүтэй зээлдэн авч, зээлийн гэрээний хавсралтаар үндсэн төлбөрийг хугацааны эцэст буюу 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 4 100 000 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 4 100 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Талууд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан зээлийн гэрээний дугаар, хугацаа, эргэн төлөлтийн графикт өөрчлөлт оруулсан. Гэрээний хугацааг 2 жил, эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 01, 02, 03 дугаар сар бүрийн 06-ны өдөр тус бүр 1 000 000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1 100 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь нэхэмжилж байгаа зээлийн тооцоолол буруу, зөрүүтэй байгаа талаар тайлбар гаргаж хүлээн зөвшөөрдөггүй. Зээлийн гэрээний хугацаанд нийт 5 404 683 396 төгрөгийн төлөлт хийсэн. ЗГ9102/180406 дугаартай зээлийн гэрээний 4.3 дахь хэсэгт зааснаар 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэн гэрээний хугацааг сунгахаар тохиролцсон. Үүний дагуу ЗГ9102/180406 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар үндсэн зээлийг тохиролцсон хугацаанд эргүүлэн төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөх зохицуулалттай байтал шүүх зээл гэдэгт үндсэн зээл, зээлийн хүүг хамтган ойлгоно гэж дүгнэсэнд гомдолтой байна. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаар үндсэн зээлийн төлбөрийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 1 000 000 000 төгрөг үүрэгтэй болсон. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан үндсэн зээлийн төлбөрийн хуваарийг өөрчилсөн байхад 2019 оны ЗГ9102 дугаартай зээлийн гэрээнд заасан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зээлийн үндсэн төлбөрийг төлөх хуваарийг мөрдөхгүй. Иймд банкнаас нэмэгдүүлсэн хүүд 37 365 041 төгрөг тооцон авсан нь хуульд нийцэхгүй. Уг дүнг үндсэн зээлээс хасч тооцно. 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4 062 634 959 төгрөг болно. Шүүхээс зээлийн хугацаа, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон тооцооллыг нягтлан үзээгүй, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй. Хариуцагчаас 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 8 200 000 000 төгрөгт ногдох зээлийн хүүг бүхэлд нь төлсөн талаар маргаагүй учир түүнээс хойш зээлийн хүүг зөв тооцоолох ёстой. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 247 хоног байх бөгөөд үүнд хамаарах хүү нь 390 814 353 төгрөг болох ба нэхэмжилсэн дүнгээс 180 984 003 төгрөгийн дүнгээр зөрүүтэй байна. Мөн зээлийн гэрээний дугаарыг нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр өөрчилсөн байхад шүүх хуучин зээлийн гэрээний дугаараар төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн, хариуцагч биш этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийн 180 984 003 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч УБ БХХК-ийн зээлд 4 100 000 000 төгрөг, зээлийн хүүд 571 798 356.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 209 315.07 төгрөг, нийт 4 674 007 671.24 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч 112 136 163 төгрөгийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагч Ж.С 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч УБ БХХК-аас 8 200 000 000 төгрөг, 12 сарын хугацаатай сарын 1.40 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд ..., 1 дүгээр давхарт байрлах ...дугаарт бүртгэлтэй 1284.59 м.кв талбай бүхий үйлчилгээ оффисын зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн дээрх хаягт байрлах 14 дүгээр давхарын ...дугаар бүртгэлтэй 1259.56 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байх ба уг гэрээнд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дээрх зээлийн болон барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний дугаар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, гэрээний хугацааг 12 сараар сунгасан байна. /хх4-10/

Хариуцагч нь гэрээний хугацаанд буюу 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл үндсэн зээлд 8 200 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 982 630 136.99 төгрөг, нийт 10 182 630 136.99 төгрөг төлөх үүрэгтэй боловч үндсэн зээлд 4 100 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 267 318 356.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 37 365 041.09 төгрөг, нийт 5 404 683 397.25 төгрөг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болно. /хх7/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг буцаан төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, шүүх үндсэн зээлд 4 100 000 000 төгрөг, зээлийн хүүд 571 798 356.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 209 315.17 төгрөг, нийт 4 674 007 671.24 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагчийн нэмэгдүүлсэн хүүд тооцсон 37 365 041 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцуулна гэх гомдол үндэслэлгүй. Гэрээний 2.1.5-д зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд тухайн хугацаанд төлвөл зохих үндсэн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ.

Зээлдэгч эхний буюу үндсэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 4 100 000 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 4 100 000 000 төгрөг, мөн хугацааны хүүг төлөх үүргээ биелүүлээгүй учраас талууд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр уг гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг сунгасан нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Тодруулбал, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төлөгдөх 4 100 000 000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төлөх 4 100 000 000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хувааж төлөхөөр тохиролцсон байна. Гэвч зээлдэгч эхний төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацааг хэтрүүлж 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нийт 5 404 683 397.25 төгрөгийн төлөлт хийснийг нэхэмжлэгч үндсэн зээлд 4 100 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 267 318 356.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 37 365 041.09 төгрөг тооцоолон авсан нь буруу биш.

Нэхэмжлэгчийн зээлдэгч үндсэн гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөр хийгээгүй үүрэг зөрчигдсөн тул нэмэгдүүлсэн хүү төлөх ёстой гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна. Зээлдэгч 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төлөх 4 100 000 000 төгрөгийн төлбөрийн үүргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэсэн, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төлөгдөх 4 100 000 000 төлбөрийн үүрэг зөрчигдсөний улмаас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулсан зэрэг нөхцөл байдал хэргийн баримтуудаар тогтоогдсон тул энэ хугацааны үүргийн зөрчилд хариуцагч нь нэмэгдүүлсэн хүүг хууль болон гэрээгээр тогтоосон хувь хэмжээгээр төлөх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд хариуцагчийн төлөх хүүгийн дүнгээс төлөгдсөн дүнг хасч тооцоолон зээлийн хүүд 571 798 356.17 төгрөг нэхэмжилсэн байх тул 180 984 003 төгрөгийн хүү илүү тооцож авсан гэх тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт 2019 оны 04 дүгээр сарын 30 ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗНГ9101/190430/1/ тоот гэрээг бичээгүй орхигдуулсан байх тул нэмж оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00865 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтад 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ЗНГ9101/190430/1/ тоот зээлийн гэрээ гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 063 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

А.МӨНХЗУЛ