Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00331

 

“У х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00865 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1088 дугаар магадлалтай,

“У х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ж.Ст холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,674,007,671.24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ж.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “У х б” ХХК нь хариуцагч Ж.Ст холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 4,674,007,671.24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа “...нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00865 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ9102/180406 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Ж.Саас 4,674,007,671.24 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчУ х бХХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Ж.С нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ......, ...... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж, 420/1 байрны 1 давхар, 14 давхар 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,598,188.36 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Саас улсын тэмдэгтийн хураамж 23,598,188.36 төгрөг гаргуулан нэхэмжлэгчУ х бХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1088 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00865 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтад “2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ЗНГ9101/190430/1/ тоот зээлийн гэрээ” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,063,000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Ж.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2, 172.2.1 дэх хэсэгт “...Хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргана: ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн...” гэж заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Анхан шатны шүүхээс 4,674,007,671 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагчаас 4,674,007,671 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн байх ба шийдвэрийн 180,984,003 төгрөг гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй байна. У х бтай 2018.04.06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 8,200,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 1.4 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний хавсралтаар үндсэн зээлийн төлбөрийг нь хугацааны эцэст буюу 2019.03.15-ны өдөр 4,100,000,000 төгрөг, 2019.04.05-ны өдөр 4,100,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Талууд 2019.04.30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан зээлийн гэрээний дугаар, хугацаа, эргэн төлөлтийн графикт өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт ёсоор гэрээний дугаарыг ЗГ9101/180406 гэж, хугацааг 2 жил гэж, эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 01, 02, 03 дугаар сар бүрийн 06-ны өдөр тус бүр 1,000,000,000 төгрөг, 2020.04.06-ны өдөр 1,100,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Хариуцагчаас анхнаасаа нэхэмжилж байгаа зээлийн тооцоолол буруу, зөрүүтэй байгаа талаараа тайлбар гарган хүлээн зөвшөөрдөггүй. Зээлийн гэрээний хугацаанд нийт 5,404,683,396 төгрөгийн төлөлтийг хийсэн. ЗГ9102/180406 дугаартай зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэн гэрээний хугацааг сунгахаар тохиролцсон. Үүний дагуу ЗГ9102/180406 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.

4.2. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “...Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүулэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй...” гэж зааснаар үндсэн зээлийг тохиролцсон хугацаанд эргүүлэн төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөх зохицуулалттай байтал анхан шатны шүүхээс зээлийг гэдэгт үндсэн зээл, зээлийн хүүг хамтатган ойлгоно гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаар үндсэн зээлийн төлбөрийг 2020.01.06-ны өдрөөс эхлэн 1,000,000,000 төгрөг төлөх үүрэгтэй болсон. Нэгэнт зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан үндсэн зээлийн төлбөрийн хуваарийг ийм байдлаар өөрчилсөн байхад 2019 оны ЗГ9102 дугаартай зээлийн гэрээнд заасан 2019.03.15-ны өдөр зээлийн үндсэн төлбөрийг төлөх ёстой гэсэн хуваарийг мөрдөхгүй юм. Тиймээс банкнаас нэмэгдүүлсэн хүүнд 37,365,041 төгрөг тооцон авсан нь хуульд нийцээгүй. 37,365,041 төгрөгийг үндэслэлгүй тооцон авсан гэж үзэж байх тул энэхүү төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцно. Ингээд 2020.05.28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4,062,634,959 төгрөг болно. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс зээлийн хугацаа, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон тооцооллыг нягтлан үзээгүй, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй. Хариуцагчаас 2019.05.28-ны өдрийн байдлаар 8,2 тэрбум төгрөгт ногдох зээлийн хүүг бүхэлд нь төлсөн талаар маргаангүй учир түүнээс хойш зээлийн хүүг зөв тооцоолох ёстой. 2019.05.28-ны өдрөөс 2020.01.30-ны өдрийг хүртэл 247 хоног байх бөгөөд үүнд хамаарах хүү нь 390,814,353 төгрөг болох ба нэхэмжилсэн дүнгээс 180,984,003 төгрөгийн дүнгээр зөрүүтэй буюу үндэслэлгүй байна.

4.3. Мөн ЗГ9102/180406 дугаартай зээлийн гэрээний дугаарыг нэмэлт өөрчлөлтөөр өөрчилсөн байхад шүүхээс хуучин зээлийн гэрээний дугаараар төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн болон хариуцагч биш этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцэхгүй байна.

4.4. Давж заалдах шатны шүүхээс эхний төлбөрийг гэрээгээр тохиролцсон хугацааг хэтрүүлэн төлөлт хийсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна. Эхний төлбөрийн хугацааг талууд харилцан тохиролцон хойшлуулсан тул эхний төлбөр хийх хугацааг өөрчлөгдсөн хугацаа буюу 2020.01.06-ны өдөр гэж тооцно. Нэгэнт талууд төлбөр хийх хугацаагаа харилцан тохиролцон хойшлуулсан тул нэмэгдүүлсэн хүү тооцон авсан нь үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд тус тус өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагаас 180,984,003 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. “У х б” ХХК, Ж.Ст холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан ЗГ9102/180406 тоот зээлийн гэрээ болон ЗНГ9101/190430(1) тоот нэмэлт гэрээг цуцалж, үндсэн зээл 4,100,000,000 төгрөг, зээлийн хүүд 571,798,356.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,209,315.07 төгрөг, нийт 4,674,007,671.24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч “2018.04.06-ны өдрийн зээлийн гэрээнд 2019.04.30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж зээл төлөх хугацаа, хуваарийг шинэчилсэн. 2019.05.28-ны өдөр 5,404,683,396 төгрөг төлснөөс гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүүнд 37,365,041 төгрөг төлүүлснийг зөвшөөрөхгүй, хүүд 1,267,318,356 төгрөг суутгасан нь тооцооллын хувьд алдаатай, нийт 112,136,163 төгрөгийг төлөхгүй, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахтай холбоотой шаардлагыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хэмжээнд хүлээн зөвшөөрч байна” гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан болон тэдний хүсэлтээр шүүхээр бүрдүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндсэн зээлийн үлдэх төлбөр, гэрээний хугацаанд төлбөл зохих зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх нэхэмжлэгчийн гаргасан тооцооллын хүрээнд шүүх дүгнэлт хийсэн нь хууль зөрчөөгүй байна.

8.1. “У х б” ХХК, Ж.С нарын хооронд 2018.04.06-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ, 2019.04.30-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулагдсан, эдгээр гэрээгээр хариуцагч 8,200,000,000 төгрөгийг, жилийн 16.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж, зээл, зээлийн хүүг тогтоосон хуваарийн дагуу, хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон, зээлийн үүргийг хангуулахаар хариуцагчийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн 70 хувийн гүйцэтгэлтэй 2 барилгыг барьцаалсан нь тогтоогджээ.

Зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

8.2. Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч нь анх зээлийг 12 сарын хугацаатай авахдаа гэрээний хавсралтад зааснаар зээлийн хүүг сар бүр төлж, 11, 12 дахь сард үндсэн зээлийг 2 хувааж буюу 2019.03.15 болон 2019.04.05-ны өдөр тус бүр 4,100.000.000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй, зээлийн нэмэлт гэрээг 2019.04.30-ны өдөр байгуулж хугацааг 12 сараар сунгахдаа хүүг сар бүр төлөхөөс гадна үндсэн зээлийн 4,100,000,000 төгрөгийг 2019.04.05-ны өдөр, 2020.01.06-2020.03.06-ныг хүртэл сар бүр 1,000,000,000 төгрөг, 2020.04.06-ны өдөр 1,100,000,000 төгрөг тус тус төлснөөр үндсэн зээл болон хүү төлөгдөж дуусахаар тохиролцсон байна.

8.3. Гэсэн хэдий ч хариуцагч үндсэн зээл төлөх хуваарийг зөрчсөн, 2020.05.28-ны өдөр үндсэн зээл 4,100,000,000 төгрөг, зээлийн хүү 1,267,318,356.16 төгрөг төлсөн тул нэхэмжлэгч нь эхний болон нэмэлт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоногоор тооцож нэмэгдүүлсэн хүүд 37,365,041.09 төгрөг авсан, үүнээс хойш төлбөр төлөгдөөгүй тул гэрээг цуцалж 2020.01.30-ны өдөр шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэгч хэрэгт авагдсан баримтаар үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулсан нь тогтоогдсон, хариуцагч зөрчлийг арилгаагүй, тухайн зөрчлийг ялимгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд зээлийн гэрээг цуцлах гэрээ болон хуульд заасан нөхцөл бүрдсэн, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

8.4. Харин хариуцагчийг үүргээ зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцалж шүүхэд хандсан атал анхан шатны шүүх “гэрээг цуцалж” шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон, энэ алдааг давж заалдах шатны шүүх анхаарч залруулаагүй байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Учир нь гэрээг байгуулах, үргэлжлүүлэх, дуусгавар болгох нь гэрээний талуудын хүсэл зориг ба нэхэмжлэгч гэрээг цуцалж, гүйцэтгэх ёстой үүргийг шаардсан, тухайлбал, гэрээг цуцлах нь төлбөр гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл болж, шүүх энэ талаар дүгнэхээс бус нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй болно.

8.5. Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.1, 4.2-д зааснаас үзвэл зээлийн гэрээ нь ерөнхий болон хэсэгчилсэн хугацаатай, гэрээнд заасан хэсэгчилсэн хугацаанд үндсэн зээлийг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээний 3.3, 6.10-р тохиролцсон, тогтоосон хуваарийн дагуу 2019.03.15-2019.04.05-ны өдөр хүртэл үндсэн зээлээс 4,100,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй 2019.05.28-ны өдөр төлж, хугацаа хэтрүүлсэн тул нэмэгдүүлсэн хүүд 37,365,041 төгрөгийг төлүүлсэн, түүнчлэн уг хугацаанаас хойш дахин хугацаа хэтрүүлж, хуваарь зөрчсөнөөс нэмэгдүүлсэн хүүд 2,209,315.07 төгрөг шаардаж буй нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.”, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан “зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэснийг тус тус зөрчихгүй.

8.6. Иймд, дээр дурдсан 37,365,041 төгрөгийг үндсэн төлбөрт тооцоогүйгээс үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр буураагүй, (4,100,000,000 төгрөг-37,365,041 төгрөг=4,062,634,959 төгрөг болох байсан гэх) улмаар түүнд ногдох зээлийн хүү 390,814,353 төгрөг болох байтал 571,798,356.17 төгрөг нэхэмжилж байгаа нь буруу гэх хариуцагчийн тайлбар тооцоолол үндэслэлгүй байна.

9. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх тул шүүх энэ шаардлагын хүрээнд хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол түүний өмчлөлийн 2 барилгыг худалдан борлуулж үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1088 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00865 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “зохигчийн хоорондын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ9102/180406 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж,” гэснийг хасч, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ж.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн нарын 2020.06.08-ны өдөр 1,063,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.ЭРДЭНЭСУВД