Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01219

 

 

 

 

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01219

 

 

                                Т БХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/01138 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т БХХК-ийн хариуцагч Н.Охолбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 10 404 511.42 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Зоригт, А.Бүднам, хариуцагч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Т БХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Н.Обарьцаат зээлийн гэрээгээр 10 961 000 төгрөг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд 32 инч LCD зурагт 1 ширхэг, 3x4, 2x3 хэмжээтэй хивс 2 ширхэг, 2 хаалгатай хятад хөргөгч 1 ширхэг, суурин компьютер /Dell/ 1 ширхэг, 36 сарын цалинг нь барьцаалсан. Банк гэрээний зүйлийг зээлдэгчийн Төрийн банк дахь 28030009129 тоот цалингийн дансанд бэлэн бусаар шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлдэгч Н.О нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ 2016 оны 09 дүгээр сараас эхлэн зөрчиж эхэлсэн. Банкнаас удаа дараа утсаар холбогдож, уулзалт хийж 2019 оны 05 дугаар сарын 21, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээлээ төлөхийг мэдэгдэж байсан боловч үл биелүүлж, банкинд хохирол учруулаад байна. Зээлдэгч нь 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сар хүртэл үндсэн зээлд 9 359 846.91 төгрөг, хүүд 3 818 801.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 68 587.89 төгрөг, нийт 3 247 236.26 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дууссан, 2017 оны 01 дүгээр сараас хойших хугацаанд төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцсон. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3, зээлийн гэрээний 2.1.3, 2.1.4, 5.1.1-д заасныг үндэслэн Н.Оээс үндсэн зээлд 4 048 177.19 төгрөг, үндсэн хүүд 5 587 428.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 768 905.57 төгрөг, нийт 10 404 511.42 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Миний бие 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн банктай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10 961 000 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээл авснаас хойш цаг тухайд нь төлж байсан. 2014 онд ажлаасаа гарч зээлээ төлөх боломжгүй болсон. Ажилгүй байж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орсон. Энэ хугацаанд түрээсийн байранд амьдарч, 2 удаа ходоодны хүнд хагалгаанд орж, эм тариа, эмчилгээний зардал их гарч байна. Нэхэмжлэгчтэй байнга холбогдож, боломжоороо төлбөрөөс төлж байгаа. Үндсэн зээлээс 9 359 846.91 төгрөг, хүүд 3 818 801.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 68 587.89 төгрөг, нийт 13 247 236.26 төгрөг төлсөн талаар маргахгүй. Миний амьдралын боломж муу байгаа учир үндсэн зээлд 4 048 177.19 төгрөг, үндсэн хүүд 5 587 428.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 768 905.57 төгрөг, нийт 10 404 511.42 төгрөгийн 50 хувь 5 202 255 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Н.Оээс зээлийн гэрээний үүрэгт 7 251 259 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т БХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 153 252.42 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 130 970 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т БХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 181 423 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Зоригтын  давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 153 252.42 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, хэргийн нөхцөл байдалд нэг бүрчлэн дүгнэлт хийгээгүй, шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй. Зээл, хүүний тооцооллын хуудаснаас харахад 2013 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс 10 000 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 400 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1 008 024.10 төгрөгийн зээлийг тус тус олгосон байна. Зээлдэгч Н.О нь зээлийн гэрээний үүрэгт 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд үндсэн зээл 9 359 846.91 төгрөг төлсөн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан. Энэ төлөлт нь дээрх хугацааны зээлийн төлөлт байгаагүй. 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №96 тоот цалингийн зээлийн гэрээгээр 10 961 000 төгрөгийн зээл олгоогүй 8 961 000 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлд нэмэлтээр 2 000 000 төгрөгийг олгож нийт зээлийн хэмжээ 10 961 000 төгрөг болсон. Гэтэл үндсэн зээлийн төлбөрөөс 989 018.19 төгрөг, үндсэн хүүгээс 1 678 995.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 485 238.57 төгрөг нийт 3 153 252.42 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцсон нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Т БХХК-ийн зээлд 4 048 177.19 төгрөг, үндсэн хүүнд 5 587 428.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 768 905.57 төгрөг, нийт 10 404 511.42 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н.О 5 202 255 төгрөг төлөхийг зөвшөөрч бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч Н.О нь өмнөх зээлийн үлдэгдэл 8 961 000 төгрөг дээр нэмэлтээр 2 000 000 төгрөг, нийт 10 961 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй төлж барагдуулах, үүргийн гүйцэтгэлд 32 инчийн зурагт 1 ширхэг, 3*4, 2*3 хэмжээтэй хивс тус бүр 1 ширхэг, 2 хаалгатай хятад хөргөгч 1 ширхэг, суурин компьютер 1 ширхэг, цалингийн орлогоо тус тус барьцаалсан байх ба зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. /хх6-7/

Шүүхээс дээрх гэрээний дагуу 10 961 000 төгрөгийн хувьд гүйцэтгэвэл зохих нийт үүргийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тооцоолон гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.

Зээлдэгч нь гэрээний дагуу үндсэн зээлд 10 961 000 төгрөг, зээлийн хүүнд 4 024 663 төгрөг, нийт 14 985 663.30 төгрөг төлөх үүрэгтэй. Хэргийн 8-12 дугаар талд авагдсан зээл, хүүний тооцооны хуудсаас үзэхэд хариуцагч нь нийт 13 247 236.26 төгрөг төлсөн байх ба үүний 2 658 377.07 төгрөгийг 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл төлж, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 961 000 төгрөгийн зээлийн гэрээнээс хойш нийт 10 588 859.19 төгрөг тус тус төлсөн байх ба нэхэмжлэгч нь 10 961 000 төгрөгийн гэрээ байгуулагдсанаас хойш төлөгдсөн төлбөрөөс зээлд 7 920 846.91 төгрөг, хүүнд 2 605 040.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 62 972.09 төгрөг тооцон авчээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу тодорхойлсон, шүүх нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд тооцоолол хийж хариуцагчийн төлбөл зохих дүнг тодорхойлсныг буруутгах боломжгүй. Тодруулбал, шүүх 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл үндсэн зээлд төлөгдсөн 7 901 841 төгрөгийг нийт зээлийн дүн 10 961 000 төгрөгөөс хасч хариуцагчаас зээлийн үлдэгдэлд 3 059 159 төгрөг, гэрээний хугацаанд буюу 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хүүнд төлбөл зохих 4 024 663 төгрөгөөс төлөгдсөн 2 606 324.14 төгрөгийн хүүг хасч зээлийн хүүнд 1 418 338 төгрөг, хэтэрсэн хугацааны буюу 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 19-ий өдрийг хүртэл хугацааны хүүнд 2 490 095 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд үндсэн хүүгийн 20 хувь буюу 283 667 төгрөг, нийт 7 251 259 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, гэрээний 2.1.3, 2.1.4, 2.1.5-д зааснаар зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийг буцаан төлөх хуваарьт хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө. Хариуцагч дээрх шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй.

Нэхэмжлэгч нь “4 удаагийн зээл олгосон, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр 10 961 000 төгрөг олгоогүй, цалингийн зээлийн үлдэгдэл 8 961 000 төгрөг дээр нэмэлтээр 2 000 000 төгрөг олгосон” гэж тайлбарладаг. Зээлийн тооцооны хүснэгтэд нэхэмжлэгч нь хариуцагчид 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 400 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1 008 024.10 төгрөгийн зээл олгосон тооцоолол байх боловч дээрх зээлийг ямар хугацаатай, хэдэн хувийн хүүтэй зээлдүүлсэн нь тодорхойгүй, бичгээр байгуулсан гэрээгээ хэрэгт ирүүлээгүй байна.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчаас төлсөн мөнгөн дүнг бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул “3 247 236.26” төгрөг гэснийг “13 247 236.26” төгрөг гэж зөвтгөх нь зүйтэй. 

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/01138 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 403 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

                

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                              Ш.ОЮУНХАНД

 

           А.МӨНХЗУЛ