Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2020/01138

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020             04            03                                               101/ШШ2020/01138         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 хаягт байрлах, “Т банк” ХХК /РД:5341469/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Зоригтын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Даланжаргалан сум, 4 дүгээр баг, Цомог хаягт оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 26 дугаар байрны 43 тоот хаягт оршин суух, Азар овогт Наваантаягийн О /РД:НТ83101907/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10.404.511,42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Зоригт,

Хариуцагч Н.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Зоригт нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Н.О нь Т банктай 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 96 тоот барьцааг зээлийн гэрээ байгуулан 10.961.000 /арван сая есөн зуун жаран нэг/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Мөн зээлийн барьцаанд дараах хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд: Зурагт 32 инч LCD- 1ш, Хивс 3x4 хэмжээтэй -1ш, Хивс 2x3 хэмжээтэй-1ш, Хөргөгч 2 хаалгатай хятад-1ш, Суурин компьютер /Dell/ -1 ш, 36 сарын цалин болно.

Банк зээлийн гэрээний дагуу зээлдэгч Н.Оийн Т банк дахь, 28030009129 тоот цалингийн дансанд 10.961.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон.

Зээлдэгч Н.О нь 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан 96 тоот барьцаат зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлдэгч нь 2016 оны 9 дүгээр сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн. Банкнаас удаа дараа утсаар холбогдож, уулзалт хийж 2019 оны 05 дугаар сарын 21, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд зээлийн төлбөрийг төлөхийг мэдэгдэж байсан боловч гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, банкинд хохирол учруулаад байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан 2013.09.02-ны өдрөөс 2016.09 дүгээр сар хүртэлх хугацаанд үндсэн зээлд 9.359.846,91 төгрөг, хүүд 3.818.801,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 68.587,89 төгрөг, нийт 3.247.236,26 төгрөг төлсөн.

Гэрээний хугацаа 2016.09.02-ны өдөр дууссан, уг зээл тус хэлтэст 2017.01 сард ирсэн, үүнээс хойших хугацаанд төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцсон.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт, Банк болон зээлдэгч нарын хооронд байгуулсан 96 тоот барьцаат зээлийн гэрээний 2.1.3, 2.1.4, 5.1.1-т тус тус заасныг үндэслэн Н.Оээс үндсэн зээлд 4.048.177,19 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 5.587.428,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 768.905,57 төгрөг, нийт 10.404.511,42 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Н.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Наваантая овогтой О миний бие 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 96 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10.961.000 /арван сая есөн зуун жаран нэг/ төгрөгийн цалингийн зээлийг авсан нь үнэн болно.

2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн зээлийг цаг тухай бүрт хийж гүйцэтгэж байсан. 2014 онд золгүй явдлаас болоод сэтгэл санааны байдлаас болж ажлаасаа гарч зээлийг төлөх боломжгүй болсон. Үүнээс хойш ажилгүй байж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мэргэжлийн ажлаа хийж байгаа. Энэ хугацаанд охины хамт түрээсийн байранд амьдарч, миний бие 2 удаа ходоодны хүнд хагалгаанд орж, эм тариа, эмчилгээний зардал их гарч байна. Нэхэмжлэгч талтай байнгын холбоотой байж боломжийн хирээр төлбөрийг төлж байгаа болно.

Гэрээний үүрэгт үндсэн зээлд 9.359.846,91 төгрөг, хүүд 3.818.801,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 68.587,89 төгрөг, нийт 3.247.236,26 төгрөг төлсөнтэй маргахгүй.

Иймд миний амьдралын боломж бололцоо муутай байгаа учир үндсэн зээлд 4.048.177,19 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 5.587.428,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 768.905,57 төгрөг, нийт 10.404.511,42 төгрөгийн 50 хувь болох 5.202.255 төгрөгийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Зоригт нь хариуцагч Н.Оэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10.404.511,42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зээлдүүлэгч “Т банк” ХХК, зээлдэгч Н.О нарын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр №96 тоот барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулагдсан, гэрээгээр зээлдүүлэгч нь 10.961.000 төгрөгийг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4-т зээлдэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар цалингийн орлого болон картын ба бусад дансны орлогыг барьцаалжээ.

/хх-ийн 6-18 тал/

 

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг зээлдэгчийн тус банк дахь данснаас  шууд шилжүүлэн авахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасантай нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,”

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно,” мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заажээ.

Зээлдэгч Н.О нь зээлийн гэрээний үүрэгт 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд үндсэн зээл 9.359.846,91 төгрөг, хүү 3.818.801,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68.587,89 төгрөг, нийт 3.247.236,26 төгрөг төлсөн, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойших хугацаанд зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн, энэ талаар зохигч маргаагүй болно.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 10.404.511,42 төгрөгийн 50 хувь болох 5.202.255 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийн тухайд маргажээ. 

 

Талуудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 36 сарын хугацаатай байгуулагдсан  гэрээний хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон,  зээлийн эргэн төлөлт 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн зөрчигдсөн, гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд төлсөн төлбөрийг зээлдүүлэгч нь үндсэн зээлээс хасч тооцсон, зохигч энэ талаар маргасангүй.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т: “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т: “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж тус тус заасан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон байх ба зээлдүүлэгч “Т банк” ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус тус зээл төлөх талаарх мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлж байсан, зээлдэгч Н.О нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний  өдөр зээлийг эргүүлэн төлөх талаар хүсэлт гаргаж байсан, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд тодорхой хэмжээний эргэн төлөлт хийгдэж байсан нь тогтоогдож байна.

/хх-ийн 18-20 тал/

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, мөн хуулийн 79.7-д “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн зээл төлөхийг шаардаж байсан баримт, хариуцагчаас нэхэмжлэгчид гаргаж байсан хүсэлт, төлбөр төлөгдсөн баримт зэргээс үзэхэд талуудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа тасалдаж, шинээр тоологдсон гэж үзнэ. 

 

Түүнчлэн “Т банк” ХХК нь зээлдэгч Н.Оийг   зээл, зээлийн хүү төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах, учирсан хохирлыг шаардах, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2.2-т зааснаар зээлдэгчийн бусад данснаас зээлийн төлбөрийг шууд суутган авах зэрэг шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 10.404.511,42 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3, 2.1.4-т: Зээлийн хүү жилийн 21.6 хувь, зээлдэгч авсан зээл, хүүгийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарьт хугацаанд эргүүлэн төлөөгүй тохиолдолд үндсэн хүүн дээр нэмж төлүүлэхээр тогтоосон хариуцлага нь нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүгийн 20 хувь байна. Зээл, хүүг буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлэн тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцно, 2.2.5-т:”Зээлийг буцаан төлөх хуваарьт хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө”   гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцооллын хүснэгтээс үзэхэд хариуцагч Н.О нь үндсэн зээлийн үлдэгдэлд 3.059.159 төгрөг, гэрээний хугацааны хүүгийн үлдэгдэлд 1.418.338 төгрөг, /гэрээний хугацаанд 4.024.663 төгрөг төлөхөөс 2.606.324.14 төгрөг төлсөн/ ашигласан хугацааны хүүд 2.490.095 төгрөг /гэрээний хугацаа дуусгавар болсон 2016.09.02-ны өдрөөс 2020.02.19-ний өдөр хүртэлх хугацааны буюу 3.059.159 х 1.8% = 55.064 төгрөг : 30 хоног = 1835 төгрөг х 1357 хоног = 2.490.095/, нэмэгдүүлсэн хүүд 283.667 төгрөг, нийт 7.251.259 төгрөгийг гэрээгээр тохиролцсоны дагуу нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзэв.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Н.Оээс үндсэн зээлийн үлдэгдэл 3.059.159 төгрөг, зээлийн хүүд 3.908.433 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 283.667 төгрөг, нийт 7.251.259 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.153.252.42 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Н.Оээс зээлийн гэрээний үүрэгт 7.251.259 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.153.252.42 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Н.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 130.970 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т банк” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 181.423 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ЦОЛМОНГЭРЭЛ