Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2020/01266

 

 

 

 

Ё.Снэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/01066 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ё.Схариуцагч А.Гхолбогдуулан гаргасан автомашин чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ё.С, хариуцагч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр А.Гтай уулзаж, өөрийн эзэмшлийн тoyota land cruiser-200 маркийн ...УБК улсын дугаартай автомашинаа барьцаалж зээл авах хүсэлт тавьсан. Намайг машинаа өөрийнх нь нэр дээр шилжүүл, тэгээд та унаж бай гэсэн боловч 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр машиныг унаж үзье гээд авч явсан. Машинаа авъя гэхэд хадгална гээд авсан. Би А.Гас 3 өрөө байраа барьцаалж зээл авч байсан бөгөөд төлбөрийг нь төлж дуусгасан. Гэтэл одоог хүртэл миний автомашиныг өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ё.С нь надаас гэрээтэй, гэрээгүй олон удаа мөнгө зээлж авдаг байсан. 2013 онд 2 зогсоолоо барьцаалж 20 000 000 төгрөг зээлдэн авсан. Мөн машин барьцаалж 10 000 000 төгрөг, орон сууцаа барьцаалж 90 000 000 төгрөг, барьцаагүй 12 300 000 төгрөг, 4 500 000 төгрөг зээлдэн авч байсан. Орон сууц барьцаалсан зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдүүлж Ё.Соос 187 500 000 төгрөг гаргуулахаар тохиролцсон. Үүнээс 1 зогсоолыг 20 000 000 төгрөг, машиныг 48 303 000 төгрөгт тооцон хасаад 120 000 000 төгрөгийг орон сууцаа худалдсаны дараа өгөхөөр тохирсон боловч 20 000 000 төгрөг дутуу байна. Ё.С машиныг ченжүүд 45 000 000 төгрөгт бодож авах гээд байна 50 000 000 төгрөгт бодоод авчих гэхэд нь зөвшөөрөөд, өгөх зээлээсээ хассан. Машиныг Ё.С гаражаасаа унаж гаргаад төв зам дээр гаргаж өгсөн. Энэ үед түүний эхнэр хамт байсан. Энэ хугацаанд надаас автомашинаа нэхэж байгаагүй гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ё.Снэхэмжлэлтэй, хариуцагч А.Гхолбогдох автомашин чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгчийн Ё.С, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ё.С нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болгосноо нотлоогүй гэж дүгнэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж бодитой дүгнэлт хийгээгүй, мөн нотлох баримтуудыг цаг хугацааны хамаарал, ач холбогдолтой талаас нь бүрэн гүйцэд үнэлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ё.С нь 2014.03.04-ний өдөр хариуцагч А.Гас 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдэн авч, барьцаанд өөрийн өмчлөлийн тоёота ланд крузер 200 маркийн автомашиныг хариуцагчийн нэр дээр түр шилжүүлсэн байдаг бөгөөд гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2014.02.26-ны өдөр 6 сарын хугацаатай 2 зогсоол барьцаалж 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, мөн 2014.03.25-ны өдөр орон сууц барьцаалж 12 сарын хугацаатай 90 000 000 төгрөгийн зээлийн гэрээг хариуцагч А.Гтай тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Нэхэмжлэгчээс 2014.03.27-ны өдөр бэлнээр А.Г968 000 төгрөг, А.Ганпүрэвийн Хас банкны дансанд 2014.04.03-нд 1 000 000 төгрөг, 2014.04.05-нд 1 000 000 төгрөг, 2014.04.26-нд 3 600 000 төгрөг, 2014.05.26-нд 3 000 000 төгрөг, 2014.06.02-нд 5 000 000 төгрөг, 2014.06.03-нд 2 000 000 төгрөг нийт 17 168 000 төгрөгийн зээлийн төлөлт хийсэн. Нэхэмжлэгчээс зээлийн төлөлтийг хийхдээ зээлийн төлбөрийн зориулалтыг тусгайлан зааж байгаагүй, дээрх зээлийн гэрээний үүргүүдээс алийг нь төлөхөө сонгосон гэх байдал Хас банкны дансны хуулгаас харагддаггүй. Ижил төрлийн хэд хэдэн үүрэг гэдэгт дээрх 3 зээлийн гэрээний үүргүүд хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлөлтийг аль зээлийн гэрээний үүрэгт төлж байгаа талаар тодорхой заагаагүй буюу сонгоогүй бол төлбөрийн хугацаа болсон өр буюу 2014.03.04-ний өдрийн 3 сарын хугацаатай зээлийн гэрээний хугацааг баримтлан зээлээс төлөх зориулалттай байна. Мөн Иргэний хуулийн 216.4-т үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан. Энэ нь эрх зүйн маргааны талаар гарсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд төдийгүй хараахан шүүхэд эрх зүйн маргаан үүсээгүй байгаа, эрх зүйн харилцаанд оролцогч буюу үүрэг гүйцэтгүүлэгч, гүйцэтгэгч хоёрын хооронд үүргийн гүйцэтгэл хүлээлгэн өгөх хүлээн авахтай холбоотой харилцаанд нэгэн адил хэрэглэх учиртай. Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээ дуусгавар болсон эсэх асуудлыг дээрх хуулийн зохицуулалтад нийцүүлж дүгнээгүй нь маргаан бүхий харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Түүнчлэн 2014.03.04-ний өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээнээс харахад талууд зээлийн хүүг 3 хувь байхаар тохиролцсон гэж үзэхээр байгаа хэдий ч гэрээнд хүүг сарын 3 хувийн хүүтэй гэж заагаагүй байгаа тул нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр бичгээр тохирсон гэж үзэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэгчийн зээл 10 000 000 төгрөгийг 3 сарын хүү 300 000 төгрөг, нийт 10 300 000 төгрөг бүрэн төлсөн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгэж маргаагүй атал шүүх нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 10 900 000 төгрөг төлөхөөр байна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 282.3-т заасантай нийцээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэгчийн гарын үсэгтэй Г 35 000 000 төгрөгт тооцож машин болон гараж өгсөн гэх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тухайн автомашиныг төлбөрт хураан авсан эсхүл битүүмжилж байсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч нь хариуцагчтай маргаан бүхий автомашины өмчлөх эрхийг бүрмөсөн шилжүүлсэн гэрээ, үүргийн харилцаа үүссэн гэх үйл баримт тогтоогдоогүй. Маргаан бүхий автомашиныг нэхэмжлэгч 2014.03.04-ний өдөр 10 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан талаар маргаагүй бөгөөд талууд фидуцийн гэрээний нөхцлөөр тохиролцож бичгээр гэрээ байгуулаагүй атал 2014.03.04-ний өдөр Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлийн маягтаар ...УБК улсын дугаартай тоёота ланд крузер 200 маркийн автомашиныг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэнийг шүүх талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэн улмаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Ё.С нь хариуцагч А.Гхолбогдуулан автомашин чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ зээлийн төлбөрийг төлж барагдуулсан тул автомашинаа буцаан гаргуулна гэж тайлбарладаг бол хариуцагч нэхэмжлэгч надаас олон удаагийн зээл авч байсан, автомашинаа 48 000 000 төгрөгт тооцож авах санал тавьсан учраас зээлээс нь хасч өмчлөлдөө шилжүүлсэн гэж маргадаг.

Талуудын хооронд 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг, 3 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, үүргийн гүйцэтгэлд ...УБК улсын дугаартай ланд крузер автомашин барьцаалсан зээлийн гэрээ байгуулагдаж, автомашины өмчлөх эрх хариуцагчид шилжсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх24, 45/

Дээрх 10 000 000 төгрөгийн зээлээс гадна зохигч 90 000 000 төгрөгийн, 12 300 000 төгрөгийн, 10 000 000 төгрөгийн зээл өгч, авч байсан, хариуцагч нь 90 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 135 000 000 төгрөг шаардаж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07141 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ё.Соос зээлийн гэрээний үүрэгт 135 000 000 төгрөг гаргуулж, хариуцагч А.Голгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа нь тогтоогджээ. /хх15-16, 17, 22, 82/

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна. Нэхэмжлэгч 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зээл, зээлийн хүү гэх утгаар 15 удаагийн гүйлгээгээр 1 000 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 3 600 000 төгрөг, 3 600 000 төгрөг, 5 000 000 төгрөг, 2 000 000 төгрөг, 3 400 000 төгрөг, 32 000 төгрөг, 3 390 000 төгрөг, 3 390 000 төгрөг, 3 581 750 төгрөг, 3 489 000 төгрөг, 2 000 000 төгрөг, 3 750 000 төгрөг, 2 000 000 төгрөгийн үнийн дүнгээр нийт 41 232 750 төгрөг төлсөн боловч гүйлгээний баримтад энэ нь аль гэрээний, ямар үүрэгт төлөгдсөнийг тодорхойлоогүй байна. /хх49-53/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ё.С нь зээлийн төлбөрт автомашинаа тооцон өгөхөөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр А.Гтөлөх 135 000 000 төгрөгийнхөө 35 000 000 төгрөгт нь автогараж, ...УБК улсын дугаартай ланд крузер 200 маркийн автомашинаа тооцуулж, үлдэгдэл 100 000 000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлнө гэж тайлбар бичиж өгсөн байхын зэрэгцээ 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид Г 100 000 000 төгрөгийн өр үлдсэн. 35 000 000 төгрөгтөө надаас автомашин тооцож авсан гэсэн тайлбар гаргаж байсан нь хэргийн 90, 93 дугаар талд авагдсан байна.

Мөн зохигчид зээлийн тооцооллоо хийж, нийт төлөх төлбөрийн дүнг 187 500 000 төгрөг, үүн дээр тэмдэгтийн хураамж 423 000 төгрөг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн 180 000 төгрөг, машины татварын 200 000 төгрөгийг нэмж нийт төлбөр 188 303 000 төгрөгөөс зогсоолыг 20 000 000 төгрөгөөр, автомашиныг 48 303 000 төгрөгөөр тооцож өгөхөөр нэхэмжлэгч Ё.С 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баримт үйлдсэн нь хэргийн 20 дугаар талд авагджээ.

Дээрх нөхцөл байдлыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч нь автомашиныг зээлийн төлбөртөө тооцон өгсөн гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч автомашиныг хууль бусаар хууран мэхэлж авсан гэх үндэслэл тогтоогдохгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Шүүх нэхэмжлэгчийн шаардах эрх, энэ эрхээ хэрэгжүүлэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/01066 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ