Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 1066

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2020/01066

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

       Нэхэмжлэгч С дүүрэг, дугаар хороо,  амын  дугаар гудамжны 578 тоотод оршин суух А овогт Ё С нэхэмжлэлтэй

 

       Хариуцагч Б дүүрэг,  дугаар хороолол,  дугаар хороо,  дугаар байрны тоотод оршин суух Б овогт А Г холбогдох автомашин чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

 

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ё.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагч А.Г, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч Ё.С нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Миний бие 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр А.Гтай уулзаж, өөрийн эзэмшлийн “тoyota land cruiser-200” маркийн 10-10-УБК улсын дугаартай автомашинаа барьцаалж зээл авах хүсэлт тавьсан.

       Намайг машинаа өөрийнх нь нэр дээр шилжүүл, тэгээд та унаж бай гэсэн боловч 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр машиныг чинь унаж үзье гээд авч явсан. Машинаа авахаар залгатал та машинаа аваад зугтаад байна. Би хадгална гээд авсан.

       Би А.Гас 3 өрөө байраа барьцаалж зээл авч төлбөрийг дуусгасан боловч одоог болтол миний машиныг өгөхгүй байгаа тул машиныг гаргуулж өгнө үү гэжээ.

             

       Хариуцагч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       Ё.Сын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ё.С надаас гэрээтэй, гэрээгүй олон удаа мөнгө авдаг байсан. 2013 онд 2 зогсоол барьцаалж 20.000.000 төгрөгийн зээл авсан.

       Мөн машин барьцаалж 10.000.000 төгрөг, орон сууц барьцаалж 90.000.000 төгрөг, барьцаагүй 12.300.000 төгрөг, 4.500.000 төгрөгийн зээлийг авч байсан.

       Орон сууц барьцаалсан зээлийг шүүхэд хандаж 187.500.000 төгрөгөөр тохиролцсон. Үүнээс 1 зогсоолыг 20.000.000 төгрөг, машиныг 48.303.000 төгрөгт тооцон хасаад 120.000.000 төгрөгийг байраа борлуулсаны дараа өгөхөөр тохирсон боловч 20.000.000 төгрөг дутуу байна.

       Надад Ё.С машиныг ченжүүд 45.000.000 төгрөгт бодож авах гээд байна. Чи 50.000.000 төгрөг бодоод авчих гэхэд нь зөвшөөрөөд, өгөх зээлээсээ хассан.   

          Машиныг Ё.С өөрөө гарашнаасаа унаж гаргаад төв зам дээр гаргаж өгсөн. Энэ үйл явдал болоход түүний эхнэр хамт байсан. Энэ хугацаанд надаас нэг ч удаа машинаа нэхэж байгаагүй. Яагаад нэхсэнийг ойлгохгүй байна. Өрөндөө өгсөн шүү дээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

       Нэхэмжлэгч Ё.С, хариуцагч А.Гд холбогдуулан автомашин чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч зээлийн төлбөртөө машинаа өгсөн хоорондын тооцоо дууссан зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

        

       Нэхэмжлэгч 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, 10-10-УБК улсын дугаартай, “тoyota land cruiser 200” маркийн суудлын автомашинаа хариуцагчийн нэр дээр шилжүүлэн барьцаалуулж, хариуцагчтай “Зээлийн гэрээ” байгуулан тохиролцсон болох нь тогтоогдож байна.

        

       Зохигчид Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож, гарын үсгээ зурж, баталгаажуулсан байх тул талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж үзээд, уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

 

       Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасанчлан зохигчдын хэн аль нь 10.000.000 төгрөг болон автомашиныг хүлээн авсан, аваагүй талаар маргаагүй байгаа бөгөөд харин нэхэмжлэгч гэрээний үүрэг биелэгдсэн, барьцаанд тавьсан хөдлөх хөрөнгөө чөлөөлүүлж авна гэж мэтгэлцэж байна.  

 

        Мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /”фидуци” / мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгөө өмчлөлд шилжүүлж, үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд уг эд хөрөнгийг буцаан өгөх үүргийг хүлээхээр заажээ.

 

        Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч Ё.С, хариуцагч А.Ганлхагвын зөвшөөрсөн А.Ганпүрэвийн “Хас” банкны 5000-3202-75 дугаартай дансанд 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл “ Ёнлой овогтой Сэр-Одоос зээл төлөлт, зээлийн хүү” гэсэн тайлбартайгаар нийт 16 удаагийн шилжүүлэгээр 41.232.750 төгрөгийг дээрх онуудын хооронд сард 1.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг, 3.390.000 төгрөг, 3.489.000 төгрөг 3.581.750 төгрөг, 3.600.000 төгрөг, 3.750.000 төгрөг, 5.000.000 төгрөг гэх мэт үнийн дүнгээр төлсөн нь нотлогдож, талууд маргахгүй байна.

 

       Тодруулбал, нэхэмжлэгч “дансаар шилжүүлсэн уг мөнгөн дүнд маргаж байгаа гэрээний үүргийн биелэлт төлөгдсөн” гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан хэдий ч гэрээ, дансны хуулгаас харахад,

 

                -10.000.000 төгрөг х 3% = 300.000 төгрөг /нэг сарын хүү/

                - 300.000 төгрөг / нэг сарын хүү/ х 3 сар = 900.000 төгрөг /3 сарын хүү/

                -10.000.000 төгрөг /үндсэн зээл/ + 900.000 төгрөг / хүү/ = 10.900.000 төгрөгийг гэрээний дагуу нэхэмжлэгч төлөхөөр байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэг дууссанаа өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тайлбарласан нотлох баримтаар өгсөн дансны хуулгад сард 300.000 төгрөгөөр 3 удаа нийт 10.900.000 төгрөгийг зээл болон хүүд шилжүүлсэн нь тогтоогдоогүй, яагаад сард зээлийн хүүд 2.000.000 төгрөг болон түүнээс дээш дүнгээр төлсөн төлөлтийг уг зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлөлт мөн хариуцагчийн “эдгээр дансны хуулган дээрх мөнгө энэ хүний өмнө авсан зээл, дунд нь гэрээгүйгээр авсан зээл, зээлийн хүүний мөнгө, өөрөө мэдэж байгаа” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж, баримтаар нотлож чадахгүй байна.

      

        Түүнчлэн Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2015/07141 дугаартай Шүүгчийн захирамжаар хариуцагч Ё.С зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 135.000.000 төгрөгийг, нэхэмжлэгч А.Гд төлөхөөр эвлэрч, захирамжийн биелэлтийг хангуулахаар албадан гүйцэтгэх шийдвэрийн дагуух шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед буюу 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд нэхэмжлэгч хүсэлт гаргахдаа “ А.Гд 135.000.000 төгрөгийг төлөх ёстой. Үүний 35.000.000 төгрөгт “тoyota land cruiser 200” маркийн суудлын 10-10-УБК дугаартай автомашинаа өгч, үлдэгдэл 100.000.000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлнө” гэсэн тайлбарыг гаргаж байжээ.

 

          Гэтэл нэхэмжлэгч тайлбарыг няцааж, дээрх зээлийн үүргээ мөнгөн хэлбэрээр барагдуулсан гэснийг хариуцагч зөвшөөрч, өөр авсан зээлийн үлдэгдлийн дутууд автомашинаа өгсөн гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч нотлоогүй ба хэрвээ өмнөх авсан зээлүүдийн гэрээний бүх үүргээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар хугацаанд нь биелүүлж, дуусгавар болсон гэж үзэж байгаа бол 2014 оноос 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл автомашинаа гаргуулах шаардлагыг гаргаж байгаагүй, шаардлага гаргаагүй шалтгаанаа би мэдээгүй гэж тайлбарлаж , хариуцагч 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүсэлтээ гаргаж түүнээс хойш дээрх шаардлагыг гаргаагүй байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

         Мөн “Авто тээврийн үндэсний төв”-ийн лавлагаагаар JTMHU09J304009285 арлын дугаартай, хар өнгийн 10-10-УБК улсын дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдсэн, “тoyota land cruiser-200” маркийн суудлын автомашины эзэмшигч СТ:72032213 регистрийн дугаартай, А.Ганлхавга болох нь тогтоогдож байна.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр  шийдвэрлэв.