Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
Хэргийн индекс | 182/2019/03027/И |
Дугаар | 210/МА2020/01267 |
Огноо | 2020-06-12 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2020/01267
ҮХОБХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/00812 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ҮХОБХХК-ийн хариуцагч ӨХТХХК, ГТБХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 406 829 456.16 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ӨХТХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунболд, Ц.Цогтманлай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ӨХТХХК-тай НШС-АШ-С 15/001 тоот зээлийн, НШС-АШ-С 15/001 тоот барьцааны гэрээ байгуулж 350 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд ...87,75 м.кв талбайтай ...үл хөдлөх хөрөнгө, Үйлдвэрлэлийн зориулалттай объект ...141,44 м.кв талбайтай ...Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо үйлчилгээний зориулалттай хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч зээлийн гэрээний хуваарьт хугацаанд үүргээ биелүүлээгүй тул зээлийн үлдэгдэл өр төлбөрийг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 340 571 353.93 төгрөг, үндсэн хүү 64 971 986.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 286 116 төгрөг нийт 406 829 456.16 төгрөгийг ӨХТХХК-аас гаргуулж, хариуцагч ГТБХХК-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч талын тайлбарт: Манай компани 350 000 000 төгрөгийн зээл авсан. Зээл, зээлийн хүүгийн төлбөрт 46 641 164.39 төгрөг төлсөн. Эдийн засгийн хямрал, инфляцийн өсөлт, дотоодын түүхий эдийн үнийн өсөлт, бусад дагалдах хүчин зүйлсээс шалтгаалан төлбөрийн чадваргүй болсон тул зээл, зээлийн хүүгийн зөрчлийг арилгаж чадахгүй төлөх боломжгүй болсон. Энэ байдлаа банкинд удаа дараа мэдэгдэж тайлбар өгч байсан. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зөвшөөрөхгүй. Зээл 350 000 000 төгрөгөөс ГТБХХК 80 000 000 төгрөг, ӨХТХХК-ийн 30 000 000 төгрөгийг төлсөн гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ӨХТХХК-аас 406 829 456.16 /дөрвөн зуун зургаан сая найман зуун хорин есөн мянга дөрвөн зуун тавин зургаан төгрөг арван зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ҮХОБХХК-нд олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол хариуцагч ГТБХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдсэн, ...хаягт байршилтай, 87,75 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдсэн, ...хаягт байршилтай, 141,44 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн ... дугаар гэрчилгээтэй, ...бүхий 471 м.кв газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 193 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ӨХТХХК-аас 2 193 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ҮХОБХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрчээ.
Хариуцагч ӨХТХХК-ийн төлөөлөгч Ч.Бадамдоржийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Анхан шатны шүүхэд хариуцагчийн зүгээс нотлох баримт гаргаж шүүхээр үнэлүүлэхийг хүссэн боловч хариуцагчийн татгалзлыг шүүх дүгнээгүй, нэг талыг барьж шийдвэрлэсэн. Хариуцагч ӨХТХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс хойшхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг хүлээн зөвшөөрөөгүй. Уг өдөр гэрээг цуцлах талаар нэхэмжлэгч ҮХОБХХК-д мэдэгдсэн. Хариуцагч нь шүүх хуралдаанд зээлийн гэрээнээс удаа дараа татгалзаж байснаа илэрхийлж энэ байдлаа нотлох баримт байхгүй учраас сүүлд гаргаж өгсөн ӨХТХХК-ийн албан бичгээр гэрээг цуцлагдсан гэдгээ нотлохоор шүүхэд хүргүүлсэн. Шүүх хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон зээлийн гэрээг цуцлагдсан үндэслэлийг шүүхийн шийдвэрт дүгнээгүй, ямар учраас дүгнэх боломжгүй талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүйд хариуцагчийн зүгээс гомдолтой байна. Шүүхийн шийдвэрээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүнгийн зарим хэсэг болох 24 540 864.15 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч ҮХОБХХК-ийн зээл 340 571 353.93 төгрөг, хүү 64 971 986.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 286 116 төгрөг, нийт 406 829 456.16 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч ГТБХХК, ӨХТХХК эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч ӨХТХХК нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч ҮХОБХХК-аас арьс ширний төслийн зориулалтаар 350 000 000 төгрөг, жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд хариуцагч ГТБХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй ...байрлах 87.75 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объект, улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй мөн дээрх байршлын 65/2 тоот хаягт байрлах 141.44 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай объект, ГД... дугаартай ..., үйлчилгээний зориулалттай 471 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг барьцаалж, хариуцагч ГТБХХК нь хариуцагч ӨХТХХК зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр хариуцахаар батлан даалт гаргасан байна.
Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 458 дугаар зүйлийн 458.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь зөв.
Зээлдэгч үндсэн зээлийг хэсэгчлэн хүүгийн хамт сар тутамд буцаан төлөх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нь гэрээний 3.1.2, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.
Хариуцагчийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчид гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн учраас уг өдрөөс хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар, гомдол үндэслэлгүй. Хэргийн 99 дүгээр талд хариуцагч ӨХТХХК-аас 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч ҮХОБХХК-д эдийн засгийн хүндрэлд орсны улмаас зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдэх төлбөрийг хуваарийн дагуу төлөх тухай албан бичиг авагдсан байх боловч уг албан бичгийг нэхэмжлэгч хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, хариуцагч хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэдэг журамтай. Хариуцагч нь гэрээ цуцлах саналыг нэхэмжлэгчид тавьж байсан, энэ талаар нэхэмжлэгч талтай удаа дараа уулзалт, ярилцлага хийж байсан гэх боловч энэ талаар нотолсон баримтгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/00812 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 654 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
А.МӨНХЗУЛ