Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01291

 

 

 

 

Г ЗХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01295 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ЗХХК-ийн хариуцагч Б.Охолбогдуулан гаргасан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3 576 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгоннасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Г ЗХХК нь 2018 оны 10 сарын 19-ний өдөр Б.Отэй түрээсийн гэрээ байгуулж, тус компанийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 25 байр, 24 тоот орон сууцыг сарын 800 000 төгрөгөөр түрээслүүлсэн. Түрээслэгч нь гэрээний 5.2.4-т заасан гэрээний хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх үүргээ удаа дараа хожимдуулж, биелүүлдэггүй. Түрээсийн гэрээний 2.1-д зааснаар сарын түрээсийн төлбөр нь 800 000 төгрөг бөгөөд 2019 оны 2, 3, 4 сарын түрээсийн төлбөрөөс тус бүр 50 000 төгрөг дутуу төлөгдөж нийт 150 000 төгрөг, 2019 оны 5, 6, 7 сарын түрээсийн төлбөр нийт 2 400 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сараас хойш СӨХ-ны төлбөрийг нэг ч удаа төлөөгүй бөгөөд алданги 951 000 төгрөг, нийт 3 501 000 төгрөг төлөөгүй. Гэрээний 6.3-т хугацааг 7 хоногоос дээш хоногоор хожимдуулсан тохиолдолд түрээслүүлэгч гэрээг цуцалж өөрт учирсан хохирлыг арилгахыг шаардана гэсний дагуу түрээслүүлэгч нь түрээсийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар 2019 оны 07 сарын 22-ны өдөр түрээслэгчид бичгээр шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад түрээсийн үлдэгдэл төлбөрийг 2019 оны 07 сарын 24-ний өдрийн дотор барагдуулахгүй бол түрээсийн гэрээний 6.2-т заасны дагуу түрээсийн үлдэгдэл төлбөрт алданги тооцож нэхэмжлэхээ мэдэгдсэн. Түрээслэгч нь дээрх бичгээр өгсөн шаардлагатай танилцаж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Улмаар түрээслэгч орон сууцыг хүлээлгэн өгсөн ч заасан хугацаанд түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул түрээсийн үлдэгдэл төлбөр 2 550 000 төгрөг, 2019 оны 07 сарын 24-ний өдрөөс 2020 оны 01 сарын 17-ны өдөр хүртэлх алданги 1 275 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сараас хойш СӨХ-ны төлбөр төлөөгүй бөгөөд алданги 951 000 төгрөг, нийт 4 776 000 төгрөг хариуцагч Б.Огээс гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1 200 000 төгрөгөөр багасгаж, 3 576 000 төгрөг хариуцагч Б.Огээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Миний бие 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн түрээсийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12-25-24 тоот орон сууцыг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл түрээсэлсэн. Гэрээ байгуулсан н.Днь сар бүрийн түрээсийн төлбөрөөс гараажийн 50 000 төгрөг хасч тооцно гэсэн тул 750 000 төгрөг төлж байсан. Миний тооцоогоор түрээсийн үлдэгдэл төлбөр байхгүй. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ............ нар хэл амаар доромжлон байрнаас хөөсөн. Байр суллахыг шаардаж цагдаа дуудсан. 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байрыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Миний хүү н.Цэлмэнгийн дансаар төлсөн 750 000 төгрөгийг тооцоогүй байна. Хамгийн сүүлийн төлбөрийг 05 дугаар сарын 23-ны өдөр төлсөн. Бид нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй. н.Дкомпанийг төлөөлөх эрхгүй. Хэрэгт гэрээний хуулбар хувь дээр тамга дарсан байна. Гэрээгээр СӨХ-ны төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. 07 дугаар сарын 24-ний өдөр орон сууцыг хүлээлгэж өгсөн. Гэрээний эрх үүрэг дуусгавар болсон. Гэрээнд торгууль байгаа боловч алданги гэж байхгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд нийцэхгүй. Мөн гараж ашиглаагүй бол 750 000 төгрөгөөр тооцно гэж тохирсон. Нийт 6 200 000 төгрөг төлсөн. 2 сар 800 000 төгрөг төлсөн тул зөрүү 100 000 төгрөг тооцогдоно. Төлбөрийг н.Нямсүрэнгийн дансанд шилжүүлж байсан. Одоо 450 000 төгрөг төлөх ёстой. Бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх:   Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хариуцагч Б.Огээс түрээсийн гэрээний үүрэгт 1 300 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ЗХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 276 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91 366 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 35 750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Огийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч Б.О миний бие анхан шатны шүүх хуралдаан дээр "Г ЗХХК-аас гаргасан төлбөр төлөгдсөн хүснэгтэд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр миний хүү ............ Хаан Банкны ... тоот данснаас төлөгдсөн 750 000 төгрөгийг оруулаагүй байна гэж хэлсэн боловч тооцоонд оруулаагүй. СӨХ-ны төлбөрт 200 000 төгрөг төлсөн баримтыг үзүүлсэн боловч тооцоонд оруулаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрээр 1 300 000 төгрөг төлөхөөс тооцоонд оруулаагүй 750 000 төгрөг, 200 000 төгрөг, нийт 950 000 төгрөгийг хасч 350 000 төгрөг төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Зохигчид давж заалдах шатны шүүх хуралдааны явцад эвлэрэн хэлэлцсэн тул талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байр, 24 тоотын орон сууцыг хөлслөн 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл амьдарч байсан байх ба нэхэмжлэгч Г ЗХХК нь хариуцагч Б.Охолбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1 750 000 төгрөг, алдангид 1 826 000 төгрөг, нийт 3 576 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийг 5 450 000 төгрөгийн хөлс төлсөн гэж тайлбарладаг бол хариуцагч нь 6 200 000 төгрөг төлсөн гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 1 300 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 276 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Хариуцагч уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж хариуцагч 3 576 000 төгрөгийн шаардлагаас 1 200 000 төгрөгийг төлж барагдуулах, нэхэмжлэгч 2 376 000 төгрөгийн шаардлагаас татгалзахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01295 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.О 3 576 000 төгрөгийн шаардлагаас 1 200 000 төгрөгийг төлж барагдуулах, нэхэмжлэгч Г ЗХХК 2 376 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ