Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 1295

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г ХХК ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О -д холбогдох

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3,576,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г” ХХК нь 2018 оны 10 сарын 19-ний өдөр Б.Отэй түрээсийн гэрээ байгуулж, тус компанийн өмчлөлийн БЗД-ийн 3-р хороо, орон сууцыг Б.Од нэг сарын 800,000 төгрөгөөр түрээслүүлсэн. Түрээслэгч нь түрээсийн гэрээний 5.2.4-т заасан “Гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх” үүргээ удаа дараа хожимдуулж, биелүүлээгүй бөгөөд түрээсийн үлдэгдэл төлбөр нь дараахын адил болно. Үүнд:

  • Түрээсийн гэрээний 2.1-т заасны дагуу нэг сарын түрээсийн төлбөр нь 800,000 төгрөг бөгөөд 2019 оны 2, 3, 4 сарын түрээсийн төлбөрөөс тус бүр 50, 000 төгрөг дутуу төлөгдөж нийт 150, 000 төгрөг
  • 2019 оны 5, 6, 7 сарын түрээсийн төлбөр нийт 2,400,000 төгрөг
  •  2018 оны 11 дүгээр сараас хойш СӨХ-ны төлбөрийг нэг ч удаа төлөөгүй бөгөөд алданги бодогдож 951 000 төгрөг нийт 3 501 000 төлөөгүй болно.

Гэрээний 6.3-т “Хугацааг 7 хоногоос дээш хоногоор хожимдуулсан тохиолдолд түрээслүүлэгч гэрээг цуцалж өөрт учирсан хохирлыг арилгахыг шаардана” гэж заасны дагуу түрээслүүлэгч нь түрээсийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаарх шаардлагыг бичгээр 2019 оны 07 сарын 22-ны өдөр түрээслэгчид хүргүүлсэн. Уг шаардлагад түрээсийн үлдэгдэл төлбөрийг 2019 оны 07 сарын 24-ний өдрийн дотор барагдуулахгүй бол Түрээсийн гэрээний 6.2-т “Түрээслэгч гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам үнийн дүнгийн 0,5 хувиар торгууль төлнө” гэж заасны дагуу түрээсийн үлдэгдэл төлбөрт алданги тооцож нэхэмжлэхээ мэдэгдсэн. Түрээслэгч нь дээрх бичгээр өгсөн шаардлагатай танилцаж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Улмаар түрээслэгч орон сууцыг хүлээлгэн өгсөн ч заасан хугацаанд түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул түрээсийн үлдэгдэл төлбөр 2,550,000 төгрөг, 2019 оны 07 сарын 24-ний өдрөөс 2020 оны 01 сарын 17-ны өдөр хүртэлх алданги 1,275,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сараас хойш СӨХ-ны төлбөрийг нэг ч удаа төлөөгүй бөгөөд алданги бодогдож гарсан 951,000 төгрөг, нийт 4,776,000 төгрөгийг Б.Огээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т, О нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК-иас Б.Отэй байгуулсан 2018 оны 10 сарын 19-ний өдрийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 2,550,000 төгрөг, алданги 1,275,000 төгрөг, орон сууцны СӨХ-ны төлбөр 951,000 төгрөг, нийт 4,776,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гарган, хянан шийдвэрлэгдэж байгаа билээ. Түрээсийн гэрээний төлбөр төлөгдөн орж ирсэн дансны хуулгыг үзэхэд Б.Огээс нийт 5 450 000 төгрөг төлөгдсөн байх бөгөөд Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 1 750 000 төгрөг байхаар байна. Иймд

  • 2019 оны 2, 3, 4 сарын түрээсийн төлбөрөөс тус бүр 50 000 төгрөг дутуу төлөгдөж нийт 150 000 төгрөг,
  • 2019    оны 6, 7 сарын түрээсийн төлбөр нийт 1 600 000 төгрөг,
  • 2019 оны 07 сарын 24-ний өдрөөс 2020 оны 01 сарын 17-ны өдөр хүртэлх алданги 875 000 төгрөг
  • 2018 оны 11 дүгээр сараас хойш СӨХ-ны төлбөрийг нэг ч удаа төлөөгүй бөгөөд алданги бодогдож 951 000 төгрөг

Нийт 3 576 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1 200 000 төгрөгөөр багасгаж, 3 576 000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул Б.Огээс 3 576 000 төгрөгийг гаргуулж өгнө гэв.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн төлбөрт 1 750 000 төгрөг, алданги 875 000 төгрөг, СӨХ 951 000 төгрөг, нийт 3 576 000 төгрөг гаргуулна. Нэхэмжлэлийн өмчлөлийн орон сууцыг сарын 800 000 төгрөгөөр хөлслүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний 5.2.4 заасан түрээсийн төлбөрийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй. Мөн СӨХ-н төлбөрийг хариуцагч төлөөгүй. Иймд нэхэмжлэл гаргаж байгаа юм гэв.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээ байгуулаад 2018 оны 10 сараас эхлэн гэр бүлийн хамт амьдарч эхэлсэн. 2019 оны 2 сараас төлбөрөө дутуу төлж эхэлсэн. 5 сараас огт төлөөгүй. Улмаар нэхэмжлэгч нь төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлсэн. 7 сарын 24 гэхэд төлбөрөө төлөхгүй бол алданги тооцохоор заасан. Мэдэгдэлд заасан хугацаа өнгөрсөн боловч төлбөрөө төлөөгүй. Гэрээнд заасны дагуу алданги тооцогдож эхэлсэн. Мэдэгдэл хүргүүлээд орон сууцыг суллаж өгсөн. 7 сарын 20 хүртэл гэрээний дагуу тооцоо хийсэн. 2018.10.20-2109.7.20 хүртэл 9 сар амьдарсан. Хариуцагч нь 5 450 000 төгрөг нийт төлсөн. Алдангийг 7 сарын 24-с нэхэмжлэл гаргах хүртэл 1 750 000 төгрөг тооцсон. Илүү гарсан тул 50 хувиар тооцсон. Гэрээний 6.2-т алдангийн талаар заасан. СӨХ-н төлбөр нь огт төлөгдөөгүй. Үүнийг нэхэмжлэгч тал төлсөн. Эд хөрөнгийг ашиглаж байсан тул ашиглалтын зардлыг төлөх ёстой. Эвлэрэх боломжгүй. Анх 5 сарын төлбөрийг илүү шаардсан гээд шаардлагаа багасгасан. Нийт 5 450 000 төгрөг авсан гэсэн баримтаа гаргаж өгсөн. Бид 5 сарын төлбөрийг төлөөгүй гэж нэхэмжлэл гаргасан боловч төлөгдсөн гэдгийг мэдээд хасаж шаардлагаа багасгасан гэв.

 

            Хариуцагч Б.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О намайг “Г” ХХК нь 2020.01.17-нд хариуцагчаар 4,776,000₮ төлүүлэх өргөдөл өгсөн байна. 2018.10.19-ний түрээсийн гэрээгээр байрыг түрээслэн 2019.07.24 хүртэл суусан. Гэрээ хийсэн Даваажав нь сар бүрийн түрээснээс гараж ашиглаагүй 50,000₮ хасаж тооцно гэсэн тул 750,000₮ гэж бодож төлж байсан. Миний тооцоогоор түрээсийн үлдэгдэл төлбөр байхгүй. 2019.7.22-нд Н, Д нар ирж хэл амаар доромжлон байрнаас хөөж цоожны гол сольж байр суллахыг шаардан цагдаа дуудсан цагдаа ирээд та нар ингэж болохгүй цоожны голыг ч сольж болохгүй гэж хэлсэн. Энэ үед гэрч байсан миний эгч Буянцэцэг яаралтай хагалгаанд орохоор Өмнөговь аймгаас ирсэн байсан юм. 2019.07.24-нд байрыг нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. 2019.07.22 миний төрсөн өдөр зочид, найз нөхөд ирсэн байхад намайг хэл амаар доромжлон найз нөхдийн өмнө эвгүй байдалд оруулан дайрч давшлан цагдаа дуудаж амгалан тайван байдал алдагдуулж сэтгэл санааны гүн хямралд оруулан танхайрсан. Миний эгч 2019.7.23-нд хагалгаанд орж гараад бид байрнаасаа хөөгдөж очих газар байхгүй тул Өмнөговь уруу замын унаагаар эгчийгээ авч явсан. Хагалгаанд ороод удаагүй байсан учраас хагалгаа нь хүндэрч би эгчийгээ 1 сар бүтэн асарч халамжилсан. 2019.5-н сараас хойш одоог хүртэл ажилгүй байгаа учраас оюутан хүүхдээ хүртэл жилийн чөлөө авахуулсан. Одоо хүртэл орох оронгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний хүү Ц-ийн данснаас төлсөн 750 000 төгрөгийг тооцоогүй байна. Хамгийн сүүлийн төлбөр 5 сарын 23-нд төлөгдсөн. Бид нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй. Даваажав нь компанийг төлөөлөх эрхгүй юм. Хэрэгт хуулбар хувь дээр тамга дарсан хуулбар өгсөн байна. Гэрээгээр СӨХ-н төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. 7 сарын 24-нд орон сууцыг хүлээлгэж өгсөн. Ингээд гэрээний эрх үүрэг дуусгавар болсон. Гэрээнд торгууль гэж байгаа боловч алданги гэж байхгүй. Энэ нь хуулийн 232-т нийцэхгүй. Мөн гараж ашиглаагүй бол 750 000 төгрөгөөр тооцно гэж тохирсон. Нийт 6 200 000 төгрөг төлсөн. 2 сар 800 000 төгрөг төлсөн тул зөрүү 100 000 төгрөг тооцогдоно. Төлбөр нь Нямсүрэнгийн дансанд шилжиж орж байсан. Би одоо 450 000 төгрөг төлөх ёстой. Бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4,776,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 3,576,000 төгрөг болгон багасгажээ.

 

Хариуцагч Б.О нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаас 450,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, бусад хэсгийг төлсөн, алданги тооцох үндэслэлгүй, СӨХ-ны төлбөр төлөхөөр тохиролцоогүй тул үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагчид 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 9 сарын хугацаанд хөлслүүлсэн гэж тайлбарласан бол хариуцагч нь үүнийг үгүйсгэж маргаагүй, зөвшөөрсөн. Иймд зохигчийн хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Харин нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлөх хөлсийг сарын 800,000 төгрөг гэж тайлбарласан бол хариуцагч нь гараж ашиглаагүй гэсэн үндэслэлээр 750,000 төгрөг гэж маргасан.

 

Хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн түрээсийн гэсэн нэртэй гэрээ байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болохгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь уг гэрээний эх хувь байхгүй гэж тайлбарласан тул шүүх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нотлох баримт гаргуулах боломжгүйг дурдах нь зүйтэй. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүрэгт хамаарах, өөрөөр хэлбэл зохигч гаргах боломжтой баримтыг шүүх өөрийн санаачлагаар гаргуулахгүй юм.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч болох хуулийн этгээдтэй гэрээ байгуулаагүй, харин иргэн Х.Д-тай гэрээ байгуулсан гэж маргасан. Гэвч нэхэмжлэлд дурдсан 24 тоот орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь 000076547 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 18 дугаар тал/ Иймд нэхэмжлэгч нь энэхүү орон сууцыг хөлслүүлсэн хөлсийг шаардах эрхтэй юм.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн маргаж буй 1 сарын хөлсний хэмжээг 800,000 төгрөг гэсэн тайлбараа нэхэмжлэгч нотолж чадаагүй тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээ болох 750,000 төгрөгний хөлс төлөхөөр тохиролцсон гэж үзлээ.

Үүнээс тооцвол хариуцагчид гэрээний дагуу 9 сарын хугацаанд нийт 6,750,000 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

 

Мөн хариуцагч нь гэрээний дагуу 6,200,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан бол нэхэмжлэгч нь 5,450,000 төгрөг төлсөн гэж маргасан. Улмаар хариуцагч нь дээрх хуульд заасан үүргийн дагуу өөрийн төлсөн төлбөрийн хэмжээг нотлоогүй тул нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээ болох 5,450,000 төгрөг төлөгдсөн гэж үзнэ.

 

Үүнээс гүйцэтгээгүй үүргийн дүнг тооцвол 1,300,000 төгрөгний хөлс төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

 

Хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан гэрээ ирүүлээгүй боловч хариуцагч нь хэрэгт байгаа гэрээг байгуулсан гэдгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зөвшөөрсөн. Гэвч уг гэрээнд алдангийн талаар заагаагүй тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй. Тодруулбал гэрээний 6.2-т 0.5 хувийн торгууль гэж заасан бөгөөд торгууль гэдэг нь анзын 1 төрөл бөгөөд гэрээнд ийнхүү заасныг алданги гэж шууд үзэхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нотлох баримтын шаардлага хангасан гэрээг шүүхэд ирүүлээгүй тул зохигчид бичгэн хэлбэрийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй байна. Иймд алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцэхгүй юм.

 

Мөн нэхэмжлэгч нь хөлсөлсөн орон сууцтай холбогдох СӨХ-ны төлбөр буюу ашиглалтын зардлыг хариуцагч төлөхөөр тохиролцсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй, хариуцагч уг тайлбарыг үгүйсгэж маргасан. Улмаар нэхэмжлэгч нь СӨХ-ны төлбөр шаардах хууль зүйн үндэслэлээ нотолж чадаагүй. Иймд СӨХ-ны төлбөрийг шаардах эрхгүй байна.

 

Эдгээр үндэслэлийг нэгтгэн дүгнээд хариуцагчаас 1,300,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хариуцагч Б.Огээс түрээсийн гэрээний үүрэгт 1,300,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,276,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ГАНБОЛД