Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01546

 

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/01393 дугаар шийдвэртэй, .................. ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.............г нарт холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 27 471 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Арслан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь дарс, оргилуун дарс, коняк, виски, брэнди, архи, ликор зэрэг согтууруулах ундааг импортоор оруулан Монгол Улсын зах зээлд борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. ...................... ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 18/24 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулан өөрсдийн бүтээгдэхүүнийг борлуулсны дараа төлбөрийг авах нөхцөлөөр бүтээгдэхүүн нийлүүлсэн. Худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчийн ажиллуулдаг Баянзүрх дүүргийн Нарантуул захын өргөтгөлд байрлах бөөний төвд бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр 18,314,200 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах шаардлагыг хүргүүлсэн. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.6.1-д хэсэгт заасны дагуу cap бүрийн 25-ны өдөр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн боловч энэхүү үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алдангийг нийлүүлэгч талд худалдан авагч нь төлөх үүргийг хүлээсэн тул 18,314,200 төгрөгийн үлдэгдэл төлбөрт, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтэрсэн тул алдангийг 9,157,100 төгрөгөөр тооцож, нийт 27,471,300 төгрөгийг хариуцагч ................... ХХК-аас гаргуулах хүсэлтэй байна. .............. ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч гэдэг үндэслэлээр ............... хариуцагчаар татсан боловч гэрээг компанитай байгуулсан учир түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Түүнийг хариуцагчаас чөлөөлж байна гэжээ.

 

Хариуцагч болоод хариуцагч компанийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 18,314,200 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Төлбөрийн чадваргүй учир алданги төлөх боломжгүй, мөн компаниараа гэрээ байгуулсан тул П.Н миний бие иргэний хувиар хариуцагч болох үндэслэлгүй гэж үзэж байна. Манай компани нэхэмжлэгч компаниас 2019 онд авсан бүтээгдэхүүний үнэ болох 18,314,200 төгрөгийг төлөөгүй нь үнэн. Энэ төлбөрийг төлөх эцсийн хугацаа 2019.03 сар байсан боловч төлөгдөөгүй. Манайх дэлгүүрээ 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс ажиллуулахаа больсон тул дахин бүтээгдэхүүн аваагүй. Манай компанийн үйл ажиллагаа зогссоны улмаас төлбөр төлөх боломжгүй болсон. Иймд үндсэн төлбөрийг төлнө. Харин алданги төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Ж АХХК-аас 27,471,300 төгрөгийг гаргуулж Н-У ЭХХК-д олгож, хариуцагч П.Н холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,307 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж АХХК-аас 295,307 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн хариуцагч Ж АХХК-аас алданги 9 157 100 төгрөг гаргуулж шийдвэрлэсний эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр төлбөр төлөх нөхцөлийг бэлэн мөнгөөр, тухайн сардаа багтаан төлөх, дараа төлөгдөх гэж өөрөөр тодорхойлсон ба Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд Худалдах худалдан авах гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж үзэн алдангийн төлбөрт 9 157 100 төгрөгийг шаардсан боловч үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээнд ойлгомжтой тодорхойлоогүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг талууд тодорхой тохиролцсон байх ёстой. Гэвч анхан шатны шүүх талууд төлбөрийн аль нөхцөлийг сонгосон нь тодорхойгүй байна гэж үзэхдээ хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн 2019 оны 3 дугаар сарыг үүрэг гүйцэтгэх эцсийн хугацаа байсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлагын үндэс болж буй байдлын талаарх баримтаа гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч байгууллага нь энэ төрлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг хуулийн этгээд байх ба байнга хэрэглэгдэх нөхцөл бүхий гэрээг худалдан авагч нартай байгуулдаг. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасан. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 18/24 тоот Худалдах худалдан авах гэрээ-нд заасан төлбөр төлөх нөхцөл тодорхойгүй буюу ойлгомжгүй байх тул үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, хариуцагч алданги төлөх үндэслэлгүй болно. Нөгөөтэйгүүр, алданги төлөх талаар талууд харилцан тохиролцоогүй боловч 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 18/24 тоот Худалдах худалдан авах гэрээ-нд алданги төлөхөөр заасныг хариуцагчийн зүгээс хожим мэдсэн. Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

 

Нэхэмжлэгч ..........ХХК нь хариуцагч .............. нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 27 471 300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл талууд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 18/24 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Н-У ЭХХК нь импортоор оруулж ирсэн дарс, оргилуун дарс, коняк, виски, брэнди, импортын архи, ликор зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч Ж АХХК нь бүтээгдэхүүний үнийг төлөхөөр тохиролцсон байна. /1хх6-9/

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж бараа бүтээгдэхүүний үнийн үлдэгдлийг алдангийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч 2018 оны 6 дугаар сараас эхлэн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнээс хариуцагч ............ ХХК 18 314 200 төгрөгийг төлөөгүй байх ба зохигчид төлбөрийн үлдэгдлийн талаар маргаагүй. Харин хариуцагч төлбөрийн чадваргүй гэх үндэслэлээр алдангийг төлөх боломжгүй гэж тайлбарлажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 3.6.1-т Худалдан авагч бүтээгдэхүүний үнийг сар бүрийн 20-ны өдрөөс 25-ны өдөрт багтаан төлнө гэж заасан бөгөөд гэрээний 7.6-д Худалдан авагч нь бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан алдангийг шаардах эрхтэй.

 

Хэрэгт алдангиас чөлөөлөх талаар нотлох баримт авагдаагүй, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасанд нийцэж байх тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/01393 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161 470 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

 

А.МӨНХЗУЛ