Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2020/01393

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А” ХХК,

Хариуцагч: Н нарт холбогдох,   

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 27,471,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Арслан,  хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Н, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай компани нь дарс, оргилуун дарс, коняк, виски, брэнди, архи, ликор зэрэг согтууруулах ундааг импортоор оруулан Монгол Улсын зах зээлд борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. “А” ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 18/24 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулан өөрсдийн бүтээгдэхүүнийг борлуулсны дараа төлбөрийг авах нөхцөлөөр бүтээгдэхүүн нийлүүлсэн.

Худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчийн ажиллуулдаг Баянзүрх дүүргийн Нарантуул захын өргөтгөлд байрлах бөөний төвд бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр 18,314,200 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах” шаардлагыг хүргүүлсэн. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.6.1-д хэсэгт заасны дагуу cap бүрийн 25-ны өдөр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн боловч энэхүү үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна.

Гэрээний 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алдангийг нийлүүлэгч талд худалдан авагч нь төлөх үүргийг хүлээсэн тул 18,314,200 төгрөгийн үлдэгдэл төлбөрт, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтэрсэн тул алдангийг 9,157,100 төгрөгөөр тооцож, нийт 27,471,300 төгрөгийг хариуцагч “А” ХХК-аас гаргуулах хүсэлтэй байна.

“А” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч гэдэг үндэслэлээр Нийг хариуцагчаар татсан боловч гэрээг компанитай байгуулсан учир түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Түүнийг хариуцагчаас чөлөөлж байна гэв.

 

Хариуцагч болоод хариуцагч компанийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаас 18,314,200 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Төлбөрийн чадваргүй учир алданги төлөх боломжгүй, мөн компаниараа гэрээ байгуулсан тул Н миний бие иргэний хувиар хариуцагч болох үндэслэлгүй гэж үзэж байна.

Манай компани нэхэмжлэгч компаниас 2019 онд авсан бүтээгдэхүүний үнэ болох 18,314,200 төгрөгийг төлөөгүй нь үнэн. Энэ төлбөрийг төлөх эцсийн хугацаа 2019.03 сар байсан боловч төлөгдөөгүй. Манайх дэлгүүрээ 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс ажиллуулахаа больсон тул дахин бүтээгдэхүүн аваагүй. Манай компанийн үйл ажиллагаа зогссоны улмаас төлбөр төлөх боломжгүй болсон.

Иймд үндсэн төлбөрийг төлнө. Харин алданги төлөх боломжгүй гэв.

 

Шүүх зохигчдоос гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “А” ХХК, Н нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 27,471,300 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нээс нэхэмжлэх зүйлгүй гэж тайлбарлаж, нэхэмжлэлээр шаардсан 27,471,300 төгрөгийг бүхэлд нь “А” ХХК-аас гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал болоод хариуцагч Н нь иргэний хувиар гэрээ хийгээгүй учир хариуцагч нь хуулийн этгээд байх ёстой, хуулийн этгээдийн хувьд үндсэн төлбөр 18,314,200 төгрөгийг төлнө, төлбөрийн чадваргүй учир алданги төлөхгүй гэсэн тайлбар гаргаж маргасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Нээс шаардах шаардлага байхгүй гэх тайлбарыг гаргасан тул шүүх түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, дараах үндэслэлээр хариуцагч “А” ХХК-д холбогдох нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Зохигчдын хооронд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 18/24 тоот “худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч “Н” ХХК нь импортоор оруулж ирсэн дарс, оргилуун дарс, коняк, виски, брэнди, импортын архи, ликор зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч “А” ХХК нь бүтээгдэхүүний үнийг төлөх үүргийг харилцан хүлээжээ.

 

Талуудын хооронд бичгээр байгуулагдсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байх зохигчдын хэн аль нь гэрээ байгуулсан эсэх болоод түүний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул шүүх хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч “Н” ХХК нь 2018 оны 6 дугаар сараас эхлэн тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагч “А” ХХК-д нийлүүлж байсан бөгөөд ийнхүү нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнээс 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 18,314,200 төгрөг төлөгдөөгүй байгаа болох нь талуудын маргаагүй тайлбараар тогтоогдож байна.

 

Талууд ийнхүү үлдэгдэл төлбөрийн дүнд болон шилжүүлэн авсан бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, чанарын талаар маргаагүй тул шүүх нэхэмжлэгч нь хэзээ, хэдэн төрлийн, ямар хэмжээтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, хариуцагч хэзээ, хэдэн төгрөгийг төлсөн зэрэг үйл баримтыг нотлох, үүнтэй холбоотой дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

 

Гэрээгээр талууд төлбөр төлөх нөхцөлийг бэлэн мөнгөөр, тухайн сардаа багтаан төлөх, дараа төлөгдөх гэж өөр өөрөөр тодорхойлсон байх ба яг аль нөхцөлийг сонгосон нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан “...үлдэгдэл төлбөрийг төлөх эцсийн хугацаа 2019 оны 3 дугаар сар байсан боловч төлөөгүй нь үнэн” гэсэн тайлбарт үндэслэн мөн хугацааг үүрэг гүйцэтгэх эцсийн хугацаа байсан гэж үзэх нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т нийцнэ.

 

Иймд төлбөр төлөх хугацаа өнгөрсөн тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар шүүх хариуцагчийг төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, “А” ХХК-аас төлбөрийн үлдэгдэл 18,314,200 төгрөгийг гаргуулж “Н” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Талууд гэрээний 7.6 дахь заалтаар “худалдан авагч нь бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгчид төлнө” гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч гэрээний дээрх заалтыг үндэслэн хариуцагчаас алдангид 9,157,100 төгрөг шаардахдаа анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг үндэслэжээ.

 

Хариуцагч 2019 оны 3 дугаар сард багтаан 18,314,200 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийг шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 343 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд энэ хугацааны хоног тутамд 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг тооцоход нийт 31,408,853 /(18,314,200х0,5%)х343/ төгрөг гарч байх ба анзын нийт хэмжээ гүйцэтгээгүй үндсэн үүрэг 18,314,200 төгрөгийн 50 хувиас хэтэрч болохгүй хуулийн заалттай тул нэхэмжлэгчийн алданги шаардсан хэмжээг шүүх хуульд нийцсэн гэж үзэв.

 

Хариуцагч нь төлбөрийн чадваргүйгээс анз төлөх боломжгүй гэх тайлбараа дэмжсэн нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул шүүх түүний төлөх анзын хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан үндэслэлээр багасгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

 Талууд анзын гэрээг бичгээр байгуулсан, алданги тооцох хувь хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан 0,5 хувиар тогтоосон, нэхэмжлэгч алданги шаардахдаа анзын хэмжээг нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлээгүйн гадна Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан татгалзах эрх хариуцагчид үүсээгүй учир шүүх хариуцагчийг алданги төлөх үүрэгтэй гэж үзлээ.

 

Иймд шүүх хариуцагч “А” ХХК-аас үндсэн төлбөр 18,314,200 төгрөг, түүнийг төлөх хугацааг хэтрүүлснээс үүссэн алданги 9,157,100 төгрөг буюу нийт 27,471,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “А” ХХК-аас 27,471,300 төгрөгийг гаргуулж “Н” ХХК-д олгож, хариуцагч Нт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,307 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-аас 295,307 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор ирж гардан авах үүрэгтэй ба эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

                           

ДАРГАЛАГЧ                                             Ө.УЯНГА