Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01354

 

 

 

Д.Днэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/01470 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Дхариуцагч Э.Эхолбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 19 268 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, өмгөөлөгч С.Соёлмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгосүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 25 минутын үед эхнэр Д.Днэр дээр байдаг тоёота ландкрьюзер VХR маркийн ... УБЭ улсын дугаартай автомашиныг жолоодон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ривер гарден хороололд байдаг нийтийн эзэмшлийн гараашаас гарч цагт багцаагаар 10-15 км цагийн хурдтай хотхоны гадна талд байдаг адил замын уулзварт орж явахад шевролет маркийн ... УНГ улсын дугаартай Э.Эрдэнэчимгийн эзэмшлийн автомашиныг жолоодож явсан Э.Онь замын хөдөлгөөний дүрэмд заасан адил замын уулзварт аль баруун гар талдаа саадгүй тээврийн хэрэгсэп уулзварт түрүүлж замын хөдөлгөөнд оролцоно гэсэн заалтыг зөрчин, миний унаж явсан автомашиныг мөргөж, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан. Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс шалгаад Э.Огэм буруутай болох нь тогтоогдсон. Дээрх зөрчлийн хэрэг гарснаас хойш хугацаанд иргэн Э.Оюу-Эрдэнээс удаа дараа эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөхийг шаардсан боловч эхлээд янз бүрийн шалтаг шалтгаан ярьж, сүүлийн үед үл тоомсорлон, тэр шүүхдээ өг гэж хэлэн миний хохирлыг барагдуулаагүй болно. Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 15 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасны дагуу Шевролет маркийн ... УНГ улсын дугаартай суудлын автомашины өмчлөгч буюу эзэмшигч нь Э.Э тул түүнээс учирсан хохирлоо нэхэмжлэх үндэстэй гэж үзсэн. Эхнэр Д.Днэр дээр байдаг тоёота ландкрьюзер VХR маркийн ... УБЭ улсын дугаартай шинэвтэр автомашиныг 2016 оны 8 дугаар сард Таван богд группээс авсан автомашин юм. Эд хөрөнгөд учирсан техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг Ухаа-Шүрт консалтинг ХХК-ийн албан ёсны үнэлгээний төвөөр хийлгэсэн ажлын хөлс 600 000 төгрөг, автомашины хохирол 17 088 400 төгрөг, тоёотагийн машинд техникийн эвдрэл гэмтлийн үнэлгээ хийсэн ажлын хөлс 80 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөг, нийт 19 268 400 төгрөгийг Э.Эээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би 2019 оны 3 дугаар сарын 19-ний өглөө дүү Э.Оажлын газарт яаралтай хуралтай, машинаа түр унуулаач гэсэн гуйлтынх нь дагуу тусалж, өөрийн өмчлөлийн Шевролет маркийн ... УНГ автомашинаа өгсөн. Ингээд тухайн өдрийн 11 цаг 20 минутын орчимд нэг машинд мөргүүлчихлээ гэж залгасан. Дээрх зөрчил гарснаас хойш Э.Оэмнэлэг цагдаагийн байгууллагаар байнга явж, ажил хийх ямар ч нөхцөлгүй болсон тул өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Хэргийг шалгасан цагдаагийн ажилтан эмэгтэй илт мөнгөтэй эрх мэдэлтэй энэ хүний талд үйлчилж, ямар нэгэн хурд хэтрүүлээгүй мөрөөрөө явж байсан хүнийг автомашин мөргөсөн гэж торгосон. Энэ асуудлаар бид Авилгатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газрын ёс зүйн хороонд хандсан байгаа. Бас зөрчлийн хэрэг үүсгэн хэт нэг талыг барьж биднийг дорд үзэн харьцсан. Ийм нөхцөл байдалд миний дүү айсандаа шүүхэд өг гэж Н.Ахэлсэн байсан. Гэтэл Н.А Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.5-д дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 15.5.д-д хороолол замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км/ц, 15.12-д дарааллын тэмдэггүй уулзварыг нэвтрэхийн өмнө жолооч уг уулзварт нийлсэн зорчих хэсгүүдийн гадаргуугийн ялгааг тодорхойлох боломжгүйгээс нэвтрэх дараалал тодорхойлоход хүндрэлтэй байвал өөрийгөө туслах замаар яваад тооцно, 19.4-т жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа оролцогчдод зам тавьж өгнө гэж заасныг ноцтой зөрчсөн. Иймд эдгээрийг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бараг шинэ машин авах мөнгө шаардаж байгаа нь шударга бус явдал гэж ойлгож байна. Маргаантай асуудлыг зөвхөн хуулийн дагуу үнэн зөвөөр бодит факт баримт, нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Эээс 17 688 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Долгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 580 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254 292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эээс 246 392 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Долгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхээс дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт заагдсан шинжээч Лэндс ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэнд заагдсан хохирол болох 17 088 400 төгрөгийг бүрэн гаргуулахаар болсныг эсэргүүцэж байна. Шинжээч чухам юуг, ямар нотлох баримтыг үндэслэн энэхүү дүгнэлтийг гаргасан, засварын мөнгө төлсөн нотлох баримт хэрэгт огт байхгүй байхад шүүх бүрэлдэхүүн хуулийг ноцтой зөрчин, зөвхөн нэхэмжлэгчийн аман яриагаар буюу ийм хэмжээний мөнгө төлсөн гэж хэлснийг урьдаас хөдөлбөргүй үнэн гэж нотлох баримт мэтээр үнэлэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Энд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалт ноцтой зөрчигдсөн юм. Шүүгчийн асуултанд нэхэмжлэгч Н.А нь машинаа Дельта сервис ХХК-аар засуулсан гэдэг бөгөөд тэр засуулсан баримт хаана байна гэхэд надад байгаа гээд шүүхэд гаргаж өгөөгүй зөвхөн шүүх хуралдааны төгсгөлд цүнхнээсээ баахан баримт гарган бидэнд үзүүлээд далд хийсэн. Хүний өмнөөс хохирол төлбөр гаргуулах гэж байгаа тэгээд ч бага бус их хэмжээний 17 688 400 төгрөг нэхэмжлэгчид гаргаж өгч байгаа шүүх бүрэлдэхүүн ийм шударга бус шийдвэр гаргаж болохгүй гэж би иргэн хүний хувьд үзэж байна. Угаасаа зам тээврийн зөрчлийн хэрэг дээр ч А нь өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан нэр нөлөөгөө ашигласан гэж Эрдэнэчимэг, Оюу-Эрдэнэ нар үздэг. Иргэн хүнд сэжиглэх эрх бас бий. Шинжээчийн дүгнэлт гэдэг бол нотлох баримтын зөвхөн нэг хэсэг бөгөөд энэ хэргийг бүрэн шийдвэрлэхэд хангалттай нотолгооны хэрэгсэл биш юмаа. Нэхэмжлэгч автомашинаа ямар байсныг нь ямар болгосныг ядаж гэрэл зургаар харах, одоо замын хөдөлгөөнд оролцож байгаа эсэхийг тодруулах, мөн хариуцагчийн төлбөрийн чадвар ямар байгаа зэргийг шүүх анхааран үзэж болох байсан. Хэргийг сайтар нягтлан үзэж, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Э.Эхолбогдуулан автомашинд учирсан хохирол 17 088 400 төгрөг, автомашины хохирлын болон техникийн эвдрэл гэмтлийн үнэлгээ хийлгэсэн хөлс 680 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөг, нийт 19 268 400 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер гарден хотхоны хойд замд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 25 минутын үед Шевролет маркийн ... УНГ улсын дугаартай автомашины жолооч Э.Оюун-Эрдэнэ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.8-д заасан адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг зөрчиж Тоёота ланд крузер 200 маркийн 00-26 УБЭ улсын дугаартай Н.Аын жолоодон явсан автомашиныг мөргөж хохирол учруулсан, Э.Одээрх зөрчилд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 100 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан болох нь хэрэгт авагдсан Тээврийн цагдаагийн албаны зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогджээ. /хх6-17/

 

Зохигчид зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл, автомашинд учирсан хохирлын хэмжээний талаар маргасан байна.

 

Хэрэгт нэхэмжлэгчийн автомашинд бодитоор учирсан хохирлын хэмжээг эргэлзээгүй тогтоосон баримт авагдаагүй байхад шүүх Ухаа шүрт консалтинг ХХК болон Лэндс ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланд үндэслэж нэхэмжлэгчийн автомашинд нийт 17 088 400 төгрөгийн хохирол учирсан гэж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Ухаа шүрт консалтинг ХХК нь Таван богд ХХК-ийн авто сэлбэгийн үнийн санал, Лэндс ХХК нь Ухаа шүрт консалтинг ХХК болон Таван богд ХХК-ийн үнийн санал, фото зурагт үндэслэн үнэлгээ гаргасныг бодитоор хохирлын хэмжээг тогтоосон гэж үзэхгүй. /хх36-40, 47-51/ Автомашины эд ангиудад эвдрэл гарсан нь зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг зэргээр тогтоогдож байгаа боловч уг эвдрэлийг сэргээн засварлахад бодитой гарсан зардлыг нотлосон баримтгүй байна.

 

Нэхэмжлэгч автомашинаа Дельта сервис ХХК-аар засуулсны дараа шинжээчээр хохирлын үнэлгээ хийлгэсэн, уг үнэлгээг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэж тайлбарладаг боловч хэрэгт автомашиныг засуулахаас өмнөх байдал, засвар үйлчилгээ хийлгэсэн хөлсний талаарх баримт авагдаагүй байна.

 

Түүнчлэн, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгчийн автомашины урд буфер, их гэрэл, нүүр, хормой эвдэрсэн гэж тусгагдсан байхад үнэлгээний тайланд ... копут, зүүн урд крыло, зүүн урд их гэрэл, баруун урд их гэрэл, их гэрлийн хамгаалалт, урд нүүр, их гэрлийн баруун болон зүүн никель, урд буфер, урд буферийн сетка, урд буферийн хөөсөн пампер, их гэрлийн хамгаалалт ... Лэндс ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд ... урд буферийн сетка баруун, зүүн, урд буферийн дотор хөөсөнцөр, баруун урд крыло, моторын доод хаалт, их гэрлийн уг шүршигч, таг зүүн ... эвдэрч гэмтсэн гэж зөрүүтэй байдлаар бичигдсэн байна. Иймд ослын улмаас автомашинд ямар эвдрэл үүссэн, үүнийг сэргээн засварлахад гарсан зардлыг тодруулан хэргийг нэг мөр шийдэрлэх нь зүйтэй. /хх36-37, 47-51/

 

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн учруулсан гэм хорын хэмжээг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/01470 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 392 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

А.МӨНХЗУЛ