Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00610

 

Д.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/01470 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1354 дүгээр магадлалтай,

Д.Дгийн нэхэмжлэлтэй,

Э.Эт холбогдох,

Гэм хорын хохиролд 19,268,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтан-Очирын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Соёлмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Э.Эт холбогдуулан автомашинд учирсан хохирол 17,088,400 төгрөг, автомашины хохирлын болон техникийн эвдрэл гэмтлийн үнэлгээ хийлгэсэн 680,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, нийт 19,268,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/01470 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Эээс 17,688,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,580,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эээс 246,392 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1354 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/01470 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,392 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтан-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2020.07.08-ны өдөр хүлээн авч танилцаад хүлээн зөвшөөрөхгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1 дүгээр зүйлд зааснаар дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Магадлалд 2019.03.19-ний өдрийн Зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгчийн автомашины урд буфер, их гэрэл, нүүр хормой эвдэрсэн гэж тусгагдсан, Үнэлгээний тайланд “...копут, зүүн урд крыло, зүүн урд их гэрэл, баруун урд их гэрэл, их гэрлийн хамгаалалт, урд нүүр, их гэрлийн баруун болон зүүн никель, урд буфер, урд буферийн сетке, урд буферийн хөөсөн пампер, их гэрлийн хамгаалалт...”, “Лендс” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд “...урд буферийн сетке, баруун, зүүн, урд буферийн дотор хөөсөнцөр, баруун урд крыло, моторын дотор хаалт, их гэрлийн уг шүршигч, таг зүүн...” эвдэрч гэмтсэн гэж зөрүүтэй байдлаар бичигдсэн байна. Иймд ослын улмаас ямар эвдрэл үүссэн, үүнийг сэргээн засварлахад гарсан зардлыг тодруулан хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.

4.2. Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8.1 дүгээр заалтад зааснаар цагдаагийн албаны чиг үүрэг нь “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахын тулд зам тээврийн осол гаргасан газар зам тээврийн ослын үзлэг хийхдээ замын хөдөлгөөнд оролцогчид замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэхийг тогтоох ажиллагааг тогтоох ба машинд учирсан нүдэнд ил харагдах гэмтлийг бичих боломжтой болохоос биш машинд учирсан нүдэнд харагдахгүй оношилгоогоор тогтоох боломжтой эвдрэл гэмтлийг хэргийн газрын үзлэг хийх үед тогтоож тэмдэглэлд бичих боломжгүй гэж үзэж байна. 2019.03.19-ний өдрийн Зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгчийн автомашины урд буфер, их гэрлүүд, нүүр хормой эвдэрсэн гэж олон тоон дээр тусгагдсан ба их гэрэл ганц тоон дээр бичигдээгүй байна.

4.3. Ланд Круйзер VХR-200 маркийн 00-26 УБЭ дугаартай автомашинаа 2016.08.16-ны өдөр Тоуоtа-ийн албан ёсны дилер “Таван богд” ХХК-аас цоо шинээр худалдаж авсан юм. 2019.03.20-ны өдөр баталгаат засварын 3 жилийн хугацаа дуусаагүй байсан тул 80,000 төгрөг төлж, “Таван богд” ХХК-ийн засварын төвд оношилгоо хийлгэж засуулахаар хандахад тус байгууллагын мэргэжлийн үнэлгээний ажилтнууд урьдчилан үзлэг хийж эвдэрсэн эд зүйлийг нэг бүрчлэн хянан жагсааж, авто машины эд анги шинээр солих, сэлбэг худалдаж авах, засвар үйлчилгээний ажлын хөлсний бодит хохирол 21,024,800 төгрөг болох талаар гаргаж өгсөн “Таван богд” ХХК-ийн засварын төвийн үнийн санал, 2019.03.25-ны өдөр үнэлгээний компани “Ухаа Шүрт Консалтинг” ХХК-аар /233/19 тоот улсын бүртгэлийн тусгай зөвшөөрөлтэй/ хийлгэсэн үнэлгээний тайлан, Иргэн хариуцагч Э.Э нь “Ухаа Шүрт Консултинг” ХХК мэргэжлийн үнэлгээчдийн гаргасан дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилохоор хүсэлт гаргаж шүүхээс шүүгчийн захирамжаар томилогдсон “Лэндс” ХХК-ийн үнэлгээчдийн гаргасан 2019.09.10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэргийг хянаж үзэхэд магадлалд дурдагдсан ослын улмаас машинд учирсан гэмтлүүд зөрүүтэй тэмдэглэгдсэн зүйл алга байна.

4.4. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч Э.Эийн зүгээс “Лэндс” ХХК-ийн 2019.09.10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах болон нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй тул шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд буюу Э.Э уг учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Э ямар нэг байдлаар хохирлоо төлж барагдуулаагүй тул бусдад учруулсан хохирлоо мөнгөөр төлөх үүрэгтэй гэж заасан. Зам тээврийн осол гарсан 2019.03.19-ний өдрөөс хойш иргэний хариуцагч Э.Эийн төрсөн дүү тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан н.Оюу-Эрдэнэ болон түүний гэр бүлийн хүн нөхөрт нь олон удаа утсаар ярьж, мессеж илгээн автомашиныг байдлаар нь учирсан хохирлыг өөрийн биеэр ирж үзэхийг гуйж, харилцан тохирч автомашины сэлбэг хэрэгсэл худалдаж авах, засвар үйлчилгээ хийх талаар ярих хүсэлттэй байгаагаа уламжлах гэж 3-н удаа өдөр, цаг, уулзах газар товлоод хүлээгээд ирээгүй бөгөөд сүүлдээ утсаа авахаа больж зугтаан, үл тоомсорлон тэр хуулийн байгууллагадаа өг яадаг юм гэж хэлээд алга болсон юм.

Иймд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д зааснаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Э.Эт холбогдуулан автомашинд учирсан хохирол 17,088,400 төгрөг, автомашины хохирлын болон техникийн эвдрэл гэмтлийн үнэлгээ хийлгэсэн 680,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, нийт 19,268,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...дүү Э.Оюу-Эрдэнэ..., ямар нэгэн хурд хэтрүүлээгүй мөрөөрөө явж байсан, автомашин мөргөсөн гэж торгосон, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, гэтэл Н.Алтан-Очир Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг ноцтой зөрчсөн, шинэ машин авах мөнгө шаардаж байгаа нь шударга бус явдал гэж ойлгож байна. Маргаантай асуудлыг зөв шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

8. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо, “...хэрэгт нэхэмжлэгчийн автомашинд бодитоор учирсан хохирлын хэмжээг эргэлзээгүй тогтоосон баримт авагдаагүй, ...баримтууд зөрүүтэй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн учруулсан гэм хорын хэмжээг тогтоож эцэслэн шийдвэрлэх боломжгүй” гэсэн дүгнэлт хийсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

9. Хэргийн баримтаас үзэхэд Д.Дгийн өмчлөлийн Тоёото ландкруйзер 200 маркийн 00-26 УБЭ улсын дугаартай автомашиныг Н.Алтан-Очир жолоодон явах үед Э.Эийн өмчлөлийн Шевролет маркийн 30-72 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Э.Оюу-Эрдэнэ мөргөж осол гарснаас тухайн автомашинд эвдрэл учирсан, энэ осолд Э.Оюу-Эрдэнэ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай болох нь тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг мөн зүйлийн 497.2-т заажээ. Э.Оюу-Эрдэнэ гэж буруутай нь тогтоогдсон тул тэрээр учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Харин Н.Алтан-Очирын нэхэмжлэлтэй Э.Оюу-Эрдэнэд холбогдох гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.20-ны өдрийн 183/ШТ2019/00528 дугаар захирамжаар “нэхэмжлэгч нь автомашинд учирсан хохирол шаардсан боловч тухайн автомашины өмчлөгч нь Д.Д ба түүнээс Н.Алтан-Очирт нэхэмжлэл гаргах итгэмжлэл олгоогүй тул нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ” гээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

10. 2020.01.29-ний өдөр Н.Алтан-очир Д.Дг төлөөлж нэхэмжлэл гаргахдаа Э.Оюу-Эрдэнийг бус Шевролет маркийн 30-72 УНГ улсын дугаартай автомашины өмчлөгч Э.Эийг хариуцагчаар татсан байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хэргийн баримт, хариуцагчийн тайлбараас үзэхэд хариуцагч Э.Э дүү Э.Оюу-Эрдэнэд автомашинаа шилжүүлж өгсөн нь тогтоогдсон тул тэрээр Д.Дд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүргийг хуулийн дагуу хүлээхээр байна.

11. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож, Э.Оюу-Эрдэнэд холбогдох зөрчлийн хэргийн талаарх баримт, “Ухаа шүрт консалтинг” ХХК-ийн үнэлгээний тайлан, “Таван богд” ХХК-ийн засварын талаарх үнэлгээний санал, өмнөх Э.Оюу-Эрдэнэд холбогдох хэрэгт түүний хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээч “Лэндс” ХХК-ийн үнэлгээний тайлан зэрэг баримтыг гаргажээ. “Лэндс” ХХК нь автомашинд учирсан хохирлын хэмжээг 17,088,400 төгрөгөөр тогтоосныг нэхэмжлэгч үндэслэсэн байв.

12. Автомашинд учирсан хохирлын хэмжээг засвар хийгдээгүй байдлаар үнэлсэн “Ухаа шүрт консалтинг” ХХК-ийн тогтоосон үнэлгээ, түүнчлэн “Таван богд” ХХК-ийн засвар хийх үнийн санал нь “Лэндс” ХХК-ийн тогтоосон үнэлгээнээс их байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг харьцуулан үнэлж нэхэмжлэгчид учирсан хохирлыг “Лэндс” ХХК-ийн тогтоосон үнэлгээгээр гаргуулсныг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй атал давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирлын хэмжээг тогтоох боломжгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн гэж үзэх боломжгүй.

13. Иймд шүүх эдгээр баримтад тулгуурлан нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээг тогтоосныг хохирлын хэмжээ бодит байдалтай нийцээгүй гэж үзэхгүй бөгөөд хариуцагч татгалзлын үндэслэлээ нотолж, нотлох баримт гаргаагүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн зарим хэсэг буюу автомашиныг засахад гарах зардал, үнэлгээний хөлсөнд төлсөн мөнгө нийт 17,688,400 төгрөгийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

14. Нэхэмжлэгчээс өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 810,000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдол гаргаагүй, өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн агуулгатай гомдол гаргасныг дурдав.

Иймээс нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1354 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/01470 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Д /итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтан-Очир/-гийн 2020.07.20-ны өдөр 246,400 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Д.ЦОЛМОН