Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01576

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01576

 

 

 

 

Г.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01915 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ..............  хариуцагч К ХХК-д холбогдуулан 42 630 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Г.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б миний бие 2019 оны 3 сарын 28-ны өдөр К ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, ........... 4 өрөө 152,84 мкв талбай бүхий орон сууц баригдаж буй орон сууцнаас авахаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу тус компанид би төлбөрийг бүрэн шилжүүлсэн бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00764023 дугаар бүхий гэрчилгээ гаргуулж авсан. Би тавилга захиалах явцад байрны талбайн хэмжилт хийлгэх шаардлага үүсэж байрны талбайд хэмжилт хийлгэхэд анх Камдер ХХК-тай байгуулсан гэрээнээс мкв нь дутсан. Уг хэмжилтийг би хэмжилт хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй Эй Би Эн Дизайн ХХК-аар хэмжилт хийлгэсэн. Би К компанид итгэж, гэрээний дагуу гэрчилгээгээ гаргуулж авсан. Гэтэл байрны метр квадрат анх байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-нд зааснаас 7,35 мкв дутсан учраас би Камдер ХХК-ийн эрх бүхий хүмүүстэй уулзахад бидний гэрээ дуусгавар болсон, бид хариуцахгүй гэж байгаа учраас шүүхэд хандахаас өөр боломжгүй болсон. Тиймээс Орон сууц захиалгын гэрээнд заасан талбайгаас миний хүлээж авсан байрны дутуу 7,35 мкв талбайн зөрүү болох 42,630,000 төгрөгийг К ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К ХХК нь .............. үйлчилгээ, авто зогсоол, орон сууцны зориулалтай барилга байгууламжийг захиалж бариулсан. Уг барилга байгууламж баригдаж дуусахад 2019-03-25-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ирж ажиллан, 2019-03-26-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2019/109 тоот дүгнэлт гаргасан. Камдер ХХК нь тухайн орон сууцны барилгын 1 мкв талбайн үнийг 6,700,000 төгрөгөөр үнэлж, худалдаж байсан бөгөөд нэхэмжлэгч Г.Б нь Энканто таурын 206/2 дугаар байрны орон сууцуудыг үзэж харж байгаад 1 орц 29 тоотын 4 өрөө 152,84 мкв талбайтай орон сууцыг сонгож, хөнгөлөлттэй үнээр худалдан авах санал гаргаж Камдер ХХК дээр удаа дараа ирж уулзаж байсан. Үүний дараа К ХХК нь Г.Б 137,556,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон бөгөөд 206/2 дугаар байрны 29 тоотын 4 өрөө, 152,84 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 5,800,000 төгрөгөөр тооцож, нийт 886,472,000 төгрөгөөр худалдах, Г.Б нь орон сууцны үнийг 2019-03-28-ны өдрөөс 2019-11-30-ны өдрийг хүртэл 8 хувааж төлөхөөр тус тус тохиролцож, хоёр тал 2019-03-28-ны өдөр 206/2-29 тоот Орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Уг Орон сууц захиалгын гэрээ байгуулагдахаас өмнө 206/2 дугаартай орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан байсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгч Г.Болдбаатар 2020-03-04-ний өдөр Эй Би Эн Дизайн ХХК-иар MNS 6058:2009 дугаартай стандартын Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлалын дагуу хэмжилт хийлгэж 7,35 м.кв талбайн зөрүү үүссэн гэж маргаж байгаа боловч 2019-03-28-ны өдрийн 206/2-29 тоот Орон сууц захиалгын гэрээнд орон сууцны талбайн хэмжээг өөр аргаар тооцохоор заасан байсан. Орон сууц захиалгын гэрээний 5.7-д Орон сууцны талбайн хэмжээг орон сууцны барилгын гадна ханын дотор талаас тооцохоор заасан. К ХХК нь уг гэрээнд заасны дагуу тооцоход 152,84 м.кв талбайтай орон сууцыг Г.Б хүлээлгэж өгсөн тул гэрээгээ зөрчөөгүй болно. Г.Б  2019-04-12-ны өдөр 206/2 дугаар байрны 29 тоотын 4 өрөө орон сууцыг хүлээн авсан ба хүлээж авах үедээ хэмжилт хийлгэх замаар доголдлыг мэдэх боломжтой байсан байхад хэмжилт хийлгэхгүйгээр орон сууцыг хүлээн авсан нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэгч Г.Б шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь .... 206/2 дугаар байрны орон сууцуудыг үзэж харж байгаад 1 орцны 29 тоотын 4 өрөө, 152,84 м.кв талбайтай орон сууцыг сонгосон. Уг давхрын орон сууцны 1 м.кв талбайн үнэ 6,700,000 төгрөг байсан бөгөөд Г.Б нь хөнгөлөлттэй үнээр худалдан авах санал гаргаж, Камдер ХХК дээр удаа дараа ирж уулзаж байсан. Үүний дагуу К ХХК нь Г.Б-т 137,556,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон бөгөөд 206/2 дугаар байрны 29 тоотын 4 өрөө, 152,84 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 5,800,000 төгрөгөөр тооцож, нийт 886,472,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, хоёр тал 2019-03-28-ны өдөр 206/2-29 тоот Орон сууц захиалгын гэрээг байгуулсан. 2019-03-28-ны өдрийн 206/2-29 тоот Орон сууц захиалгын гэрээнд орон сууцны талбайн хэмжээг өөр аргаар тооцох буюу гэрээний 5.7-д Орон сууцны талбайн хэмжээг орон сууцны барилгын гадна ханын дотор талаас тооцох-оор заасан. К ХХК нь уг гэрээнд заасны дагуу 152,84 м.кв талбайтай орон сууцыг Г.Б хүлээлгэж өгсөн. Гэтэл Г.Б гэрээнд зааснаас өөрөөр буюу MNS 6058:2009 дугаартай стандартын Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлалын дагуу хэмжилт хийлгэж 7,35 м.кв талбайн зөрүү үүссэн үндэслэлээр 42,630,000 төгрөгийг К ХХК-аас шаардаж нэхэмжлэл гаргасан байна. Камдер ХХК нь уг гэрээнд заасны дагуу 152,84 м.кв талбайтай орон сууцыг Г.Б хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй байхад Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой маргаан үүсгэж буй нь 2019-03-28-ны өдрийн 206/2-29 тоот Орон сууц захиалгын гэрээний 4.13-т энэхүү гэрээтэй холбоотой аливаа маргаан гарвал захиалагч нь гүйцэтгэгчээс авсан хөнгөлөлт урамшууллаа гүйцэтгэгчид төлөх гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд К ХХК-аас үзүүлсэн хөнгөлөлт урамшуулал 137,556,000 төгрөгийг Г.Б гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ талаар 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаж 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ахлах байцаагчийн дүгнэлт гаргаж Камдер ХХК-д шаардах хуудас явуулсан байгаа. Уг шаардлагад орон сууц захиалгаар бариулах гэрээний 4.13-т энэхүү гэрээтэй холбоотой аливаа маргаан гарвал захиалагч нь гүйцэтгэгчээс авсан хөнгөлөлт урамшууллаа гүйцэтгүүлэх үүрэгтэй. Эрх бүхий байгууллагаас баталсан стандарт түүнчлэн хууль тогтоомж гэрээгээр тодорхойлсон тоо хэмжээ, чанаргүй бараа, ажил үйлчилгээний талаар аливаа маргаан гаргах хэрэглэгчийн эрхийг хязгаарласан гэрээг байгуулсан. Монгол улсад барьж байгаа барилгын норм норматив барилгын стандартад тавигдах шаардлагыг зөрчиж өөрсдийн дураар гэрээ байгуулж түүнийгээ халхавчлах зорилгоор гэрээний үнийн дүн бол гэрээнд тусгагдаж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 болон мөн хуулийн 255 дугаар зүйл, 247 дугаар зүйлд заасан шаардлагад нийцэж гэрээг хэрэглэгчийн эрхийг зөрчсөн гэрээ байгуулсан болох нь харагдаж байгаа. Би байрыг худалдан авахдаа эрх бүхий хүмүүстэй уулзаж тодорхой хэмжээгээр үнэ бууруулах саналыг байр баригдаж байгаа үед нь ярьж байсан. Анх ярьж байсан үнээсээ өөрөөр мөнгө нэмж үнэтэй авсан. Тэгэхээр 600,000,000 төгрөгийг анхны байдлаар төлөөд үлдэгдэл төлбөрийг сард 50,000,000 төгрөгөөр төлж дуусгахаар тохиролцож цаг хугацаандаа ямар нэгэн маргаангүйгээр төлж дуусгасан. Надад хөнгөлөлт урамшуулал өгсөн болох нь барилгын метр квадратад тавигдах дүрмийг дураараа өөрчилж өөрсдийнхөөрөө тайлбарлах үндэслэл болохгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч К ХХК-иас 4,582,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 38,048,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 202 дугаар зүйлийн 202.2, 202.2.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б 137,556,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Камдер ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 371,100 төгрөг, хариуцагчийн төлсөн 845,730 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Камдер ХХК-иас 88,262 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Болдбаатарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч К ХХК-иас 512,250 төгрөгийг гаргуулж Итгэлт Эстимэйт ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэл болгож шүүхэд гаргаж өгсөн Э ХХК-ийн барилгын талбай хэмжилтийн дүгнэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2 дах хэсгийг баримтлан үнэлж дүгнээгүй гэсэн нь буруу байна. Тухайн дүгнэлтийг гаргаж өгсөн ЭХХК-ийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрөл нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхэд нэхэмжлэл гарган үед уг дүгнэлтийг хавсралтуудын хамт гарган өгөхөд шүүх баримтыг нотлох баримтын хүрээнд үнэлэн хүлээн авсан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл шаардлага уг баримтуудаар нотлогдож байна хэмээн иргэний маргаан үүсгэсэн юм. Энэ нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дах хэсгийг баримтлан нотлох баримтыг тал бүрээс нь маргаангүй, эргэлзээгүй талаас үнэлэх үүргээ зөрчсөн байгааг харуулж байна. Мөн хариуцагч талаас тухайн дүгнэлтийг эс хүлээн зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргаж шүүх хүлээн зөвшөөрч шинжээч томилуулсан нь Эн Би Эн Дизайн ХХК-ийн гаргасан дүгнэлтийг нотлох баримтын хүрээнд үнэлж хариуцагчийн хүсэлтийг хангах үндэслэлээ болгож байсан. Мөн хэрэгт авагдсан хоёр дүгнэлт зөрүүтэй гарсан нь Шүүх шинжилгээний хуулийн 20.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111.3 дах хэсэгт заагдсан дахин шинжээч томилуулах шаардлагатайг харуулж байхад шүүх энэ эрхээр хангаж өгөөгүй нь хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй байгааг нотолж байна. Мөн шүүх хэрэгт авагдсан талбайн хэмжээг гаргасан хоёр дүгнэлт нь барилгын хоёр өөр стандарт хэмжээг баримталсан байгаад хууль зүйн дүгнэлт хийж байгаа нь нэхэмжлэгч талд ашигтай дүгнэлтийг үнэлсэн байгааг харуулж байна. Хэрэгт авагдсан Эн Би Эн Дизайн ХХК-ийн дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан Камдер ХХК-аас 38 048 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч К ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд 42 630 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 137 556 000 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Талуудын хооронд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 206/2-29 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан ............. 206/2-29 тоот 152.84 м.кв талбайтай орон сууцыг 886 472 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ. /хх3-5/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 1 м.кв нь 5 800 000 төгрөгийн үнэтэй нийт 152.84 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан, Эй Би Эн Дизайн ХХК-аар хэмжилт хийлгэхэд талбайн хэмжээг 145.49 м.кв гэж тогтоосон тул зөрүү үнэ 42 630 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Гэрээний 1.2 дах хэсэгт зааснаар талууд 152.84 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцсон байх боловч хэрэгт хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх хангалттай баримт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан ... шинжилгээ хийлгэх, нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх журмыг зөрчсөн байна.

Хариуцагчийн орон сууцны талбайн хэмжээг тогтоолгох хүсэлтийг үндэслэн Итгэлт эстимэйт ХХК-ийг шүүхээс шинжээчээр томилсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна. Тодруулбал Итгэлт эстимэйт ХХК ньталбайн хэмжээг тогтоох тусгай мэдлэг эзэмшсэн эсэх, уг үйл ажиллагааг явуулах боломжтой эсэхийг шүүх шалгаж үзээгүй нь хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01915 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348 190 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД  А.ОТГОНЦЭЦЭГ

 

  А.МӨНХЗУЛ