Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 218/МА2020/00026

 

 

 

  

*******ны Дундговь салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дугаар сарын 23-ны өдрийн 139/ШШ2020/00679 тоот шийдвэртэй, *******ны Дундговь салбарын нэхэмжлэлтэй *******, ******* нарт хариуцагдах зээл, зээлийн хүү, нийт 14.979.210 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Хариуцагч *******

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

 

Нэхэмжлэгч *******ны Дундговь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч иргэн *******, ******* нар нь *******ны Дундговь тооцооны төвөөс 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр №ЗГ201843896044 тоот зээлийн гэрээ байгуулан 16500000 төгрөгийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай ахуй хэрэглээний зориулалтаар цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд иргэн *******, ******* нарын өмчлөлийн зурагт, хөргөгч, буйдан, угаалгын машин, цалингийн орлого зэргийг үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу зээл, хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 2842556,93 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4097030,75 төгрөг, торгуулийн хүү 6817,70 төгрөг, нийт 6946405,38 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийн хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, цалингийн зээл /58 хоног/-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгийг үндэслэн дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах, цалингийн зээл, үндсэн зээлийн үлдэгдэл 13670443,07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1308767,02 төгрөг, нийт 14979210,09 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан зардал, улсын тэмдэгтийн хураамж 232846,05 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох иргэн *******, ******* нарын өмчлөлийн зурагт, хөргөгч, буйдан, угаалгын машин зэрэг хөдлөх хөрөнгөөр зээлин гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ880444 дугаартай зээлийн гэрээ байгуулж 16500000 төгрөгийг зээлж авсан. Ажлаас гарсан гэх мэт шалтгааны улмаас тухайн зээлийг төлж чадахгүй өнөөдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 14979210 төгрөг төлөгдөөгүй учраас тухайн байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж дээрх зээлийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. *******наас зээл аваад 3 удаа төлсөн. 2020 оны 1 сараас хойш хэдэн сарын хугацаанд ажилгүй байсан учраас зээлээ төлж чадсангүй. Хүүг нь бага зэргийн бууруулах боломжгүй юм уу. 2019 оноос 1 жилийн хугацаанд банкинд 10 гаруй сая төгрөг төлчихөөд байгаа юм. Төлсөн мөнгө маань хүүгийн төлөлтөд төлөгдсөн байдаг. Үндсэн зээлээс 2 сая гаруй төгрөг төлсөн байсан. 10 гаруй сая төгрөгийн үндсэн зээл нь хэвээрээ байдаг гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч *******тай садан төрлийн холбоотой зүйл байхгүй. Бид фэйсбүүкээр танилцаад над руу чатаар банкинд очоод нэг гарын үсэг зураад өгөөч, аав ажилтай учраас боломжгүй байна гэхээр нь би банкин дээр очиж уулзсан. Тухайн үед хэдэн төгрөг зээлж байгааг сайн мэдээгүй. Бид гэр бүлийн хамтран амьдрагч биш, надаас энэ талаар банкны ажилтан асуугаагүй. Барьцааны зүйлс *******д байсан учраас банк зээл олгосон байх. Надаас барьцааны зүйлээр хангуулахаар шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Банкны зүгээс барьцааны зүйл гээд байгаа зурагт, хөргөгч, буйдан зэрэг нь миний өмчлөлийн зүйл биш би тэдгээр зүйлийг мэдэхгүй. Бид хамтран амьдрагч биш, гэр бүлийн хүмүүс биш учраас бидэнд дундын хамтын өмч гэж байхгүй. Барьцааны зүйлийг асууж тодруулаагүй нь банкны хариуцлагын асуудал гэж үзэж байна. Барьцааны зүйл дээр ******* өмчлөгч нь учраас банк зээл олгосон гэж үзэж байна. Миний зүгээс зээлийг гаргуулах барьцаа хөрөнгөөр хангуулах гээд байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. *******д өөрийн хөрөнгөө захиран зарцуулах эрх нь хуулиар олгогдсон тул банк түүнээс шаардах эрхтэй. Би Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж төгсөөд хаяа барилгын ажил хийдэг. Эрүүл мэндээс болоод ажил хөдөлмөр эрхлэх нь бэрхшээлтэй байдаг. Би төрөлхийн тагнай цоорхой, сэтэрхий уруултай 5-6 удаа хагалгаанд орж байсан. Үүнээс болоод мөнгө төгрөг ажил хийх боломжгүй байхад намайг цалин орлоготой мэт бичсэн нь үндэслэлгүй юм. Тухайн үед ******* цагдаагийн ажил эрхэлж байсан. Тийм учраас түүний цалинг барьцаалж зээл олгосон гэж үзэж байна. Зээлийг хариуцагч ******* өөрийнх нь дансанд шилжүүлсэн байх. Би тэр зээлээс нэг ч төгрөг авч ашиглаагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээн дээр хамтран зээлдэгч зээлээс авч ашиглах эрхгүй гэж заасан байх тул тухайн зээлийг мөнгөн хэлбэрээр надаас шаардах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие эрх зүйн үр дагаврыг сайн ойлгоогүйгээс болж гэрээнд гарын үсэг зурсан. Шүүхээс дуудахад энэ зээлийн талаар мэдсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 14.979.210 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******наас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 232.846 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ******* давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал Зээлийн гэрээний үүргээр 14,979,210 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай гаргасан нэхэмжлэлийг хамтран хариуцагч ******* миний бие нь анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Зээлдэгч хариуцагч ******* 2018-09-10-ны өдөр №ЗГ2018843896044 тоот зээлийн гэрээ байгуулан жилийн 19,2 хувь хүүтэй 60 сарын хугацаатайгаар цалингийн зээл хийсэн болох талаар анх миний бие Дундговь аймгийн шүүхэд дуудагдаж нэхэмжлэлийн нэг хүвийг гардан авахад мэдэж авсан. Хариуцагч *******г хэдэн сарын хугацаатай, хэдэн сая төгрөг зээл хийсэн талаар би огт мэдээгүй. Тухайн үед банк санхүүгийн байгууллага надад энэ талаар тайлбарлаж өгөөгүй. Хамтран зээлдэгчийн талаар ямар ч ойлголт өгөөгүй гарын үсэг зуруулсан болно.

Миний бие нь хариуцагч *******гийн талаар тухайн үед ямар нэгэн мэдээлэл байгаагүй, ах дүү төрөл садангийн холбоо, найз нөхдийн харилцаа ч байхгүй байлаа. *******г тухайн үед миний бие нь цалин барьцаалж зээл авч байгаа гэж ойлгосон. ******* нь иргэн надыг хуурч мэхэлж, албан ажлаараа давамгайлж хилс байдлаар гарын үсэг зуруулж мөн банк санхүүгийн байгууллагад хуурамч бичиг баримт бүрдүүлж олон сарын хугацаатай зээл авсан байдал харагдаж байна.

Миний бие нь тэр зээлээс нэг ч төгрөг авч ашиглаагүй, хэрэглээгүй. Харин хариуцагч ******* нь зээлсэн\цалингийн\ мөнгөө өөрийнхөө данс руу шилжүүлж авсан байх. Тэр ч утгаараа хариуцагч ******* нь үндсэн зээлд 2,842,556,93, зээлийн хүүгийн төлбөрт 4,097,030,75 төгрөг торгуулийн хүү 6817,70 нийт 6946405,38 төгрөгийг төлсөн байгаа. Одоо цаашид ******* нь дээрх зээлийн төлбөрөө өөрөө хариуцна төлнө гэх асуудлыг хурал дээр ч ярьсан байгаа. Барьцаа хөрөнгөндөө ******* нь өөрийнхөө өмч хөрөнгө болох зурагт, хөргөгч, угаалгын машинаа барьцаанд тавьсан болох нь нэхэмжлэлийн шаардлагад бичигдсэн байна. Би энэ талаар сая мэдсэн. Миний бие нь *******тай ямар нэгэн байдлаар найз нөхдийн холбоо байхгүй тул дээрх барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож ханган шийдвэрлүүлэх байсныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсэнд гомдолтой байна. Миний бие нь одоо гэр бүлтэй болж тусгай амьдарч эхэлсэн боловч энэ гэр бүлийн хүн маань энэ талаар мэдэж гэр доторхи хэрүүл маргааны эх үүсвэр болох магадлал өндөр болж миний амьдралд эрсдэл гарч эхэлж байна.

Миний бие нь эрх зүйн үр дагаврыг сайн ойлгоогүйгээс болж дээрх гэрээнд гарын үсэг зурж өгсний төлөө төлбөр төлөх болсондоо үнэхээр харамсаж байна. Хариуцагч ******* одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн, хэл амгүй өөрийнхөө зээлийн төлбөрийг төлнө гэсэн тул асуудлыг сайн нягталж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ******* надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, *******гийн барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож, анхан шатны шүүхийн 139\ШШ2020\00679 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдаанаар хэргийн оролцогч *******ын гомдолд үндэслэн *******ны Дундговь салбарын нэхэмжлэлтэй *******, ******* нарт хариуцагдах зээл, зээлийн хүү 14979210 төгрөг гаргуулах шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцээд гаргасан сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дугаар сарын 23-ны өдрийн 139/ШШ2020/00679 тоот шийдвэрийг хянав.

Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч *******ны зүгээс шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлдээ хэд хэдэн шаардлага тавьсны нэг нь зээлийн гэрээг цуцлах асуудал байв.

Зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүүг гаргуулахыг шаардсан шаардлагаа өөрчилсөн ямар нэгэн үйл ажиллагааг нэхэмжлэгчийн зүгээс хийгээгүй бөгөөд шүүх хурал дээр ч энэ шаардлагаа дэмжиж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна.

Ийнхүү нэхэмжлэгчийн тавьсан тодорхой шаардлагад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлээгүй орхигдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэстэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн хийж гүйцэтгэх ажлын талаар хуульд заан зохицуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хэрэг үүсгэхдээ буюу хэрэг үүсгэсний дараа явуулах ажиллагааны нэг нь хөрөнгө битүүмжлэх болно.

Нэхэмжлэгчийн зүгээс ийм хүсэлтийг нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болгон тавьсан атал шүүх огт шийдвэрлэлгүй явснаас гадна шүүх хуралдаан дээр асуух төдийгөөр хязгаарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүхээс хэрэг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндсийг гүйцэт тодруулаагүй шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь *******гийн цалинг барьцаалан цалингийн зээл олгосон нь гэрээнээс /гэрээний 2.1.2 зүйл/ харагдаж байна. Гэтэл энэ гэрээнд ******* ямар үүрэгтэй оролцож байгаа, ямар хариуцлага хүлээхийг тодруулаагүй атлаа *******, ******* нараас зээлийг гаргуулахаар шийдсэн нь зөв биш шийдвэрлэлт болжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж гарсан байх бөгөөд энэхүү зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулж, зөвтгөж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.

Магадлал хуулийн хүчин төгөлдөр болмогц гомдол гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3, 168 дугаар зүйлийн 168.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дугаар сарын 23-ны өдрийн 139/ШШ2020/00679 тоот шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаасугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 232846 /хоёр зуун гучин хоёр мянга найман зуун дөчин зургаа/ төгрөгийг хариуцагчид буцаан олгосугай.

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ

 

Ш.ТӨМӨРБААТАР