Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 218/МА2020/00028

 

 

 

  

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дугаар сарын 21-ний өдрийн 139/ШШ2020/00657 тоот шийдвэртэй, *******, ******* нарын нэхэмжлэлтэй *******т хариуцагдах 7660000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******, *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэддулам

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******тэй танил байсан. Өмнө нь мөнгө төгрөг авдаг байсан. 2017 оны 3 сарын 17-ны өдөр над руу яриад мөнгөний хэрэг байна та зээлчих гэхээр нь би өөрөө тухайн үед эзгүй учраас эхнэр *******д хэлээд манай эхнэртэй ******* гэрээ байгуулсан. Өмнө нь байрны ордер зэрэг эд хөрөнгийг барьцаалаад зээлж авч байсан юм. Газрын гэрчилгээгээ барьцаанд тавиад 5500000 төгрөг зээлье гэхээр нь сарын хүүг тухайн үед нь тооцоод, 8 хувийн хүүтэй зээлийг манай эхнэрийн нэр дээр хийсэн. Эхний 3 сард нь хүүгээ өгч байгаад сүүлдээ хүүгээ багасгаад 2 жил гаруй хүү өгч сунгаад явж байсан. Сүүлдээ 2019 оны 5 сарын 16-нд харилцан тохиролцож дахин гэрээ хийсэн. Зээлийн гэрээн дээр хүү 8 хувь байсныг 5 хувь болгож мөн өмнөх хүүгийн тооцоо өндөр гарсан байсан болохоор багасгаад 5500000 төгрөгийг 5 хувиар тооцохоор болсон. 2019 оны 5 сарын 27-нд 5 сарын хүү гэж 275000 төгрөг төлсөн. Тухайн гэрээг баталгаажуулаад би одоо цаашдаа 5 хувийн хүүгээрээ тооцоод өгөөд явъя гэж хэлсэн. Таньдаг мэддэг байсан учраас гээд миний зүгээс нэхэхгүй байсан юм. 2019 оны 8 сарын 28-ны өдөр фэйсбүүк чат мессенжерээр хариуцагч өөрөө дүү нь тооцоогоо удахгүй дуусгана гэсэн чатыг явуулж байсан. 9 сарын 16-нд хүнээс мөнгө орж ирэхээр өгнө гэж байсан. Сүүлдээ хот руу яваад хэл сураггүй болсон. Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан. Тухайн уулзалт дээр хариуцагч 3, 4 сая төгрөг өгөөд эвлэрье гэсэн зүйл хэлсэн. Миний хувьд үндсэн мөнгөө авна. Мөн зохих хэмжээний хүү, бусад зардлыг тооцоод 7 сая төгрөг авна гэхэд, хариуцагч зөвшөөрөөгүй, бид эвлэрээгүй учраас миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 5 сарын 27-ны өдөр 275000 төгрөг шилжүүлсэн нь 2019 оны 5 сарын 16-ны өдрийн гэрээний дагуу өгсөн. Тус шүүхэд үндсэн зээл 5500000 төгрөг, хүү 2160000 төгрөг, нийт 7660000 төгрөг нэхэмжилсэн. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага 7660000 төгрөгөөс 275000 төгрөгийг бууруулж одоо нийт 7385000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 3 сарын 14-ний өдөр ******* нь манай нөхөр *******тай утсаар яриад мөнгө зээлэх талаар хэлсэн. Манай нөхөр ******* тухайн үед эзгүй байж таараад надад *******т мөнгө зээлчих гэхээр нь би *******тэй гэрээ байгуулж 5500000 төгрөг зээлүүлсэн. Өмнө нь *******т итгэлцлийн үндсэн дээр мөнгө зээлүүлээд буцааж авдаг байсан юм. Энэ мөнгө бидний гэр бүлийн дундын хөрөнгө учраас бид хоёр хамтран нэхэмжилж байгаа юм. Иймд 7385000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд өгсөн хариу тайлбартаа: ...Миний бие 2017 оны 3 сарын 14-ний өдөр *******тай гэрээ байгуулж 5500000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Үүнээс хойш зээлийн гэрээг сунгаагүй. Энэхүү гэрээний дагуу би нэхэмжлэлд хавсаргаж өгсөн барьцаат зээлийн гэрээнд тэмдэглэгдсэн нийт 6350000 төгрөг, мөн нэмж 2 удаагийн төлөлт хийж, 7 сая орчим төгрөгийг төлсөн. Анх гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан учраас надаас 1 сараас илүү хугацааны хүү нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурдагдсан 2019 оны 5 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу би нэхэмжлэгчээс нэг ч төгрөг зээл аваагүй болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өмнө нь танилууд байсан болохоор зээлийн асуудлууд байсан. Хамгийн сүүлд 2017 оны 3 сарын 17-ны өдөр *******тай барьцаат зээлийн гэрээ байгуулаад 5500000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, сарын 440000 төгрөг төлөхөөр 1 сарын хугацаатай авсан. Гэвч *******ийг эхний хүүгээ төлсний дараа гэрээг сунгаснаас хойш гэрээг дахин сунгаагүй. Үндсэн зээл 5500000 төгрөгийг хугацаанд нь өгч чадаагүй хэдий ч увуулж цувуулж өгсөөр байгаад нийт 6350000 төгрөгийг 2017 оны 3 сарын 17-ны өдрийн гэрээний дагуу төлсөн. Зээлийн гэрээний дагуу зээлийг бүрэн төлж барагдуулсан учраас энэ зээлийн гэрээгээр энэ мөнгийг ******* нэхэмжлэх эрхгүй. Мөн *******тай гэрээ байгуулаагүй учраас ******* энэ мөнгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. 2019 оны 5 сарын 16-ны өдрийн гэрээгээр мөнгө нэхэмжилдэг. Сая нэхэмжлэгч ******* тайлбарлахдаа 2019 оны 4 сарын 25-нд гэрээ байгуулсан. Үүний дагуу 275000 төгрөгийг хүү байдлаар өгсөн гэдэг зүйл яриад байна. Энэ гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар гэрээгээр заасан мөнгө буюу эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно. Гэтэл 2019 оны 5 сарын 16-ны өдрийн гэрээг мөнгө шилжүүлсэн гээд хавтаст хэргийн материалд өгсөн гэрээгээр ямар ч мөнгө хүлээж аваагүй. Тийм учраас гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байгаа. Ийм учраас энэ гэрээний дагуу хүү нэхэмжлэх эрхгүй. *******ы зүгээс 2160000 төгрөгийг нэхэмжилж байна гэж яриад байдаг. Гэтэл хавтаст хэрэгт байгаа энэ гэрээг харахаар 1 сарын хугацаатай гэрээ байдаг. Ямар учраас хүү гаргаж ирээд ямар хууль зүйн үндэслэлээр нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******ээс 5500000 /таван сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1885000 /нэг сая найман зуун наян таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137510 /нэг зуун гучин долоон мянга таван зуун арван/ төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч *******ээс 102950 /нэг зуун хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Үүнд:

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт: ...Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2017.03.14-ний өдөр 5.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлэх Барьцаат зээлийн гэрээ байгуулсан байна. *******ийн дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн нийт 5910000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн байна гэж дүгнэн, ... ******* нь 2017.03.14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ хүлээн зөвшөөрч сар бүрийн хүүг төлж явсан бөгөөд 2019.05.16-ны өдрийн байдлаар зээл 5.500.000 төгрөг төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч гэрээг шинэчлэн байгуулсан байна гэж дүгнэн ... хариуцагч *******ээс 5.500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж гомдолтой байна. Учир нь:

******* нь анх *******тай 2017.03.14-ний өдөр 5.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлэх Барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээний хугацаа 1 сар бөгөөд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, зээлдэгч ******* нь зээл, зээлийн хүүг бүрэн төлж барагдуулсан байхад шүүх зээлдэгч *******ийн дансаар болон бэлнээр гэх тэмдэглэгээтэйгээр 150.000-500.000 төгрөгийн үнийн дүнтэйгээр 20 удаагийн нийт 5910000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн төлөлтийг зээлийн хүү гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэрээний хугацааг талууд сунгасан талаар тохиролцоо хийгдээгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэнгүй. Энэ нь нэхэмжлэгч нар 2020.09.01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2017.03.14-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээг үндэслэж зээлийн гэрээний төлөгдөөгүй үндсэн төлбөр гэж 5500000 төгрөг нэхэмжилсэн байхад шүүхээс 2019.05.16-ны өдрийн гэрээний дагуу 5500000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийсэнгүй.

2019.05.16-ны өдрийн зээлийн гэрээ нь 2017.03.14-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээний үргэлжлэл /шинэчлэн байгуулсан/ гэх үндэслэл тогтоогдоогүй, 2019.05.16-ны өдрийн гэрээгээр зээлдэгчид мөнгө шилжүүлж өгөөгүй гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, гэрээ хэрэгжээгүй байхад гэрээний үүргийг нэхэмжлэгч ******* шаардах эрхгүй юм. Иймд 2019.05.16-ны өдрийн зээлийн гэрээг үнэлж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй гэж болно.

*******, ******* нарын хооронд 2017.03.14-ний өдөр 5500000 төгрөгийг 1 сарын хугацаатай 8 хувийн зээлсэн, зээлийн гэрээ *******, ******* нарын хооронд 2019.05.16-ны өдөр 5500000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай гэрээ байгуулагдсан бөгөөд тус тусдаа үүргийн харилцаа үүссэн байхад анхан шатны шүүхээс 2019.05.16-ны өдөр А.*******, ******* нарын хооронд байгуулсан гэрээ нь *******, ******* нарын хооронд 2017.03.14-ний өдөр байгуулсан гэрээний үргэлжлэл гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь эхнэр ******* нь өөрийнхөө нэрийн өмнөөс 2019.05.16-ны өдөр нөхөр *******д *******тэй зээлийн гэрээг шинэчилж байгуулах эрхийг олгоогүй, Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар зөвшөөрлөөр хийсэн хэлцэл гэдэг нь нотлогдохгүй байхад, дээрх 2019.05.16-ны өдрийн *******, ******* нарын хооронд байгуулагдсан гэрээг шинэчилж хийсэн гэрээ гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Гэр бүлийн гишүүд бие биеэ итгэмжлэлгүйгээр төлөөлөх хууль зүйн зохицуулалт байхгүй, эхнэр *******, ******* нарын хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг нөхөр ******* шаардах эрхгүй, *******, ******* нарын хооронд байгуулсан 2019.05.16-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг эхнэр ******* шаардах эрх тус тус байхгүй гэж үзэж байна.

Иймээс Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 139/ШШ2020/00657 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн *******, ******* нарын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дугаар сарын 21-ний өдрийн 139/ШШ2020/00657 тоот шийдвэрийг хянав.

Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянасан болно.

Сум дундын шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

*******, ******* нар нь 2017 оны 3 сарын 17-нд *******т 5500000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Гэтэл сар бүр хүү өгч сунгасаар яваад хоёр жил болсон тул 2019 оны 5 сарын 16-нд харилцан тохиролцож 5500000 төгрөгийг 4 хувийн хүүтэй болгон байгуулжээ.

Энэхүү гэрээг талууд өөрсдийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн харилцан тохиролцож байгуулсан байна гэж үзэж гэрээний төлбөр 5500000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгааг тайлбарлан гомдол гаргажээ. Энэ гомдол нь үндэстэй биш байна.

Талууд харилцан тохиролцон гэрээг нэг сарын хугацаатай байгуулсан боловч, зээлийн гэрээг хүү төлөх журмаар тогтмол сунгаж явсан болох нь 2017 онд байгуулсан зээлийн гэрээний баримт дээр бичилт хийж явснаас харагдаж байна. Үүнийгээ шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал тайлбарласан ба эсрэг тал татгалзжээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2019 оны 5 сарын 16-нд байгуулагдсан гэрээ нь хуулийн дээрх заалтад нийцэж байна гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэстэй байна. Талууд дээрх гэрээг байгуулахдаа 2017 онд байгуулж байсан гэрээгээ үндэслэж, түүний үр дүнг хэрэгжилтийг хангах үүднээс хийсэн болохоо тайлбарлаж байгаа нь талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийх тухай шаардлагатай нийцэж байна.

Зохигч талууд хэлцэл хийж гэрээ байгуулах нь тэдний эрх, хүсэл зоригийн асуудал юм. Нэг тал хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл хийж болохоос гадна хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болохоор Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлүүдэд тодорхойлсон. Шүүхээр хянагдаж буй дээрх маргаантай харилцааны хувьд талууд байгуулсан зээлийн харилцааны үр дүнг зохистойгоор шийдвэрлэхийн тулд 2019 оны 5 сарын 16-нд зээлийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан, түүнийг талуудын хэн аль нь зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулжээ. Хариуцагч тал гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрдөг, гэрээний талаар маргадаггүй байна. Харин гэрээний дагуу мөнгө аваагүй учраас төлбөр төлөх үндэсгүй гэж маргадаг ч талуудын хоорондоо хэлэлцэн тохиролцож байгуулсан гэрээ нь тэд өөрсдөө гарын үсэг зурж гэрээ нь хууль ёсны болж баталгаажсанаас гадна гэрээ байгуулахад хариуцагч *******ийн хүсэл зориг байгаагүй гэх буюу эсвэл хүсэл зоригийн эсрэг шинжтэй үйл ажиллагааны улмаас гэрээг байгуулсан гэх ямар нэгэн үйлдэл үйл ажиллагаа тогтоогдоогүй, хариуцагчийн талаар энэ талаар гаргаж тавьсан, нотолсон зүйлгүй, мөн маргаж мэтгэлцээгүй нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна.

Иймд дээрх гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан бөгөөд энэ хүсэл зориг нь *******, ******* нараас *******т урьд зээлдүүлэн буцаан авч чадаагүй 5500000 төгрөгтэй холбоотойгоор илэрхийлэгджээ.

Нэгэнт энэхүү 5500000 төгрөгийг хариуцагч тал хүлээн авсан буцаан төлөх асуудлыг тохиролцсоны дагуу зохих ёсоор гүйцэтгээгүй гэдэг нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд шүүх дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 5500000 төгрөг гаргуулсан бөгөөд үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаагаа давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлажээ.

Иймд шүүхийн шийдвэр нь хуулийг үндэстэй тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Гомдол гаргагчийн зүгээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дугаар сарын 21-ний өдрийн 139/ШШ2020/00657 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102950 /нэг зуун хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ

 

Ш.ТӨМӨРБААТАР