Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01449

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01449

 

 

ГФХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/00437 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ГФХХК-ийн хариуцагч К ХХК дахь банкны эрх хүлээн авагч, ГХХК-д холбогдох нэмэлт ажлын хөлс 405 450 600 төгрөг, алданги 199 076 244 төгрөг, нийт 604 526 844 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамсүрэн, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр, Ц.Эрдэнэбат, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, хариуцагч КБХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: КБХХК, түүний охин компани ГСХХК-иудын хууль бус, буруутай үйлдлээс болж барилга дээр ажиллаж байсан 186 ажилчид өнөөдрийг хүртэл цалингаа авч чадаагүй тул цалин 405 450 600 төгрөгийг гаргуулж өгнө үү. ГФХХК нь КБХХК-ийн охин компани ГСХХК-тай 2014 оны 06 сарын 17-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 65 айлын орон сууцны барилга барьсан. Гэтэл 2016 оны 02 дугаар сард КБХХК нь Г" ХХК-ийг өөрийн охин компаниар бүртгүүлэн уг барилга байгууламжийг эзэмшилдээ авсан. Энэ барилгыг 186 мэргэжлийн ажилчдын бүрэлдэхүүнтэй барьсан. Гэтэл цалин 405 450 600 төгрөгийг өгөхгүй гэсэн зорилготойгоор бидэнд мэдэгдэлгүй 2016 оны 09 сарын 15-ны өдөр КБХХК-аас авлагатай гэх Их Модун ХХК-аар баталгаа дүгнэлт гаргуулан хуурамч материал бүрдүүлэн улсын комиссыг хууль бусаар ажиллуулж биднийг хохироосон. Мөн манай компанийн оффисоос алдагдсан процессорт байсан зургуудыг ашигласан байдаг. Энэ дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Захиргааны хэргийн шүүх улсын комиссын 2016 оны 09 сарын 15-ны өдрийн 26/2016 дугаартай актыг хүчингүй болгосон. Барилга угсралтын ажлын гүйцэтгэх гэрээний 7.5-д хэрэв нэмэлтээр хийх ажил гарсан бол гүйцэтгэгч нь захиалагчид энэ талаар бичгээр мэдэгдэнэ. Аливаа нэмэлт ажлын хөлсийг харилцан тохиролцсон тохиолдолд баталгаажуулна гэж заасан боловч барилгын ажил эхэлмэгц 2014 оны 07 сарын 19-ний өдрөөс нэмэлт ажлууд гарч гэрээнд заасны дагуу харилцан тохиролцож хийсэн боловч одоог хүртэл ажлын хөлсөө өгөөгүй байна. КБХХК тухайн орон сууцыг улсын комиссын акт, улсын бүртгэлийн гэрчилгээгүй байхад ипотекийн 8 хувийн зээлээр худалдан борлуулж олон оршин суугчдыг хохироосоор байна. КБХХК, ГСХХК-ийн буруутай үйлдлүүдээс болж хохирч байгаа тул ажилчдын цалин 405 450 600 төгрөгийг КБХХК ГСХХК-аас хохирлыг барагдуулж өгнө үү. Гэрээний 8.1-д авах ёстой санхүүжилт 405 450 600 төгрөгийн дүнгээр 2016 оны 09 сарын 15-ны өдрөөс 2019 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл /982 хоног/ хоног тутамд 0.05 хувиар алданги бодож нийт 199 076 244 төгрөгийг, 405 450 600 төгрөгийн хамт нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч КБХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт хараат болон охин компани нь толгой компанийнхаа өрийг хариуцахгүй бөгөөд хууль болон тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийнхаа өрийг хариуцахгүй тухай заасан. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг КБХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-96 дугаартай КБХХК-ийг албадан татан буулгах тухай тушаалаар банк байгуулах тусгай зөвшөөрөл цуцлагдаж, хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгөн хөрөнгийг хамгаалах зорилгоор 2019 оны 04 сарын 08-ны өдрөөс эхлэн албадан татан буулган тус банкин дахь эрх хүлээн авагчийг томилсон. Банкны эрх хүлээн авагч нь банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй ажиллаж байна. Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг 2019 оны 04 сарын 22-ны өдрөөс эхлэн 60 хоногийн хугацаанд хүлээн авах болсон тухай нийтэд мэдээлж, нэхэмжлэлийг хүлээн авч эхлээд байна.  Нэхэмжлэл хүлээн авах хугацаа дууссаны дараа Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу зохих шийдвэрийг гаргаж, нэхэмжлэлийн дарааллыг тогтоож, Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан төлбөр барагдуулах дарааллын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангах ажиллагааг гүйцэтгэдэг. Нэхэмжлэгч нь татан буулгах ажиллагаа хийгдэж байгаа Капитал банкинд холбогдуулан шаардлага гаргаж байгаа гэж үзэж байгаа тохиолдолд КБХХК дахь банкны эрх хүлээн авагчид хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагаа ирүүлэх ёстой байтал өнөөдрийн байдлаар ирүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг гарган хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ГСХХК-ийн хариу тайлбарт: ГСХХК нь ГФХХК-тай 2014 оны 06 сарын 17-ны өдөр №01 дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж ГФХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээтэй 65 айлын орон сууцны 6 давхар тэнхлэгээрээ 46.2*18.0 м хэмжээстэй нийт ажлын 5 821 м.кв талбай бүхий барилга угсралт, дотор гадна засал, хүчит төхөөрөмж, халаалт салхивч, цахилгаан, цэвэр бохир усан хангамж, холбоо дохиолол, гадна тохижилт, зам талбай, гадна инженерийн шугам сүлжээ, өндөржилт, парпедын өрлөг, шавардлага, гадна тагтны тавцан цутгах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлс 700 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Санхүүжилтийг ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр тохиролцсон. Хариуцагч нь нэхэмжлэгчид бэлэн бусаар 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Гэрэлт фокус" ХХК-ийн Капитал банкны 2012010122 тоот харилцах данснаас, Б.Буянбатын Капитал банкны 2006016058 тоот харилцах данснаас, ГСХХК-ийн 2000028013 тоот данснаас, Б.Бүдийн 2000025620 тоот данснаас нийт 721 843 000 төгрөг, түүнчлэн ГСХХК болон Б.Бүд нараас бэлнээр 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ГФХХК-д 3 000 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр н.Бадамсүрэнд 15 000 000 төгрөг тус тус өгч, гэрээний нийт төлбөрт 739 843 000 төгрөг төлсөн байна.

 

ГФХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг хийгээгүй тул бусад аж ахуйн нэгж байгууллага, иргэдээр гүйцэтгүүлсэн. Тодруулбал, н.Чойжилсүрэнд ажлын хөлс 27 000 000 төгрөг, Хийморьсанд мужааны ажлын хөлсөнд 3 000 000 төгрөг, н.Ганцэцэгт заслын ажлын хөлсөнд 8 000 000 төгрөг, Их модун ХХК-д ажлын хөлсөнд 40 000 000 төгрөг, бусад хувь хүн, аж ахуй нэгжүүдэд шаврын ажлын хөлс 96 291 000 төгрөг, шал цутгалтын ажлын хөлс 13 300 000 төгрөг, гадна дулааны ажлын хөлс 41 996 000 төгрөг, бусад механизмын зардал ажлын хөлсөнд 55 920 000 төгрөг, нийт 285 507 000 төгрөг төлсөн.

 КБХХК нь ГСХХК-тай 2016 оны 12 сарын 15-ны өдөр зээлийн төлбөр барагдуулах гэрээ байгуулж, КБХХК 2016 оны 12 сарын 27-ны өдөр ГСХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч болсон. Гэрээний 2.3 дахь хэсэгт Энэхүү гэрээний дагуу хувьцааг шилжүүлэн авахаас өмнөх ГСХХК-ийн өр төлбөр буюу компанийн гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн аливаа үүргийг үүрэг гүйцэтгэгч тал буюу Буд овогтой Пагмадулам нь бүрэн хариуцах бөгөөд энэ талаарх мэдээллийг үнэн зөвөөр банкинд мэдэгдэж, тэдгээрт холбогдох асуудлыг хэрхэн зохицуулсан болон зохицуулах талаар тодорхойлохоор тохиролцсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь КБХХК хувьцаа эзэмшигч болохоос өмнөх хугацаанд хамаарч байгаа тул гэрээнд заасны дагуу ГСХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч Б.Пагмадуламд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах байжээ.

 

Талуудын хоорондын гэрээний 7.5 дахь хэсэгт ... аливаа нэмэлт ажлын хөлсийг харилцан тохиролцсон тохиолдолд ажлын хөлсийг нэмэлт гэж үзэн талууд бичгээр баталгаажуулж гэрээнд тусгана гэж заасан. Гэрээнд нэмэлт ажлын хөлсийг тохиролцож бичгээр баталгаажуулсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч гэрээний үнийн хавсралтад тусгагдаагүй хийсэн ажлууд гэж нийт 535 823 500 төгрөг тооцоолон 2016 оны 08 сарын 20-ны дугаартай албан бичигт дурдсан байна. Гэтэл 2015 оны 07 сарын 13-ны өдрийн мэдэгдэлд гэрээний мөнгөн дүнд тусгагдаагүй боловч хийгдсэн ажлын хөлс 237 375 000 төгрөг гэж бичиж байсан байна. Уг тооцоололд зарим ажлыг давхардуулан, нэгж үнийг зөрүүтэй бичсэн. Тухайлбал, эхний бичигт дүүжин тааз 770 м.кв=3 850 000 гэж бичсэн атлаа дараагийн бичигт дүүжин тааз 770 м.кв=6 160 000 гэж зөрүүтэй дүн бичсэн, эхний бичигт хаалганд цоож суулгах нэг бүрийн үнийг 5 000 төгрөг гэж бичсэн атлаа дараагийн бичигт нэг бүрийн үнийг 8 000 төгрөг гэж зөрүүтэй бичсэн нь эргэлзээ төрүүлж байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан ГСХХК-аас 604 526 844 төгрөг гаргуулах тухай ГФХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг, КБХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан болохыг дурьдаж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 3 180 548.22 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Бадамсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. ГФХХК нь Дорноговь аймаг Замын Үүд суманд иргэн Э.Анхбаярын үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилгыг 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Голден Сэркп ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 186 ажилчдаар хийж гүйцэтгүүлсэн. Анх гэрээ байгуулахдаа гэрээний хавсралтад заасан 38 төрлийн ажлыг 700 000 000 төгрөгөөр гүйцэтгэнэ гэсэн боловч 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн буюу дөнгөж барилгын ажил эхлэхэд барилгын суурь болон зоорийн хана 14 хагарсан байсныг бид ГСХХК-ийн удирдлагууд болох н.Бүд, Э.Анхбаяр нарт ажил гүйцэтгэх гэрээний 7.5-д заасны дагуу албан бичгээр хандаж, зөвшөөрч хотоос зөвлөх инженер дуудан зөвлөгөө авч, зургийн байгууллагаараа хүчитгэлийн зураг гаргуулан биднээр цаашид хийлгэхээр тохиролцон гүйцэтгүүлж эхэлсэн. Мөн уг барилгын дулаан нь төвийн холболттой байсан боловч шинэ станц нь ажиллаагүй тул нэмэлтээр ТПП, уурын зуух барьж ашиглалтанд оруулсан. Мөн гадна фасадны өөрчлөлтийг ГСХХК-ийн хүсэлтээр өөрчилж, албан бичигт захиалагчийн эрх бүхий албан тушаалтан Э.Анхбаяр, Б.Ширчин нар баталгаажуулж, гарын үсэг зурснаар хийгдсэн байдаг. Уурын зуух ТПП нэмэлтээр хийгдэх болсноор ГСХХК нь зургийн байгууллагад хандан холбогдох шинэчлэгдсэн зургуудыг гаргуулан авч биднээр гүйцэтгүүлсэн. Гэрчээр ГСХХК-ийн хуучин захирал Б.Бүд мэдүүлэг өгөхдөө бид санхүүгийн маргаантай байсан нуух зүйл байхгүй, нэмэлтээр дээрх ажлуудыг хийлгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн гэрчээр Бишрэлт пропертис ХХК-ийн захирал Г.Ганзориг 2015 онд намайг хүлээж авахад уг орон сууцанд тодорхой айлууд орж үйл ажиллагаа нь жигдэрсэнийг гэрчилсэн байдаг. Дээрх 186 ажилчдын цалин болох нэмэлтээр хийгдсэн ажлын хөлс 405 450 600 төгрөгийг одоо хүртэл авч чадаагүй. КБХХК нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ГСХХК-ийн 100 хувийн хувьцааг эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан байдаг. Энэ үед эрх шилжүүлэх болон зээлийн төлбөр барагдуулах гэрээ хийгдсэн. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны тайлбар хүргүүлэх тухай албан бичигт Капитал банкийг төлөөлж эрх хүлээн авагч И.Түвдэндорж гарын үсэг зурснаар ГСХХК-ийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын барилга байгууламжийг ашиглалтанд оруулах, хүлээж авахтай холбоотой зардал, мөн өр төлбөрийг төсөл хэрэгжүүлэх КБхариуцах болсныг одоогийн удирдлагууд бүрэн хүлээн зөвшөөрч байна гэсэн байдаг. ГСХХК-ийн хуучин захирап Б.Бүд ГФХХК-тай санхүүгийн маргаантай байсан нуух зүйл байхгүй гэж хэлсэн байдаг. 2015 оны 04-р сарын 13-ны өдрийн албан бичигт үлдэгдэл бүхий мөнгийг тодорхой бичиж цаашид Харилцан ойлголцож хамтран ажиллах санамж бичиг-ийг 2015 оны 04-р сарын 15-ны өдөр үйлдэн, ажлаа цааш үргэлжпүүлсэн байдаг. Мөн 2016 оны 12-р сарын 01-ний өдөр ГСХХК-ийн захирал н.Бүд Замын-Үүд суманд очиж Э.Анхбаяртай тооцоо нийл гэсний дагуу тооцоо нийлж нийт 405 450 600 төгрөгийг авлагатай талаар бичиж тэмдэглэсэн. Э.Анхбаяр нь барилгын ажил эхлэхээс дуусах хүртэл хугацаанд уг барилгыг хариуцаж байсан. 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гадна фассатны өөрчлөлтийг зөвшөөрч, захиалагчийг төлөөлж Э.Анхбаяр гэж гарын үсэг зурсан. Тэрээр Дорноговь аймгийн Барилга хот байгуулалтын газарт Улсын комисс ажиллуулах хүсэлтийг 2 удаа гаргаж, 1 удаа хариу авч байсан. Материал санхүүгийн холбоотой барилгын явцын нэхэмжлэл, материалын дээж хүлээн авах барилгын ажлын акт зэрэг бичиг баримтуудад ГСХХК-ийг төлөөлж байсан Э.Анхбаяр гарын үсэг зурж байсан. Улсын комисс 2016 оны 09-р сарын 15-ны өдөр хууль бусаар ажиллахад Э.Анхбаяр нь уг барилгатай холбоотой бичиг баримтуудыг бүрдүүлж, Дорноговь аймгийн Барилга хот байгуулалтын газар, архивт хүлээлгэж өгч байсныг архивын эрхлэгч Ч.Чулуунцэцэг 2017 оны 09-р сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр мэдүүлэг өгч байсан. Мөн тэрээр шүүхэд гуравдагч этгээдээр оролцохдоо би энэ барилга байгууламжид Голден Сэркл" ХХК-ийн хүсэлтээр орон нутгийн байгууллага руу албан бичиг явуулах, шаардлагатай материал техникээр хангах ажлыг хариуцаж ажиллаж байсан гэж тайлбар өгсөн байдаг. Иймд Э.Анхбаяр нь ГСХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөн энэ хугацаанд барилга байгууламжтай холбоотой олон хууль бус асуудлууд гарч байсан. 2014 оны 12 дугаар сард барилгын тапбай дээрээс барилгын ил, далд ажлын акт, түүнийг бэхжүүлж хадгалж байсан процессор алга болж байсан. 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хууль бусаар Улсын комисс ажиллахад Э.Анхбаяр алдагдсан процессорт байсан зургуудыг гаргаж ашигласан байсан. Манай компанийн ажлын хөлсийг өгөхгүй гэсэн санаа зорилготойгоор хууль бус материапуудыг ашиглан Капитал банкнаас авлагатай гэх компаниар баталгаа дүгнэлт гаргуулан хууль бусаар улсын комисс ажиллуулсныг Захиргааны хэргийн гурван шатны шүүх тогтоож, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Улсын комиссын актыг хүчингүйд тооцсон. КБнь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Голден Сэркл" ХХК-ийн хувьцааг нь шилжүүлэн авч, охин компаниа болгосон. Гэтэл улсын бүртгэлд засвар хийж 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болгосныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлт гарч, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хууль бус гэдгийг нь нотолсон. Уг барилга байгууламжийг эрх бүхий байгууллага хүлээж аваагүй байхад ипотекийн 8 хувийн зээлд хамруулан олон оршин суугчдыг хохироож байна. Дээрх хууль бус үйлдлүүдийг ашигласан нь 186 ажилчдын цалинг өгөхгүй гэсэн зорилготой
байсныг харуулдаг. 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл уг барилгын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ГСХХК-д ажлаа зогсоох мэдэгдэл хүргүүлсэн ба энэ үед ГСХХК-аас хүсэлт тавьж х
арилцан ойлголцож хамтран ажиллах санамж бичгийг
2015 оны 04-р сарын 15-ны өдөр үйлдэж, 100 сая төгрөгийг ажлын хөлсөнд
эхний ээлжинд өгч, ажлыг цааш үргэлжлүүлсэн. Уг хамтран ажиллах санамж бичиг үйлдсэний дараа 2015 оны 04 дүгээр сарын 28-нд 50 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 40 000 000 төгрөгийг компанийн дансаар тус тус өгч, ажлыг үргэлжлүүлж байсан. Бид энэ хугацаанд барилгыг улсын комисст өгөхөөр бэлдэж байтал бидэнд мэдэгдэлгүйгээр ГСХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Капитал банкнаас авлагатай гэх Их Модун ХХК-аар хууль бус материалууд бүрдүүлэн улсын комисс ажилласан байдаг. Энэ үеэс эхлэн бидний хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн. Гэвч банкинд зузаатгал орж ирнэ гэж хүлээлгэсээр байгаад 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан. Бидний хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн 2016 оны 09-р сарын 15-ны өдрөөс эхлэн шаардах эрх үүссэн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй
болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч ГФХХК нь хариуцагч КБХХК дахь банкны эрх хүлээн авагч, ГСХХК-д холбогдуулан нэмэлт ажлын хөлс 405 450 600 төгрөг, алдангид 199 076 244 төгрөг, нийт 604 526 844 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, талууд хийж гүйцэтгэх ажлын хэмжээ, хугацаа, төлөх хөлсний талаар гэрээгээр тохиролцсон байна.

2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалгаар ........... 65 айлын орон сууцны барилга угсралт, дотор гадна засал, хүчит төхөөрөмж, халаалт салхивч, цахилгаан, цэвэр бохир усан хангамж, холбоо дохиолол, гадна тохижилт, зам талбай, гадна инженерийн шугам сүлжээ, өндөржилт, парпедын өрлөг, шавардлага, гадна тагтны тавцан цутгах зэрэг ажлыг 700 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцжээ. /1хх16-18/ Хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дансаар 721 843 000 төгрөг, бэлнээр 18 000 000 төгрөг, нийт 739 843 000 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд зохигчид гэрээгээр тохирсон ажлын гүйцэтгэл, хөлсний талаар маргаагүй, нэмэлт ажил гүйцэтгэсэн эсэх талаар маргаан үүсчээ.

Нэхэмжлэгч нь гэрээний тохиролцооноос гадна барилгын суурь, зоорийн хана 14 хагарсан байсныг хүчитгэлийн зураг гаргуулан гүйцэтгэсэн, ТПП, уурын зуух барьж ашиглалтад өгсөн, гадна фасадыг өөрчлөх зэрэг ажлыг хариуцагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмж гүйцэтгэсэн гэх тайлбараа эргэлзээгүй баримтаар нотлоогүй байна.

Гэрээний 7.5-д зааснаар талууд нэмэлтээр хийх ажил гарсан бол гүйцэтгэгч нь захиалагчид бичгээр мэдэгдэнэ, шаардлагатай бол нэмэлт ажлын үнийн саналыг бичгээр гаргах, нэмэлт ажлын хөлсийг харилцан тохиролцсон тохиолдолд бичгээр баталгаажуулж гэрээнд тусгахаар тохиролцсон байх ба хариуцагчийн энэ талаар гаргасан тайлбарыг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дах хэсэгт зааснаар ажлын төсөв буюу хөлсний хэмжээ нэмэгдэхээр бол нөгөө талд мэдэгдэх, зөвшилцөх талаар заасан. Зохигчид ямар учир шалтгааны улмаас хэдэн төрлийн нэмэлт ажил гүйцэтгэх болсон, ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх хугацаа зэрэг нөхцөлүүдийг гэрээгээр тохиролцож баталгаажуулаагүй, нэмэлт ажлын төсөвгүй байхаас гадна нэхэмжлэгчийн нэмэлтээр хийсэн ажил нь үндсэн гэрээний дагуу гүйцэтгэх ажилд хамааралгүй болохыг нотлосон баримтгүй байна.

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээ нотлохоор ирүүлсэн баримтууд маргааны үйл баримтыг хангалттай нотлохгүй байна. Тухайлбал хэргийн 1 дүгээр хавтасны 28-49 дүгээр тал дахь ГФХХК-ийн захирлын гарын үсэг зурагдаж тамга дарагдсан буюу гэрээний зөвхөн нэг талын барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээний үнэлгээнд тусгагдаагүй хийгдсэн ажлын жагсаалт, иргэн Э.Анхбаярын үйлчилгээний орон сууцны 6 давхар барилгын ажлын 6 давхарын гүйцэтгэлийн тайлан, тус барилгад хийгдээгүй үлдсэн ажлын хэмжээ, үнэлгээ зэрэг баримтуудад үндэслэн талуудыг нэмэлт ажил хийх талаар харилцан тохиролцсон гэж үзэхгүй боломжгүй юм. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөн хэргийн 1 дүгээр хавтасны 68 дугаар тал дахь .............. суманд баригдсан 65 айлын орон сууцны барилгын ажлын олгогдоогүй санхүүжилтийн дүн 405 450 600 төгрөг гэж тэмдэглэгдсэн санхүүжилтийн тайланд захиалагчийг төлөөлж ГСХХК-ийн менежер Э.А гэж гарын үсэг зурагдсан байх боловч Э.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцохдоо тус компанид ажил эрхэлдэггүй, санхүүгийн баримтад зурагдсан гарын үсэг минийх биш гэж мэдүүлсэн байхын зэрэгцээ гэрээний нөгөө тал болох хариуцагч компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэх байдал баримтаар нотлогдсонгүй. Хэргийн 1 дүгээр хавтасны 39 дүгээр тал дахь 2014 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Орон сууцны барилгын өрөг бүтээцэд өөрчлөлт оруулсан тухай баримт байх боловч тухайн ажлын гүйцэтгэлийг хүлээн авч 2 талаас харилцан баталгаажуулсан баримтгүй байна.

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 05935 дугаар захирамжаар нэхэмжлэгч ГФХХК-ийн давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 3 180 585 төгрөгийг төлөх хугацааг хойшлуулахдаа тодорхой бус хугацаа тогтоосон байна. /2хх228/

 

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2-т зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 167.1.1-167.1.3-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй тохиолдолд магадлал хуулийн хүчин төгөлдөр болно. Хяналтын журмаар гомдол гаргасан тохиолдолд хяналтын гомдлоор хэргийг хянан шийдвэрлэж дууссанаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусахаар байна. Ийнхүү тодорхой бус нөхцөл тавьсан захирамжийн дагуу улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэх шийдвэрийнхээ биелэлтийг захирамж гаргасан шүүх өөрөө хангуулах шаардлагатай. Давж заалдах шатны шүүхээс ГФХХК-ийн гомдлыг хуульд заасан хугацаанд хянан хэлэлцсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/00437 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 5935 дугаар захирамжаар нэхэмжлэгч ГФХХК-ийн давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 3 180 585 төгрөгийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар хойшлуулсан болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

А.МӨНХЗУЛ