Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 120

 

С.Н-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                Ч.Тунгалаг,

Шүүгчид:                               Г.Банзрагч,

                                              Б.Мөнхтуяа,

                                              П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

Нарийн бичгийн дарга     Т.Даваажаргал. 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн 3 дахь хэсгийн С.Н-д холбогдох хэсэг, захирамжийн хавсралтын 47-д заасан С.Н, 48-д заасан Ө.Цэндхүү нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0833 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 108 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан, Х.Оюунсүрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0833 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 48 дугаар зүйлийн 48.2, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн 3 дахь хэсгийн С.Н-д холбогдох хэсгийг, уг захирамжийн хавсралтын 47-д заасан С.Н болон 48-д заасан Ө.Ц нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 108 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0833 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Магадлалын хянавал хэсэгт “Анхан шатны шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг дутуу цуглуулж, хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна” гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ...баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг шүүх цуглуулах үүрэгтэй болохоос, хэрэгт хамааралтай нотлох баримтыг цуглуулах үүргийг шүүх хүлээгээгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд анхан шатны шүүхийг нотлох баримтыг хуульд заагаагүй “хэрэгт хамааралтай байх” шалгуураар цуглуулаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй юм.

5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг холбогдох төрийн байгууллагуудаас (Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Прокурорын ерөнхий газрын дэргэдэх эрүүгийн хэргийн төв архив г.м.) хангалттай цуглуулсан.

6. Магадлалын хянавал хэсгийн 1-д “...дутуу баригдсан 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө нь нийт хэдэн м.кв талбайг эзэлж байгаа болох, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 1210 м.кв газрын аль хэсэгт байрлаж байгаа болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаарх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай” гэсэн нь үндэслэл муутай. Учир нь, нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн барилгын талбайд хэмжилт хийсэн баримт /2-р хавтас, 21, 22-р хуудас/, газар болон барилга дээр нь хийсэн шүүхийн үзлэгийн баримтууд, хариуцагчаас гаргаж өгсөн “Газрын баталгаажилтын хувийн хэрэг”-т авагдсан С.Н-ын эзэмшиж байгаа газрын кадастрын зураг /1-р хавтас, 233-р хуудас/, маргаан бүхий газар дээрх барилгын хэмжээ, түүний байршилтай холбоотой нөхцөл байдлыг тодорхойлсон гэж үзнэ.

7. Түүнчлэн маргааны зүйл нь газрын харилцаатай холбоотой болохоос үл хөдлөх хөрөнгө буюу барилгатай холбоогүй юм. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газар дээр баригдсан барилгын талбай, байршлыг тодруулах нь уг маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой биш юм. Нөгөөтэйгүүр, уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой нотлох баримтуудыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар  сарын 28-ны өдрийн 1/6357 дугаар албан бичгээр шаардаж, хариу нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 7/6602 дугаар албан бичгээр ирснийг /2-р хавтас, 26, 27-р хуудас/ дурдах нь зүйтэй.

8. Магадлалын хянавал хэсгийн 2-т “...Гуравдагч этгээд Ө.Ц-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газар нь С.Н-ын эзэмшиж байсан газартай аль хэсгээрээ, ямар хэмжээгээр давхцалтай эсэхийг ...кадастрын зургуудыг гаргуулж тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, ...гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрын кадастрын зураг хэрэгт огт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй” гэжээ.

9. Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий газрын баталгаажилтын хувийн хэргийг /1-р хавтас, 226-р хуудас/ хариуцагчаас шаардан гаргуулсан бөгөөд уг баримтад гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрын кадастрын зургийг ирүүлээгүй. Хэрэв хариуцагчид уг кадастрын зураг байсан бол шүүхэд түүнийг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэснийг давж заалдах шатны шүүх зөрчжээ. Угаас гуравдагч этгээдэд олгосон газрын кадастрын зургийг огт хийгээгүй, тийм зураг байхгүй гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байна. Учир нь, миний эзэмшлийн газар дээр өөр этгээдийн газрыг давхцуулан кадастрын зураг хийх тохиолдолд заавал надад мэдэгдэж, зөвшөөрөл авах ёстой бөгөөд тийм зүйл огт болоогүй юм.

10. Магадлалын хянавал хэсгийн 3-т “Нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанчлан  гуравдагч этгээдийн өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө нь 594 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэгт хамаарч байгаа эсэх, эсхүл уг үл хөдлөх эд хөрөнгө нь бүхэлдээ 212.8 м.кв талбайтай эсэх, эсхүл 212.8 м.кв үл хөдлөх хөрөнгө нь тусдаа бие даасан объект эсэх нь тодорхойгүй. Хэрэв энэ нь 594 м.кв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийн нэг хэсэгт хамаарч байгаа болох нь тогтоогдвол аль хэсэг нь гуравдагч этгээдийн өмчлөлд хамаарахыг тогтоож, энэ талаарх баримтыг цуглуулах нь зүйтэй” гэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь, давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй нотлох баримтыг цуглуулаагүй гэж анхан шатны шүүхийг буруутгасан нь үндэслэлгүй.

11. Маргааны зүйл нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой бус харин иргэний газар эзэмших эрхийг захиргааны байгууллага зөрчсөнтэй холбоотой болохыг дээр дурдсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөл, түүний хэмжээний талаарх иргэдийн маргаан нь захиргааны шүүхийн харьяаллын бус юм.

12. Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу цуглуулж шийдвэрлэсэн талаар огт дурдаагүй бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнээс хальж хянасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасныг зөрчсөн. Хэрэв анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх үзсэн бол уг зөрчил нь шүүхийн шийдвэр гаргахад хэрхэн нөлөөлсөн талаар огт дурдаагүй байна.

13. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн гуравдагч этгээд тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу төлөөгүй байхад гомдлыг хүлээн авч, шийдвэрлэсэн нь буруу юм. Тодруулбал, хавтаст хэрэг давж заалдах шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/701 дугаар албан бичгээр ирсэн байхад улсын тэмдэгтийн хураамжийг түүнээс хойш 18 хоногийн дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 04-нд төлсөн баримт хэрэгт авагджээ.

14. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Энэхүү маргааны хувьд: гуравдагч этгээд Ө.Ц нь нэхэмжлэгч С.Н-оос (дамжуулан) Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, 12 тоот хаягт байршилтай 212.8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000576100 тоот гэрчилгээг аван хууль ёсны өмчлөгч болсон учир түүний доорх болон (нэхэмжлэгчээс) шилжүүлэхээр тохирсон орчны газрыг эзэмшүүлэхийг хүссэний дагуу хариуцагчаас маргаан бүхий захиргааны актаар 363 м.кв газар эзэмшүүлсэн; нэхэмжлэгчээс “...үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн болохоос газрыг шилжүүлээгүй...” , “...миний 594 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг бүхэлд нь гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь хууль бус...” гэсэн үндэслэлээр маргасан буюу “үл хөдлөх хөрөнгийн доорх болон орчны газрыг эзэмших эрхтэй холбоотой” маргаан байна.

16. Гэтэл анхан шатны шүүх “газар эзэмших эрх”-тэй холбоотой маргааныг “сервитут”-тай холбоотой маргаан мэтээр буруу тодорхойлж, “...гуравдагч этгээд Ө.Ц нь 212,8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохын хувьд С.Н-ын эзэмшил газрын тодорхой хэсгийг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй болохоос бус түүний эзэмшил газрын тодорхой хэсгийг өөртөө шилжүүлэн авахаар шаардах эрхгүй...” зэргээр хэргийн үйл баримтаас хальж, хэрэглэх ёсгүй Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3-т заасан “газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх”-тэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг хэрэглэж, мөн нэхэмжлэлийн үндэслэлд дурдаагүй асуудлаар дүгнэлт хийх замаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

17. Нэгэнт маргааны гол үйл баримтад дүгнэлт өгөөгүй, үүнд холбогдох нотлох баримт дутуу нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал зөв, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

18. Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд заасанчлан: гуравдагч этгээд Ө.Ц-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газар нь нэхэмжлэгч С.Н-ын эзэмшиж байсан газартай аль хэсгээрээ, ямар хэмжээгээр давхцалтай болох; гуравдагч этгээдийн өмчлөлийн хоёр давхар үл хөдлөх эд хөрөнгө нь нийт хэдэн м.кв газрыг эзэлж байгаа буюу нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 1210 м.кв газрын аль хэсэгт байрлаж байгаа болох; нэхэмжлэгчийн 594 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарах эсэх зэрэг үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулж дүгнэлт өгөх шаардлагатай.

19. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн “...өмчлөх эрхтэй холбоотой маргаан бус, газар эзэмшигчийн эрх зөрчсөнтэй холбоотой маргаан...”, “...дурдсан нотлох баримт нь хэрэгт хамааралгүй...” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 108 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Н-ын хяналтын журмаар гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ч.ТУНГАЛАГ

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ