Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 720

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Батсайхан, Б.Гантулга нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор Г.Батбаяр,

          Ялтан Ж.Батсайхан, түүний өмгөөлөгч О.Баяраа,

          Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Батсуурь, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ж.Батсайхан, түүний өмгөөлөгч О.Баяраа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар 2016 2501 0361 дугаартай Ж.Батсайхан, Б.Гантулга нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн Жаргалсайханы Батсайхан, 1991 оны 6 дугаар сарын 16-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 11 дүгээр хороо, 3 дугаар баг, Майнзавын 8 дугаар гудамжны 9 тоотод оршин суух,

2010 оны 3 дугаар сарын 1-нд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 17 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

2014 оны 2 дугаар сарын 10-нд Сум дундын 8 дугаар шүүхийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-нд Багануур дүүргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн шүүгчийн захирамжаар суллагдсан, /РД:ЕЮ91061618/,

 

2. Гөрөөч овгийн Бямбацолмонгийн Гантулга, 1992 оны 10 дугаар сарын 18-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, “Номин Ус” ХХК-д өрмийн мастер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 дүгээр гудамжны 1336 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ИИ92101810/,

 

Ж.Батсайхан нь архидан согтуурсан үедээ 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Викториа” баарны гадна талд Г.Төгсбаяр гэгчтэй харилцан маргалдаж байх явцад түүнийг таслан зогсоох зорилгоор цагдаагийн албан хаагч Н.Наранбаатарын нийгмийн хэв журмыг сахин хангуулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Ж.Батсайхан нь архидан согтуурсан үедээ 2016 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 72 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оакланд” баарны гадна талд буюу гудамжинд ялимгүй зүйлээр шалтаглан хүч хэрэглэн танхайрах явцдаа зэвсгийн чанартай зүйл буюу шилээр иргэн Б.Лхагвасүрэнгийн нүүрэн тус газар зүсэж, бие махбодид тархи доргилт, зүүн хацарт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод, зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархай дотор хананы хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирласан,

Б.Гантулга нь архидан согтуурсан үедээ 2016 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оакланд” баарны гадна талд буюу гудамжинд “найз Ж.Батсайханыг зодлоо” хэмээн ялимгүйгээр шалтаглан хүч хэрэглэн танхайрах явцдаа иргэн Н.Бат-Эрдэнийн эрх чөлөөнд халдаж, бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Батсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар, Б.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Батсайханыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг, мөн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрах гэмт хэрэг,

 

Б.Гантулгыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан танхайрах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Гантулгыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Ж.Батсайханыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар Ж.Батсайханыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ж.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, Ж.Батсайханы нийт биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ж.Батсайханд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Гантулгад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ж.Батсайхан, Б.Гантулга нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Лхагвасүрэн, Н.Наранбаатар нар нь эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Гантулгад оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж тус тус шийдвэрлэжээ.

 

Ялтан Ж.Батсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад оногдуулсан хорих ялыг доорх шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг шалгаж өгнө үү.

Миний бие 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн 3 дугаар багийн нутагт байрлах “Викториа” баарны гадна, иргэн Т.Төгсбаяртай харилцан маргалдаж байтал цагдаагийн албан хаагч Н.Наранбаатар нь ирж намайг зодож, олон тооны гэмтэл учруулсан. Харсан гэрч нар байгаа. Үүнд:

1. Хэрэг гарсан газрын болон тухайн байгууллагын ажилчдаас болсон хэргийн талаар байцаалт, байгууллагын камерийн бичлэгийг нягтлан шалгуулах гэж удаа дараа хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй.

2. Шинжээч эмч дүгнэхдээ хохирогч Н.Наранбаатарт учирсан гэмтлийг “гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй, дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэж дүгнэсэн байна. Иймд шинжээч эмчийг шүүхийн хэлэлцүүлэгт оруулах, гэрч Билэгдэмбэрэл нь цагдаа Н.Наранбаатарыг шилээр цохисныг шалгах.

3. Гэрч Т.Төгсбаяр надтай анх маргалдсан, намайг цагдаагийн машинд цагдаа Н.Наранбаатарт намайг зодуулсныг харсан гэрч, гэрч Мөнхтүвшин нь “Викториа” баарны гадаа анх зодохыг харсан, анх болсон зүйлийг харсан. Гэрч Азжаргал нь Наранбаатар цагдаа намайг зодоход хориглож, салгах гэж байгаад өөрөө зодуулсан. Гэрч Хүдэрболд нь болсон бүх явдлыг харсан. Гэрч Гэрэлсүрэн болсон бүх зүйлийг харсан. Гэрч Анхбаяр “Виктория” баарны хамгаалагч, бүгдийг анхнаас нь харсан.

4. Би Н.Наранбаатарыг ямар нэгэн хараалын үгээр хэлээгүй, нүд рүү нь цохиогүй, түүний өөдөөс эсэргүүцэл үзүүлээгүй. Намайг очиж бариад зодож байсныг Төмөрхуяг, Анхбаяр, Хүдэрболд, Азжаргал, Мөнхтүвшин болон баарны хамгаалагчид бусад хүмүүс гэрчилнэ.

2016 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 72 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бааранд найз Батдэлгэр, Гантулга нарын хамт 23 цагийн орчимд ороод Батдэлгэр, Гантулга хоёр бааран дотор хүмүүстэй муудалцах гээд байхаар нь тэр хүмүүсээс салгаад, баарнаас түрүүлж гаргаад, би муудалцсан залуучуудаас уучлалт гуйгаад, гар бариад салсан. Мөн удалгүй гараад байж байтал хэдэн хүн маргалдаад зогсож байсан. Батдэлгэр, Гантулга нар нөгөө залуучуудтай муудалцаад, зодолдож байхад нь би салгахаар очсон. Гэтэл Бат-Эрдэнэ намайг хажуунаас орж ирээд цохисон. Би газар унасан. Унасаны дараа толгой, нүүр, ам руу цохиод, толгой дээрээ дэвсээд байсан. Амь биеэ хамгаалахын улмаас босч ирээд гараараа хамгаалж, нэг хүнийг нь гараараа цохиход Б.Лхагвасүрэнгийн нүүр лүү цохисон байснаа сүүлд мэдсэн. Үүнд:

  1. Би Б.Лхагвасүрэнг санаатай цохьё гэж цохиогүй,
  2. Түүнтэй маргалдаж, муудалдсан зүйл байхгүй,
  3. Санаатайгаар зодоон үүсгэж, зодолдох гэж зорьж очоогүй,

4. Хамт явж байсан хүнээ салгах зорилготой очиход Бат-Эрдэнэ намайг цохиж унагаагаад би газар унасан.

5. Шинжээч эмч С.Чулуунсүхийн мэдүүлэгт: Б.Лхагвасүрэнгийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу нүүрний төрх алдагдсан байдал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн байна. Мөн шинжээч эмч С.Чулуунсүхийг шүүхийн хэлэлцүүлэгт оруулах.

6. Б.Лхагвасүрэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1467 дугаартай дүгнэлт нь Б.Лхагвасүрэнгийн биед учирсан гэмтлийг мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт.

7. Гэрч Н.Отгонцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь бүгд худал байсан, тухайн хэрэг гардаг өдөр Н.Отгонцэцэг нь Сайншандад байсан ба байх хугацаандаа хамтран ажиллаж байсан мөсөн катокийн материалыг буулгаж зөөсөн. Зөөлцөхөд миний төрсөн дүү Мөнгөнцэцэг, хуурай дүү Дорж, Мөнхжаргал нар байсан. Мөн 03-09 ДГО улсын дугаартай цагаан өнгийн “Пронтер” загварын  автомашин байсан. Жолооч нь Уугар гэдэг хүн байсан. Цаашлаад Н.Отгонцэцэгийг мөрдөн байцаалтад шалгаж, түүний нөхөр Батдэлгэрийг оруулах хүсэлттэй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд миний 2016 оны 3 дугаар сарын 23-наас 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх 2 сар 17 хоног буюу 78 хоногийн цагдан хоригдсон хугацааг тогтоолд бичээгүй байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шалгаж тогтоож өгнө үү...” гэв.

 

Ялтан Ж.Батсайханы өмгөөлөгч О.Баяраа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, дүгнэн, шинжлэн судлалгүй шүүгдэгчийг яллах байр сууринаас шийдвэр гаргалаа. Ж.Батсайхан нь хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн боловч түүнийг бусдад зодуулж, гэмтэл авсан, хохирсон асуудлыг үнэн зөвөөр ялгаж тогтоолгүй, Үндсэн хуулийн хүн бүр тэгш эрхтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчим алдагдсан байна. Ж.Батсайханыг шүүгдэгч талаас нь харж хэргийг шийдсэн ба хохирогч гэж үзсэнгүй. Түүний биед хоёр үйлдлийн улмаас маш олон тооны гэмтлүүд учирсныг хэн учруулсан зэргийг шалгаж тогтоосонгүй. Ж.Батсайханы биед учирсан гэмтлүүдийг шүүх эмнэлгийн дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдсон байхад шалгалгүйгээр шийдвэрлэсэн нь бусдад ял завшуулсан байна.

Иймд Ж.Батсайханы хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хэргийн бодит үнэн байдлыг тогтоогоогүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Прокурор Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ж.Батсайхан, Б.Гантулга нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү…” гэв.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд “саад болох эсхүл тогтоол гарахад нөлөөлж болохуйц” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан “заавал нотолбол” зохих асуудлуудыг мөрдөн байцаалт болон прокурорын шатанд нотолж ирүүлээгүй байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангаагүй шийтгэх тогтоол гаргаж хэргийг шийдвэрлэжээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 297 дугаартай яллах дүгнэлтэд      Ж.Батсайхан, Б.Гантулга нарын  2016 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө догшин авирлаж тус тус танхайрсан гэх үйлдлүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан “... гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн ...”  нь эргэлзээтэй байдлаар бичигджээ.

 

Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан  “яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүд” зэрэг нотолбол зохих асуудлуудыг шалгаж тогтоогоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл Ж.Батсайхайханы хувийн байдлыг тодруулаагүй, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолтод түүнийг “Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн захирамжаар “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдан суллагдсан”, яллах дүгнэлтэд “2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар суллагдсан”, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “2015.11.9 Ерөнхийлөгчийн зарлигаар сул-сан. Үлд: 2ж 3с 26х” гэж тус тус зөрүүтэй, эргэлзээтэй бичигдсэн байхад Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг авч хэрэгт хавсаргаагүй байна. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан шүүх Ж.Батсайханд Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн яллагдагчийн цагдан хоригдсон хоногийг шийтгэх тогтоолд заахгүй орхигдуулж зөрчил гаргасан байна.

 

Мөн яллагдагч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх, түүний хугацааг орхигдуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хуульд үл нийцнэ.

 

Дээрх асуудлууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх ялтан Ж.Батсайхан, түүний өмгөөлөгч О.Баяраа нарын гаргасан гомдлуудыг энэ удаа эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

         

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Батсайхан, Б.Гантулга нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулж, Прокурорын газарт буцаасугай.

 

            2. Хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт очтол Ж.Батсайханд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Гантулгад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ОЮУНЧУЛУУН

 

                                 ШҮҮГЧИД                                              Б.ЗОРИГ

 

                                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ