Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 105

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Э.Чингис, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Д.Чинзориг,        

улсын яллагч П.Даваасүрэн,

иргэдийн төлөөлөгч Н.Төмөртогоо,

шүүгдэгч Ж.Батсайхан, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

шүүгдэгч Б.Гантулга, түүний өмгөөлөгч Н.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Жаргалсайханы Батсайханд, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Гөрөөч овогт Бямбацолмонгийн Гантулгад тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625010361 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Жаргалсайханы Батсайхан, 1991 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд суманд төрсөн, яс үндэс халх, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, 5 дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 11 дүгээр хороо 3 дугаар  баг Майнзавын 8 дугаар гудамж 9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2010 оны 03 сарын 01-ний өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүхийн 17 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, 2014 оны 02 сарын 10-ны өдөр Сум дундын 8 дугаар шүүхийн 17 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар суллагдасан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЕЮ91061618 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Гөрөөч овогт Бямбацолмонгийн Гантулга, 1992 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, яс үндэс халх, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, "Номин ус" ХХК-д өрмийн мастер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-11-р гудамж 1336 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ИИ92101810 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Ж.Батсайхан нь ялтай байх хугацаандаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Викториа" баарны гадна талд Г.Төгсбаяр гэгчтэй харилцан маргалдаж байх явцад түүнийг таслан зогсоох зорилгоор цагдаагийн албан хаагч Н.Наранбаатарын нийгмийн хэв журмыг сахин хангуулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Батсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 72 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Оакланд" баарны гадна талд буюу гудамжинд ялимгүй зүйлээр шалтаглан хүч хэрэглэн танхайрах явцдаа зэвсгийн чанартай зүйл буюу шилээр иргэн Б.Лхагвасүрэнгийн нүүрэн тус газар зүсэж, бие махбодид тархи доргилт, зүүн хацарт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод, зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархай дотор хананы хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Гантулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Оакланд" баарны гадна талд буюу гудамжинд "найз Ж.Батсайханыг зодлоо" хэмээн ялимгүйгээр шалтаглан хүч хэрэглэн танхайрах явцдаа иргэн Н.Бат-Эрдэнийн эрх чөлөөнд халдаж, бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:      

Шүүгдэгч Ж.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн бааранд найз Билэгдэмбэрэл, Хүдэрболд, Азжаргал нарын хамт 23 цагийн орчимд орсон. Тэнд 23 цаг 50 минутын үед маргаан болоход баарны гадаа гараад Төгсбаяртай би маргалдан заамдалцахад Төгсбаяр намайг цохисон. Тэр үед цагдаагийн албан хаагч Наранбаатар ирээд миний араас өшиглөсөн. Би Төгсбаярт цохиулаад унах үед заамдалцсан байсан болохоор зууралдсан чигээрээ сөхөрсөн. Тэгэхэд миний араас өшиглөж байсан Наранбаатар цагдааг манай найз Билэгдэмбэрэл татахад Наранбаатар нь манай найз Билэгдэмбэрэлийн нүүрэнд нь цохисон. Зөрүүлээд Билэгдэмбэрэл тэр цагдаагийн нүүрэнд нь цохисон. Тэгээд биднийг бүгдийг нь цагдаагийн машинд суулгаж гавлаад явж байх замдаа Наранбаатар цагдаа харанхуй газар очиж зогсоод намайг зодсон. Тэгээд дараа нь цагдаагийн газар очихдоо би даргад нь цагдаад зодуулсан талаараа хэлж байсан. Тэгэхэд манайг түр саатуулах байранд хүлээлгэж өгсөн. Түр саатуулах байрны цагдаа миний согтуурлын зэргийг шалгаад “эрүүлжүүлэх шаардлагагүй” гээд манай ээжийг дуудан намайг хүлээлгэн өгсөн. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дээр хэлэхэд тухайн үед бааранд Батдэлгэр, Гантулга бид гурав орсон. Тэр хоёр бааранд ороод хүмүүстэй муудалцаад байхаар нь би тэднийг салгаж, тэндээс гаргаад, муудалцаж байсан хүмүүсээс уучлалт гуйгаад баарнаас гараад очиход энэ хоёр гадаа шорлог авч байсан хүмүүстэй заамдалцаад, цохилцох гэж байсан. Би очоод тэднийг салгахад хэн нэг нь намайг цохиод газар унагаасан. Би нүүрээ дараад босох боломжгүй газар унасан байхад намайг дээрээс дэвсэж зодсон. Тэгэхээр намайг буруутгаж байгаа энэ зүйл ангиудыг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэв.

Шүүгдэгч Б.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би мэдүүлэг өгөхгүй, өмнөх шүүх хурал дээр үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

Гэрч Л.Пүрэвдаваа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 22:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 7-р хороонд байрлах Баянцээлийн гудамжинд Оакланд баарны урд талд очиж шорлог зарсан. Очиход Төвшөө бас шорлог зарж байсан. Шөнө 01:00 цаг өнгөрч байх үед 2 залуу Төвшөөгөөс шорлог авсан. Өндөр намхан 2 залуу байсан. Тэр хоёрыг шорлог аваад идэж байхад хажуунаас бас өндөр залуу ирснээ "шорлог аваад өгчих, аваад өгчихөж чадахгүй байна уу" гэх мэтээр хэрүүл өдөөд байсан. Би тэгээд тэр хавиар өөр хүмүүст шорлог зарсан. Удаагүй Төвшөө намайг дуудаад "нөгөө шорлог авсан 2 залууг 3 залуу зодоод байна, хоёулаа болиулъя" гэхээр нь харахад шорлог авсан өндөр залуугийн нүүрнээс нь цус гараад дараад зогсож байсан. Шорлог авсан намхан залуу нь болохоор нэг залуугийн дээрээс дарж хэвтсэн, хэрүүл өдсөн өндөр залуу нь, жижиг залуутай цуг шорлог авсан намхан залууг дээрээс өшиглөөд, цохиод зодож байсан. Төвшөө очоод "та нар хүн аллаа шүү дээ, болиочээ, энэ 2 зүгээр шорлог авсан" гэж хэлээд жижиг залууг нь татсан. Тэр залуучууд болиогүй бүр зодоод байсан. Зодуулж байсан залуу "авраачээ" гэсэн ба нүүрээ зүсүүлсэн залуу "наад хүмүүсээ болиулаачээ" гэсэн. Өндөр залуу нь нүүрээ зүсүүлсэн залууг газар унагаад дээрээс нь өшиглөсөн. Тэгэж байхад машинтай цагдаа явж байхаар нь би гүйж очоод "энд зодоон болоод байна" гэж хэлээд дагуулж ирсэн. Цагдаа ирээд зодооныг болиулахад намхан залуу босож ирээд цагдаа ирснийг анзаараагүй "намайг авраачээ" гээд орилоод байсан. Цагдаа ирснийг хараад гайгүй болсон. Цагдаа нар ирээд 2 залууг нь машинд суулгаад зодуулсан 2 залууг түргэн дуудаад өгч явуулсан. Зодоонд оролцсон жижиг залуу нь цагдаа явсаны дараа ТҮЦ-ний тэнд таараад "манай найз сая шоронгоос өршөөлөөр гарч ирсэн одоо дахиж орлоо доо" гэж байсан...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх35-36/,

 

Гэрч Б.Өсөхжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20:00 цагаас Сүлд 112 чиглэл буюу Баянзүрх дүүргийн 4, 7-р хороодын нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг а/а Б.Мөнхбаярын хамт гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж шөнө 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр Баянцээлийн гудамжаар өгсөж явах үед Оакланд баарны харалдаа автомашины туслах зам дээр хүмүүс зодолдож байсан. Шорлог зардаг Пүрэвдаваа гараараа даллаж зам тосож гүйж ирээд "хүмүүс зодолдоод байна" гэж хэлсэн. Машинаасаа буугаад очиж харахад 3 залуу газар зууралдаж байсан ба 1 залуу нь хажууд нь байсан. Лхагвасүрэн гэх залуугийн зүүн хацар нь язарч нүүр нь битүү цус болсон, хацраас цус их хэмжээгээр гарч байсан ба тэр залуу өөрийг нь зүссэн гэх залуугаас зуураад тавихгүй байсан. Очоод салгах гэхэд Лхагвасүрэн "энэ залууг барь, тэгвэл би тавина, намайг зодож нүүр зүссэн хүн байна" гэхээр нь тэр залууг барьж босгоход Батсайхан гэх залуу байсан. Батсайханы хамаатан гэх Гантулга нь бид нарыг ирэх үед хажууд байсан. Батсайхан, Гантулга нарыг албаны машинд суулгасан. Лхагвасүрэнгийн найз Бат-Эрдэнэ гэх залуу зодуулсан гэх боловч нүдэнд харагдах ноцтой шарх байгаагүй. Лхагвасүрэнгийн гэмтэл нь ноцтой, цус их гарч байсан учир 103-т залгаж түргэн тусламж дуудсан. Түргэний эмч 20 минут орчмын дараа ирж үзээд "оёдол тавих шаардлагатай" гээд Лхагвасүрэнг найз Бат-Эрдэнийн хамт Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Маргааныг салгах үеэр ойр орчимд байсан шорлог зарж байсан Пүрэвдаваа, Төвшөө нар явсан байсан. Хэрэгт ач холбогдолтой хүмүүсийг хайхад гэрч байгаагүй...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх37-38/,

 

Гэрч Б.Мөнхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20:00 цагаас Сүлд 112 чиглэл буюу Баянзүрх дүүргийн 4, 7-р хороодын нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг а/х Б.Өсөхжаргалын хамт гүйцэттэсэн. Үүрэг гүйцэтгэж байхдаа шөнө 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр Баянцээлийн гудамжаар өгсөж явах үед Оакланд баарны гадаа автомашины туслах зам дээр хүмүүс зодолдож байсан. Шорлог зардаг залуу зам тосож гүйж ирээд "хүмүүс зодолдоод байна" гэж хэлсэн. Машинаасаа а/х Б.Өсөхжаргалын хамт буугаад очиход 3 залуу газар зууралдаж байсан. Нүүрээ зүсүүлдэг Лхагвасүрэн, найз нь Бат-Эрдэнэ, нүүр зүсдэг Батсайхан нар зууралдаад газар хэвтэж байсан. Батсайханы найз Гантулга гэх залуу хажууд нь зогсож байсан. Лхагвасүрэн "энэ хүн миний нүүрийг пивоны шил хагалаад зүссэн" гэсэн. Тэгэхээр нь Батсайхан болон Гантулгыг барьж машинд суулгасан. Батсайхан "намайг ийм болгосон" гээд уруулаа үзүүлсэн. Уруул нь хавдсан харагдаж байсан. Лхагвасүрэнгийн зүүн хацар нь язарч цус их хэмжээгээр гарч байсан, газраар дүүрэн цус болсон байсан ба цус нь тогтохгүй байхаар нь 103-т дуудлага өгсөн. Энэ хооронд тэр хавьд байсан хүмүүс байхгүй болсон байсан. Юу болсон талаар асуухад "шорлог авч өгсөнгүй гэж маргаан өдөөсөн, тэгээд Батсайхан нь шилээр Лхагвасүрэнгийн нүүрийг зүссэн" гэж байсан. Түргэний эмч 30 орчим минутын дараа ирсэн. Ирэх хооронд Лхагвасүрэнгийн цус нь тогтохгүй машин, бид нарын хувцас гээд бүх зүйл цус болсон. Эмч ирж үзээд оёдол тавих шаардлагатай гээд Лхагвасүрэнг найз Бат-Эрдэний хамт Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Явах үед нь "эмчилгээ хийлгэчихээд ирж өргөдлөө гаргаарай, энэ 2 хүнийг саатуулна" гэж хэлээд явуулсан...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх39-40/,

 

Гэрч Н.Отгонцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 22:15 цагийн үед Батдэлгэр "найзтайгаа уулзлаа" гэж хэлээд гараад явсан. Хэнтэй уулзах гэж байгаа талаар мэдээгүй. Тэр өдөр Батсайхан, Гантулга 2 манай гэрийн гадаа ирсэн талаар мэдээгүй. 00:00 цаг өнгөрөөд гэртээ ирэхгүй байхаар нь Батдэлгэр рүү залгахад эхэндээ утсаа авахгүй байсан. Унтаж байгаад сэрээд дахиж залгахад Батдэлгэр утсаа аваад "одоо очлоо" гэсэн. Би "хаагуур, хэнтэй яваад байгаа юм бэ" гээд хэрүүл хийж ярихад Батдэлгэр жоохон архи уусан байсан болохоор өөдөөс "хань нь очлоо, хань нь гарлаа" гээд олон юм ярьсан. Бид 24 минут орчим яриад Батдэлгэр "одоо яг очлоо" гэж хэлээд тасалсан. Утсаар ярьж дуусаад би буцаад унтсан ба Батдэлгэрийг хэзээ ирсэн талаар мэдээгүй. Шөнө орж ирж байгааг нь мэдсэн. Өглөө сэрээд харахад Гантулга зодоон хийсэн шинж байгаагүй. Түүнээс хойш 3 хоногийн дараа Батсайханы ээж Одончимэг утсаар залгаад "Батсайхан хотод хоригдсон гэж байна, би Сайншандаас гарч байна гэж хэлсэн. Тэгээд Одончимэг эгч ирээд цагдаа дээр байна гэхээр нь ирээд асуухад Батсайхан, Гантулга, Батдэлгэр нар "тэр өдөр баарнаас гараад зодоон хийсэн талаар бага зэрэг зүйл ярьсан. Болсон явдлын талаар нарийн сайн яриагүй ба би хамгийн түрүүнд Батсайханаас "Батдэлгэр оролцоотой юу" гэж асуухад Батсайхан "танай хүн огт оролцоогүй, хүн зодсон талаар Батдэлгэр мэдээгүй" гэж хэлсэн. “...2015 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Батсайхан бид хоёр Дорноговь аймагт мөсөн коток ажиллуулж эхэлсэн. Тухайн үед Батсайхан Өршөөлийн хуулиар шоронгоос гарч ирээд санаа гаргаад цуг ажиллуулсан. 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр коток нээсэн гээд Батсайхан, Билэгдэмбэрэл, Мөөжий, Доржоо нарын хамт тавуулаа Сайншанд сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг Викториа диско клубт 23:00 цагийн үед орсон санагдаж байна. Ороод нэг нэг пиво захиалаад сууцгааж байхад Батсайхан "ариун цэврийн өрөө орлоо" гээд Мөөжий, Доржоо нарын хамт явсан. Билэгдэмбэрэл бид хоёр ширээн дээр суугаад үлдсэн. Батсайхан ер нь бааранд байнга зодоон хийдэг учир би юмыг яаж мэдхэв гэж бодоод эрэгтэй ариун цэврийн өрөөний хаалгыг татаад харахад зүс таних Жаргаах-Эрдэнэ зогсож байсан. Нөгөө гурав Жаргаах-Эрдэнийг тойроод зогсоод юм ярьж байсан. Би зодох гээд байна гэж бодоод "гараад ир" гэж дуудахад Доржоо хаалга татаад намайг оруулахгүй байсан. Тэгэхэд Билэгдэмбэрэл араас хүрч ирээд 5 минут орчим байж байхад Жаргаах-Эрдэнэ зодуулаад нүүр нь хавдсан, амнаас нь цус гарсан байдалтай гарч ирсэн. Батсайхан баруун гараа сэгсрээд гарч ирсэн. Би Батсайханыг эмэгтэй ариун цэврийн өрөө рүү дагуулж ороод "чи яаж байгаа юм бэ" гэхэд Батсайхан "одоо найз нь зодоон хийхгүй, бүгдээрээ сайхан сууя" гэсэн. Энэ үед Жаргаах-Эрдэнийн танил ах Найдан гэх залуу орж ирээд Жаргаах-Эрдэнийг өмөөрөөд Батсайхан руу дайраад байсан. Батсайхан Найдан 2 бие биетэйгээ хэд хэдэн удаа цохилцохоор нь би Батсайханыг салгасан. Удаагүй цагдаа хүрч ирээд Батсайхан, Жаргаах-Эрдэнэ нарыг аваад явсан. Батсайхан, Жаргаах-Эрдэнэ нар бие биенээ зүс танина. Энэ хэрэг болох шалтгаан нь Доржоо, Жаргаах-Эрдэнэ нар хоорондоо харилцаа муутай байсан ба Доржоо нь Батсайханы хуурай дүү учир Батсайхан өмөөрөөд Жаргаах-Эрдэнийг зодсон. Энэ хэрэг болсоны дараа удаагүй Батсайхан бас олсон орлогоороо архи ууж яваад цагдаа зодсон талаар Батсайханаас өөрөөс нь сонссон. Батсайханыг цагдаа зодох үед нь би Улаанбаатар хотод байсан. Сайншандад очоод Батсайхантай уулзахад "найз нь сүүлдээ цагдаа зоддог болж байна, зодсон цагдаагаа дараа нь харахад арай өрөвдөлтэй болсон байна лээ" гэж бахархалтай яриад байсан...” гэсэн мэдүүлэг. /хх49-51/,

 

Гэрч Ч.Ууганбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Дорноговь аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаагаар 2015.09.18-ны өдрөөс ажиллаж байна. Одоогоор Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн 3531-р дамжаанд ичнээгээр суралцаж байна. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 20:00 цагаас 15-ны өдрийн 03:00 цаг хүртэл а/ч Г.Ганцолмонгийн хамт Сайншанд сумын төвд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 01:00 цагийн үед станцаар Ёс журмын эргүүлээр ажиллаж байсан тус газрын ахлах мөрдөн байцаагч, х/ч Н.Өлзийжаргал "3-р багт байрлах Викториа баарны гадаа цагдаа зодууллаа, яаралтай ир" гэж зарласны дагуу 5 минут орчмын дараа очиход х/ч Н.Өлзийжаргал, эргүүл удирдах офицер, д\ч Ариунтуяа, олон нийтийн цагдаа Лувсантаян нар байсан. Саатуулах байрны цагдаа, а/ч Наранбаатар баарны үүдэнд нүүрэндээ цохиулаад цус гарсан нүүрээ дараад зогсож байсан. Хошууч Өлзийжаргал "Наранбаатарыг цохьсон хүмүүс бааранд орсон, аваад гараад ир" гэж хэлсэн. Тэгээд заалгаж байгаад ороход Батсайхан цээж нүцгэн сууж байсан ба хэдэн хүмүүсийн хамт сууж байхаар нь очсон. Батсайхан нь 5-6 жилийн өмнө манай гэрийн хажууд амьдардаг байсан болохоор намайг таниад эсэргүүцэл үзүүлэлгүй цуг гарсан. Цуг байсан 4-5 хүмүүс нь дагаад гарч ирсэн. Баарнаас гаргаж ирээд гавлах үедээ харахад Батсайханы цээж, нуруу нь зулгарч урагдсан байсан. Батсайханыг зодолдсон гэх Төгсбаярын хамт гавлаад хөдөлгөөнт эргүүлийн машинд суулгасан. Наранбаатар хажууд нь суугаад Цагдаагийн газрын байранд очсон. Цуг байсан хүмүүсийг жижүүрийн УА3 469 маркийн машинд суулгаад авчирсан. Газрын байранд ирээд Батсайханыг машинаас буулгаад саатуулах байр руу оруулах гэж байх үед Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Эрдэнэбат ажлаасаа гарч таарсан. Батсайхан дэд хурандаа Эрдэнэбат даргыг хараад "цагдаа нар намайг зодлоо" гэж орилоод очих гээд байхаар нь болиулаад саатуулах байранд оруулсан. Ерөнхий жижүүр, а/х Уранбаяр болсон явдлын талаар асууж тодруулсан. Ганцолмон бид хоёр Батсайханыг саатуулах байранд хүргэж өгөөд ажлаа хийхээр явсан. Дараа нь болсон зүйлийг тодруулахад Батсайхан нь найзтайгаа зодолдож байхад Наранбаатар очиж салгах үед Батсайхан эсэргүүцэл үзүүлж нүүрэнд нь цохисон байсан...” гэсэн мэдүүлэг. /хх126-127/,

 

Гэрч Д.Гэрэлсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 21:00 цагийн үед найз Төгсбаяр, Төмөрхуяг нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд суманд байдаг Викториа нэртэй бааранд орсон. Ороод пиво уугаад сууж байхад танил дүү Жавхлан, найз Мөнхтүвшин, Лхагва, Баярхүү, Жавхлангийн төрсөн өдрийг тэмдэглэж байна гээд орж ирсэн. Тэд нар тусдаа ширээнд суусан. Үүнээс 1 цаг орчмын дараа Батсайхан хоёр найзын хамт бааранд орж ирсэн. Орж ирээд Жавхлан нарын сууж байгаа ширээний хажуу талын ширээнд суусан. Батсайхан орж ирээд удаагүй байхад Жавхлан манай ширээн дээр хүрч ирээд "Манай найз Лхагваа картнаас мөнгө аваад ирэхэд Батсайхан 20.000 төгрөг авчихлаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би Батсайхан дээр очоод "ахын дүү яаж байгаа юм бэ, төрсөн өдөр нь болж байна, мөнгийг нь буцаагаад өгчих" гэхэд Батсайхан "би мэдэж байна" гэсэн. Тэгээд би ширээн дээрээ очиж суусан. Сууж байгаад Төмөрхуяг, Жавхлан бид гурав гарч тамхи татаж байгаад буцаж орж ирээд ариун цэврийн өрөө орсон. Ариун цэврийн өрөөнд байхад баарны хамгаалагч "танай найз чинь зодолдоод байна" гэж хэлэхээр нь зааланд ороход Батсайхан, Төгсбаяр нар байхгүй байсан ба хамгаалагч нь "гадагшаа гарсан" гэж хэлсэн. Баарнаас гарахад баарны үүдэнд Төгсбаяр, Батсайхан нар заамдалцаад зогсож байсан ба олон цагдаа нар ирсэн байсан. Цагдаа нар Батсайхан, Төгсбаяр хоёрыг салгасан. Тэгээд Батсайханыг хоёр найзын хамт цагдаа нар аваад үлдсэн. Төгсбаяр, Төмөрхуяг бид гурав болон Жавхлан найзуудын хамт буцаж бааранд ороод ширээндээ суусан. Сууж байхад Батсайхан цагдаа нартай цуг орж ирсэн ба "эд нар ч гэсэн цуг муудалцсан болохоор цуг авч явна" гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар бид нарыг авч гарсан. Би Төмөрхуягтай цуг 1 машинд суусан. Батсайхан, Төгсбаяр нарыг холбож гавлаад өөр машинд суулгасан. Тэгээд Цагдаагийн газар дээр ирээд бид нарын согтуугийн хэмжээг үзсэн. Жавхлан бас ирсэн байсан. Жавхлангийн найзууд хэрэг болох үед явсан байсан. Мөнхтүвшин л зодоон болох үед хараад байж байсан. Батсайханы хоёр найзыг бас авчирсан байсан. Батсайхан цагдаа дээр ирэхэд цээж нүцгэн байсан ба зодуулсан шинжтэй байсан. Цагдаа нар бид нарыг согтуугийн зэргийг үзээд Жавхлан, Төмөрхуяг, Төгсбаяр бид нарыг явуулсан. Батсайханыг нэг найзтай нь цагдаа дээр үлдээсэн...” гэсэн мэдүүлэг. /хх129-130/,

Гэрч У.Төмөрхуяг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 21:00 цагийн үед найз Төгсбаяр, Гэрэлсүрэн нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд суманд байдаг Викториа бааранд орсон. Ороод пиво уугаад сууж байхад танил дүү Жавхлан найз нарын хамт гурвуулаа орж ирсэн. Жавхлангийн төрсөн өдөр гэж байсан ба тусдаа өөр ширээнд суусан. Жавхлангийн суусан ширээний хажуу талын ширээнд Батсайхан хоёр найзын хамт сууж байсан. 20-30 минутын дараа Жавхлан хүрч ирээд "Батсайхан ширээн дээр байсан архи уугаад, манай найз Лхагваа картнаас мөнгө аваад ирэхэд 20.000 төгрөг авчихлаа, хэлээд өгөөч" гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар очоод Батсайханд "хүүхдийн төрсөн өдөр нь болж байхад ингэж болохгүй, мөнгийг нь буцаагаад өгчих" гэхэд Батсайхан "бид нар багаасаа нэг байранд өссөн, би өөрөө мэдэж байна" гэсэн. Тэгээд бид нар буцаад ширээндээ очиж суусан. Түүнээс 10 минут орчмын Гэрэлсүрэн бид нар ариун цэврийн өрөөнд байж байхад баарны хамгаалагч орж ирээд "танай найз чинь хүнтэй муудалцаад байна" гэж хэлэхээр нь зааланд ороход Төгсбаяр байхгүй байсан. Гадаа гарахад баарны үүдэнд Төгсбаяр, Батсайхан нар зууралдаад зогсож байсан. Би очоод Төгсбаярыг салгаж байхад цагдаа нар хүрч ирсэн. Батсайханы найз намхан залуу нь энэ үед Төгсбаяр руу пивоны шил шидсэн боловч оноогүй. Цагдаа нар ирээд Батсайханыг салгасан. Нэг харахад эргүүлийн цагдаа Батсайханыг газар унагаад өшиглөж байсан. Батсайхан "та нар цагдаа ч гэсэн хүн зодох эрх байхгүй шүү" гэж орилоод байсан. Тэгээд цагдаа нар бид нарыг Цагдаагийн газар руу авч явсан. Би Батсайханы найз намхан залуутай 1 машинд Гэрэлсүрэн, Жавхлан нар 1 машинд суусан ба Батсайхан, Төгсбаяр хоёрыг холбож гавлаад 1 машинд суулгасан. Цагдаагийн газар дээр ирсний дараа Батсайхан цээж нүцгэн байсан ба доголоод "та нар миний хөлийг ийм болгочихлоо" гэж байсан. Цагдаа дээр ирсний дараа Батсайхан цагдаа зодсон гэдгийг мэдсэн. Зодуулсан цагдаагийн нүд нь хөхөрч хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх129-130/,

Гэрч А.Лувсантаян мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 12 дугаар сарын 14-ний орой 20 цагт Цагдаагийн газрын даргын батлагдсан хуваарийн дагуу эргүүлийн 117-р чиглэлд тус цагдаагийн газрын саатуулах байрны цагдаа Н.Наранбаатарын хамтаар үүрэг гүйцэтгэж байсан. 01 цагийн орчимд цагдаагийн газрын ёс журмын эргүүл, цагдаагийн хошууч Н.Өлзийжаргал, эргүүл удирдах офицер цагдаагийн дэслэгч Н.Ариунтуяа нар эргүүлүүдийн маршрутанд нь шалгасан. Тухайн үед ахлагч Н.Наранбаатар бид хоёр Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Викториа баарны гадаа хяналт тавьж шалгуулж байхад тус баарнаас Ж.Батсайхан гэгч нь зүс таних Төгсбаяртай зодолдоод гарч ирсэн. Тэгээд ахлагч Н.Наранбаатар бид хоёр хэрүүл маргаан үүсгэж хоорондоо зодолдсон Төгсбаяр, Батсайхан нар дээр очиж "Олон нийтийн үйлчилгээний газар яагаад хэрүүл маргаан үүсгээд зодолдоод бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байгаа юм гэж хууль ёсны шаардлага тавьж салгахад Батсайхан гэгч нь Наранбаатарын баруун нүд рүү шууд цохьсон. Би юугаар цохьсоны нь хараагүй. Би тэр үед баарны гадаа байсан хэсэг хүмүүсийг хориглоод байж байсан. Билэгдэмбэрэл гэх залууг би барьчихсан зогсож байхад ахлагч Наранбаатарыг араас нь пивоны шилээр яг цохих гэж байхад нь би араас татахад Наранбаатарыг хальт цохьсон. Тэгээд эргүүл удирдах офицер Н.Ариунтуяа, ёс журмын эргүүл, цагдаагийн хошууч Н.Өлзийжаргал нар станцаар эргүүлүүдийг дуудаж цагдаагийн албан хаагч Викториа баарны үүдэнд халдлагад өртсөн талаар зарлаж удалгүй эргүүлийн цагдаа нар ирсэн. Тэгээд баар руу ахлагч Ууганбаяр, Ганцолмон нар орж Төгсбаяр, Батсайхан нарыг хооронд нь гавлан гаргаж ирээд хөдөлгөөнт эргүүлийг авто машинд суулгаж цагдаагийн газар руу аваад явсан. Хамт Наранбаатар цагдаа бас явсан...” гэсэн мэдүүлэг. /хх142-143/,

 

Гэрч Н.Ариунтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 12 дугаар сарын 14-ний орой 20 цагт Цагдаагийн газрын даргын батлагдсан хуваарийн дагуу эргүүл удирдах офицероор ажиллаж байсан. Тэгээд 01 цагийн орчимд цагдаагийн газрын ёс журмын эргүүлээр ажиллаж байсан, цагдаагийн хошууч Н.Өлзийжаргалтай явган эргүүлүүдээ чиглэл маршрутанд нь шалгахаар явсан. Тэгээд 01 цагийн орчимд Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Викториа баарны гадаа хяналт тавьж байсан эргүүлийн цагдаа нар болох Н.Наранбаатар, А.Лувсантаян нарыг шалгаад зогсож байхад тус баарнаас зүс таних Батсайхан, Төгсбаяр нар хоорондоо зодолдоод үүдэнд орилолдоод гарч ирсэн. Мөн араас нь 4-5 залуучууд гараад ирэхээр нь Н.Наранбаатарыг, Лувсантаянгийн хамтаар явуулсан. Тэгээд Өлзийжаргал хошууч бид хоёр араас нь очиход Наранбаатарыг салгах гээд байж байхад Наранбаатарыг Батсайхан зууралдаад "Та нар муу сайн цагдаа нар намайг л гэж байна уу" гэх зэргээр хашгираад Наранбаатарыг заамдаад зогсож байсан. Наранбаатар тайвшир, юу болсон талаараа ярь гэж хэлэхэд Батсайхантай хамт явж байсан гэх Билэгдэмбэрэл нар татаж чангаагаад хувцаснаас зуураад байхад Батсайхан хашгираад орилж байснаа Наранбаатарыг гэнэт цохьчихсон. Наранбаатар нүдээ дараад доошоо болоход араас нь Билэгдэмбэрэл гэх залуу пивоны шилээр цохих гэж байсныг Лувсантаян гарнаас нь татсан. Тэгээд Батсайханыг зугтаачих байх гэж бодоод юу болсон талаар баарны хүнээс асууя гэж хэлээд баар руу авч орсон. Тэр үед эргүүлүүд рүү станцаар цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад халдлагад өртлөө гэж зарлаж эгүүлүүдийг дуудсан. Ахлагч Ууганбаяр, Ганцолмон нар ирээд Батсайханыг анх зодолдсон Төгсбаяртай хамт аваад явсан...” гэсэн мэдүүлэг. /хх144-145/,

 

Гэрч Г.Ганцолмон мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 12 дугаар сарын 14-ний орой 20 цагт Цагдаагийн газрын даргын батласан хуваарийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед би хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 2015 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн орчимд Викториа баарны гадаа цагдаагийн албан хаагч зодуулчихлаа гэж тэр өдрийн ёс журмын эргүүл, цагдаагийн хошууч Н.Өлзийжаргал, эргүүл удирдах офицер цагдаагийн дэслэгч Н.Ариунтуяа, саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлагч Н.Наранбаатар, олон нийтийн цагдаа Лувсантаян нар байсан. Тэгээд тэнд байсан цагдаагийн алба хаагч нар баар руу орсон ба цагдаагийн ахлагч Ч.Ууганбаяртай хамт очиход Н.Наранбаатар нүүрээ дарчихсан үүдэнд зогсож байсан ба юу болсон талаар асуухад "Хэд хэдэн залуучуудтай зууралдаж шаардлага тавихад Батсайхан нүд рүү цохьчихлоо" гэж хэлсэн. Тэгээд ёс журам хүмүүсийг гаргаад ир гээд бид баар руу орсон. Баарны үүдэнд 6-н залуу "Батсайхан дээгүүрээ нүцгэн, энд тэнд нь шалбарч зулгарсан байдалтай Төгсбаяртай заамдалцаад зууралдаад зогсож байсан. Тэгээд би Батсайханыг Төгсбаяртай хамт авч баарнаас гарч ирээд Ууганбаяр бид хоёр Батсайхан, Төгсбаяр нарыг эргүүлийн машинд суулган Наранбаатартай хамт цагдаагийн газар дээр авч ирсэн. Бусад байсан хүмүүсийг жижүүрийн фургон авто машинтай авч ирсэн. Ууганбаяр саатуулах байранд тэмдэглэл хөтөлж Батсайхан, Төгсбаяр нарыг саатуулахад хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх146-147/,

Гэрч Г.Төгсбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 22:00 цагийн үед найз Төмөрхуяг, Гэрэлсүрэн нартай уулзаад Викториа бааранд орсон. Ороод үүдэн талын тасалгаанд суусан. Сууж байхад Батсайхан бааранд орж гараад байсан. 23:00 цаг өнгөрч байхад Жавхлан төрсөн өдрөө тэмдэглэхээр 4-5 найзуудын хамт орж ирээд цаад талын ширээнд суусан. Таних учир бид нар дээр ирж мэндлээд явсан. Батсайхан 3 найзын хамт Жавхлангийн сууж байсан ширээтэй ойрхон ширээнд сууж байсан. Бид 3 нэг шил архи, 6 пиво авсан. Авсан зүйлээ ууж байхад Батсайхан гаднаас гүйж орж ирээд Төмөрхуягийн хойгуур ороод буйдан дээр хүнээс нуугдаж хэвтсэн. Тэгэхэд 1 цагдаа орж ирээд Батсайханг татаж аваад гарсан. Батсайхан төд удалгүй буцаж орж ирсэн. Тэгээд байж байхад Батсайхан, Жавхлан хоёр маргаж байсан. Тэгээд Жавхлан хүрч ирээд "Батсайхан ширээн дээр байсан архи авчихлаа, тэгээд хоорондоо маргалаа" гэж хэлэхээр нь Төмөрхуяг Батсайхан дээр очоод булангийн ширээн дээр очоод юм ярилцсан. Ярилцаад сууж байхад нь би очоод Төмөрхуягийг "одоо явъя, наадхаа хая" гэж хэлсэн. Тэгэхэд Батсайхан "чамд ямар хамаатай юм бэ?" гэхээр нь би өөдөөс нь бага зэрэг маргалдаж байгаад Төмөрхуягийг аваад ширээн дээрээ очиж суусан. Гэрэлсүрэн, Төмөрхуяг хоёр тамхи татах гээд боссон байх хооронд Жавхлангийн найз Мөнхтүвшин хүрч ирээд цуг суусан. Тэгэхэд Батсайхан манай ширээн дээр хүрч ирсэн. Би "чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ" гэхэд Батсайхан "чамд ямар хамаатай юм бэ?" гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Бид хоёр зууралдаад баарнаас гарсан. Баарны үүдэнд маргаж ярьж байгаад би Батсайханыг түрүүлээд нүүрэнд цохьсон. Тэгээд бид 2 зууралдаад цохилцож байхад манай найз нар болон Батсайханы найз нар гарч ирсэн. Гадаа эргүүлийн цагдаа нар байсан ба эргүүл хийж байсан хоёр цагдаа ирсэн. Цагдаа ирэх үед би ноцолдохоо больсон. Манай найз нар ч намайг хорьсон. Тэгээд харахад Батсайхан найз нартайгаа цагдаа чаргууцалдаж зууралдаж байгаа харагдсан. Би архи их уусан байсан учир гадаа салхинд цохиулаад улам согтсон. Зарим зүйлийг санахгүй байна. Нэг мэдэхэд олон цагдаа нар ирсэн байсан ба Батсайхантай намайг холбож гавлаад машины хойно суулгасан. Бид хоёрын хажууд нэг цагдаа, урд талд хоёр цагдаа суусан. Тэгээд баарны үүднээс хөдлөөд явж байгаад нэг газар зогссон. Би баруун талд Батсайхан дунд, цаад талд цагдаа сууж байсан. Машин зогссоны дараа зүүн талын хаалга онгойгоод цагдаа "чи муу яасан овоо гар вэ" гээд Батсайханыг цохиод байсан. Батсайхан өөдөөс нь зодолдоод байх шиг байсан. Холбож гавлуулсан байсан болохоор миний зүүн гар татагдаад өвдөөд байхаар нь "болиочээ" гэсэн. Удаагүй тэндээс хөдлөөд цагдаагийн газрын гадаа ирсэн. Манай найз нар болон бусад хүмүүс ирсэн байсан. Цагдаа дээр ирээд бүгдээрээ гэр бүлийн хүмүүсээ дуудаад явцгаасан...” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтас, хх29-50/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №1467 дугаартай дүгнэлт:

  1. Б.Лхагвасүрэнгийн биед тархи доргилт, зүүн хацарт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал. зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт. /хх-53/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №1472 дугаартай дүгнэлт:

  1. Н.Бат-Эрдэнийн биед тархи доргилт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт. /хх-56/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №799 дугаартай дүгнэлт:

  1.  Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн богино хүрэмний зүүн ханцуйн залгаас оёдол, баруун ханцуйн ар залгаас оёдол болон ар талын баруун хажуу залгаас оёдол тус бүрт татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзарсан уранхай, ногоон эрээн өнгийн саравчтай малгайн саравчны ирмэг хэсэгт хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна...” гэсэн дүгнэлт. /хх-66/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №1009 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй улбар шар өнгийн дотортой хөх өнгийн куртика, саравчтай ногоон эрээн өнгийн малгай, цагаан өнгийн футболка, цагаан өнгийн ноосон цамцан дээр цус илэрсэн. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй.

2. Саравчтай ногоон эрээн өнгийн малгай, цагаан өнгийн футболка, цагаан өнгийн ноосон цамцан дээрх цус нь АВО системээр  A /III/ бүлгийн харъяалалтай байна.

3. Юүдэнтэй улбар шар өнгийн дотортой хөх өнгийн куртика дээр илэрсэн цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт. /хх-68/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн № 010 дугаартай дүгнэлт:

  1. Н.Наранбаатарын биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт. /хх-150/
 

Шинжээч эмч С.Чулуунсүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үзүүлсэн Б.Лхагвасүрэн гэж хүний биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т заасан нүүр засрашгүй гэмтээж нүүрний төрх алдагдсан байдалд хамаарахгүй. Учир нь нүүрэнд учирсан гэмтлийн улмаас үүссэн сорви нь тухайн хүний нүүрний төрхийг илтэд өөрчилсөн, нүүрний тэгш хэмийг алдагдуулсан, нүдний зовхи, аньсага, хамрын самсаа, уруулын хэлбэрийг алдагдуулсан буюу арьсны түвшингээс дээш овойж хатуурч, эсхүл доош татагдаж хонхойсон сорви үүссэн, нүүрний дүр төрхийг сэргээх мэс засал зайлшгүй хийгдэж засрах боломжтой гэмтлүүд нүүрний төрх алдагдсан байдалд хамаарна. Харин нүүрний дүр төрхийг алдагдуулаагүй сорвиуд хамаарахгүй. Лхагвасүрэнгийн биед үүссэн сорви нь нүүрний дүр төрх алдагдуулаагүй учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтас, хх-52/,

 

Хохирогч Б.Лхагвасүрэнгийн өргөдөл /1 дүгээр хавтас, хх-7/, хохирогч Б.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх22-23, 2 дугаар хавтас, хх-45/, хохирогч Н.Бат-Эрдэнийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх26-27, 29/, хохирогч Н.Наранбаатарын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх139-140/, гэрч Л.Пүрэвдаваагийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх35-36/, гэрч Б.Өсөхжаргалын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх37-38/, гэрч Б.Мөнхбаярын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх39-40/, гэрч Н.Отгонцэцэгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх49-51/, гэрч Ч.Ууганбаярын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх126-127/, гэрч Д.Гэрэлсүрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх129-130/, гэрч А.Лувсантаянгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх142-143/, гэрч Н.Ариунтуяагийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх144-145/, гэрч Г.Ганцолмонгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх146-147/, мөрдөн байцаагчийн тэмдэглэл /1дүгээр хавтас, хх-148/, шинжээч томилох тогтоол /1 дүгээр хавтас, хх-149/, гэрч Г.Төгсбаярын мэдүүлэг /2 дугаар хавтас, хх49-50/, шинжээчийн №1467 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-53/, гэрч Н.Отгонцэцэгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-51/, шинжээчийн №010 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-150/, шинжээч С.Чулуунсүхийн мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-52/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-4/, хохирогч Н.Наранбаатарыг ажлаас чөлөөлж, томилох тушаал /1 дүгээр хавтас, хх-242/, хохирогч Н.Наранбаатарын ажлын хуваарь /1 дүгээр хавтас, хх-243/, гэрч Б.Өсөхжаргалын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-38/, гэрч Б.Мөнхбаярын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-40/, гэрч М.Хонгорзулын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх45-46, гэрч З.Мөнхсайханы мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-47/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /1 дүгээр хавтас, хх-57/, сэжигтэн Б.Гантулгын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх87-89/, сэжигтэн Ц.Батдэлгэрийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх91-92/, сэжигтэн Н.Бат-Эрдэнийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-94/, шүүгдэгч Б.Гантулгын ял шалгах хуудас, /1 дүгээр хавтас, хх-222/, яллагдагч Б.Гантулгын мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-65/, шүүгдэгч Б.Гантулгын хувийн бадлыг тогтоосон баримтууд /2 дугаар хавтас, хх73-80/, хэргийн оролцогчдод хэргийн материал танилцуулсан баримт /2 дугаар хавтас, хх82-84/, хохирогч Ж.Батсайханы мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх124-125/, гэрч У.Төмөрхуягийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх132-134/, шинжээчийн №8 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-156/, Эрүүгийн хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх тогтоол /2 дугаар хавтас, хх-27/, хохирогч Б.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-45/, гэрч С.Хүдэрболдын мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-46/, гэрч Г.Төгсбаярын мэдүүлэг /2 дугаар хавтас, хх49-50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Ж.Батсайхан нь ялтай байх хугацаандаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Викториа" баарны гадна талд Г.Төгсбаяр гэгчтэй харилцан маргалдаж байх явцад түүнийг таслан зогсоох зорилгоор цагдаагийн албан хаагч Н.Наранбаатарын нийгмийн хэв журмыг сахин хангуулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь

Гэрч Н.Ариунтуяагийн: ...Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Викториа баарны гадаа хяналт тавьж байсан эргүүлийн цагдаа нар болох Н.Наранбаатар, А.Лувсантаян нарыг шалгаад зогсож байхад тус баарнаас зүс таних Батсайхан, Төгсбаяр нар хоорондоо зодолдоод үүдэнд орилолдоод гарч ирсэн. Мөн араас нь 4-5 залуучууд гараад ирэхээр нь Н.Наранбаатарыг, Лувсантаянгийн хамтаар явуулсан. Тэгээд Өлзийжаргал хошууч бид 2 араас нь очиход Наранбаатарыг салгах гээд байж байхад Наранбаатарыг Батсайхан зууралдаад "Та нар муу сайн цагдаа нар намайг л гэж байна уу" гэх зэргээр хашгираад Наранбаатарыг заамдаад зогсож байсан. Наранбаатар тайвшир, юу болсон талаараа ярь гэж хэлэхэд Батсайхантай хамт явж байсан гэх Билэгдэмбэрэл нар татаж чангаагаад хувцаснаас зуураад байхад Батсайхан хашгираад орилж байснаа Наранбаатарыг гэнэт цохьчихсон гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Ганцолмонгийн: “...Би 2015 оны 12 дугаар сарын 14-ний орой 20 цагт Цагдаагийн газрын даргын батласан хуваарийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. ...тэнд байсан цагдаагийн алба хаагч нар баар руу орсон ба цагдаагийн ахлагч Ч.Ууганбаяртай хамт очиход Н.Наранбаатар нүүрээ дарчихсан үүдэнд зогсож байсан ба юу болсон талаар асуухад "Хэд хэдэн залуучуудтай зууралдаж шаардлага тавихад Батсайхан нүд рүү цохьчихлоо" гэж хэлсэн гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүгдэгч Ж.Батсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 72 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Оакланд" баарны гадна талд буюу гудамжинд ялимгүй зүйлээр шалтаглан хүч хэрэглэн танхайрах явцдаа зэвсгийн чанартай зүйл буюу шилээр иргэн Б.Лхагвасүрэнгийн нүүрэн тус газар зүсэж, бие махбодид тархи доргилт, зүүн хацарт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод, зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархай дотор хананы хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан болох нь

Хохирогч Н.Бат-Эрдэнийн: Б.Лхагвасүрэн миний урд шатаар буугаад би араас нь явж байхад шүүгдэгч Ж.Батсайхан өөрөө тухайн үед ууж явж байсан пивоны шилээ хагалаад хохирогч Б.Лхагвасүрэн нүүр рүү нь зоогоод зугтаасан гэсэн мэдүүлэг,

Гэрч Л.Пүрэвдаваагийн: Өндөр намхан 2 залуу байсан. Тэр 2-ыг шорлог аваад идэж байхад хажуунаас бас өндөр залуу ирснээ "шорлог аваад өгчих, аваад өгчихөж чадахгүй байна уу" гэх мэтээр хэрүүл өдөөд байсан. Удаагүй Төвшөө намайг дуудаад "нөгөө шорлог авсан 2 залууг 3 залуу зодоод байна, 2-уулаа болиулъя" гэхээр нь харахад шорлог авсан өндөр залуугийн нүүрнээс нь цус гараад дараад зогсож байсан гэсэн мэдүүлгүүдээр,

Шүүгдэгч Б.Гантулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Оакланд" баарны гадна талд буюу гудамжинд "найз Ж.Батсайханыг зодлоо" хэмээн ялимгүйгээр шалтаглан хүч хэрэглэн танхайрах явцдаа иргэн Н.Бат-Эрдэнийн эрх чөлөөнд халдаж, бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан болох нь шүүгдэгч Б.Гантулгын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Прокуророос шүүгдэгч Ж.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ж.Батсайханыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг,

Мөн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрах гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Гантулгыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч Н.Наранбаатар, Б.Лхагвасүрэн нар нь эмчилгээний зарцуулсан зардлаа нэхэмжилж байгаа боловч хавтас хэрэгт ямар нэгэн баримт өгөөгүй байх тул хохирогч Н.Наранбаатар, Б.Лхагвасүрэн нар эмчилгээнд зарцуулсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Харин хохирогч Н.Бат-Эрдэнэ, Б.Лхагвасүрэн нар нь шүүгдэгч Б.Гантулгад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Гантулгыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Гантулга нь үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдал нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч Ж.Батсайхан нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгөөгүй, хохирогч нарт учирсан хохирлоо сайн дураар нөхөн төлөөгүй, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал нь ял хүндрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Батсайхан нь урьд 2 удаа хорих ял шийтгүүлж байсан ба сүүлийн ял шийтгүүлсэн хэрэг нь хүндэвтэр гэмт хэрэг бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар ялтай байх хугацааг өршөөлийн хуульд хамруулж шүүгдэгч Ж.Батсайханыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ж.Батсайханд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж хорих ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багатааж, шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Гантулгад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Жаргалсайханы Батсайханыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг,

Мөн  бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрах гэмт хэрэг,

Гөрөөч овогт Бямбацолмонгийн Гантулгыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн

гэмтэл учруулан танхайрах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Гантулгыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Ж.Батсайханыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

Мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар Ж.Батсайханыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ж.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж буюу хөнгөн ялыг хүндэд багтаан Ж.Батсайханы нийт биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ж.Батсайханд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид,

мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Гантулгад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ж.Батсайханы урьд цагдан хоригдсон 156 /нэг зуун тавин зургаа/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ж.Батсайхан нь хохирол төлбөр төлөөгүй, Б.Гантулга нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Хохирогч Б.Лхагвасүрэн, Н.Наранбаатар нар нь эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Гантулгад оногдуулсан  3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Батсайханд цагдан хорих, Б.Гантулгад бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР

                                             ШҮҮГЧИД                                  Д.МӨНХТУЯА      

                                                                                                   Э.ЧИНГИС