Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 207/МА2019/00016

 

 

Д.Баяраагийн нэхэмжлэлтэй хариуцагч

******* ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдсан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/01210 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Баяраагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ******* ХХК-д даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргалмаа, Д.Мөнхбаатар, Б.Чинбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Баяраа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргалмаа, Б.Чинбат, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Баяраа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/1789 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилдаа эгүүлэн тогтоож, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Д.Баяраа миний бие 1992 оноос эхлэн ******* ХХК-ийн Автотээврийн байгууллагад засварчин, мастер, засварын хэсгийн даргаар 2017 оны 11 дүгээр 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 23 жил 10 сар тасралтгүй ажилласан болно. Гэтэл тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг түр эзгүйд ******* ХХК-ийн дэд захирал Д.Шинэбаатар түүнийг төлөөлж гарын үсэг зурж 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/1789 тоот тушаалаар намайг технологийн тээврийн автомашины засварын хэсгийн даргын үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр халсан бөгөөд надад 2017 оны 11 сарын 13-ны өдөр мэдэгдсэн. Би ******* ХХК-ийн ерөнхий захиралтай хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулан тус үйлдвэрт технологийн тээврийн автомашины засварын хэсгийн даргаар ажиллаж байсан. Гэтэл ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан дээрх хөдөлмөрийн гэрээг тус үйлдвэрийн тэргүүн дэд захирал хөндлөнгөөс оролцон тушаал гаргаж гарын үсэг зурж намайг ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Дэд захирал надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа намайг ажлаас халж байгаа нь нэгдүгээрт үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан миний эрхийг ноцтой зөрчиж байна. Хоёрдугаарт: Тус үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс миний биед үзлэг хийж шалгасан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д заасан халдашгүй, чөлөөтэй байх үндсэн эрх чөлөөнд халдаж улмаар миний хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдаж ёс зүйгүй аашилсан явдал нь Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзэж байна. Би үйлдвэрийн бүс, ажлын байр, компанийн объектод согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирээгүй, хэрэглээгүй, архидалт зохион байгуулаагүй. Харин би урд орой нь /2017 оны 11 дүгээр сарын 02-нд/ ажлын бус цагаар найзынхаа гэрт тэмдэглэлт үйл явдлыг тэмдэглэж архи уусан байсан. Мөн өглөө нь зүрх өвдөхөд долоогоны ханд эм уусан байсан. Би 11 дүгээр сарын 03-ны өглөө эмчид үзүүлэхээр явж байтал ажил дээрээс манай ажилтан утастаад хурдан ирэх шаардлагатай байна гэхээр нь би ажил дээрээ хурдан очих шаардлагын дагуу эмчид үзүүлэхгүй шууд ажил дээрээ очсон. Гэтэл тус үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс ирж зөвхөн надад үзлэг хийгээд ажлаас хална гэсний дагуу намайг ажлаас халж, ажил олгогч *******ийн ерөнхий захиралтай байгуулсан гэрээг хөндлөнгийн хүний шийдвэрээр цуцалсныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус үйлдвэрийн тэргүүн дэд захиралд, ажил олгогчийн ажилтан нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхийг түүнд хуулиар олгоогүй байхад намайг ажлаас халсанд гомдолтой байна. Иймд миний дээрх үндэслэлээр шүүхэд гаргаж байгаа гомдлын шаардлагыг Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2.-д зааснаар ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Баяраа нь Авто тээврийн байгууллагын технологийн хэсгийн автомашины засварын хэсгийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирж ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх заалт, хөдөлмөрийн 20/248 тоот гэрээний 4.2.11 дэх заалтуудад тухайлан заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой гаргасан тул түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. *******д ******* ХХК-ийн ерөнхий захирлын 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/737 тоот тушаалаар батлагдсан ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журмын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сорил хийхэд 1.38 хувийн согтолттой гарсныг 53 тоот актаар баталгаажуулсан. ******* ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.1 дэх заалтад заасны даглу компанийн үйл ажиллагааг Ерөнхий захирал, түүний эзгүйд Тэргүүн дэд захирал удирддаг бөгөөд Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар нь ******* ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 16/2016 тоот тогтоолоор томилогдсон тул бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/1789 дугаар тушаалд гарын үсэг зурсан болно. Дээр дурьдсан нөхцөл байдлуудын улмаас харгалзан үзэж Д.Баяраагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/01210 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Д.Баярааг ******* ХХК-ийн Авто тээврийн байгууллагын Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргалмаа, Д.Мөнхбаатар, Б.Чинбат нар давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Д.Баяраа нь Авто тээврийн байгууллагын Технологийн хэсгийн автомашины засварын хэсгийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирж ******* ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын (Хавтаст хэргийн 47) 8.9.11 дэх заалт, хөдөлмөрийн 20/248 тоот гэрээний 4.2.11 дэх заалтуудад тухайлан заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой гаргасан тул түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх заалт: үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, ажлын байр, компанийн бусад объектуудад согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан.

Үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, ажлын байр, компанийн бусад объектуудад согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3.-т заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажилтан Д.Баяраа нь тухайн өдрийн урд орой нь 2017 оны 11 дүгээр сарын 02-нд найзындаа архи уусан байсан тухайгаа нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрч бичсэн. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 03-нд ажил дээрээс дуудаад очсон гэдэг нь нотлогдоогүй. Архины үлдэгдэл согтолттойгоор ажил дээрээ ирсэн гэдэг нь өөрийнх нь нэхэмжлэлд дурдсанаас тодорхой харагддаг. Д.Баярааг ажил дээрээ согтуу байхад нь эмч, цагдаа нар түүнийг согтуурлын зэргийг тогтоох зорилгоор драйгер үлээлгэхэд 1.38 хувийн согтолттой байсан. *******д ******* ХХК-ийн ерөнхий захирлын 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/737 тоот тушаалаар батлагдсан ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журмын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сорил хийхэд 1.38 хувийн согтолттой гарсныг 53 тоот акт үйлдэн баталгаажуулсан. 53 тоот акт болон драйгерын баримтыг хэрэгт нотлох баримтаар ИХШХШТХ-ийн 45 дугаар зүйлийг баримтлан бүрдүүлж гаргаж өгсөн.

Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журам-ын 4.1, 4.3. дах заалтуудын дагуу Д.Баяраад Эрдэнэт сувиллын цогцолборын эмч П.Алтансүх, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер Д.Амарсанаа. М.Чинболд, Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын захирагч Х.Оюунболд. орлогч Б.Доржсүрэн, офицер Бүдрагчаа нар согтуурлын зэрэг тогтоох сорил хийж акт үйлдсэн. Мөн ХЭЗГ-ын дарга Д.Цэрэнбадам байлцсан. Акт үлээлгэх багажийн баримт болон үзлэгийн тэмдэглэл /гараар бичсэн/ зэргийг эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн. Д.Баяраад амьсгалын сорил хийхэд 1,38 гарсан бөгөөд 5.1. дэх заалтад заасан 0,20-оос дээш бол согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзнэ гэсэн заалтыг үндэслэсэн.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн дээрх нөхцөл байдлуудыг тодорхойлсон нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлгүүдэд зөв үнэлэлт дүгнэлт өгч Д.Баярааг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлын байран дээрээ согтуу байж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн боловч түүнийг ажлаас чөлөөлөх эрхгүй этгээд ажлаас чөлөөлсөн гэж үзэж ажилд нь эгүүлсэн тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

******* ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.1 дэх заалтад заасны дагуу компанийн үйл ажиллагааг Ерөнхий захирал, түүний эзгүйд Тэргүүн дэд захирал удирддаг. Тухайн үед ******* ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн ХБНГУ-д албан томилолтоор ажиллаж байсан тухай О.Хонгорын гарын үсэг, тэмдгээр баталгаажсан тодорхойлолтыг эх хувиар шүүхэд гаргаж өгсөн. Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар нь ******* ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 16/2016 тоот тогтоолоор томилогдсон тул бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/1789 дугаар тушаалд гарын үсэг зурсан болно. ТУЗ-ийн 16/2016 дугаартай тогтоолыг шүүхэд ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2. дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн нотариатаар баталгаажуулан гаргаж өгсөн. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар ажилд авах тухай 4 тушаалд гарын үсэг зурсныг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ нь тэргүүн дэд захирал нь ерөнхий захирлын эзгүйд ажилд авах, ажлаас халах зэрэг ажил олгогчийн эрхийг бүрэн эдэлдэг гэдгийг хотолж байгаа юм. Мөн Д.Баяраагийн тушаал зурагдсан 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнөх, хойших нэг сарын хугацаанд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах, ажилд авах зэрэг 4 тушаалыг ажил олгогч ерөнхий захирлын эзгүйд түүний эрх үүргийг бүрэн гүйцэтгэж, ажил олгогчийн эрхийг бүрэн эдэлдэг гэдгийг дээрх тушаалуудаар баталж нотлох баримтаар гаргаж өгсөн.

******* ХХК тасралтгүй үйл ажиллагаатай, үйлдвэрлэлийн хатуу сахилга баттай газар бөгөөд ерөнхий захирлын эзгүйд тэргүүн дэд захирал тэдгээрийн эзгүйд орлогч захирлууд орлож, компанийн бүх үйл ажиллагаа тасралтгүй явагдаж ирсэн. Үүнд сул байгаа орон тоонд ажилтныг ажил авах зөрчил гаргасан ажилтныг ажлаас халах зэрэг ажил олгогчийн бүх эрх багтаж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагддаг гэдгийг харгалзан үзсэнгүй. Нэгэнт Хөдөлмөрийн дотоод журамд заасан тул ерөнхий захирлын эзгүйд тэргүүн дэд захирал орлон ажиллахад орлон ажиллах тухай тушаал гаргадаггүй. Харин бусад орлогч захирлууд ерөнхий захирлыг орлон ажиллахад тушаал гаргадаг болно. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/01210 дугаартай шийдвэрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3.-т заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1210 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байгаа юм.

Нэхэмжлэгч Д.Баяраа ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж шүүх хуралдаан дээр шаардлагаа нэмэгдүүлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлагаас нь нотлох баримт байхгүй байсан Д.Баяраа нь гадаад явсан зэргээс болоод татан авсан билээ. Улсын дээд шүүхийн ханалтын шатны шүүхээс дээрх шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг Д.Баяраа шаардсан юм. Гэтэл анхан шатны шүүх гаргасан шаардлагыг татан авсан үндэслэлээр шийдвэрлэсэн нь буруу юм. Шаардлагаа татан авна гэдэг нь шаардлагаасаа татгалзаж байгаа хэрэг биш юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д ...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ... бол татгалзал баталсан шийдвэр гарна гэсэн байна.

Иймд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна

Нэхэмжлэгч Д.Баяраа нь ******* ХХК-д холбогдуулан тус компаний Авто тээврийн байгууллагын технологийн тээврийн авто машины засварын хэсгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй Д.Баяраа ажилдаа согтуу ирж байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлсөн гэж тайлбар гарган маргажээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/1789 дугаар тушаалд үндэслэн тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн Авто тээврийн байгууллагад 1992 оноос хойш ажиллаж байгаад Авто тээврийн байгууллагын технологийн тээврийн байгууллагын авто машины засварын хэсгийн даргын ажлаас 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/1789 дугаар тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2. дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 4.2.11.-дэх заалт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх заалт, үйлдвэрийн ажилтан, ажилтанд согтуурлын зэрэг тогтоох зэрэг сорилт хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №53 тоот акт, үзлэгийн протокол зэргийг үндэслэн ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, засварын хэсгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Д.Баяраа нь шүүхэд анх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ шаардлагаа татан авсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0092 дугаар шүүхийн шийдвэрээр шаардлагаа татан авсныг баталсан байна.

Анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 39 дугаар магадлалаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон байхад шүүх энэ шаардлагаа татан авсан, нэхэмжлэлээсээ татгалзсантай адилтган үзнэ гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр шаардлагаа нэмэгдүүлсэн гэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаа татан авсныг баталсан шийдвэр давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүчингүй болсон тул нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргахгүйгээр анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж оролцох боломжтой байхад шүүх нэхэмжлэлээ татан авсан гэж үзсэн нь буруу байх ба нэхэмжлэлийн зарим шаардлагуудыг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.

Энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т заасныг зөрчжээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул хэргийн шийдвэрлэлтэнд дүгнэлт хийх боломжгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/01210 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ