Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 207/МА2019/00018

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч ******* ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/01243 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсэгт заасны дагуу бололцооны дагуу өөр ажилд томилохыг ажил олгогч байгууллагад даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 8.471.267 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Энхбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, Л.Баасан, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/275 дугаартай тушаалаар тус байгууллагын үйлдвэрлэлд бэлтгэх товчоонд хангамжийн ахлах инженерээр, мөн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/4 дугаартай тушаалаар тус компаний хангамжийн албаны даргаар тус тус томилогдон ажиллаж ирсэн юм. Миний бие ажиллах хугацаандаа Монгол улсын компаний тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль болон компаний дотоод журмыг чанд баримтлан компаний засаглалыг хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлж алдагдлыг бууруулах гээд компаний үйл ажиллагааг /өөрийн хариуцсан үүрэгт ажлаа/ амжилттай сайн гүйцэтгэж ирсэн гэж үздэг. Гэтэл ажил олгогч байгууллагын гүйцэтгэх захирал удирдлага солигдож шинэ гүйцэтгэх захирлын зүгээс ажлаа өг гэх шахалтыг үзүүлж эхэлсэн бөгөөд улмаар гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/149 дугаартай тушаалаар ажилтан миний хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас минь чөлөөллөө. Ажилтан би байгууллагадаа хандан Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсэгт заасны дагуу өөр бололцооны түвшингийн ажил надад санал болгоно уу? гэх хүсэлтийг гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзаж хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчиж ажилтан миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж үүрэгт ажлаас чөлөөллөө гэж ажилтан би үзэж байна. Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2. дахь хэсэгт заасны дагуу бололцооны дагуу өөр ажилд томилохыг ажил олгогч байгууллага болох ******* ХХК даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Миний бие ******* нь Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ХХК-д холбогдуулан бололцооны өөр ажилд томилуулахыг ажил олгогчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гаргасан билээ. Миний бие ******* нь Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. 26.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлэн гаргаж байна. Үүнд ажил олгогч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс (1 сарын цалин хөлс 1.202.726x4 сар 4 хоног) 4.971.267 төгрөг, зардал (өмгөөллийн хөлс 2.000.000, зардал 1.500.000) 3.500.000 төгрөг, нийт 8.471.267 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* нь ******* ХХК-д хангамжийн ахлах инженерийн сул орон тоонд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус компанийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ТУЗ-ын 04 дугаар тогтоолоор батлагдсан компанийн дотоод зохион байгуулалтын бүтцийн дагуу 2018 оны 02 дугаар 27-ны өдөр хангамжийн албаны даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд 2017 оны 09 сард тус албан тушаал дээр ажиллаж байсан Я.Оргил нь ажлаас захиргааны чөлөө авч суралцахаар явж түүний орон тоо суларч *******ыг ажилд авсан. Гэтэл Я.Оргил нь суралцаж дуусаад анх ажиллаж байсан ажилдаа эргэн орох шаардлага тавьсан бөгөөд үүнтэй холбоотойгоор маргаан үүссэн тул хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр 2018 оны 04 дүгээр сард шүүхэд хандан 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн 142/ШШ2018/00573 дугаар шийдвэрийн дагуу Я.Оргил нь үндэслэлгүй ажлаас халагдсан бөгөөд түүнийг хуучин ажиллаж байсан албан тушаалд нь эгүүлэн нь томилох нь зүйтэй гэсэн утга бүхий шүүхийн шийдвэр гарсан тул компани шүүхийн шийдвэрийн дагуу хөдөлмөрийн хуулийн 37.1.5.-д зааснаар *******ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд хуульд зааснаар бололцооны өөр ажил санал болгосон боловч нэхэмжлэгч өөрөө үүнийг хүлээн зөвшөөрөөгүй болно. Иймд нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/01243 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1., 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсэгт зааснаар *******ыг ******* ХХК-ийн хангамжийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-наас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5.034.666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 3.436.601 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас /70.200+95.505/ 165.705 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Энхбат давж заалдсан гомдолдоо:

Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/01243 дугаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...ахлах хүний нөөцийн менежер Л.Бат-Итгэл нь нэхэмжлэгчид 6 төрлийн сул бололцооны ажлын байр санал болгосон боловч нэхэмжлэгч танилцан бололцооны ажил биш гэж үзэн татгалзсан байна гэж дурдсан нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасны дагуу ажил олгогч үүргээ биелүүлсэн байдаг бөгөөд энэхүү заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 16 дахь хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэсэн заалт нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзнэ гэж тайлбарласны дагуу тус компанид сул байгаа ажлын байрны орон тоо мөн бүтэц зэргийг шүүх хуралдааны явцад тайлбар болон бусад холбогдох хэлэлцүүлэгт нэхэмжлэгч, хариуцагч нар удаа дараа амаар тайлбарласан мөн нэхэмжлэгчид санал болгож ажил олгогч үүргээ биелүүлсэн нь баримтаар нотлогдож байх боловч шүүх уг асуудалд хэт нэг талыг баримтлан шаардлагатай нотлох баримтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэгэж зааснаар үнэлэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн. Шүүх хуралдаан эхлэхэд нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа ....шүүхийн шийдвэрээр ажил албан тушаалдаа томилогдож буй Я.Оргилын ажлын байртай маргах зүйл байхгүй харин надад бололцооны ажил буюу хангамжийн албаны даргатай дүйцэх бололцооны ажил санал болгоогүйгэж өөрийн биеэр тайлбар хийсэн боловч шүүх 142/ШШ2018/01243 дугаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...түүний зөрчигдсөн эрх хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь заалтыг хэрэглэснээр сэргээгдэх боломжгүй харин тэрээр хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1.-т зааснаар ажлаас буруу халагдсан байх тул бололцооны буюу эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргах үндэстэй байна гэж дурдахдаа нэхэмжлэгчийн өмнөөс шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шинэчлэн гаргаж шийдвэрлэсэн байгаа нь илтэд харагдах ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т заасан нэхэмжлэгчийн эрхийг шүүх хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шийдсэн мөн уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.2. Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно" гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд биш нэхэмжлэгчийн амаар шүүх хуралдаан дээр татгалзсан асуудлыг шүүх үзэмжээрээ өөрийн дураар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж шийдвэрлэсэн байна. Гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/149 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон, уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө мөн Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2018/00573 дугаар шүүхийн шийдвэрийг тус тус үндэслэсэн бөгөөд энэхүү тушаал нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлэх замаар Я.Оргилтой 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3-43 дугаар урьд байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргийг харгалзан ахлах хангамжийн инженер ажилд томилсныг шүүх хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол гэж зааснаар үндэслэлгүй халагдсан гэж өмнө гарсан шүүхийн шийдвэрийг дүгнэх замаар асуудалд хандсан байна. Иймд Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны 1243 дугаар шийдвэрийг хүчингүй болгон *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2. дахь хэсэгт заасны дагуу бололцооны дагуу өөр ажилд томилохыг ажил олгогчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1., 40 дүгээр зүйлийн 40.2. дэх хэсэгт зааснаар *******ыг ******* ХХК-ийн хангамжийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-наас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5.034.666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 3.436.601 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* нь гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/275 дугаар тушаалаар тус байгууллагын үйлдвэрлэлд бэлтгэх товчоонд хангамжийн ахлах инженерээр, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/4 дугаар тушаалаар хангамжийн албаны даргаар тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллажээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 573 дугаартай шийдвэрээр Я.Оргилыг нь ******* ХХК-ийн хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоожээ.

Энэхүү шийдвэрийн дагуу ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/150 дугаар тушаалаар Я.Оргилыг хангамжийн албаны даргын албан тушаалд томилжээ.

******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/149 дугаар тушаалаар: Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1, 84.4.3, хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 573 дугаартай шийдвэрийг тус тус үндэслэн *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

2018 оны 07 дугаар сарын 20 ны өдөр нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу бололцооны дагуу өөр ажилд томилохыг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь ******* ХХК-нд хандаж 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2. дахь хэсэгт заасны дагуу бололцооны ажилд томилуулах тухай хүсэлт гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.т заасан ...нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэж заасныг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудлыг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Ахлах хүний нөөцийн менежер Л.Бат-Итгэл нь нэхэмжлэгчид жолооч,, автокраны жолооч, өрлөгчин, дээвэрчин бетончин, цахилгаанчин, гагнуурчин зэрэг ажлын байруудыг танилцуулсан бөгөөд нэхэмжлэгч танилцаад бололцооны ажил биш гэж үзээд татгалзжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т ажлаас буруу халсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заажээ.

Нэхэмжлэгч нь бололцооны ажил биш байна гэж татгалзах эрхтэй байна. Ажил олгогч талаас дээрх ажлын байрнуудыг танилцуулснаа хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Хангамжийн албаны даргаар ажиллаж байсан хүний албан тушаалын байдлыг дордуулсан байдлаар ажил санал болгосон нь буруу ба бололцооны ажил гэдгийг санал болгосон ажлыг ажилтан хүлээн зөвшөөрч хийх үйлдлийг ойлгох нь зөв юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.т зааснаар ...ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй байх тул энэ үүргээ биелүүлж нэхэмжлэгчид бололцооны дагуу өөр ажил олж өгөх зүйтэй болно.

Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв .

Хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.705 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/01243 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1., 40 дүгээр зүйлийн 40.2 дэх хэсэгт зааснаар *******ыг ******* ХХК-ийн хангамжийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоосугай гэснийг, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар Ч.Анхбаярыг бололцооны дагуу өөр ажилд томилохыг ******* ХХК-д даалгасугай... гэж,

Шийдвэрийн 2 дугаар заалтыг Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-наас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5.034.666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 3.436.601 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.., гэснийг, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 8.471.267 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.705 төгрөгийг төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР