Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 207/МА2019/00020

 

 

*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

*******ХХК, *******ХХК-ийн

төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/01238 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******ХХК, *******ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох,

*******ХХК-ийн 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 19/2018 тоот ТУЗ-ийн тогтоолыг хүчингүй болгож, *******ХХК-ийн ерөнхий захирлын Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбадрах, Д.Төгсбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Өлзийсайхан нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхболд, хариуцагч *******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төгсбаяр, *******ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбадрах, хариуцагчийн өмгөөлөгч Г.Өлзийсайхан, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*******ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 19/2018 тоот тогтоолоор *******ХХК-ийн Ерөнхий захирлын Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал ******* намайг ажил албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Уг тогтоолыг гаргасан *******ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь шийдвэр гаргах эрхгүй /түдгэлзсэн статустай/ бөгөөд гаргасан тогтоол нь Монгол улсын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, *******ХХК-ийн Хамтын гэрээ болон надтай байгуулсан Контрактын холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Иймд *******ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 19/2018 тоот тогтоолыг хүчингүй болгож, *******ХХК-ийн Ерөнхий захирлын Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү. Тодруулбал 2018 оны 01-р сарын 09-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас *******ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөн байгуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбогдуулан Монголиан коппер корперейшн ХХК Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2018 оны 02-р сарын 09-ний өдрийн Дугаар 128/11132018/0983 тоот захирамжаар гомдлыг авч хэлэлцэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 01-р сарын 09-ний өдөр гаргасан *******ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, хувьцаа эзэмшигчийг өөрчлөх асуудлуудыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн ба анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03-р сарын 07-ны өдрийн Дугаар 221/ШТ2018/0160 тоот тогтоолоор баталгаажуулж эцсийн шийдвэр болсон. Мөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06-р сарын 14-ний өдрийн Дугаар 101/Ш32018/11022 тоот захирамжаар дараах асуудлуудыг захирамжласан байна. Үүнд:2018 оны 01-р сард төрөөс 100 хувь томилогдсон *******ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд удирдамж чиглэл өгөхгүй байхыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгах, 2018 оны 01-р сард төрөөс 100 хувь томилогдсон *******ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /дарга У.Бямбасүрэн/-д дахин хуралдах, аливаа шийдвэр гаргахгүй байхыг даалгах, *******ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06-р сарын 06-ны өдрийн аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байхыг *******ХХК-ийн ТУЗ- ын дарга У.Бямбасүрэн болон Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нарт даалган захирамж гаргасан байна.

Гэтэл 2018 оны 01-р сард өөрчлөн байгуулагдсан *******ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь шат шатны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг зөрчин, түдгэлзсэн статустай, шийдвэр гаргах эрх хэмжээгүй байж намайг ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйл болон 41 -р зүйлийн 41.1.1 -р зүйлд заасан Контрактыг цуцлах ямар ч үндэслэл бүрдээгүй байсан болно. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.5 болон 41-р зүйлийн 41.2-р зүйлд заасан Контрактыг цуцлахаас 45 хоногоос 2 сарын өмнө мэдэгдэнэ гэх хуулийн заалтыг зөрчсөн байна. *******ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8-р зүйлийн 8.5-д зааснаар зөвхөн хууль болон дотоод журамд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд Контрактыг цуцлахаар тусгасан байхад тодорхой шалтгаангүй ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна. Ийнхүү *******ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь шийдвэр гаргах эрх хэмжээгүй /эрх нь түдгэлзсэн/, шийдвэр гаргахгүй байхыг Шүүхээс даалгасан захирамж гарсан байхад шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн, хууль зөрчин шийдвэр гаргаж ******* намайг *******ХХК-ийн Ерөнхий захирлын Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирлын ажил албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тул уг шийдвэрийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төгсбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Монгол Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсоныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нээлттэй хэлэлцэж Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчөөгүй болохыг тогтоож дүгнэлт гаргасан билээ.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 07 дугаар тогтоол гаргаж Монголиан коппер корпорейшн ХХК-ийн шилжүүлэн авсан Эрдэнэт Үйлдвэр ХХК-ний 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчийн мэдэлд буцаан авч холбогдох төлбөр тооцоо, бүртгэл хийхийг Монгол Улсын Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, *******ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл \цаашид ТУЗ гэх\, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт тус тус даалгаж, Тогтоолын хэрэгжилтийг хуулийн хүрээнд хангуулж ажиллахыг Хууль зүй дотоод хэргийн сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нарт даалгасан байна.

Дээрх хууль зүйн үндэслэл бүхий хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгүүдэд заасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тогтоолоор *******ХХК-ийн ТУЗ-ийг томилсон байна.

ТУЗ-ийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 18/2018 дугаар тогтоолоор "*******ХХК-ийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталж, мөн өдрийн ТУЗ-ын 19\2018 дугаар тогтоолоор дэд захирал *******, 20\2018 дугаар тогтоолоор Тэргүүн дэд захирал *******, 21/2018 дугаар тогтоолоор дэд захирал Д.Эрдэнэцогт, 22\2018 дугаар тогтоолоор дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр нарыг *******ХХК-ний бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан ТУЗ-д хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

*******ХХК нь төрийн 100 хувийн өмчит компанийн хувьд Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйл болон мөн хуулийн 91 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын харьяанд үйл ажиллагаа явуулдаг билээ.

*******ХХК-ийн ТУЗ нь Компанийн тухай хууль, *******ХХК-ийн дүрэмд заасны дагуу тус компанийн хувьд эрх барих дээд байгууллага учир холбогдох хуульд заасны дагуу олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гүйцэтгэх удирдлагуудыг албан тушаалд томилох, чөлөөлөх эрхтэй бөгөөд тухайн үйл ажиллагаа нь тус компанийн хэвийн тасралтгүй үйл ажиллагаагаар хангах зорилгоор гүйцэтгэсэн, холбогдох хууль тогтоомжид нийцсэн шийдвэр, тогтоол болох нь дээр дурдсан хууль, эрх зүйн актуудад заасны дагуу үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтын дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/01238 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан *******ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 19/2018 тоот тогтоолыг хүчингүй болгож, Ж.Эрдэнбилэгийг *******ХХК-ийн ерөнхий захирлын Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч *******ХХК, *******ХХК-ийн ТУЗ-с 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 3167 дугаар шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбадрах, Д.Төгсбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Өлзийсайхан нар давж заалдсан гомдолдоо:

*******ийн нэхэмжлэлтэй *******ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20/2018 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах. *******ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсоныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нээлттэй хэлэлцэж Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчөөгүй болохыг тогтоож дүгнэлт гаргасан билээ.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 07 дугаар тогтоол гаргаж Монголиан коппер корпорейшн ХХК-ийн шилжүүлэн авсан Эрдэнэт Үйлдвэр ХХК-ний 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчийн мэдэлд буцаан авч холбогдох төлбөр тооцоо. бүртгэл хийхийг Монгол Улсын Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл \цаашид ТУЗ гэх\, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт тус тус даалгаж, Тогтоолын хэрэгжилтийг хуулийн хүрээнд хангуулж ажиллахыг Хууль зүй дотоод хэргийн сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нарт даалгасан байна.

Дээрх хууль зүйн үндэслэл бүхий хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгүүдэд заасны дагуу *******ХХК нь 100% төрийн өмч болсонтой холбогдуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тогтоолоор *******ХХК-ийн ТУЗ-ийг томилсон байна.

Төрөөс томилогдсон *******ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 18Ү2018 дугаар тогтоолоор "*******ХХК-ийн бүтэи зохион байгуулалтыг шинэчлэн баталж, мөн өдрийн ТУЗ-ын 19\2018 дугаар тогтоолоор дэд захирал *******ийг *******ХХК-ний бүтэц. зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан ТУЗ-д хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. *******ХХК нь төрийн 100 хувийн өмчит компанийн хувьд Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйл болон мөн хуулийн 91 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын харьяанд үйл ажиллагаа явуулдаг билээ. Өөрөөр хэлбэл: Монголиан коппер корпорейшн ХХК нь *******ХХК-ийн 49%-ийн энгийн хувьцааг эзэмшиж байхдаа ТУЗ-д санал оруулж тус компанийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлаар *******ийг томилуулсан бөгөөд хувийн компанийн төлөөлөл учраас үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь үндэслэлтэй билээ.

*******ХХК-ийн ТУЗ нь Компанийн тухай хууль, *******ХХК-ийн дүрэмд заасны дагуу тус компанийн хувьд эрх барих дээд байгууллага учир холбогдох хуульд заасны дагуу олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гүйцэтгэх удирдлагуудыг албан тушаалд томилох, чөлөөлөх эрхтэй бөгөөд тухайн үйл ажиллагаа нь тус компанийн хэвийн тасралтгүй үйл ажиллагаагаар хангах зорилгоор гүйцэтгэсэн, холбогдох хууль тогтоомжид нийцсэн шийдвэр, тогтоол болох нь дээр дурдсан хууль, эрх зүйн актуудад заасны дагуу үндэслэлтэй болно. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ******* нь ажлаа хүлээлгэж өгөөгүй, цалин хөлс аваагүй тохиолдолд тухайн нэхэмжлэлийг шүүхэд гаргах, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэх хууль, эрх зүйн үндэслэл бий болох байсан. Гэтэл нэхэмжлэгч ажлаа хүлээлгэж өгөөгүй, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол учраагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэр гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа боллоо.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь хуулийн адил хүчинтэй байхад уг тогтоолын хүрээнд зохион байгуулагдсан төрийн байгууллагуудаас явуулж буй үйл ажиллагааг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх харгалзан үзэлгүйгээр тухайн хуулийг зөрчиж 142/ШШ2018/01238 дугаар шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 142/ШШ2018/01238 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* *******ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 19/2018 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, *******ийг *******ХХК-ийн Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төгсбаяр, Б.Эрдэнэбадрах Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тогтоолоор тус компаний Төлөөлөн Удирдах зөвлөлийг томилж улмаар компаний бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан нэхэмжлэгчийг үүрэгт албан тушаалаас нь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан *******ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 19/2018 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, *******ийг *******ХХК-ийн Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч *******ийг *******ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 19/2018 дугаар тогтоолоор тус компаний Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирлын албан тушаалаас чөлөөлсөн ба тэрээр өнөөдрийг хүртэл хугацаанд үүрэгт албан ажлаа гүйцэтгэж байгаа болох зохигчдын гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Монгол улсын Их хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны 23 дугаар тогтоолд ...Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс Монголиан Коппер Корпорейшн ХХК-д шилжсэн *******ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо / Монгол Улсын Засгийн газарт даалгсугай гэж заасныг баримтлан гаргасан Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай 7 дугаар тогтоолын 1,5,6 дугаар заалтууд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаал, 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолууд, 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн А-1/666 дугаар албан бичгийг тус тус илт хууль бус болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давах, хяналтын шатны шүүхийн шийдвэрээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Харин нэхэмжлэгч *******ийг *******ХХК-ийн Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь нэхэмжлэгч ******* нь тус компаний Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирлын үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа, үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх шаардлагагүй юм.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төгсбаяр, Б.Эрдэнэбадрах, өмгөөлөгч Г.Өлзийсайхан нарын гаргасан ...нэхэмжлэгч ******* Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ******* ажлаа хүлээлгэж өгөөгүй байхад шүүх иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь хуулийн адил хүчинтэй байхад уг тогтоолын хүрээнд зохион байгуулагдсан төрийн байгууллагуудаас явуулж байгаа үйл ажиллагааг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/01238 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.т заасны баримтлан *******ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 19/2018 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийг *******ХХК-ийн Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбадрах, Д.Төгсбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Өлзийсайхан нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төдсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ