Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2019/00035

 

Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй

хариуцагч Д*******, *******нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00087 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д*******, *******нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн үлдэгдэл 33.953.446 төгрөг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал, Б.Батдорж, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа, онлайнаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох нар оролцов.

Нэхэмжлэгч ХААН банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Д*******, хамтран зээлдэгч *******нар нь ХААН Банкны Орхон салбарын Төв тооцооны төвөөс 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/161 тоот зээлийн гэрээ, БГ/161 тоот барьцааны гэрээ байгуулан 21.999.800 төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгөөр 10 айлын нийтийн орон сууц барих зориулалтаар хөрөнгө оруулалтын зээлийг авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд иргэн Б.Дэмчигсүрэнгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101011878 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 33 дугаар гудамжны 22 тоот, 46.75 м.кв хувийн сууц, иргэн Б.Дэмчигсүрэнгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2101003155 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 33 дугаар гудамжны 22 тоот, 500 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, хөргөгч, хөлдөөгч, 2008 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 10 сард Монголд орж ирсэн мөнгөлөг өнгөтэй Hyundai sonata 6 маркийн 4742 ОРО улсын дугаартай автомашин, 2008 онд үйлдвэрлэсэн, 2011 оны 07 сард Монголд орж ирсэн, улаан өнгөтэй daewoo matiz маркийн 4992 ОРО улсын дугаартай автомашиныг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1-дэх хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөх ёстой ба зээлийн гэрээний 5.2.1-т зааснаар сар бүрийн 24-ний өдрийн дотор зээлийн тухайн нэг сарын төлбөр болох 664.000 төгрөгийг 5090459530 тоот харилцах дансанд төвлөрүүлсэн байх, зээлийн гэрээний 5.2.2-т зааснаар зээлийн төлбөр, бусад төрлийн харилцах дансны гүйлгээ, дотоод гадаадын төлбөр тооцоогоо Хаан банкаар дамжуулан гүйцэтгэх 5.2.3-т зааснаар зээлийг зориулалтын дагуу ашиглах, зээлийн ашиглалтанд Банкнаас хяналт тавих бүхий л бололцоогоор хангах, 5.2.5-т зааснаар зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүргүүдийг хүлээсэн. Зээлдэгч нь 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан ЗГ/161 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу дараах төлбөрийг төлсөн байна. Үндсэн зээлд 6 454 014 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12 273 759 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23 412 төгрөг, нийт 18 751 185 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Д*******, *******нар нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд энэ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээл буцаан дуудах мэдэгдэл, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээл буцаан дуудах мэдэгдэл, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зээл төлөх мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зөрчсөөр байна. Өнөөдрийн байдлаар уг зээл 813 хоног хугацаа хэтэрсэн байна.

Зээлдэгч Д*******, хамтран зээлдэгч *******нар нь ХААН банкны Орхон салбараас 2014 оны 07 дугаар сарын 07-ний өдөр ЗГ14/683 тоот зээлийн гэрээ, БГ14/683 тоот барьцааны гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийн зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгөөр өрхийн хэрэглээний зээл авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд иргэн Д.Анужин /төлөөлөгч нь эх Д*******/-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101017192 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 86 гудамж, 24 тоот 247,4 м.кв хувийн сууц, иргэн Д.Анужин /төлөөлөгч нь эх Д*******/-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2101013276 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 86 гудамж 24 тоот, 370 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөх ёстой ба зээлийн гэрээний 4.2.2-т зааснаар сар бүрийн 08-ны өдрийн дотор зээлийн тухайн нэг сарын төлбөр болох 656 300 төгрөгийг 5094070200 тоот харилцах дансанд төвлөрүүлсэн байх, зээлийн гэрээний 4.2.4-т зааснаар зээлийн төлбөр, бусад төлбөр тооцоогоо Банкаар дамжуулан гүйцэтгэх, 4.2.11-д зааснаар Зээлийг буцаан төлүүлэх мэдэгдэл хүлээн авсан тохиолдолд зээлийн төлбөрийг заасан хугацаанд гүйцэтгэх үүргүүдийг хүлээсэн. Зээлдэгч нь 2014 оны 07 дугаар сарын 07-ний өдөр байгуулсан ЗГ14/683 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу дараах төлбөрийг төлсөн байна. Үндсэн зээлд 7.251.451 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.217.614 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12.614 төгрөг нийт 10.481.679 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Д*******, *******нар нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд энэ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй зээлийн хугацааг дуусгасан ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2017 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр зээл төлөх мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зөрчсөөр байна. Өнөөдрийн байдлаар уг өрхийн зээл 860 хоног хугацаа хэтэрсэн байна.

Иймд банк шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Үүнд: Зээлдэгч Д*******, *******нартай байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/161 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн байдлаар тасалбар болгон дараах зээлийн төлбөрийг гаргуулах. 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/161 тоот зээлийн гэрээнээс үндсэн зээлийн үлдэгдэл 15.545.786 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8.608.379 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 975.828 төгрөг нийт хөрөнгө оруулалтын зээл, хүүгийн төлбөр 25.129.993 төгрөг гаргуулах, 2014 оны 07 дугаар сарын 07-ний өдөр ЗГ14/683 тоот зээлийн гэрээнээс үндсэн зээлийн үлдэгдэл 4.748.549 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3.488.111 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 586.793 төгрөг нийт өрхийн зээлийн зээл, хүүгийн төлбөр 8.823.453 төгрөг гаргуулах, нийт 2 зээлийн зээл, хүүгийн төлбөр 33.953.446 төгрөг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 327.720 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамжийн хөлс 22.500 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 33 дугаар гудамжны 22 тоот хаягт орших Улсын бүртгэлийн Ү-2101011878 дугаарт бүртгэгдсэн 46.75 м.кв хувийн сууц, Г-2101003155 тоот улсын бүртгэлийн дугаартай 500 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 86 гудамж 24 тоот хаягт орших, Улсын бүртгэлийн Ү-2101017192 дугаарт бүртгэгдсэн 247,4 м.кв хувийн сууц, Г-2101013276 тоот улсын бүртгэлийн дугаартай 370 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлага хангуулан зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д*******, *******нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 24-нд дуусна. Нийт авсан 21.999.800 төгрөгөөс нийтдээ 18.751.185 төгрөг төлсөн байгаа. Энэ төлсөн мөнгөний 12.273.75 төгрөгийг зээлийн хүүнд аваад 6.454.014 төгрөгийг үндсэн зээлд авсан байна. Энэ нь бидэнд маш их хохиролтой байсан. Банк өөрөө дансанд байгаа мөнгийг аваад ингэж хүүнд авчихдаг байсан. Зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл энд ямар ч байсан нийт төлбөл зохих 39 895 467 төгрөгөөс өмнө төлсөн 18.751.185 төгрөг дээр нэмээд 5.000.000 төгрөг төлнө. Үндсэн мөнгийг нь гэрээний хугацааг сунгаж төлөх саналтай байна. Барьцаа хөрөнгөө хурааж авахыг зөвшөөрөхгүй. Мөн өрхийн хэрэглээний зээлийн үлдэгдэл нь 8.823.453 төгрөг байх ёсгүй. Банк зээлийн гэрээний хугацаа дуусахад биднээс итгэмжлэл аваад барьцаа хөрөнгийг зарна гээд гэрээг дуусгавар болгосон. Гэтэл 8.823.453 төгрөг нэхсэн байна, үүнийг зөвшөөрөхгүй. Ийм их мөнгө үлдсэн байх ёсгүй. Дахин тооцоо хийж үлдэгдэл мөнгийг төлнө. Нийтдээ зээлийн гэрээний хугацаанд 15.777.685 төгрөг төлөх ёстойгоос 10.481.679 төгрөг төлсөн. Одоо 5.296.006 төгрөг төлөх ёстой. Биднээс барьцаа хөрөнгө зарах итгэмжлэл өгөх үед ийм үлдэгдэлтэй байсан. Тэгээд банк одоо төлөлт хийх шаардлагагүй. Бид барьцаа хөрөнгийг чинь 14.000.000 төгрөгөөр зараад энэ зээлийг чинь хаагаад үлдэгдлийг нь хөрөнгө оруулалтын зээл рүү хийе гэж хэлсэн. Тийм учраас түүнээс хойш ямар нэг мөнгө нэмэгдэх ёсгүй гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00087 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д*******, *******нараас тус бүр 16.987.973 /арван зургаан сая есөн зуун наян долоон мянга есөн зуун далан гурав/ төгрөг гаргуулан Хаан банк ХХК-ийн Орхон салбар төв тооцооны төвд олгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д*******, *******нарт холбогдох Хаан банк ХХК, Д*******, Б.Дэмчигсүрэн нарын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/161 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэлээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Дэмчигсүрэнгийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж 33 дугаар гудамжны 22 тоот хаягт байршилтай нэгж талбарын 130106048 дугаартай, 500 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101011878 дугаарт бүртгэгдсэн 46.75 м2 хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Анужингийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 8б гудамж 24 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18429430466166 дугаартай, 370 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101017192 дугаарт бүртгэгдсэн 247.4 м2 хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 327.720 /гурван зуун хорин долоон мянга долоон зуун хорь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 163 860 /нэг зуун жаран гурван мянга найман зуун жар/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Орхон салбар Төв тооцооны төвд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй Д*******, *******нарт холбогдох иргэний хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хариуцагч талаас гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан байна. Ийнхүү татгалзаж байгаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүгчийг нэхэмжлэгч талд илтэд үйлчилж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэхэд эргэлзээ төрүүлсэн тул /өмнө нь яг ийм байдлаар бас нэг хэргийг шийдвэрлэж байсан\ түүнээс татгалзахад Та татгалзал байгаа эсэхийг асуухад татгалзахгүй гэсэн. Таны татгалзлыг хүлээж авахгүй гэж хэлээд шүүх хурлыг шууд үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийг зөрчсөн юм. Шүүх талуудыг эвлэрэн хэлэлцэх санал байгаа эсэх талаар асуугаагүй, хэн бичсэн нь тодорхойгүй 2 баримт авчирч өгсөн байсан тул түүнтэй танилцахад Мөнхбат гэсэн нэр байсан. Энэ хүнийг гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргахад шүүх хүлээж аваагүй. Зээлдэгч *******нь нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хаан банкны эдийн засагч Д.Энхжаргалд барьцааны хөрөнгийг худалдан борлуулах итгэмжлэл өгсөн. Түүнээс хойш бүтэн нэг жил гаруй хугацаа өнгөрсний дараа гэнэт зээл төлөх мэдэгдлийг өгсөн байдаг. Зээлдүүлэгч банкны эдийн засагч зээлийг төлүүлэхийн тулд барьцаа хөрөнгийг худалдаж зээлийг төлөх үүргийг өөртөө шилжүүлж авсан тул зээлдэгч нарын банкны өмнө хүлээх үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэстэй. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт буруу. Энэ нэг жилийн дотор зээлээ төлөхийг шаардаагүй. Барьцаа хөрөнгийг зарж борлуулан зээлийг хаахаар итгэмжлэл авсан банк хүү авах эрхээ алдсан.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар нь яаж тооцоолж нэхэмжлэлийн үнийг дүнг тодорхойлж байгаагаа шүүхэд ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл ямар нэгэн эрх зүйн үндэслэл бүхий тооцоолол байдаггүй. Төлүүлэхээр шаардаад байгаа мөнгөний тооцоог гаргасан үндэслэлээ шүүхэд тайлбарлаж чадахгүй учраас шүүх бас тооцоолж чадаагүй. Манай банк хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэх ийм дүрэм журам байдаг.үүний дагуу тооцсон юм шүү гээд түүнийгээ шүүхэд ирүүлээгүй учраас хугацаа хэтэрсэн зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгийн тооцоо үнэн зөв эсэхийг шүүх шалгаж үзэх боломжгүй байсан.Тийм учраас шүүх нэхэмжлэлийг шууд хангахаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Банк Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж зээлдэгч нарын хугацаа хэтрүүлж төлсөн мөнгийг нэмэгдүүлсэн хүү ,хүү, зээл гэсэн дарааллаар тусгай дансанд байршуулж байсан нь зээлдэгчийн эрх ашгийг зөрчсөн байхад шүүх үүнийг анхааралгүй орхисон. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналыг хууль зүйн талаас нь үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй. Хариуцагч тал нь зөвхөн үндсэн зээлийг төлнө, харин хугацаа хэтэрсний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй.банк өөрөө барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлийг төлнө гээд бүтэн 1 жил болгож өөрсдөө хугацаа хэтрүүлсэн гэж маргаж байгаа. Энэ нь 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ\161 дугаартай зээлийн гэрээгээр 21.999.800 төгрөг зээлж авсан. Тэд нийтдээ 18.751.185 төгрөг төлсөн. Банк энэ мөнгөний 12.273.759 төгрөгийг зээлийн хүүнд, үндсэн зээлд 6.454.014 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 23.412 төгрөгийг тооцож авсан байна. Харин 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ14\683 дугаартай зээлийн гэрээгээр 12.000.000 төгрөг зээлж 10.481.679 төгрөг төлжээ .Банк үүнээс үндсэн зээлд 7.251.451 төгрөг, хүүнд 3.217.614 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 12.614 төгрөг тооцож авсан байна. Хугацаа хэтэрсэн гээд л төлсөн бүх мөнгөний ихэнхийг нь хүүнд авсаар зээлдэгч нарыг их хэмжээний өрөнд оруулсан байдаг. Зээлдэгч нарын тооцоогоор одоо төлөх зээлийн үлдэгдэл нь 24.975.946 төгрөг гэж тооцож байна. Ингэж тооцвол барьцаа хөрөнгийг худалдан борлуулж төлөхийг зөвшөөрч байгаа юм. Банк өөрөө нэхэмжлэлийн үндэслэл болох тооцоогоо тодорхойлж ирүүлээгүй тул хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр төлүүлэхээр шийдвэрлүүлэх боломжтой юм.

Иймд шүүхийн шийдвэрт дээрх байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарын тооцооны төв хариуцагч Д*******, *******нарт холбогдуулан 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/161 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, хөрөнгө оруулалт, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан 2 зээлийн гэрээний үүрэг нийт 33.953.446 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д*******, *******нар ...хөрөнгө оруулалтын зээлийн төлбөрт-18.751.185 төгрөг, өрхийн хэрэглээний зээлийн төлбөрт- 10.481.679 төгрөг тус тус төлсөн, өрхийн хэрэглээний зээлийн төлбөрийг төлүүлэхээр барьцаалсан хөрөнгийг банк зарахаар тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

Шүүх хариуцагч Д*******, *******нараас тус бүр 16.987.973 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Д*******, *******нартай байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/161 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэлээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Дэмчигсүрэнгийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж 33 дугаар гудамжны 22 тоот хаягт байршилтай нэгж талбарын 130106048 дугаартай, 500 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101011878 дугаарт бүртгэгдсэн 46.75 м2 хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Анужингийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ 8б гудамж 24 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18429430466166 дугаартай, 370 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101017192 дугаарт бүртгэгдсэн 247.4 м2 хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Хариуцагч Д*******, *******нар ХААН банкны Орхон салбар, Төв тооцооны төвөөс 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хөрөнгө оруулалтын зориулалттай 21.999.800 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй зээлж авч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18.751.185 төгрөг төлсөн, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өрхийн хэрэглээний зориулалттай 12.000.00 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, 27.6 хувийн хүүтэй авч, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10.481.679 төгрөг төлсөн болох нь зээл, барьцааны гэрээ болон бусад авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй байна. /х/х-ийн 13-22тал/,

Хариуцагч Д*******, Дэмчигсүрэн нар 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр өрхийн хэрэглээний зээлийн төлбөрт нийт 10.481.679 төгрөг төлсөн ба тухайн үед зээлийн үлдэгдэл 5.296.006 төгрөгийг төлж барагдуулахын тулд барьцаа хөрөнгийг зарах итгэмжлэлийг Д.Энхжаргалд 1 жилийн хугацаатай, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж 33 дугаар гудамжны 22 тоот хаягт байршилтай нэгж талбарын 130106048 дугаартай, 500м2 талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад худалдах, хөлслүүлэх, түрээслүүлэх, арилжих, барьцаанд бариулах гэрээ, нотариатад төлөөлж гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа авах эрхтэй хийж өгсөн байх боловч уг итгэмжлэлээр банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон гэж үзэхээргүй ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарын Төв тооцооны төв, хариуцагч Д*******, *******нарын хооронд байгуулсан хөрөнгө оруулалт, өрхийн зээлийн гэрээний дагуу төлөгдөх зээлийн хүүгийн төлбөр нь үндсэн зээлийн төлбөрөөс илүү хэмжээгээр төлөгдөхөөр талууд харилцан тохиролцсон байх тул хариуцагч нарын зээлийн төлбөрт төлсөн төлбөрийг банк зээлийн хүүнд илүү суутгаж авсан гэж үзэх үндэслэл байхгүй юм.

Нэхэмжлэгч банк нь хариуцагч нарын төлөх зээлийн төлбөрийн тооцоог гаргахдаа хэрэгт авагдсан зээлийн бүртгэлийн баримтыг /х/х-32-36 тал/ үндэслэж тооцсон ба хариуцагч Д*******, *******нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй ...зээлийн төлбөрт 24.975.946 төгрөг төлөхийг зөвшөөрнө, үлдэх төлбөрийг төлөхгүй гэх тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй байх тул анхан шатны шүүх нотлох чиг үүргийг хариуцагч нарт хүлээлгэсэн нь зөв байна.

Хариуцагч Д*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан ...банк өөрөө нэхэмжлэлийн үндэслэл болох тооцоогоо тодорхойлж ирүүлээгүй тул хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр төлүүлэхээр шийдвэрлэж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 158.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ