Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 38

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 207/МА2019/00038

 

*******, *******, *******,

******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч

Д*******, ******* нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/00116 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д*******, ******* нарт холбогдох,

*******, *******, *******, *******, Д******* нарын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, Д*******, ******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, О.Энхсаруул нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Энхсаруул, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч *******, *******, *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*******, *******, ******* бид Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, Цагаанчулуут 29-р гудамжны 10 тоотод 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Дээрх хаягт байрлах 890 м.кв газрыг 2006 онд бид хувьчилж авсан бөгөөд 2006 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 000052815 дугаартай гэрчилгээний үндсэн дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2101002485 дугаарт бүртгэгдэж газрын өмчлөгч болсон. Миний нөхөр бидний аав болох *******ы төрсөн дүү Д******* нь гоо сайханы газар ажиллуулдаг байсан ба 2009 онд хамтарч зээл авч бизнес хийе гэх санааг гарган бидний өмчлөлийн газрыг өөрийн нэр дээр шилжүүлж зээл авъя гэж хэлсэн. Тухайн үед нөхөр бид хоёр ажил орлогогүй байсан тул банк бидэнд зээл олгох боломжгүй харин тодорхой хэмжээний орлоготой хүнд зээл олгоно гэж хэлсэн. Ингээд нөхрийн дүү Д******* тухайн үед гоо сайханы газар ажиллуулж байсан тул түүний нэр дээр өөрсдийн өмчлөлийн газрыг шилжүүлэн зээл авахаар болсон. Ингээд нотариат орж үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээг байгуулсан. Ийнхүү бэлэглэлийн гэрээний дагуу газрыг шилжүүлж зээл дууссаны дараа Д******* нь газрыг буцаан шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Гэтэл Д******* нь буцаан шилжүүлж өгөлгүй явсаар өдийг хүрсэн ба 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ******* гэх хүнд газрыг худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн өгсөн байна. Одоо ******* нь бидний амьдарч буй газар дээр ирж биднийг нүү гэсэн шаардлага тавьж байгаа ба газрыг ухаж барилга барина гэж дураараа аашилж байна. Иймд үл хөдлөх хөрөнгө бэлэглэх 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Д*******, ******* нарын хооронд байгуулагдсан гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч: Д******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* нь миний ах *******тай гэр бүлийн харилцаатай байсан бөгөөд одоогоор тус тусдаа амьдраад 8 жил орчим болж байгаа билээ. Намайг насанд хүрээгүй хүүхэд байхаас эхлэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуутын 29-11 тоот газарт манай ээж Цэвээнжавын Сувд, ах *******, миний бие 2 хүүхдийн хамт амьдарч байсан бөгөөд ах маань сүүлд Жаргалтай гэр бүл болж Жаргал болон хүүхдүүд нь бидэнтэй хамт амьдарч эхэлсэн. Ингээд газар хувьчлах үед ахын нэр дээр бид газраа өмчлөн авсан. Ингээд ах маань эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймагт өөр газарт амьдрах болсон тул надад 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр газрыг шилжүүлэн өгсөн. Ингээд ээж бид хоёр болон миний хоёр хүүхэд тус газарт амьдарч байгаад ээж маань 2016 оны 08 дугаар сарын 29-нд нас барсны дараа би иргэн Болорсүхтэй танилцаж, Дэнж багт хамт амьдрах болсон. Сүүлдээ иргэн Болорсүхийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд амьдрахаар болж, ээж болон өөрийнхөө амьдарч байсан гэрээ Болорсүхийн аав ээжид зарж /өнөөдөр хүртэл мөнгийг өгөөгүй/ мөн 2018 онд өөрийн газраа Байгалмаа гэх хүнд худалдсан. Нэхэмжлэгч ор үндэслэлгүй худал зүйл бичсэн байна. Ах болон түүний гэр бүл 2009 оноос хойш уг газарт амьдраагүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч: ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, Цагаанчулуут 29-р гудамжны 10 тоотод 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байсан талаараа дурдсан байдаг. Гэвч нэхэмжлэгч нарын аав болох *******аас дүү Д*******д 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр газрыг шилжүүлсэн байна. Энэ хугацаанд Д******* нь ээжтэйгээ хамт амьдарч байгаад 2016 онд ээж нь нас барсан. Тэгээд Д******* нь ганцаараа эндээ амьдарч байсан. Би Д*******эс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр газрыг худалдах худалдан авах гэрээгээр 7 сая төгрөг бэлэн өгч газрыг өөрийн өмчлөлд шилжүүлсэн. Одоо би энэ газар дээрээ хүйтний улирал эхлэхээс өмнө байшин барилга барьж орох гээд эхэлсэн, дуусах дөхөж байгаа. Би хэрвээ хүний газар дээр ямар ч зөвшөөрөлгүй барилга байшин барьсан бол миний буруу гэх юм. Гэтэл би байшин барихын тулд газар хайж сураглаж байгаад зараар энэ газрыг худалдаж авсан юм. Тэгээд өөрийн өмчлөлд шилжүүлж өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй болсон. Тиймээс би өөрийнхөө өмчлөлийн газар дээр барилгаа барьсан нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн асуудал байхгүй гэж бодож байна. Гэтэл нэхэмжлэгч нар нь миний газар дээр зөвшөөрөлгүй барилга барьсан талаар нэхэмжлэлдээ дурдсан. Би энэ газрын шударга өмчлөгч байх бөгөөд нэхэмжлэгч нарыг би урьд нь танихгүй байсан болно. Нэхэмжлэгч нар нь дээрх газрыг Д*******д өгөхдөө гоо сайханы газар ажиллуулах, бизнес эрхлэхээр Д.Болор-Эрдэнийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан талаар дурдсан байдаг. Анх энэ газар дээр ээж нь, Д******* нар амьдарч байсан байх бөгөөд ах *******ы нэр дээр нь гэрчилгээг гаргуулж авч байсан. Гэвч ах нь энд амьдарч байгаагүй гэдэг. Тиймээс энэ газрын өмчлөгч нь Д******* ба буцааж *******д өгөх талаар ямар ч тохиролцоо байхгүйг дүү Д******* нь хэлж байна. Энэ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. Хэрвээ энэ газрыг буцааж авах талаар тохиролцоотой байсан бол болзол тавьж, болзлоо нэмэлт нөхцөлөөр дурдах байсан байх. Гэтэл гэрээний нэмэлт заалтанд буцааж авах талаар дурдаагүй. Хүүхэд маань яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай. Учир нь хүү маань осолд ороод эмчилгээ хийлгэх нэн хэрэгтэй байна. Иймээс нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/00116 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******, *******, *******, ******* нарын хариуцагч Д*******, ******* нарт холбогдуулан гаргасан *******, *******, *******, *******, Д******* нарын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, Д*******, ******* нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан газар худалдах худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.900 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, О.Энхсаруул нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн *******, *******, *******, ******* Д******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нотлох баримт хангалттай байхгүй, мөн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нарын зүгээс 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг үнэхээр бэлэглэх зорилгоор байгуулаагүй, тухайн үед дүү Д******* нь тодорхой хэмжээний хувийн бизнестэй, банкнаас зээл авах шаардлагыг хангаж байсан учир түүний нэрээр зээл авч жижиг бизнес эрхлэхээр өөрсдийн газраа банкны барьцаа болгож, Д.Болор-Эрдэнийн нэр дээр шилжүүлсэн гэж тайлбарладаг. Дээрх тайлбарыг нотлохоор шүүхэд үндэслэл бүхий нотлох баримтууд гаргаж өгсөн байхад шүүх хангалттай нотлогдохгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь уг газарт гэр бүлийн хамт 2000 оноос хойш тасралтгүй амьдарч байгаа талаар тайлбарладаг бөгөөд уг тайлбарыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаан чулуут багийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны 333 дугаар тодорхойлолтоор нотлогддог. ******* нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөн энэ талаар гэрчилдэг. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын уг хашаанд тасралтгүй амьдарч байсан гэдэг баримт нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоход чухал ач холбогдол бүхий баримт биш гэж дүгнэсэн. Гэтэл дээрх байдал нь гэрээг үнэхээр бэлэглэх зорилгоор хийсэн үү эсхүл дүр үзүүлж хийсэн үү гэдгийг нотлоход ач холбогдол бүхий баримт юм. Учир нь ******* болон түүний гэр бүл үнэхээр газраа бэлэглэсэн бол уг хашаанд 2000 оноос хойш 18 жилийн турш, бэлэглэлийн гэрээг байгуулснаас хойш буюу 2009 оноос хойш 9 жилийн хугацаанд уг хашаанд амьдрах шаардлагагүй байсан. Үүнийг шүүх ач холбогдолтой баримт биш дүгнэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн байна. Мөн нэхэмжлэгч нар уг газраас өөр газар эзэмшдэггүй талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн байхад уг баримтад дүгнэлт хийгээгүй. Уг гэр бүлийн хувьд өөр үл хөдлөх хөрөнгөгүй байж, гэр бүлдээ байгаа ганц үнэ цэнэ бүхий хөрөнгө болох газраа бэлэглэх ямар ч үндэслэлгүй. Зөвхөн өөрийн төрсөн дүүд итгэж жижиг бизнес эрхлэхээр дүр үзүүлж гэрээ байгуулсан. Хариуцагч шүүхэд тайлбар гаргахдаа уг хашаанд 2000 оноос хойш амьдарч байгаа талаар тайлбарладаг. Гэтэл хэрэгт авагдсан Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн албан бичгээр Д******* нь 2000 онд Согоот, 2001 онд Уурхайчин, 2012 онд Оюут, 2018 онд Сэлэнгэ аймаг руу шилжсэн талаар тодорхойлолт ирүүлсэн. Хариуцагч Д.Болор-Эрдэнийг маргаан бүхий газарт амьдарч байсан талаар нэг ч баримт хэрэгт авагдаагүй, зөвхөн өөрийнх нь тайлбар авагдсан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхэлж тоолно гэж заасан. Зохигчдын тайлбар болон гэрч нарын мэдүүлгээр ******* нь Д*******эс хашааны газрыг шилжүүлж өгөхөөр шаардахад удахгүй өгнө, хүлээж бай, барьцаанд байгаа, зээл нь дуусахаар шилжүүлж өгнө гэдэг тайлбар өгч байсан нь тогтоогддог. Мөн дээрх асуудлаас болж ах дүүгийн хооронд байнга маргаан болж, хамгийн сүүлд 2016 онд болсон маргааны улмаас Д******* нь ээжийн хамт Дэмж баг руу нүүж байсан гэдгийг гэрч Г.Оюундалай гэрчилдэг. ******* болон ******* нар Д.Болор-Эрдэнийг тэдний газрыг удахгүй шилжүүлж өгнө гэсэн үгэнд итгэж, шилжүүлж өгөхийг хүлээж байсан. Гэтэл гэнэт тэдний газар дээр өөр хүмүүс барилга барьж эхэлсэн бөгөөд тэднээс ямар учиртай хүмүүс болохыг асуухад газрыг худалдаж авсан хүмүүс байна гэж хэлэхэд уг газрыг цааш нь өөр хүнд дамжуулан худалдсан болохыг мэдсэн. Нэхэмжлэгч нар Д.Болор-Эрдэнийг тэдний газрыг өөр хүнд дамжуулан худалдсан гэдгийг мэдсэн үеэс Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан шаардах эрх үүссэн. Шаардах эрх үүссэн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүхийн үүнийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байх бөгөөд уг хугацааг нэхэмжлэгч нар хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна.

Нэхэмжлэгч *******, *******, ******* нар хариуцагч Д*******, ******* нарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгө бэлэглэх 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Д*******, ******* нарын хооронд байгуулагдсан гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч Д.Болдбаатарыг хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Болдбаатар нь 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэгчээр оролцох ...нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбараа шүүхэд бичгээр гаргаж өгөх бөгөөд хөдөө ажилладаг тул цаашид шүүх хуралдаанд биеээр оролцох боломжгүй тул эхнэр *******д итгэмжлэл өгч, өөрийгөө төлөөлөх эрхээ өгөх болно, ...бэлэглэлийн гэрээ, газар худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү тухай хүсэлт гаргасан байх ба Д.Болдбаатар, ******* нар 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч *******д өөрийгөө төлөөлүүлэх итгэмжлэл олгосон, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэгч *******ыг нэхэмжлэгчээр оролцуулах тухай хүсэлт тус тус гаргасан байна.

Гэтэл шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ганзоригийн гаргасан ...Д.Болдбаатарыг нэхэмжлэгчээр оролцуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч ******* нь Д.Болдбаатар, ******* нарын хэнийг нь төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон эсэх нь тодорхойгүй /шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* ирээгүй гэж тэмдэглэгдсэн/ байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,38 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хуульд заасны дагуу бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 -д заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхээс ...нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, бэлэглэлийн болон худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндэслэл тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдалд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/00116 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, О.Энхсаруул нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.900 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ