Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 43

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2019/00043

 

 

Эрдэнэт Текс ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч Натурал Текстайл Групп ХХК-ийн

үйлдвэрчний эвлэлийн хороонд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/00108 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Эрдэнэт Текс ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Натурал Текстайл Групп ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороонд холбогдох,

Натурал Текстайл Групп ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгох, цаашид хууль бус ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцгээ, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Эрдэнэт Текс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш Натурал текстайл групп ХХК-ийн ажиллагчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Цэцгээ ******* ХХК-ийн ажилчдыг хууль бус ажил хаялтанд уриалж, ажил хаялтын талаар ажилтнуудтай сургалтын өрөө, хувцас солих өрөөнд хурал цуглаан хийж байна. Энэхүү үйл ажиллагаагаа зохион байгуулахдаа ажилтнуудыг олон тоогоор нь цуглуулан өөрийгөө манай компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хэмээн итгүүлэх замаар манай компанийн ажилтнуудыг хууль бус ажил хаялтанд уриалж байна. Мөн ажиллагчдыг хууран мэхэлж ажил хаях тухай зөвшөөрлийн бичиг хийлгэж аван, гарын үсэг цуглуулж байгаа нь өөр компанийн үйлдвэрчний эвлэлийн даргын эрх хэмжээнээс хальсан үйлдэл гэж үзэж байна. Б.Цэцгээгийн зохион байгуулж байгаа уулзалтуудын үеэр ажлын байраа орхиж явж байгаа нь тухайн ажилтны ажлын бүтээмжийг багасгахаас гадна компанид болон ажилтнуудад хохиролтой байна. Натурал текстайл групп ХХК-ийн ажиллагчдын үйлдвэрчний эвлэлийн хороо болон манай компанийн хооронд ямар нэг гэрээ хэлцэл байхгүй бөгөөд манай компанитай Хөдөлмөрийн тухай хуулийн 115-118 дугаар зүйлд заасан хамтын маргааныг эхлүүлээгүй, зуучлагч урьж оролцоогүй, арбитраар хэлэлцээгүй, шүүхээр уг асуудлыг хянуулаагүй байж мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.4-д зааснаар ажил хаялт зохион байгуулахаар ажилтны ажлыг гүйцэтгүүлэхгүй байх, хууль бус ажил хаялтанд уриалах зэргээр хууль зөрчсөн ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй, мөн өөр компанийн ажиллагчдын Үйлдвэрчний эвлэлийн хороо гэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй атлаа шүүхэд хандаж манай компанитай хамтын гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлүүлэх боломжтой байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй манай компанийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож ажиллагсдын сэтгэл санааг үймүүлж, эмх замбараагүй байдал үүсгэх, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдуулж, үйлдвэрлэлийн осол гарах нөхцөл байдлыг бүрдүүлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-д тус тус заасны дагуу манай компани нь Натурал текстайл групп ХХК-ийн ажиллагчдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоож, цаашид дахин хууль бус ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Натурал Текстайл Групп ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* ХХК Натурал текстайл групп ХХК-иуд нь Эрдэнэт хивс гэсэн ХК буюу хувьцаат компани байгаад улмаар Эрдэнэт хивс ХХК болсны дараа Эрдэнэт хивс ХХК-ийг өөрчлөх, тусгаарлах замаар үүсгэн байгуулагдсан толгой болон охин компанийн статустайгаар дүрмэндээ зааж улсын бүртгэлд бүртгүүлсэн компаниуд юм. Шүүх нэхэмжлэгч болон түүний толгой компани Натурал текстайл групп-ын дүрэм, гэрчилгээ, компаний зохион байгуулалтыг өөрчилсөн толгой компанийн ерөнхий захирлын 2015 оны 06 дугаар сарын 30-ны 15/02 тоот тушаалын хуулбар улсын бүртгэлээс ирсний дараа /Манайх шүүхэд хүсэлт гаргасан/ энэ байдалд тодорхой болно гэж ойлгож байна. Энэ маргаанд Үйлдвэрчний эвлэл болон ажил олгогч хуулийн этгээдийн эрх зүйн байдал маргааны үндэслэл болж байгаа тул дээрх баримтууд гол хариулт болж өгнө. Нэг корпус барилга дотор үйл ажиллагаагаа явуулдаг нэг чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг компани нь үйл ажиллагааныхаа чиглэлээр зохион байгуулалтаа өөрчилсөнтэй холбогдуулан үйл ажиллагааны зохицол, нийлэмжийг харгалзан Эрдэнэт хивс ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2015 оны 08 дугаар сарын 26-нд Тэргүүлэгчдийн хурлаа хийж нэршлээ өөрчлөн Натурал текстайл групп ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо болж улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээгээ шинээр авсан. Ингэснээр Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, гишүүнчлэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, хуучин Эрдэнэт хивс ХХК-ийн үндсэн ба туслах цехүүдэд ажиллаж байсан гишүүд шинээр байгуулагдсан компаниуддаа харьяалагдан гишүүнчлэл хэвээрээ байгаа. Үүний дараа Хөдөлмөрийн тухай хуулийн хоёрдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу дээр дурдсан толгой ба охин таван компанийн удирдлага ажил олгогчийг төлөөлж, манай Үйлдвэрчний эвлэлийн хороо ажилтныг төлөөлж хамтын гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 25-нд байгуулсан. Энэ гэрээний хугацаа дуусаж дараагийн хамтын гэрээг байгуулах санал яригдах үеэс саналын зөрүү гарч улмаар манай Үйлдвэрчний эвлэлийн хороог ганцхан толгой компани буюу Натурал текстайл групп ХХК-тай Хамтын гэрээ байгуулах эрхтэй гэж үгүйсгэсэн байдлыг хуульч М.Ганзоригийн ятгалга дор хамтын гэрээний оролцогч бусад компани тавих болсон. Энэ талаар удаа дараа тайлбарласан бичиг өгч, ерөнхий захирал Ш.Энхбаярт хандсан боловч амжилт олоогүй, ажил олгогч компаниуд ойлгохыг хүсээгүй. Ийм нөхцөл үүссэн учраас Ажилтныг төлөөлөх Үйлдвэрчний эвлэлийн зүгээс хамтын маргаан үүсгэсэн. Үйлдвэрчний эвлэлийн хороо ажил хаялтыг шууд зохион байгуулах хүч бололцоо Үйлдвэрчний эвлэлд дутагдалтай, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварын суутгал шилжүүлэлтийг 2018 оны 05 сараас ажил олгогч зогсоож ҮЭ-ийн хүчийг сулруулах бодлого зориуд явуулж байгаа тул Үйлдвэрчний хорооны зүгээс энэ байдлыг ажиллагсдад тайлбарлах, тэдний санаа бодлыг сонсох, тандах зарим үйлдэл хийсэн нь хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Үйлдвэрчний эвлэлийн хороо компанийн зохион байгуулалтыг дагаж зөвхөн нэршлээ өөрчилсөн, манай гишүүд нэхэмжлэгч компани ажиллаж байгаа, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны Хамтын гэрээнд нэхэмжлэгч ******* ХХК нь ажил олгогчийн талд оролцож байсан, Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварыг 2018 оны 05 дугаар сар хүртэл суутган өгч байсан зэргээс дүгнэлт хийхэд нэхэмжлэгч нь манай Үйлдвэрчний эвлэлийн хороотой Хамтын гэрээ байгуулах субъект мөн болно. Харин нэхэмжлэгч нь Үйлдвэрчний эвлэлийг үгүйсгэн, гишүүн биш ажиллагсдыг үйлдвэрчний эвлэлийн эсрэг ашиглахаар зориуд зохион байгуулж Үйлдвэрчний эвлэлийн хороог ганцхан толгой компани буюу Натурал текстайл групп ХХК-тай гэрээ байгуулах эрхтэй гэж үгүйсгэсэн маргалдаж яваа нь Монгол улсын олон улсын гэрээ болох Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 87, 98, 135 дугаар конвенцуудыг илт зөрчиж байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/00108 дугаар шийдвэрээр:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1,Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.2,Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Натурал текстайл групп ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоож, хууль бус ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Натурал текстайл групп ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн давж заалдсан гомдолдоо:

Шүүх маргааныг шийдвэрлэх, нэхэмжлэгч ажил олгогч галын эрх ашгийг хамгаалахдаа, тэнд ажиллагсдын Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрх, түүнийгээ эдлэх баталгааг дордуулан хуулийг тайлбарлаж, энэ талаарх Монгол Улсын Олон улсын гэрээний заалтыг эс хэрэгссэнээс үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадсангүй. Үүнд:

Ажил олгогч хуулийн этгээд болон ҮЭ-ийн эрх зүйн байдал хэрхэн өөрчлөгдсөн, хүлээн зөвшөөрсөн тухайд "Эрдэнэт хивс" гэж нэг хуулийн этгээд болох ХХК ажиллаж байгаад компанийн болон Иргэний хуульд заасан журмаар толгой болон охин 5 компани болон өөрчлөн байгуулагдсан болох нь "Эрдэнэт хивс" ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлын 2015 оны 05 сарын 29-ний №3 тоот тогтоолоор тодорхой байна. Нэгэнт компани өөрчлөн байгуулагдсан тул "Эрдэнэт хивс" ХХК-ийн Үйлдвэрчний хороо хэвээр байх нь цаашид нэршлийн хувьд дан ганц "Эрдэнэт хивс" гэх охин компанид хамаарах шинжтэй болох тул Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид 2015 оны 08 сарын 26-нд 29 дугаар тогтоол гаргаж компанийн бүтэц өөрчлөгдсөн тул "Эрдэнэт хивс" ХХК- ийн ҮЭ-ийн хороог "Натурал текстайл групп" ҮЭ-ийн хороо болгон толгой компанийн нэршлээр өөрчлөн гэрчилгээ, тамга солиулахаар шийдвэрлэж хэрэгжүүлсэн байна. Энэхүү өөрчлөлтийг ажил олгогчид болон ажилтны төлөөллийн байгууллага ҮЭ- ийн хороо аль аль нь хүлээн зөвшөөрч эрх зүйн зөрчилгүй гэж үзэн 2016 оны 04 сарын 25- нд "Натурал текстайл групп" ХХК-ийн ажил олгогчийг төлөөлж толгой кампанийн захирал болон охин компанийн захирлууд, нийт ажилтныг төлөөлж ҮЭ-ийн хорооны дарга болон охин компанийн төлөөлөл ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч гишүүд гарын үсэг зурж хамтын гэрээ байгуулж 2 жил мөрдөж ажиллажээ. Дээрх өөрчлөлтөөр "Эрдэнэт хивс" ХХК"ийн ҮЭ-ийн хороонд бүртгэлтэй ҮЭ-ий- гишүүд толгой болон охин компанийн ажиллагсад болон тархсан бөгөөд ҮЭ-ий- гишүүнчлэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Энэ нь "*******" ХХК 2018 оны 5 дугаар сар хүртэл 200 гаруй /223-242/ гишүүний ҮЭ-ийн татварыг Хамтын гэрээнд тохирсноор суутган ҮЭ-ийн хорооны дансанд шилжүүлж байснаар батлагдаж байна. Натурал текстайл групп" ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо: *******" ХХК-тай хамтын гэрээ байгуулах субъект болох эсэх эрх зүйн байдлын талаар ажил олгогчтой маргаж шүүхэд шаардлага болгон тавьж байгаа асуудал энэ тул шүүх энд зөв дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх ёстой. Ажил олгогчийн маргаж, шүүхэд тавьж байгаа асуудал нь ҮЭ-ийн хорооны нэршил буюу "Натураль текстайл групп" ХХК-ийн ажиллагсдын ҮЭ-ийн хороо нь ганцхан тэр компанидаа л хамааралтай гэх асуудал. Гэтэл 2015 оны 1 дүгээр сарын 29-ний Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15-17-д зааснаар ийм Үйлдвэрчний хороо байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн ямар ч зүйл байхгүй. Харин "Эрдэнэт хивс" ХХК-ийн ҮЭ-ийн хороо нь "Эрдэнэт хивс" ХХК өөрчлөн байгуулагдсантай холбоотойгоор толгой компанийн нэрээр нэрээ өөрчилсөн болох нь дээр дурдсан ҮЭ-ийн хорооны Тэргүүлэгчдийн 29 тоот тогтоол, улсын бүртгэлийн гэрчилгээ тамгаар батлагдана. Хэрэгт авагдсан ҮЭ-ийн хорооны бүх гишүүдийн төлөөллийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны тайлан сонгуулийн хурлын бүх материалаар гишүүд нь охин ба толгой компанид тархан байрласан нэг ҮЭ-ийн хороо ажиллаж байгаа болох нь толгой болон охин компанид ажиллаж байгаа ҮЭ-ийн гишүүд төлөөллөө сонгон төлөөлөгчдийн хурал хийх эрхээ хэрэгжүүлсэн болох нь тодорхой харагдана. Гишүүд нь бүх охин компаниудад тархан байрлаж ажиллаж байгаа ҮЭ-ийн хороо нь өмнө мөрдөж байсан нэг хамтын гэрээний хугацаа дууссаны дараа шинэ хамтын гэрээ байгуулах санал тавьснаас талуудын хооронд хамтын маргаан үүсч хөдөлмөрийн тухай хуульд заасан процесс явагдаж Хөдөлмөрийн тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд заасан эрх Ажилтны төлөөлөлд үүссэн байгаа.

"*******" ХХК-ийн Үйлдвэрчний эвлэл, түүнд нэгдсэн гишүүдийн эсрэг, тэднийг үгүйсгэсэн хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар.

Монгол улсад улсын бүртгэлд бүртгэлтэй 1220 ҮЭ-ийн байгууллага /Үндэсний статистикийн хорооны тайлан. 2017 оны 3-р улирал/ үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрийн 14 нь салбарын, 22 нь нутаг дэвсгэрийн ҮЭ-ийн холбоод бөгөөд бусад нь анхан шатны ҮЭ-ийн хороо юм. МҮЭ-ийн холбооны дүрмийг хүлээн зөвшөөрсөн дээрх холбоод МҮЭ-ийн холбооны гишүүн бөгөөд өөр өөрсдийн дүрэмтэй. Монгол Улсын үндсэн хуулийн Аравдугаар зүйл, Олон улсын гэрээний тухай Монгол Улсын хуулиар зохицуулсан дараах зохицуулалтыг шүүх анзаарах, хэрэглэх ёстой байсан гэж үзнэ. Үүнд:

НҮБ-аас 1948 онд баталсан Монгол улс 1969 онд элсэн орсон Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын /ОУХБ/-ын 87 дугаар Конвенцын 2 дугаар зүйл, мөн НҮБ-аас 1948 онд баталсан Монгол улс 1969 онд элсэн орсон ОУХБ-ын 98 дугаар Конвенцын 1 дүгээр зүйлийн 1, 4 дүгээр зүйлд заасан ажилчид байгууллага байгуулах, эвлэлдэн нэгдэх эрхийн баталгааг ажил олгогч зөрчиж байгааг, НҮБ-аас 1971 онд баталсан Монгол улс 1995 онд элсэн орсон ОУХБын үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчдийн эрхийг хамгаалах болон тэдэнд олгогдох бололцооны тухай" 135 дугаар Конвенцын 5 дугаар зүйлд "Тухайн үйлдвэрийн газрыг Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид болон хамт олны дундаас сонгогдсон төлөөлөгчдийн аль аль нь байгаа тохиолдолд сонгогдсон төлөөлөгчдийг холбогдох Үйлдвэрчний эв: түүний төлөөлөгчийн байр суурийг сулруулах зорилгоор ашиглахгүй байх, түүнчлэн холбогдох бүхий л асуудлаар сонгогдсон төлөөлөгчид болон үйлдвэрчний эвлэл, түүний төлөөлөгчдийн хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжинэ гэж заасныг шүүх хэрэглэн маргааныг шийдвэрлэх ёстой.

Дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл ажил олгогч Үндсэн хуульд заасан эрх зүйн байдлыг дордуулан Хамтын гэрээ байгуулах замаар эрх ашгаа эвлэлдэн нэгдэж хамгаалах эрхийг үгүйсгэх замаар хүний үндсэн эрхэд халдсан байх тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний 108 тоот шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Натурал текстайл групп ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоож, хууль бус ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ...Манай үйлдвэрчний эвлэлийн хороо компанийн зохион байгуулалтыг дагаж зөвхөн нэршлээ өөрчилсөн, манай гишүүд нэхэмжлэгч компани ажиллаж байгаа, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хамтын гэрээнд нэхэмжлэгч ******* ХХК нь ажил олгогчийн талд оролцож байсан, Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварыг 2018 оны 05 дугаар сар хүртэл суутган өгч байсан зэргээс дүгнэлт хийхэд нэхэмжлэгч нь Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулах субъект мөн, манай байгууллага хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй гэж маргаж байгаа нь Монгол улсын олон улсын гэрээ болох олон Улсын хөдөлмөрийн байгууллагын 87, 98, 135 дугаар суурь конвенцуудыг илт зөрчиж байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Натурал текстайл групп ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоож, хууль бус ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Натурал Текстайл групп ХХК, түүний томилсон төлөөлөгчид болон Үйлдвэрчний эвлэлийн хороо, нэхэмжлэгч ******* ХХК-ний ажилчдын төлөөлөгч нар 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг баталгаажуулж, үйлдвэрлэлийг тогтвортой явуулж ашигтай ажиллан, ажилтны нийгмийн баталгааг хангах асуудлыг зохицуулахаар Хамтын гэрээ байгуулсан ба уг гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болсон байна.

Хариуцагч Натурал текстайл групп ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Цэцгээ нь талуудын хооронд байгуулсан хамтын гэрээний хугацаа дууссаны дараа нэхэмжлэгч компанид удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн байх боловч тус компаний удирдлага буюу ажил олгогчийн зүгээс хариуцагч Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй, өөрийн ажилчдын төлөөлөлтэй хамтын гэрээ байгуулах үндэслэлтэй гэсэн хариу хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч компани болон хариуцагч Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд хамтын гэрээ байгуулах эсэх талаар гаргасан маргааныг тус аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 15 ны өдрийн №А/242 захирамжаар томилогдсон Хөдөлмөрийн Арбитрчид, Хөдөлмөрийн хамтын маргааныг зохицуулах зуучлагчид хэлэлцэж шийдвэрлэсэн боловч талууд зөвшилцөж чадаагүй тул нэхэмжлэгч компани Хамтын гэрээний 10 дугаар зүйлийн 10.5-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д ...Хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог гэж, 3.1.6-д ...ажил олгогчийн төлөөлөгчид гэж аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, ажил олгогчоос эрх олгосон этгээд буюу дүрэмдээ ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн байгууллагыг гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК-ийн ажилчид хариуцагч Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээ дахин байгуулах, ажил олгогчийн гаргасан дээрх саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болох нь тодорхойгүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн Натурал текстайл групп ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан хамтын гэрээ байгуулснаас хойш буюу 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч компаний үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн, Натурал текстайл групп ХХК-ийн ерөнхий захирлын №15/02 тоот тушаалыг үндэслэн Эрдэнэт Хивс ХХК-ний ҮЭ-ийн хороог Натурал текстайл групп ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо болгон өөрчилсөн ба уг Эрдэнэт хивс ХХК-ийн ҮЭ-ийн хорооны гишүүдэд нэхэмжлэгч ******* ХХК-ийн ажилчид хамаарагдаж байгаа эсэх нь тодорхой бус байна.

Нэхэмжлэгч компани болон хариуцагч Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд гарсан хамтын гэрээ байгуулах талаарх маргааныг тус аймгийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 15 ны өдрийн №А/242 захирамжаар томилогдсон Хөдөлмөрийн Арбитрчид, Хөдөлмөрийн хамтын маргааныг зохицуулах зуучлагчид хэлэлцэж шийдвэрлэсэн боловч талууд зөвшилцөж чадаагүй байх ба нэхэмжлэгч ******* ХХК-ний удирдлага болон ажилчид өөрсдөө сайн дурын үндсэн дээр нэгдсэн Үйлдвэрчний эвлэлийн хороотой эсхүл үйлдвэрчний эвлэлийн орон тооны бус хороотой байх асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Хариуцагч Үйлдвэрчний хорооны дарга Б.Цэцгээ нь хамтын гэрээ байгуулахыг шаардах, хамтын гэрээ байгуулаагүй тохиолдолд ажил хаялт зохион байгуулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр зарлах зэрэг арга хэмжээ авах талаар мэдэгдэж байгаа нь буруу юм.

Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн өмгөөлөгч Ц.Нямцэрэнгийн гаргасан ...Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 108 тоот шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/00108 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Нямцэрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ