Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 44

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2019/00044

 

*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч

Жавхланхаргуй ХХК-д холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00145 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Жавхланхаргуй ХХК-д холбогдох,

Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг 7.500.000 төгрөг, алданги 607.500 төгрөг төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Жавхланхаргуй ХХК-ийн захирал Б.Баасандоржийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасандорж, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Машин механизм түрээслэх гэрээний үүрэг 8.107.500 төгрөг /найман сая нэг зуун долоон мянга таван зуун/-ийг гаргуулах тухай. Миний бие нь 2018 оны 09 сарын 24-ний өдөр Жавхланхаргуй ХХК-ийг төлөөлж ерөнхий нягтлан бодогч С.Нямдоржтой НYUNDAI брэндийн эксваторийг түрээслэх, түрээслүүлэх гэрээ хийж, миний эзэмшлийн экскаваторыг түрээслэгч болох Жавхланхаргуй ХХК нь 2018 оны 09 сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 сарын 24-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаатай 15.000.000 (Арван таван сая) төгрөг төлөхөөр Өмнөговь аймгийн Гашуун сухайт чиглэлийн авто замын хөвөөний эвдрэлийн ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Улмаар гэрээний 2.5-д зааснаар гэрээний төлбөрийн урьдчилгаа 7.500.000 төгрөгийг түрээслүүлэгч тал болох миний бие түрээслэгч талаас хүлээн авсан. Ингээд миний зүгээс гэрээгээр хүлээсэн ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгэн ажиллаад гэрээний хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дараа буюу гэрээний 2.6-д зааснаар 2018 оны 11 сарын 07-ны өдрөөс хойш үлдэгдэл төлбөрөө өгөхийг шаардсан боловч С Нямдорж нь үлдэгдэл төлбөрөө өгнө гэж утсаар хэлдэг боловч өгөхгүй байсаар өдий хүрлээ. Би энэ хугацаанд өөр иргэн хуулийн этгээдтэй гэрээгээр ажилласан бол төдий чинээний орлого ашиг олох байсан, гэтэл гэрээний үүргээ зөрчиж төлбөр мөнгөө төлөхгүй байгаа тул хариуцагч Жавхланхаргуй ХХК-иас гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 7.500.000 төгрөгийг гэрээний 5.1-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутам 0.3 хувиар алданги тооцож, 2018 оны 11 сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 сарын 03-ны өдрийг хүртэл 27 хоногийн алданги 607.500 төгрөг, нийт 8.107.500 (найман сая нэг зуун долоон мянга таван зуун) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Жавхланхаргуй ХХК-ийн захирал Б.Баасандорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус компани Өмнөговь аймгийн Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын хөвөөний эвдрэл, 161+800 км дээр бетон замын засварын ажилд иргэн *******тай НYUNDAI брэндийн экскаватор түрээслэх, түрээслүүлэх №24 тоот гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 1 сарын 15.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх нөхцөлтэйгөөр байгуулсан. Түрээсийн төлбөрийн урьдчилгаа 7.500.000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр түрээслүүлэгч *******ын дансанд шилжүүлсэн. Дээрх зам засварын ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 27-ноос 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дуусч хүлээлгэн өгсөн боловч уг ажлын санхүүжилт 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр орсон болно. 2018 оны 12 дугаар сарын 27-нд Жавхлан Харгуй" ХХК-ийн захирал Б.Баасандорж иргэн *******тай утсаар холбогдон түрээсийн үлдэгдэл төлбөрийг ярилцан тохиролцож 4.500.000 төгрөгийн төлбөр төлснөөр тооцоо дуусахаар болсон. Уг төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 27-нд иргэн *******ын дансанд шилжүүлж, түрээсийн тооцоо дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00145 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Жавхланхаргуй ХХК-с нийт 3.607.500 төгрөг гаргуулан *******т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.670 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Жавхланхаргуй ХХК-аас 144.670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Жавхланхаргуй ХХК-ийн захирал Б.Баасандорж давж заалдсан гомдолдоо:

Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийн мөнгө болох эд хөрөнгө хөлсөлсний төлбөр 3.000.000 төгрөг, 27 хоногийн алданги 607.500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор 142/ШШ2019/00145 дугаартай шийдвэр гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Учир нь манай компанийн гэрээт ажил 2018 оны 10 дугаар сарын 18 ны өдөр дуусч техник тоног төхөөрөмжүүдийг талбайгаас буцааж *******ын экскаваторыг операторын хамт үлдэж 2018 оны 10 дугаар сарын 25 нд Улаанбаатар хот руу ачуулсан. Энэ хугацаанд талбайд ажилд гараагүй тул түрээслэгч, түрээслүүлэгч талын хооронд байгуулсан гэрээний учир дутагдалтай байдлыг харгалзан үзэж сул зогсолтын төлбөрийг багасгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Жавхлан харгуй ХХК-д холбогдуулан эд хөрөнгө хөлсөлсний төлбөр 7.500.000 төгрөг, алданги 607.500 төгрөг нийт 8.107.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас нийт 3.607.500 төгрөг гаргуулан *******т олгож шийдвэрлэжээ.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан машин механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж үзсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Жавхлан харгуй ХХК-д экскаватораа 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаатай түрээслэх, сарын төлбөр нь 15.000.000 төгрөг байх, мөн гэрээгээ зөрчвөл 0.3 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож 2018 оны 09 дүгээр сарын 24 ний өдөр гэрээ байгуулж, хариуцагч тал урьдчилгаа төлбөр 7.500.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 27 ны өдөр экскаваторын түрээсийн төлбөр гэж 4.500.000 төгрөгийг тус тус төлжээ.

Хариуцагч ******* ХХК-ийн захирал Б.Баасандорж нь ...түрээслэгч, түрээслүүлэгч талын хооронд байгуулсан гэрээний учир дутагдалтай байдлыг харгалзан үзэж сул зогсолтын төлбөрийг багасгаж өгнө үү ... гэсэн давж заалдсан гомдол гаргасан боловч талууд сул зогсолтын талаар гэрээндээ тусгаагүй, хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажил дууссан гэдэг боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байгаа нь тэрээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас хангаагүй үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож тогтоох хэсэгт бичээгүй нь буруу байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д зааснаар давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн төлбөр төлсөн байдлыг харгалзан үзэж 607.500 төгрөгийн алдангийг багасгах үндэслэлтэй болно.

Хариуцагч ******* ХХК-ийн захирал Б.Баасандоржийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00145 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ... Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Жавхланхаргуй ХХК-с нийт 3.607.500 төгрөг гаргуулан *******т олгосугай... гэснийг ... Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 232 дугаар зүйлийн 232.6., 232.8.-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас эд хөрөнгө хөлсөлсний төлбөр 3.000.000 төгрөг, алданги 303.750 нийт 3.303.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.803.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Жавхланхаргуй ХХК-ийн захирал Б.Баасандоржийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 75.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР