Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2019/00045

 

 

Эрдэнэт Хивс ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч Натурал Текстайл Групп ХХК-ийн

үйлдвэрчний эвлэлийн хороонд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдсан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00130 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Эрдэнэт Хивс ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Натурал Текстайл Групп ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороонд холбогдох,

Натурал Текстайл Групп ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцгээ, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Эрдэнэт Хивс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь ноосон хивс, хивсэнцэр үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. 2018 оны 11 дүгээр сарын эхээр Натурал Текстайл Групп ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б Цэцгээ гэх хүн Эрдэнэт Хивс ХХК-ийн ажиллагсдыг хууль бус ажил хаялтанд уриалж, ажил хаялтын талаар ажилтнуудтай ажлын байранд, хувцас солих өрөөнд хурал цуглаан хийж байна. Энэхүү үйл ажиллагаагаа зохион байгуулахдаа ажлын цагаар ажиллагсдыг олон тоогоор нь цуглуулан өөрийгөө манай компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хэмээн итгүүлэх замаар манай компанийн ажиллагсдыг хууль бус ажил хаялтанд уриалж байна. Мөн ажиллагсдыг хууран мэхэлж ажил хаях тухай зөвшөөрлийн бичиг хийлгэж аван гарын үсэг цуглуулж байгаа нь өөр компанийн үйлдвэрчний эвлэлийн даргын эрх хэмжээнээс хальсан зүйл юм. Б.Цэцгээгийн зохион байгуулж байгаа уулзалтууд нь ажиллагсдын сэтгэл санааг үймүүлснээр ажлын бүтээмж, идэвх санаачилгыг нь бууруулж байгаа төдийгүй хөдөлмөрийн аюулгүй байдлыг алдагдуулах эрсдэлийг бий болгож, компанид болон ажилтнуудад хохирол учруулж байна. Хариуцагчийн явуулж байгаа ажиллагаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан ажил олгогч, 3.1.2-т ажилтан, 3.1.4-т заасан хамтын гэрээ, 3.1.6-д заасан ажил олгогчийн төлөөлөгчид, 3.1.7-д заасан ажил олгогчийн төлөөлөгчид гэх ойлголтонд эрх зүйн харилцаанд оролцогчид биш бөгөөд манай компани болон "Натурал Текстайл Групп " ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ямар нэг баримт бичиг, хэлцэл, хэлэлцээр байхгүй байтал ийнхүү удаа ажил хаялт зохион байгуулах, хэвлэлийн хурал хийж компанийн нэр хүндэд халдах зэрэг сүрдүүлэх утга бүхий албан бичгийг/2018 оны 11 сарын 12-ны өдөр № 90 дугаартай, 11 сарын 19-ний өдөр №93 дугаартай/ ирүүлсэн, Хоёрдугаарт, "Натурал Текстайл Групп ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний Эвлэлийн Хороо болон манай компанийн хооронд ямар нэг гэрээ хэлцэл байхгүй бөгөөд манай компанитай Хөдөлмөрийн тухай хуулийн 115-118 дугаар зүйлд заасан хамтын маргааныг эхлүүлээгүй, зуучлагч урьж оролцоогүй, арбитраар хэлэлцээгүй, шүүхээр уг асуудлыг хянуулаагүй байж мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.4-д зааснаар ажил хаялт зохион байгуулахаар ажилтны ажлыг гүйцэтгүүлэхгүй байх, хууль бус ажил хаялтанд уриалах зэргээр хууль зөрчсөн ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй, Гуравдугаарт, өөр компанийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо гэх Улсын бүртгэлийн гэрчилгээтэй атлаа шүүхэд хандаж манай компанитай хамтын гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлүүлэх боломжтой байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй манай компанийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож ажиллагсдын сэтгэл санааг үймүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг алдагдуулах, бүтээл буурах ,үйлдвэрлэлийн осол гарах нөхцөл байдлыг бүрдүүлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-д тус тус заасны дагуу манай компани нь Натурал Текстайл Групп ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Натурал Текстайл Групп ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

.Одоогийн ******* ХХК Натурал текстайл групп ХХК-иуд нь *******' гэсэн ХК буюу хувьцаат компани байгаад улмаар ******* ХХК болсны дараа ******* ХХК-ийг өөрчлөх, тусгаарлах замаар үүсгэн байгуулагдсан толгой болон охин компанийн статустайгаар дүрмэндээ зааж улсын бүртгэлд бүртгүүлсэн компаниуд юм. Шүүх нэхэмжлэгч болон түүний толгой компани Натурал текстайл групп-ын дүрэм, гэрчилгээ, компаний зохион байгуулалтыг өөрчилсөн толгой компанийн ерөнхий захирлын 2015 оны 06 дугаар сарын 30-ны 15/02 тоот тушаалын хуулбар улсын бүртгэлээс ирсний дараа /Манайх шүүхэд хүсэлт гаргасан/ энэ байдалд тодорхой болно гэж ойлгож байна. Энэ маргаанд Үйлдвэрчний эвлэл болон ажил олгогч хуулийн этгээдийн эрх зүйн байдал маргааны үндэслэл болж байгаа тул дээрх баримтууд гол хариулт болж өгнө. Нэг корпус барилга дотор үйл ажиллагаагаа явуулдаг нэг чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг компани нь үйл ажиллагааныхаа чиглэлээр зохион байгуулалтаа өөрчилсөнтэй холбогдуулан үйл ажиллагааны зохицол, нийлэмжийг харгалзан ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2015 оны 08 дугаар сарын 26-нд Тэргүүлэгчдийн хурлаа хийж нэршлээ өөрчлөн Натурал текстайл групп ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо болж улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээгээ шинээр авсан. Ингэснээр Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, гишүүнчлэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, хуучин ******* ХХК-ийн үндсэн ба туслах цехүүдэд ажиллаж байсан гишүүд шинээр байгуулагдсан компаниуддаа харьяалагдан гишүүнчлэл хэвээрээ байгаа. Үүний дараа Хөдөлмөрийн тухай хуулийн хоёрдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу дээр дурдсан толгой ба охин таван компанийн удирдлага ажил олгогчийг төлөөлж, манай Үйлдвэрчний эвлэлийн хороо ажилтныг төлөөлж хамтын гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 25-нд байгуулсан. Энэ гэрээний хугацаа дуусаж дараагийн хамтын гэрээг байгуулах санал яригдах үеэс саналын зөрүү гарч улмаар манай Үйлдвэрчний эвлэлийн хороог ганцхан толгой компани буюу Натурал текстайл групп ХХК-тай Хамтын гэрээ байгуулах эрхтэй гэж үгүйсгэсэн байдлыг хуульч М.Ганзоригийн ятгалга дор хамтын гэрээний оролцогч бусад компани тавих болсон. Энэ талаар удаа дараа тайлбарласан бичиг өгч, ерөнхий захирал Ш.Энхбаярт хандсан боловч амжилт олоогүй, ажил олгогч компаниуд ойлгохыг хүсээгүй. Ийм нөхцөл үүссэн учраас ажилтныг төлөөлөх Үйлдвэрчний эвлэлийн зүгээс хамтын маргаан үүсгэсэн. Хамтын маргааны асуудлаар шаардлага, мэдэгдэл хүргүүлж үр дүнд хүрээгүй учир хуульд заасан журмаар Баян-өндөр сумын Засаг даргын захирамжаар Хөдөлмөрийн хамтын маргааны зуучлагч томилуулан ажилласан. Зуучлагч нэг Хамтын гэрээ байгуулах үндэслэлтэй гэсэн тэмдэглэл гаргасан боловч ажил олгогч хүлээн аваагүй. Ийм учраас дахин Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар Хөдөлмөрийн арбитр томилуулсан. Арбитраас мөн л нэг Хамтын гэрээ байгуулах үндэслэлтэй гэсэн зөвлөмж гарсан боловч түүнийг ажил олгогч хүлээн аваагүй тул ажил хаялт зохион байгуулах эрх Үйлдвэрчний эвлэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлд зааснаар үүссэн. Үйлдвэрчний эвлэлийн хороо энэ тухай ажил олгогчид мэдэгдсэн бөгөөд ажил хаялтыг шууд зохион байгуулах хүч бололцоо Үйлдвэрчний эвлэлд дутагдалтай, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварын суутгал шилжүүлэлтийг 2018 оны 05 сараас ажил олгогч зогсоож ҮЭ-ийн хүчийг сулруулах бодлого зориуд явуулж байгаа тул Үйлдвэрчний хорооны зүгээс энэ байдлыг ажиллагсдад тайлбарлах, тэдний санаа бодлыг сонсох, тандах зарим үйлдэл хийсэн нь хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Үйлдвэрчний эвлэлийн хороо компанийн зохион байгуулалтыг дагаж зөвхөн нэршлээ өөрчилсөн, манай гишүүд нэхэмжлэгч компани ажиллаж байгаа, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны Хамтын гэрээнд нэхэмжлэгч Эрдэнэт текс ХХК нь ажил олгогчийн талд оролцож байсан, Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварыг 2018 оны 05 дугаар сар хүртэл суутган өгч байсан зэргээс дүгнэлт хийхэд нэхэмжлэгч нь манай Үйлдвэрчний эвлэлийн хороотой Хамтын гэрээ байгуулах субъект мөн болно. Харин нэхэмжлэгч нь Үйлдвэрчний эвлэлийг үгүйсгэн, гишүүн биш ажиллагсдыг үйлдвэрчний эвлэлийн эсрэг ашиглахаар зориуд зохион байгуулж Үйлдвэрчний эвлэлийн хороог ганцхан толгой компани буюу Натурал текстайл групп ХХК-тай гэрээ байгуулах эрхтэй гэж үгүйсгэсэн маргалдаж яваа нь Монгол улсын олон улсын гэрээ болох Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 87, 98, 135 дугаар коснвенцуудыг илт зөрчиж байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00130 дугаар шийдвэрээр:

.Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Натурал текстайл групп ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Натурал текстайл групп ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн давж заалдсан гомдолдоо:

Шүүх маргааныг шийдвэрлэх, нэхэмжлэгч - ажил олгогч талын эрх ашгийг хамгаалахдаа, тэнд ажиллагсдын Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрх, түүнийгээ эх баталгааг дордуулан хуулийг тайлбарлаж, энэ талаарх Монгол Улсын Олон улсын гэрээний заалтыг эс хэрэгссэнээс үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадсангүй. Үүнд:

Ажил олгогч хуулийн этгээд болон ҮЭ-ийн эрх зүйн байдал хэрхэн өөрчлөгдсөн, хүлээн зөвшөөрсөн тухайд "*******" гэж нэг хуулийн этгээд болох XXК ажиллаж байгаад Компанийн болон Иргэний хуульд заасан журмаар толгой болон охин 5 компани болон өөрчлөн байгуулагдсан уламжлалт "*******" нэрээ нэг охин компанид үлдээсэн болох нь Эрдэнэт хивс" ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлын 2015 оны 05 сарын 29-ний №3 тоот тогтоолоор тодорхой байна. Нэгэнт компани өөрчлөн байгуулагдсан тул "*******" ХХК-ийн Үйлдвэрчний оо хэвээр байх нь цаашид нэршлийн хувьд дан ганц "*******" гэх охин компанид хамаарах шинжтэй болох тул Үйлдвэрчний эвлэлийн хорооны Тэргүүлэгчид 2015 оны 08 ын 26-нд 29 тоот тогтоол гаргаж компанийн бүтэц өөрчлөгдсөн тул "*******" ХХК-ийн ҮЭ-ийн хороог "Натурая текстайл групп" ҮЭ-ийн хороо болгон толгой компанийн нэршлээр өөрчлөн гэрчилгээ, тамга солиулахаар шийдвэрлэж хэрэгжүүлсэн байна. Дээрх өөрчлөлтөөр "*******" ХХК"ийн ҮЭ-ийн хороонд бүртгэлтэй ҮЭ-ийн гишүүд толгой болон охин компанийн ажиллагсад болон тархсан бөгөөд ҮЭ-ийн гишүүнчлэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Энэ нь "*******" ХХК 2018 оны 5 дугаар сар хүртэл 200 орчим /186-220/ гишүүний ҮЭ-ийн татварыг хамтын гэрээнд тохирсноор суутган ҮЭ-ийн хорооны дансанд шилжүүлж байснаар батлагдаж байна. "Натурал текстайл групп" ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо, *******" ХХК-тай Хамтын гэрээ байгуулах субъект болох эсэх эрх зүйн байдлын талаар. Ажил олгогчийн маргаж шүүхэд шаардлага болгон тавьж байгаа асуудал нь энэ тул шүүх зөв дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх ёстой. Хэрэгт авагдсан ҮЭ-ийн хорооны бүх гишүүдийн төлөөллийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны тайлан сонгуулийн хурлын бүх материалаар гишүүд нь охин ба толгой компанид тархан байрласан нэг ҮЭ-ийн хороо ажиллаж байгаа болох нь толгой болон охин компанид ажиллаж байгаа ҮЭ-ийн гишүүд төлөөллөө сонгон төлөөлөгчдийн хурал хийж эрхээ хэрэгжүүлсэн болох нь тодорхой харагдана. Гишүүд нь бүх охин компаниудад тархан байрлаж ажиллаж байгаа ҮЭ-ийн хороо нь өмнө мөрдөж байсан нэг Хамтын гэрээний хугацаа дууссаны дараа шинэ Хамтын нэг гэрээ байгуулах санал тавьснаас талуудын хооронд хамтын маргаан үүсч Хөдөлмөрийн тухай хуульд заасан процесс явагдаж Хөдөлмөрийн тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд заасан эрх ажилтны төлөөлөлд үүссэн байгаа. Ажил олгогч талтай нэг хамтын гэрээ байгуулахаар ҮЭ-г зориод байгаа гол үндэслэл нь толгой компани "Нартурал текстайл групп" ХХК-ийн хувьцааны 76 хувийг Шагдарсүрэнгийн Энхбаяр, 23 хувийг Шагдарсүрэнгийн Баярсайхан гэх нэг ашиг сонирхолтой хүмүүс эзэмшдэг, "*******" ХХК-ийн энгийн хувьцааг 100 хувь "Натурал текстайл групп" ХХК эзэмшдэг учраас охин компаниудын удирдлага, өмчлөл, санхүү эдийн засгийн бүхий л гол шийдвэрийг гаргах эрх толгой компани, түүний хувьцаа эзэмшигчдэд байгаа тул нэг хамтын гэрээ ажилтны эрх ашгийг илүү хамгаалах үндэслэлтэй холбоотой юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл ажил олгогч "*******" ХХК бие даасан хуулийн этгээд гэдэг үүднээс маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хууль эрх зүйн зохицуулалтыг бүрэн судлан үзэж зөв хэрэглээгүй, ажиллагсдын эвлэлдэн нэгдэх эрхийг хууль бусаар үгүйсгэж, Үндсэн хуульд заасан эрх зүйн байдлыг дордуулан Хамтын гэрээ байгуулах замаар эрх ашгаа эвлэлдэн нэгдэж хамгаалах эрхийг үгүйсгэх замаар хүний үндсэн эрхэд халдсан байна. Шүүгч Б.Бямбасүрэн зөвхөн нэхэмжлэгчийн нэр, гарын үсэг өөр, нэхэмжлэлийн агуулга, хариуцагч нэг "Эрдэнэт текс" ХХК, "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй хоёр хэргийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68.3-т зааснаар нэгтгэн шийдвэрлэх нь зохимжтой байхад татгалзаж хэргийн оролцогчдод илүү түвэгшил бий болгосон, шүүгчийг өөрийг нь татгалзсан татгалзлыг шийдвэрлэхдээ шүүгчдийн зөвлөгөөнийг өөрөө даргалж татгалзлыг хүлээн аваагүй нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 ба 92.8 дахь заалтыг зөрчсөн тул энэ нь шүүхийн шийдвэр хүчингүй болох иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4- т заасан үндэслэлийг бий болгоно.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний 130 тоот шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу. Шүүгчийн хариуцлага, ёс зүйн асуудлаар зохих байгууллагад хандах нь тусдаа асуудал болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч "*******" ХХК нь хариуцагч Натурал текстайл групп ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан байна.

******* ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолоор Натурал текстайл групп ХХК гэсэн оноосон нэртэй толгой ХХК болж ******* ХХК, Эрдэнэт текс ХХК, Эрдэнэт кашмер ХХК, Орхон инженеринг ХХК охин компаниуд болгон үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажил олгогчийг төлөөлж Натурал текстайл групп ХХК-ийн ерөнхий захирлын томилсон төлөөлөгч, нийт ажиллагсдыг төлөөлөн Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүд нь хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг баталгаажуулж, үйлдвэрлэлийг тогтвортой явуулан ашигтай ажиллах нийгмийн баталгааг хангах асуудлыг зохицуулах зорилготойгоор Натурал текстайл групп ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд хамтын гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан байх ба 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хамтын гэрээний хугацаа дуусгавар болгосон байна.

Хамтын гэрээний хугацаа дуусгавар болсноор Натурал текстайл групп ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Цэцгээ толгой компанийн болон охин компани болох ******* ХХК, бусад охин компаниудын захирлуудад хамтын гэрээ байгуулах талаар удаа дараа хандан албан бичиг, шаардлага хүргүүлж байсан боловч хүлээн аваагүй байна. Хариуцагч үйлдвэрчний эвлэлийн хороо нь хамтын маргаан үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн арбитрыг томилуулан зохих зөвлөмжийг авч нэхэмжлэгч ******* ХХК-д Натурал текстайл групп ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой компаний ажиллагсдын хөдөлмөр эрхлэлт, түүнтэй холбогдсон ашиг сонирхлыг зохицуулах үүрэг бүхий хамтын гэрээ байгуулах хэлцлийг тодорхой хугацааны дотор байгуулахыг шаардаж байсан байна.

Натурал текстайл групп ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь ******* ХХК-ийн удирдлагад хамтын гэрээ байгуулах санал хүргүүлсэн боловч Натурал текстайл групп ХХК-ийн ерөнхий захирал Ш.Энхбаяр нь толгой компаний Үйлдвэрчний эвлэлийн хороо нь охин компаниуудыг төлөөлөх эрхгүй, охин компаниуд тус тусын Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулан, хамтын гэрээ байгуулах шаардлага тавьж, охин компаниуд өөр өөр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн хариу албан бичгийг явуулж байсан байна. Натурал текстайл групп ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь хамтын гэрээ байгуулах талаар маргаан гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах зуучлал, хөдөлмөрийн арбитрт хандахад Натурал текстайл групп ХХК түүний охин компаниудыг хамруулан 1 хамтын гэрээ байгуулах нь хуулийн этгээд болох компаниудын бие даасан үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулах эрхийг зөрчихгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3. дахь заалтаар зохицуулсан тул хамтын гэрээ байгуулах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг хүргүүлж байжээ.

Натурал текстайл групп ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь улсын бүртгэлд Натурал текстайл групп ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо гэж бүртгэгдсэн, ******* ХХК-ийн дэргэд Үйлдвэрчний эвлэлийн хороо бүртгэгдээгүй болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаагаар тогтоогджээ.

Натурал текстайл групп ХХК болон ******* ХХК нь тус тусын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бие даасан хуулийн этгээд байх тул өөр компанийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороог төлөөлөх эрхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Хамтын гэрээ гэдэг нь тухайн аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлтэйгөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлэх ба хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т аж ахуйн нэгж байгууллага өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөл Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулах, охин компаниуд үйлдвэрчний эвлэлийн хороотой байх эсхүл тэдгээрийг нэгтгэсэн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороотой байх эсэх асуудлыг гишүүдээсээ чөлөөт байдлаар санал авч шийдвэрлэх боломжтой байхад Натурал текстайл групп ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь охин компаниудын ажиллагсад толгой компанийн үйлдвэрчний эвлэлийн хороонд гишүүнчлэлтэй хамтын гэрээ байгуулах ёстой гэж шаардах эрхгүй юм. Тухайн охин компаний ажиллагсад нь бие даасан хуулийн этгээд болох охин компанид ажил үүргээ гүйцэтгэж буй тул үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуульд зааснаар хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй. Үйлдвэрчний эвлэлийн хороонд гишүүнээр элсэх буюу гишүүнээс гарахыг тулган шаардах эрхгүй болно.

Иймд хариуцагч Натурал текстайл групп ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны завж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00130 дугаар шийдвэрийг хэвээр үлээж, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ