Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 109/2018/0012/З |
Дугаар | 221/МА2018/0490 |
Огноо | 2018-09-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2018/0490
С.Ө-ыннэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч С.Ө, түүний өмгөөлөгч С.М, хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга Г.Б, түүний өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 109/ШШ2018/0023 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч С.Ө, түүний өмгөөлөгч В.У нарын давж заалдах гомдлоор, С.Ө-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдох холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 109/ШШ2018/0023 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, 40 дүгээр зүйлийн 40.4.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ө-аас Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан /Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын тамгын газрын дарга/ ажилд эгүүлэн томилуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.Ө, түүний өмгөөлөгч В.У нар давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч С.Ө миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт болох Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажлаас халах тухай ” Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын засаг даргын Тамгын газрын даргын ажил албан тушаалд эгүүлэн томилуулахыг хүссэн нэхэмжлэлийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шүүх нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хурлаар шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Шүүх нотлох баримтыг хуулийн хүрээнд тал бүрээс нь бодитойгоор шударгаар үнэлж чадаагүй төдийгүй, хариуцагч талын нөхөн бүрдүүлсэн нотлох баримтыг үнэлж, хариуцагч талын удаа дараагийн үндэслэлгүй хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг удаа дараалан хойшлуулж захиргааны актыг гаргахдаа баримтлаагүй, тухайн үед илрээгүй байсан зөрчилтэй холбоотой нотлох баримтуудыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагийн 08 дугаартай акт, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 63, 64, 65 дугаартай актуудыг маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосныг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн явдал болж байна.
Хариуцагч тал болох Төвшрүүлэх сумын Засаг дарга маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон үйл баримтын талаар болсон сонсох ажиллагаа огт хийгээгүй. Надад сонсох ажиллагаа хийх талаар огт мэдэгдээгүй, мэдэгдэл ирүүлээгүй. 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 2017 оны 12 дугаар сарын 26-аас 27-ны өдрүүдэд дүгнэсэн бөгөөд энэ талаараа бичиг хэрэг тэмдэглэл хөтөлсөн. Түүн дээр миний бие гарын үсэг зурахаас татгалзсан. Түүнээс надад сонсох ажиллагаа хийж байна гэж огт хэлээгүй. Уг нотлох баримтыг хариуцагч хуурамчаар бүрдүүлж шүүхэд өгсөн. Энэ талаарх гомдлоо холбогдох газар нь өгч шалгуулна. Намайг ажлаас халагдсаны дараа захиргааны актыг үндэслэл болгосон гэх баримтуудаа нөхөн бүрдүүлж шүүхэд өгсөн байна. Энэ талаар шүүх хурал дээр ямар ямар баримтуудыг нөхөж бүрдүүлсэн, тэр нь хэрхэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон талаарх тайлбараа нэмэлтээр гаргана.
Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явуулаагүй. Сонсох ажиллагаа явуулсан баримт байхгүй байсан талаар Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт нотолж байгаа бөгөөд Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох С.Ө миний эдлэх эрхийг ноцтой зөрчсөн байхад шүүх хариуцагч талаас 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл гэх хуурамчаар бүрдүүлж өгсөн, Захиргааны ерөнхий хууль зөрчсөн баримтыг үндэслэн шийдвэрээ гаргасан нь тун харамсалтай төдийгүй хуулийг зөв тайлбарлан шударга шийдвэр гаргаж чадаагүйд туйлын гомдолтой байна.
Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болох үр дүнгийн .../ удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэгтэй огт санал нийлэхгүй. Учир нь удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн асуудал байхгүй, удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх миний ажил үүргийг дүгнэсэн дүгнэлт, шийдвэр байхгүй. Би ажил үүргээ тогтмол хангалттай А, В, С үнэлгээтэй үнэлэгдэж ирсэн бөгөөд хангалттай дүгнэгдсэн байхад үндэслэлгүйгээр хангалтгүй биелүүлсэн гэж удаа дараалан хууль бус шийдвэрүүд гаргаж надад арга хэмжээ тооцож ирсэн. Үүний нэг болох Төвшрүүлэх сумын Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна. Хэдийгээр Б/11 дугаартай захирамжаар ... үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлсэн... гэх үндэслэл байгаа боловч 2017 оны хагас жилийн миний үр дүнгийн гэрээг дүгнээгүй байгааг анхаараагүй байна. Арга хэмжээ авагдсан л бол хангалтгүй биелүүлсэн гэсэн үг биш гэдгийг хэн боловч ухаж ойлгох боломжтой баймаар санагдаж байна.
Засаг дарга Г.Б-тай би аль болох зохицож ажиллах талаар хичээж ирсэн, С.Ө миний бие ганц бие өрх толгойлсон эмэгтэй бөгөөд 2 оюутан хүүхэдтэй тул ажлаасаа халагдахгүй байхын тулд даргын гаргасан захирамж болгонтой сөргөлдөөд гомдол гаргаад яваад байхыг бодоогүй учраас Б/11 тоот захирамжид гомдол гаргаагүй.
Маргаан бүхий захиргааны актад дурдсан төсвийн сахилга хариуцлага алдсан гэх үндэслэлийн тухайд: Миний үр дүнгийн гэрээг дүгнээд F үнэлэгдсэн учраас ажлаас хална гэж үр дүнгийн гэрээг дүгнэсний дараа хэлсэн болохоос төсвийн хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажлаас хална гэж танилцуулаагүй. Хариуцагч талаас гаргаж өгсөн сонсох ажиллагааны тэмдэглэл гэх 12 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл дээрээс харахад ... санхүүгийн дотоод хяналтаар төсвийн сахилга бат алдагдсан байсан бөгөөд зарим зардлууд дээр зардал хэтрүүлж өр үүсгэсэн гэх ... үндэслэлийг бичсэн байх бөгөөд хэрэв уг сахилгын зөрчил гаргасан байна, энэ нь санхүүгийн дотоод хяналтаар илэрсэн байна гэж үзвэл, санхүүгийн дотоод хяналт 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тайлангаар ажил олгогч Н.Болормаад мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл төсвийн сахилга хариуцлага алдагдсан гэх үндэслэл нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажил олгогчид мэдэгдсэн хугацаанаас хойш 2 сарын дараа сахилгын арга хэмжээ авах хугацаа дууссанаас хойш 2018 оны 1 дүгээр сарын 26-нд ажлаас халах шийдвэрийн үндэслэл болсон гэж харагдаж байна. Гэхдээ хариуцагч талаас 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаарх богино хугацааны өр төлбөр гэх тодруулгаар нийгмийн даатгал болон бусад зардалд 1310000 төгрөгийн өртэй байна гэх нотлох баримт нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр захиргааны акт гаргах үндэслэлд огт дурдаагүй, /тухайн үед илрээгүй/ байдаг. Уг үйл баримт нь 2017 оны санхүүгийн тайланг тайлагнах явцад буюу 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос хойш илэрсэн зөрчил байдаг. Энэ нь ЗДТГ-ын нягтлан бодогчийн ажил үүрэгтэй шууд холбоотой байдаг. Мөн уг богино хугацаат өр төлбөрийн тодруулга нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн нотлох баримт болох нь тодруулгыг гаргаж өгсөн түүний ажил үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гарын үсэг зурсан байдлаар нотлогдож байгаа болно.
2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн дундаж оноо 55.6 буюу F дүгнэгдсэн гэх үндэслэлийн тухайд: Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 40.4.2 дахь заалтын хүрээнд арга хэмжээ авах эрх нь хэдий байгаа боловч 1. Гэрээний үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй, гарын үсэг зурахаас татгалзсан учраас хүчин төгөлдөр болоогүй. 2. Гэрээний биелэлтийн үнэлгээ нь 55.6, 57.6 гэх 2 өөр үнэлгээтэй. Хэдийгээр аль аль нь F боловч захиргааны байгууллагаас гаргаж байгаа аливаа шийдвэр нь ойлгомжтой тодорхой, бодитой байх зарчим алдагдаж байна. 3.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэсэн бөгөөд удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийг баримталсан боловч удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, хангалтгүй үнэлүүлсэн асуудал байхгүй байна. 4. 2017 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээний талаар холбогдох журмын дагуу эрх бүхий байгууллага албан тушаалтанд гомдол гаргаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын 8 дугаар зүйл энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй. Энэ талаар нэмж тайлбар хийнэ.
Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлгүй талаарх Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 06 дугаартай дүгнэлт гаргасан. Мөн төрийн албаны төв байгууллагын 400 дугаартай захиргааны шийдвэрээ маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн 06 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэх хариуг хүргүүлсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй байвал өдий хүртэл хариуцагч биелүүлээгүй, энэ талаарх шийдвэр, шийдвэрийн үндэслэл, шалгасан нотлох баримтуудынх нь эх үүсвэрийн талаар шүүх анзаарч үзээгүй шийдсэн. Төрийн албаны Архангай аймаг дахь салбар зөвлөлөөс захиргааны актыг хууль зүйн үндэслэлгүй гэх дүгнэлт өгсөн байхад Төрийн албаны төв байгууллагаас маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй, актыг өөрчилсөн, хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй байна гэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 109/ШШ2018/23 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, маргаан бүхий захиргааны акт, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд бүрэн гүйцэд дүгнэлт өгөөгүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар “...удаа, дараа албан үүргээ хангалтгүй биелүүлж, төсвийн сахилга, хариуцлага алдаж, 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн дундаж оноо 55.6 буюу “F” үнэлгээтэй дүгнэгдсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч С.Ө-ыг ажлаас чөлөөлж, актын үндэслэлээ “...аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн, байгууллагын батлагдсан төсөв, орон тоо, цалингийн санг 3 жил хэтрүүлсэн, орон тоонд багтаагүй нярав авч ажиллуулсан, албан хаагчдын үр дүнгийн гэрээг үнэлэхгүйгээр урамшуулал олгосон, үр дүнгийн гэрээ нь “F” үнэлэгдсэн, байгууллагын хамт олныг өдөр тутмын удирдлагаар хангаагүй, хяналт хийгээгүй, Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн акт, Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 36/01 дугаартай актуудаар төсвийн сахилга алдагдсан нь тогтоогдсон” гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч С.Ө нь дээрх актыг эс зөвшөөрч, “...үр дүнгийн гэрээний биелэлтийг “F” үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлүүд нь маргаан бүхий акт гарснаас хойш тогтоогдсон, төсвийн сахилга алдсан гэх зөрчлүүд нь миний албан үүрэгтэй хамааралгүй, нягтлан бодогчтой холбоотой, Засаг даргын саналаар нярав авч ажиллуулсан, сонсох ажиллагаа хийхгүйгээр актыг гаргасан” гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас үзвэл, хариуцагч Төвшрүүлэх сумын Засаг дарга нь нэхэмжлэгч С.Ө-ыг ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заасан ямар ажлыг хэзээ, хэрхэн хангалтгүй биелүүлсэн гэж үзэж түүнийг ажлаас чөлөөлсөн болон үүнийгээ ямар тооцоо судалгаа, баримтад үндэслэсэн нь тодорхойгүй байхад шүүх энэ талаарх нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, тус сумын Засаг даргын 2017 оны Б/11, 2018 оны Б/01 дугаар захирамжуудын үндэслэл давхцаж байгаа эсэх, өөр хоорондоо харилцан адилгүй эсэх талаарх ялгаа заагийг тодруулан холбогдох баримтыг цуглуулж, дээрх нөхцөл байдлыг дүгнээгүй нь буруу байна.
Тодруулбал, өмнө нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар нэхэмжлэгч С.Ө-ыг хуулиар хүлээсэн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргасан гэж үзэн сахилгын шийтгэл оногдуулж, захирамжийн үндэслэлдээ “...ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүрэг, сумын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлсэн, төрийн албан хаагчдын цалин хөлс, ажлын үр дүнг хууль журмын дагуу тооцож олгодоггүйгээс зарим нэг албан хаагчид хохирч холбогдох газруудад гомдол гаргасан, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтын журам боловсруулж баг томилон мөрдөн ажиллуулаагүйн улмаас албан хаагчдын ур чадвар, ажлын бүтээмж, сахилга хариуцлага суларсан, архив бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийн ажлыг удирдлагаар хангаагүй, орон нутгийн өмч, байгууллагын эд хөрөнгийн ашиглалт хамгаалалтад хариуцлагагүй хандсанаас эд хөрөнгө хяналтгүйгээр устаж алга болсон, өөрийн удирдлагад буй албан хаагчдыг өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллаагүй зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, ЗГ-ын 2011 оны 311-р тогтоол, Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 07-р сарын 07-ны өдрийн 68 тоот тушаал, НББ-ийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн” гэж дурджээ.
Ийнхүү сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэл нь маргаан бүхий актын үндэслэлийг тайлбарлаж буй хариуцагчийн үндэслэлтэй давхацсан байж болохоор нөхцөл байдалтай байхад анхан шатны шүүхээс үүнийг ялгаж зааглахгүйгээр хариуцагчийн тайлбарт дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Ө-ыг буруутгаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс “...өмнө нь зөрчил гэж үзэж, шийтгэл оногдуулсан үндэслэлээр дахин шинэ акт гаргаж, ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон” гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласаар байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, маргаан бүхий актын үндэслэл бүрийг шалган тогтоогоогүй, түүнд холбогдох нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, хэргийг шийдвэрлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 107 дугаар зүйлийн 107.4-т заасантай нийцэхгүй.
Түүнчлэн анхан шатны шүүхээс “...2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн дундаж оноо 55.6 буюу F үнэлэгдсэн” гэх үндэслэлийг шалгаж тогтоогоогүй, энэ талаар огт дүгнээгүй. Хариуцагчаас нэхэмжлэгч С.Ө-ыг тухайн үр дүнгийн гэрээнд заагдсан ямар, ямар ажлыг хэрхэн хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн болохоо баримтаар нотлохгүй байхад шүүх энэ талаар ажиллагаа хийж, үр дүнгийн гэрээг F үнэлсэн нь үндэслэлтэй байсан эсэх талаар дүгнээгүй нь буруу байна.
Иймд анхан шатны шүүхээс маргаан бүхий актын үндэслэл тус бүрийг нарийвчлан тогтоож, үүнтэй холбоотой баримтыг бүрэн цуглуулж, нэхэмжлэлийн үндэслэл болон захиргааны актын үндэслэл тус бүрд бүрэн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай үндэслэл бүрийг нарийвчлан судалж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулан, ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоосны эцэст түүнд үндэслэж шийдвэр гаргах учиртай. Гэтэл хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлээ “... Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн акт, Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 36/01 дугаартай актуудаар төсвийн сахилга алдагдсан нь тогтоогдсон” гэж тайлбарласныг анхан шатны шүүхээс хүлээн авч, нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй болохыг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 109/ШШ2018/0023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН