Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 207/МА2019/00063

 

 

Хаан банкны Орхон салбарын Хүрэнбулаг

тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00310 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хаан банкны Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Гэм хорын хохирол 7.597.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбаахүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, М.Мэндбаяр, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Д.Бямбаахүү манай банкны зээлээр худалдан авч эзэмшиж, ашиглаж байгаа, манай Хаан банк ХХК-ийн өмчлөлийн RАV4 маркийн 25-52 ОРА улсын дугаартай автомашиныг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн үед ******* нь жолоодох эрхийн үнэмлэхгүй бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явж замын хөдөлгөөний дүрэм зөрчин мөргөж, манай банкны өмчлөлийн автомашинд 5.480.000 /таван сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн хохирол /гэмтэл/ учруулсан. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр, болон бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа. Мөн автомашинд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээ тогтоолгоход 317.000 төгрөг Бан Хас ХХК-ийн үнэлгээний компанид төлсөн төлбөр, автомашиныг засуулсан хөлс болох 1.800.000 төгрөгийг мөн нэхэмжилж байна. Иймд *******гээс 7.597.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд Хаан банк ХХК-ийн гаргасан 7.597.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр болсон ослын хэрэгт миний бие буруугүй. Учир нь тухайн осол гарах болсон шалтгаан нь 2552 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь өөрийн зорчих хэсэгт байгаа замын саадыг тойрч урсгал сөрсөн тул осол гарсан. Ийнхүү миний бие буруугүй тул уг нэхэмжилж буй 7.597.000 төгрөгийг хариуцахгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00310 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр 514.1-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 5.317.900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.279.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136.502 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 100.036 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нар давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Д.Бямбаахүү нь шүүхэд Хаан банк ХХК-ийг нэхэмжлэгчээр тодорхойлон *******д холбогдуулан гэм хорын хохирол гэх 7.597.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Д.Бямбаахүүд олгосон итгэмжлэлийг шүүх анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Д.Бямбаахүүд итгэмжлэл олгосон гэх хэргийн 18 дахь талд авагдсан салбарын захирал Б.Норовсамбуугийн албан бичиг нь хэргийн 21 дэх талд авагдсан Хаан банк ХХК-ийн хууль эрх зүйн хэлтсийн захирлаас олгосон итгэмжлэл байна. Хууль эрх зүйн хэлтсийн захиралд бусдад итгэмжлэл олгох эрхийг Хаан банкны гүйцэтгэх захирлаас 2018 оны 05 дугаар сарын 0З-ны өдөр хэргийн 19 дэх талд авагдсан итгэмжлэлээр олгосон байна. Уг итгэмжлэлд итгэмжлэлийн зориулалтыг ...Банкны үйл ажиллагаатай холбогдуулан бүх шатны шүүх болон төрийн эрх бүхий бусад байгууллагад хянан хэлэлцэгдэж буй аливаа төрлийн хэрэг, маргаан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад банкийг төлөөлөх... гэсэн байна. Үүнээс үзвэл Хаан банк ХХК-ийн гүйцэтгэх захирлаас 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хууль эрх зүйн хэлтсийн захирал Э.Хосбаярт итгэмжлэл дамжуулан олгох эрхтэй итгэмжлэл олгохдоо банкны үйл ажиллагаатай холбоотой маргаанд төлөөлөгчөөр оролцох, улмаар энэхүү эрхээ бусад этгээдийг буюу банкны ажилтанд хариуцуулах байдлаар шилжүүлэх эрхийг олгожээ. Банкны үйл ажиллагаа гэж Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар 12 төрлийн үйл ажиллагааг хамааруулсан байна. Энэхүү 12 төрлийн үйл ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Д.Бямбаахүүгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл хамаарахгүй юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж оролцуулах эрхтэй боловч энэхүү хэргийн тухайд үндсэн итгэмжлэл, дэд итгэмжлэлүүдээр төлөөлөгч томилсон нөхцөл байдлыг бий болгосон. Үндсэн итгэмжлэлд заасан итгэмжлэлийн зориулалтыг салбарын захирал гэх Б.Норовсамбуу нь өөрчлөх эрхгүй бөгөөд итгэмжлэлийн зориулалтыг зааж олгосон итгэмжлэлээ компанийн гүйцэтгэх удирдлага буюу итгэмжлэлгүйгээр компанийг төлөөлөх эрхтэй этгээд өөрчлөх боломжтой байдаг. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн хавтаст хэргийн 22 дахь талд "Хаан банк ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан. Энэхүү улсын бүртгэлийн гэрчилгээний арын хэсэгт буюу нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийн хэсэгт Ажиллах хугацааг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл сунгасныг бүртгэв гэсэн байна. Үүнээс үзвэл Хаан банк ХХК нь хэрэгт авагдсан баримтаар 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулах эрхтэй байна. Анхан шатны шүүх хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр явагдсан ба дээрх үйл ажиллагааны хугацаа дууссан нөхцөл байдал нь анхан шатны шүүх хуралдаан болох өдөр тодорхой байсан. Гэтэл шүүх нэхэмжлэл гаргагч гэх Хаан банкны дээрх үйл ажиллагаа нь дууссан байгаа нөхцөл байдал, нэхэмжлэл гаргах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Ийнхүү анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 310 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төв нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохирол 7.597.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр 514.1-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 5.317.900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.279.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төв нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Бямбаахүүг томилж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /х/х-ийн 1 дүгээр хуудас/,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т ...нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ... гэж заажээ.

2017 оны 05 дугаар сарын 11 ний өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ / фидуци / байгуулжээ. Энэхүү гэрээний 1.1.-д ... гэрээний зорилго нь банк, зээлдэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор үүрэг гүйцэтгэгч нь хавсралт 1-д заасан хөдлөх эд хөрөнгийг банкны өмчлөлд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд банк хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, мөн гэрээний 2.1-д гэрээ хүчин төгөлдөр болсноор гэрээний хавсралт 1-д заасан хөрөнгийн өмчлөгч нь Банк байна гэжээ.

Гэрээний 2.2-т ... хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил, ашиглалтанд байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана... гэжээ.

Гэрээний хавсралт 1-д заасан JTMDD3EVX0D112678 арлын дугаартай, шаргал өнгөтэй, toyota RAV-4 маркийн суудлын автомашины өмчлөгч нь Хаан банк ХХК-ний Хүрэнбулаг тооцооны төв байна.

Нэгэнт Банк иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан өмчлөгч байгаа тохиолдолд 106 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар нэхэмжлэгч нь Хаан банкны Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төв байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхгүй этгээдийг томилж Д.Бямбаахүүгээр шүүхэд нэхэмжлэл гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д заасан ... нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч гарын үсэг зурсан байна..., гэснийг зөрчжээ. Иймд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

2018 оны 05 дугаар сарын 0З-ны өдөр Хаан банкны гүйцэтгэх захирлаас хууль эрх зүйн хэлтсийн захирал Э.Хосбаяр, 2018 оны 05 дугаар сарын 10 ны өдөр Хууль эрх зүйн хэлтсийн захирал Э.Хосбаяраас Хаан банкны салбарын захирал Б.Норовсамбуу нарт тус тус итгэмжлэл олгожээ.

2018 оны 11 дүгээр сарын 22 ны өдрийн Хаан банкны салбарын захирал Б.Норовсамбуугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичиг нь хууль зөрчиж хийгдсэн байх тул хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нар давж заалдсан гомдлын ...Банкны үйл ажиллагаа гэж Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар 12 төрлийн үйл ажиллагааг хамааруулсан байна. Энэхүү 12 төрлийн үйл ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Д.Бямбаахүүгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл хамаарахгүй юм. Үндсэн итгэмжлэлд заасан итгэмжлэлийн зориулалтыг салбарын захирал гэх Б.Норовсамбуу нь өөрчлөх эрхгүй бөгөөд итгэмжлэлийн зориулалтыг зааж олгосон итгэмжлэлээ компанийн гүйцэтгэх удирдлага буюу итгэмжлэлгүйгээр компанийг төлөөлөх эрхтэй этгээд өөрчлөх боломжтой байдаг...гэсэн зарим хэсгийг хүлээн авах боломжтой юм.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.100 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00310 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.100 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР