Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 329

 

Б.Ч, П.Х, Б.У нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар магадлалтай, Б.Ч, П.Х, Б.У нарт холбогдох 1818005110418 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч Л.Оюунсувдын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Засан сайжрах овогт Бгийн Ч,

2.Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Пын Х,

3.Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржгон овогт Бын У.

Шүүгдэгч Б.Ч нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч П.Х, Б.У нар нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Чыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 30.499.500 төгрөгийн хохирол учруулсан, мөн албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 15.181.986 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч П.Хыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 310.603 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Уыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 128.230 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч        Б.Чд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х, Б.У нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жил тэнсэж,

шүүгдэгч П.Х, Б.У нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чаас 42.697.486 төгрөгийг гаргуулж, 10.300.000 төгрөгийг хохирогч Б.Уад, 1.700.000 төгрөгийг Б.Тад, 174.000 төгрөгийг Л.Дид, 771.500 төгрөгийг Д.Аэд, 3.011.200 Д.Од, 3.326.000 төгрөгийг Д.Чад, 5.732.800 төгрөгийг Х.Бд, 2.500.000 төгрөгийг Ч.Над, 15.181.986 төгрөгийг “Мартини Бакарди” ХХК-нд тус тус олгуулах, хохирогч Б.Уын 1.700.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч Бын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэсэн заалт нэмж,

тогтоох хэсгийн 1, 3, 6, 7, 9, 10, 12 дахь заалтын Б.Уад холбогдох хэсгийг хүчингүй болгож,

тогтоох хэсгийн 8 дахь заалтын шүүгдэгч Б.Чаас “...нийт 42.697.486 төгрөгийг гаргаж” гэснийг “...нийт 43.497.486 төгрөг гаргаж”.. гэж, “...15.181.986 төгрөг гаргаж “Мартини Бакарди” ХХК-нд...” гэснийг “...15.981.986 төгрөг гаргаж “Мартини Бакарди” ХХК-д...” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж,

шүүгдэгч Б.Чын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч Л.Оюунсувд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн 40 дугаар шийтгэх тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 18 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, тогтоол, магадлалыг гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анх Б.Ч нь мөрдөн байцаалтын шатанд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч хохирол учруулсан, албан тушаалаа ашиглан бусдын хөрөнгө завшсан гэх үйлдлүүдийг бие даан ганцаараа үйлдсэн хэмээн хэргээ хүлээсэн мэдүүлгүүдийг өгч ирсэн.

Гэтэл Б.Ч анхан шатны шүүх хуралдаан дээр бусдыг хуурч мэхэлсэн үйлдэлд тухайн үед үерхэж байсан найз залуу Т хамтран оролцсон, хууль бусаар олсон мөнгийг мэдсээр байж захиран зарцуулж ашиглаж хэрэглэж байсан, бусдын хохиролд төлөх гэж авч явсан 1.700.000 төгрөгийг хууран мэхэлж аваад буцаан өгөөгүй талаар мэдүүлж хэргийг дахин шалгуулахыг хүссэн мэдүүлэг өгсөн. Мөн хохирогчид учруулсан хохирлын мөнгөний 50 хувийг Т авч хэрэглэсэн, надад шүүх хурлаас өмнө хохирлоос төлөлцөнө гэж намайг хуурсан, нэг үйлдэлд хамтран оролцож байсан учраас түүнийг энэ хэрэгт татан оролцуулж, хэргийг үнэн зөвөөр шийдүүлмээр байна гэсэн мэдүүлгийг өгсөн. Ийнхүү шүүх хурал дээр хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн мэдүүлэг өөрчлөгдсөн учраас хэргийг мөрдөн байцаалтад буцаалгаж хэргийн бодит үнэнийг тогтоолгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих асуудал бүрэн дүүрэн нотлогдоогүй байна гэж шүүгдэгч болон өмгөөлөгч миний зүгээс үзэж хэргийг буцаалгаж, дахин шалгуулах тухай хүсэлтээ хуралдаан дээр тавихад шүүх хүсэлт, санал, дүгнэлтийг хүлээн аваагүй хэргийг шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож шийдвэрээ гаргана гэсэн заалтыг зөрчиж хэргийг шийдвэрлэж тогтоол гаргасан. Энэ тогтоолд шүүгдэгч Б.Ч гомдол гаргаж хэргийг мөрдөн байцаалтад буцаалгаж эхнээс нь бодит байдлыг үнэн зөвөөр шалгуулъя, Л гэж хүнд гэмт үйлдлийн улмаас олсон мөнгөнөөс 1.800.000 төгрөгийг өгсөн, түүнээс энэ мөнгийг гаргуулж хохирогчид өгье, мөн хохирлын зохих хэсгийг Таас гаргуулъя, ингэснээр хохирогчдын хохирол төлөгдөх нөхцөл бүрдэнэ гэсэн агуулга бүхий гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хүлээж аваагүй юм.

Магадлалын тогтоох хэсэгт “шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудал анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, тухайн үйл баримт тогтоогдоогүйгээс гадна шүүгдэгч Б.Чд оногдуулсан эрүүгийн хариуцлагад нөлөөлөхөөргүй байна” гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, энэ талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан байх ба хэргийн бодит байдал, хохирлыг зөв тогтоож хэргийг шийдвэрлэх нь харин ч Б.Чд хүлээлгэх эрүүгийн хариуцлагад нөлөөлөх байсан юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хэргийг прокурорт буцааж, дахин шалгуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор О.Мөнхбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Чын бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөн албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял оногдуулсан нь үндэслэлтэй буюу хэргийн бодит байдал, үйл баримтад нийцсэн байна.

Харин шүүгдэгч П.Хыг “Мартини Бакарди" ХХК-д 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл худалдагчаар ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдэж, 310.603 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн нь хэргийн бодит байдал, үйл баримтад нийцэхгүй, Эрүүгийн хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл П.Х нь худалдагчаар ажиллах хугацаандаа 87.163 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр авч өөрийн цалингаасаа суутгуулсан, 2019 оны 07, 08, 09 дүгээр сарын кассын орлогоос 223.440 төгрөг дутаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд П.Хд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч Л.Оюунсувдын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Ч, П.Х, Б.У нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ч нь 2018 оны 3 дугаар сарын 23-наас 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд Дархан-Уул аймаг, Орхон аймаг болон Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий 8 иргэнийг хуурч мэхлэн нийт 30.499.500 төгрөгийг залилан авсан, мөн 2019 оны 7 дугаар сарын 22-ноос 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мартини Бакарди” ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 14.541.604 төгрөг, 640.382 төгрөгийн бараа материалыг завшиж, тус компанид нийт 15.181.986 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Чыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 30.499.500 төгрөгийн хохирол учруулсан, мөн албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 15.181.986 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Чд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж дүгнэв.

Харин шүүгдэгч Б.У, П.Х нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж үзлээ.

Мөрдөн байцаалтын шатанд Б.Чд холбогдох “Мартини Бакарди” ХХК-ийн хөрөнгө завших гэмт хэргийг шалгах явцад “Пийк Ом Аудит” ХХК-ийн гаргасан аудитын дүгнэлтээр тус компанийн “Good price” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан Б.У 128.230 төгрөгийн, мөн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан П.Х 310.603 төгрөгийн дутагдал тус тус гаргасан нь тогтоогдсон хэдий ч шүүгдэгч Б.У, П.Х нарын хувьд Б.Чын албан тушаалын байдлаа ашиглаж “Мартини Бакарди” ХХК-ийн хөрөнгө завшсан гэмт хэрэгт хамтран оролцсон, мөн дээр дурдсан эд хөрөнгийг шунахай зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр, бүрмөсөн завшсан гэж үзэх нөхцөл байдал буюу гэмт хэргийн шинж хөдөлбөргүй тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.У, П.Х нарын дутагдуулсан гэх 128.230 төгрөг болон 310.603 төгрөгийн эд хөрөнгийг ажил олгогч “Мартини Бакарди” ХХК нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой байхад прокуророос тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, Б.Чд холбогдох хэрэгт нэгтгэн шалгаж, улмаар анхан шатны шүүхээс тэдний гэм буруугийн хэлбэр, хохирлын хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдлыг үл харгалзан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь эргэлзээтэй бүхий болжээ.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Уад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шүүгдэгч П.Хыг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул энэ талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлтийг хүлээн авч, прокуророос шүүгдэгч П.Хд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч Л.Оюунсувдын гаргасан гомдлыг үндэслэн хэргийн нотлогдсон байдлыг хянаж үзэхэд шүүгдэгч Б.Чын үйлдсэн гэмт хэрэгт н.Т хамтран оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх өөр этгээдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгуулахаар хэргийг прокурорт буцаах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгэрэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн зарчимд нийцэхгүй болно.

Иймд хэргийг прокурорт буцааж, Б.Чд холбогдох хэрэгт н.Тэнүүнбаярыг холбогдуулан шалгуулах талаар өмгөөлөгч Л.Оюунсувдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар магадлалд:

“шүүгдэгч П.Хд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсугай.

 

2.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 3, 6, 7, 10 дахь заалтаас шүүгдэгч П.Хыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, таслан сэргийлэх арга хэмжээ авсан заалтыг тус тус хүчингүй болгосугай.

 

3.Шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч Л.Оюунсувдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                               ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН