Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 947

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч А.Насандэлгэр, Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Б*******,

Хариуцагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилд томилох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд нь эрхэлж байсан албан тушаал ТЗ-10 зэрэглэлтэй дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах, хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол буюу ажилгүй байсан 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд: Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан” асуудлаар гаргасан миний нэхэмжлэлээр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 165 дугаар шийдвэрээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/29 дүгээр, 3 дугаар сарын 11-ний өдрийн А/70 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, цалингийн зөрүү болох 1.181.226 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 254 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 45 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ийнхүү захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр намайг Соёл спорт аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж мэргэжилтэн болгохоор шийдвэрлэсэн Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг хүчингүй болгож, албан тушаал бууруулсан цалингийн зөрүүг олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн. Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тайлбарын 21-т “Хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-д заасан захиргааны хэргийн шүүх шийдвэрээ биелүүлэх арга, журмыг гаргасан шийдвэртээ тодорхойлно” гэдэгт захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тодорхой тусгахыг ойлгоно” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Гэтэл 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Соёл спорт аялал жуулчлалын яам татан буугдсан тул шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай шаардлагыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн боловч уг шийдвэрийг хэрэгжүүлэх этгээд тус яам биш гэж тайлбар ирүүлсээр байсан. 2015 оны 10 дугаар сарын 8-ны  өдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн 2/9371 тоот албан бичигт “төсвийн тодотголд тусгуулахаар хандсан” тухай тайлбар ирүүлсэн тул 2016 оны төсөвт сууж хэрэгжих юм байна гэж хүлээсэн. 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Б*******тэй уулзахад намайг “соёлын өвийн хэлтсийн даргаар ажиллуулах” саналтай байгаагаа хэлж “сайдтай уулз” гэсэн. Гэтэл тушаал гарахгүй удаад байсан бөгөөд Авилгатай тэмцэх газраас явуулсан бичгийн хариу ирэнгүүт тушаал гаргана гэж байсан. Гэтэл шүүхийн шийдвэр дээр намайг ажилд томилсон заалт байхгүй байна гэсэн үндэслэлээр ажилд авах тушаал гаргаагүй. Би нэхэмжлэлийн шаардлагад “хэлтсийн даргын албан тушаалд буцаан тогтоолгох” шаардлага гаргаагүй, тухайн үед яамандаа ажиллаж байсан, ахлах мэргэжилтний албан тушаалд тавихаар тодорхой асуудлаар тохиролцоо хийж байсан юм. Тэгээд ч хэлтсийн даргаас албан тушаал бууруулсан тушаалыг Төрийн албаны зөвлөл хууль бус гэж үзээд хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг яаманд үүрэг болгосон байсан. 

Гэтэл шүүхийн шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гарган шийдвэрлүүлэх явцдаа “төрийн нарийн бичгийн даргын шийдвэрт нэхэмжлэл гаргаж, шүүхээр маргаж яамны нэр хүндийг унагаж ёс зүйн зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр албан тушаалаас бууруулан томилсон мэргэжилтний албан тушаалаас халсан. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч мөн л “ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 384 дүгээр шийдвэрээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарын бичгийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/339 дүгээр тушаалыг хүчингүй болгож, 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гартал ажилгүй байсан хугацааны цалин 11.411.129 төгрөг, тэтгэмж болох 200000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны цалинг 16.771.517 төгрөг болгон шийдвэрт өөрчлөлт оруулсан. Хэлтсийн даргын албан тушаалаас хууль бусаар бууруулсан болохыг тогтоосон албан тушаал бууруулсан тушаалыг хүчингүй болгосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсан, хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байсан тул мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Гэтэл энэ шийдвэр гарсны маргааш Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4260 дугаар захирамжаар тус шүүхийн 2014 оны 165 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх “албан тушаал бууруулсан тушаалыг хүчингүй болгож, хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал бууруулсны цалингийн зөрүүг гаргуулсан” захирамж, гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож, мөн өдөртөө 4261 дүгээр захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжийг дахин шинээр гаргасан байжээ. Энэ захирамжуудыг үндэслээд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өмнөх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, шинээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин нээсэн байна. Эдгээр шийдвэрүүдийг эрх ашиг нь хөндөгдөж байгаа нэхэмжлэгч надад мэдэгдээгүй ба 2016 оны 2 дугаар сарын 1-нд Төрийн нарийн бичгийн дарга Ш.Б******* намайг “Соёлын өвийн хэлтсийн даргаар ажиллуулах” саналтай байгаагаа хэлж “сайдтай уулз” гээд сайд Л.Гантөмөр “Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн аудитороор ажилд авлаа” гээд тэр өдөртөө өрөө, ширээ, ажлаа хүлээн авч ажилдаа орж, ажил үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Гэтэл ажилд томилсон тушаал гарахгүй удаад байсан бөгөөд АТГ-аас явуулсан бичгийн хариу ирэнгүүт тушаал гаргана гэж байсан. Гэтэл цагаан сарын дараа Авилгатай тэмцэх газраас ашиг сонирхлын мэдүүлгийг хянаад ирүүлсний дараа шүүхийн шийдвэр дээр намайг “ажилд эгүүлэн томилсон” заалт байхгүй байна гэсэн үндэслэлээр ажилд авах тушаал гаргаагүй. Энэ үед л 2016 оны 3 дугаар сарын 3-нд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шийдвэр гүйцэтгэгчтэй шийдвэрийн гүзйэтгэлийг хангуулах асуудлаар очиж уулзахдаа шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгүүлэх захирамжийг 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4260 дугаар захирамжаар хүчингүй болгосныг, энэ захирамжийн дагуу хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоохоор хийгдэж байсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2015 оны 8 дугаар сарын 19-нд дууссаныг мэдсэн.  Хүчингүй болгосон болон шинээр гаргасан захирамж, холбогдох баримтыг авах хүсэлт гаргасны дагуу 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дээрх шийдвэрүүдийн хуулбарыг баталгаажуулж өгсөн. Ийм учраас одоо ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. 

Албан тушаал бууруулсан тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахдаа хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ч намайг ажилд тавихаар тохиролцсон байсан, Төрийн албаны зөвлөл хэлтсийн даргын албан тушаалаас бууруулсан тушаал хууль бус, ажилд нь эгүүлэн томил гэж үүрэг болгосон, шүүхийн шийдвэрээр хэлтсийн даргын албан тушаалаас бууруулсан тушаалыг хууль бус гэж үзээд хүчингүй болгосон, өөрөөр хэлбэл албан тушаал бууруулсан тушаал хүчингүй болсноор намайг хэлтсийн даргаар томилсон тушаал хүчинтэй хэвээр үлдэж, хэлтсийн даргаар буцаан томилогдох үндэслэл болж байгаа. Тухайн үед яамандаа ажиллаж байсан, буцаан ажилд томилох асуудал дээр тохиролцсон байсан, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх шийдвэрээ биелүүлэх арга журмыг заана гэсний дагуу шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсанд хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилох талаар тусгасан, энэ дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохоор ажиллагаа хийгдэж байсан, гэтэл яам татан буугдаж шүүхийн шийдвэрийг хэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй болж, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон эрх ашиг маань хохирч үлдсэн. 2016 оны 2 сард ажилд томилохоор тодорхой хэмжээнд шийдэгдсэн байсан, Төрийн албаны зөвлөлийн зүгээс удаа дараа ажилд нь эгүүлэн томил гэсэн чиглэл ирж байсан, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх захирамжийг 2015 оны хүчингүй болгосныг 2016 оны 2 дугаар сарын сүүлд мэдсэн тул нэхэмжлэл гаргах хугацаа алдаагүй гэж үзэж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохыг даалгах шаардлага гаргасан. 

Би төрийн албанд 26 жил үр бүтээлтэй ажиллаж байгаад хууль бусаар албан тушаал буурч, цаашлаад төрийн албанаас хууль бусаар халагдсан, үүнийг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон, энэ хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байсан, эрхэлсэн ажилгүй цалин орлогогүй хүнд байсан тул хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг минь хангаж өгнө үү.   

2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хэлтсийн даргын албан тушаалын ТЗ-10 шатлалаар тооцон 54.115.311 төгрөг, үүнээс шүүхийн шийдвэрээр мэргэжилтнээр тогтоосон цалин 16.771.517 төгрөгийг хасч 37.343.794 төгрөгийн цалин гаргуулахаар нэхэмжилж байна. Энэ нь нийгмийн даатгалын дэвтрийн үндсэн цалингийн орлогоор тооцсон дүн. Мөн цалингийн сүлжээ, төрийн албаны ажилласан жил, зэрэг дэвийн нэмэгдлийг тооцож 44.737.219 төгрөг, үүнээс шүүхийн шийдвэрээр мэргэжилтнээр тогтоосон цалин 16.771.517 төгрөгийг хасч 27.965.702 төгрөг гаргасан байгаа, энэ 2 тооцооллоос шүүх үнэлээд шийдвэрлэх байх.  

Иймд ажилд томилох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд нь эрхэлж байсан албан тушаал ТЗ-10 зэрэглэлтэй дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах, хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол буюу ажилгүй байсан 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасан” гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Засгийн газрын тухай хуульд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өөрчлөлт орж тус яам нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон өөрчлөгдсөн. Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор тус яамны бүтэц орон тооны хязгаарыг баталсан болно. Энэ шийдвэрийн дагуу тус яам 7 газар, 7 хэлтэстэй байхаар батлагдан, холбогдох мэргэжлийн албан хаагчид томилогдоод байна. Ц.Б*******гийн урд нь ажиллаж байсан гэх ТЗ-10 буюу хэлтсийн даргын ажлын байрны сул орон тоо тус яаманд байхгүй. Манай яамнаас иргэн Ц.Б*******г ажлаар хангахаар Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Ажил, албан тушаалд шижлүүлэн ажиллуулах тухай” Б/20 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт шилжүүлээд байна. 

Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 375 дугаар магадлалд заасан 16.771.517 төгрөгийг шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын дансанд, албан тушаал бууруулсан цалингийн зөрүү болох 1.251.426 төгрөгийг иргэн Ц.Б*******гийн дансанд тус тус 2016 оны 3 дугаар сарын 11, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн. Ажлын байрны талаар өмнө нь тус яам шүүхэд удаа дараа дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримт гаргаж өгч байсан болно. Нэхэмжлэлд дурьдсан нэмэлт төлбөр болон бусад зардлыг яамнаас төлөх хууль зүйн үндэслэлгүй болно. Нэхэмжлэлд дурьдсан асуудлыг сайтар судлан өмнө нь шүүхэд хэлэлцэх үед гаргаж байсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б******* нь “ажилд томилох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд нь эрхэлж байсан албан тушаалын ТЗ-10 зэрэглэлтэй дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах, хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол буюу ажилгүй байсан 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны цалинг хэлтсийн даргын албан тушаалын цалингаар тооцож гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага гаргажээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Ажилд томилох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд нь эрхэлж байсан албан тушаалын ТЗ-10 зэрэглэлтэй дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах шаардлагын тухайд:

Ц.Б******* нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар түүнийг Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж, тус хэлтсийн мэргэжилтнээр томилсон бөгөөд энэхүү албан тушаал бууруулсан тушаалыг шүүх хууль бус гэж үзэн хүчингүй болгож, цалингийн зөрүү 1.181.226 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн  байдаг. 

Ийнхүү албан тушаал бууруулсан нь үндэслэлтэй эсэх талаар шүүхээр маргаж байх явцад Ц.Б*******г Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн Б/339 дугаар тушаалаар “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан” бөгөөд төрийн албанаас халсан уг тушаалыг шүүх мөн хууль бус гэж үзээд хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 16.771.517 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн  байна. 

Ц.Б*******г Соёл, спорт, аялал жуулчлалын яамны мэргэжилтний албан тушаалаас халсны дараагаар Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор Соёл, спорт, аялал жуулчлалын яам татан буугдаж, уг яамны соёлын асуудал хариуцсан чиг үүрэг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд шилжсэн, тэрээр соёлын өвийн асуудал хариуцаж байсантай холбоотой шүүх Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргыг хариуцагчаар татан түүнийг ажлаас халсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн Б/339 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг ийнхүү шийдвэрлэжээ.

Дээрх шүүхээр шийдвэрлүүлсэн албан тушаал бууруулсан, ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийнхээ алинд ч урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй хэдий ч “албан тушаал бууруулсан нь хууль бус байсныг шүүх тогтоож, албан тушаал бууруулсан тушаалыг хүчингүй болгосноор хэлтсийн даргын албан тушаалд томилсон шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ, Төрийн албаны зөвлөлөөс албан тушаал бууруулсан тушаалыг хууль бус хэмээн хэлтсийн даргын албан тушаалд авч ажиллуулах талаар хариуцагч байгууллагад үүрэг болгосон шийдвэрийг Төрийн албаны тухай хуульд зааснаар хариуцагч биелүүлэх үүрэгтэй байсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам тодорхой албан тушаалд томилохоор Авлигатай тэмцэх газарт ашиг сонирхлын мэдүүлэг явуулж хүлээгдэж байсан зэргээр хариуцагч ажлаар хангах үүрэгтэй байсан, энэ үүргээ биелүүлэхгүй, ажилд томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэх боломжгүй юм.       

Ийнхүү түүнийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалаас бууруулсан, мөн мэргэжилтний албан тушаалаас халсан тушаалууд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр хууль бус болох нь тогтоогдож, хүчингүй болсон, өөрөөр хэлбэл тэрээр хууль бусаар албан тушаал буурсан, улмаар хууль бусаар халагдсан, Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах”-аар заасан тул Соёл, спорт, аялал жуулчлалын яамны зарим чиг үүргийг буюу соёлын асуудлыг шилжүүлэн авсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Ц.Б*******г урьд эрхэлж байсан албан тушаалтай нь дүйцэхүйц /ТЗ-10/ ажил албан тушаалд томилох үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж шүүх дүгнэв.

Засгийн газрын 2016 оны 3 дугаар тогтоолоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь Санхүү, эдийн засгийн газар, түүн дотроо Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэстэй байхаар батлагдсан, Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн даргын албан тушаал нь Ц.Б*******гийн хууль бусаар албан тушаал буурахаас өмнө эрхэлж байсан Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэг болон албан тушаалын зэрэглэл адил байх тул “Ц.Б*******гийн урд нь ажиллаж байсан гэх ТЗ-10 буюу хэлтсийн даргын ажлын байрны сул орон тоо тус яаманд байхгүй” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар уг хуулиар зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь “ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон” үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох зохицуулалт бийг дурьдах нь зүйтэй.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хэлтсийн дарга Ц.Б*******г хариуцсан ажлын чиг үүргийн дагуу Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт шилжүүлсэн байх бөгөөд Соёл урлагийн газрын бүтэц, орон тоо батлагдаагүй, уг газар байгуулагдаагүй байна. 

Ажилгүй байсан 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны цалинг хэлтсийн даргын албан тушаалын цалингаар тооцож гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хэлтсийн даргын албан тушаалын ТЗ-10 шатлалаар нийгмийн даатгалын дэвтрийн үндсэн цалингийн орлогоор тооцон 54.115.311 төгрөг, үүнээс шүүхийн шийдвэрээр мэргэжилтнээр тогтоосон цалин 16.771.517 төгрөгийг хасч нийт 37.343.794 төгрөгийг, эсхүл төрийн захиргааны албан хаагчийн цалингийн сүлжээ, төрийн албаны ажилласан жил, зэрэг дэвийн нэмэгдлээр мөн хугацаа, шатлалаар тооцож 44.737.219 төгрөг, үүнээс шүүхийн шийдвэрээр мэргэжилтнээр тогтоосон цалин 16.771.517 төгрөгийг хасч 27.965.702 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд гаргуулахаар нэхэмжилжээ.

Өмнө нь дурьдсанчлан Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 165 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 254 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 45 дугаар тогтоолоор албан тушаал бууруулсан тушаалыг шүүх хууль бус гэж үзэн хүчингүй болгож, 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажлаас халах хүртэл хугацааны цалингийн зөрүү 1.181.226 төгрөгийг гаргуулан олгохоор, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 384 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 375 дугаар магадлалаар төрийн албанаас халсан тушаалыг хууль бус гэж үзээд хүчингүй болгож, 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл буюу 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 16.771.517 төгрөгийг гаргуулан олгохоор тус тус шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн байх тул энэ хугацааны цалинг нэхэмжлэх үндэслэлгүйн дээр мэргэжилтний албан тушаалаас халагдсанаас хойших ажилгүй байсан хугацааны цалинг албан тушаал бууруулахаас өмнөх хэлтсийн даргын албан тушаалын ТЗ-10 шатлалын цалингаар тооцож 24.070.283 төгрөгөөр нэхэмжилсэн нь мөн л үндэслэлгүй, энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрээр  “нэгэнт албан тушаал бууруулсны цалингийн зөрүүг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн , мэргэжилтний албан тушаалаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг хянан хэлэлцсэн тул ... мэргэжилтний албан тушаалын ТЗ-7-5 шатлалын үндсэн цалингаар тооцон ... гаргуулах үндэслэлтэй” гэж дүгнэн шийдвэрлэсэн байна. 

Ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан, ажлаас халсан болохыг тогтоож шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацааны цалинг нэгэнт шийдвэрлэсэн тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр  дүгнэн шийдвэрлэсэн асуудлыг шүүх шийдвэрлэхгүй төдийгүй, ажилд томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, ажилд томилох шийдвэр гаргахыг даалгах шаардлагын хүрээнд ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар түүнийг ажлаас үндэслэлгүй халсан болохыг энэ шийдвэрээр тогтоогоогүй тул мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан буруу халсан үеийн олговор олгогдохгүй.

Иймд  “ажилд томилох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд нь эрхэлж байсан албан тушаалын ТЗ-10 зэрэглэлтэй дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах” шаардлагыг хангаж, “ажилгүй байсан 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны цалинг хэлтсийн даргын албан тушаалын цалингаар тооцож гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”  шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3,  Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ц.Б*******г ажилд томилохгүй байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Ц.Б*******г ТЗ-10 зэрэглэлтэй дүйцэхүйц албан тушаалд томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн 50 хувь буюу 35.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА

ШҮҮГЧИД                              А.НАСАНДЭЛГЭР

                                                                  Н.ДОЛГОРСҮРЭН