Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 658

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч А.Ганзориг

хохирогчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0092/,

шүүгдэгч Б.Б-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0938/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Х овгийн Б-ийн Б-од холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ховгийн Б-ийн Б-, 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 5-12 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ,0 дүгээр баг, Хүрэнбулаг 0 хорооллын 0 байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, сургуулийн 00 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэл:

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хасч, суллагдсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хилчний 00 дүгээр гудамжны 00 тоотод иргэн Б.Ц-тай “...намайг доромжлоо...” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгойг цементэн шал мөргүүлж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс судалсан нотлох баримтууд:

 

1.Хохирогч Б.Ц-ын мөрдөн байцалтад 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр орой 22 цаг өнгөрөөд 23 цаг болох гэж байхад Сонгинохайрхан дүүргийн 00-р хорооны Хилчний 00-0 тоотод ...С-гийн гэрт түүний нөхөр Б-, С-гийн найз бүсгүй гээд нэг эмэгтэй, мөн дүү нь гээд нэг эмэгтэй бид бөөнөөрөө архи пиво уусан. Сүүлд нь С-гийн дүү охин нь гээд эмэгтэй явж, бусад нь гэрт үлдсэн. ...шөнийн 02 цаг болсон санагдаж байна. Тэрнээс хойш би яг юу болсоныг санахгүй, нэг сэрсэн гэнэтхэн эмнэлэгт ирсэн байсан. Эмнэлэгт хэвтсэнээс нилээн хэд хоногийн дараа зарим зүйлүүдийг санахад ямар ч байсан бөөнөөрөө суугаад архи ууж байсан, мөн пиво уусан. ...Бид архи ууж байхдаа ердөө хэрэлдэж маргаагүй. С-гийн найз эмэгтэйг А- гэдэг, өмнө таньдаг найз нөхөд байсан. С-гийн нөхөр Б-той ч бас хэрэлдэж маргаж байгаагүй. ...Миний биед учирсан гэмтлийн талаар болсон асуудлыг сайн санахгүй байгаа, юм ямар ч байсан, цээж хүнд оргиод амьсгалж чадахгүй байсан юм уу гэмээр зүйл орж ирээд байгаа. Гэмтлийн эмч ярихдаа хагалгааны хойно ухаан санаа чинь аажим аажмаар орно, гэнэт ухаан санаа чинь орохгүй гэж хэлсэн юм. ...Би сүүлдээ тасраад унасан. ...энэ гэмтлийг хэн хэрхэн ямар байдлаар учруулсныг санахгүй байгаа болохоор гомдол санал гээд зүйл байхгүй. Миний тархи яваандаа гайгүй болвол болсон зүйлүүдээ санах байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг[1],

 

2.Хохирогч Б.Ц-ын мөрдөн байцалтад 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дахин мэдүүлсэн “...Би тэр өдөр орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Хилчний 00 тоотод байх гэртээ очсон юм. Манай хашаанд байдаг Б-ын гэрт түүний эхнэр нь С-, найз нь хэн билээ нэрийг нь сайн санахгүй байна эмэгтэй хүнтэй хамт хоёулаа байж байсан. Тэдний гэрт орчихоод гарч ирээд өөрийнхөө гэрээр орсон чинь манай гэрт ээж, мөн манай хамаатны эгч ах хоёр ханан пийшингийн пилта янзлаад байж байсан. Би гэрээсээ гараад буцаад Б-ын гэрт орсон. ...С- найзтайгаа хамт пиво ууя гэж надад хэлэхээр нь би өөрөөсөө мөнгө гаргаад дэлгүүр лүү өөрөө яваад Сэнгүр нэртэй 2,5 л том савтай пиво авч ирсэн. Бид хамт нийлж уусан. Эхний нэг пивийг нь уугаад дууссан. Дараагийн пивийг задлаад байж байтал Б- гэртээ гаднаас халамцуу ирсэн. Бид 4 нийлээд нөгөө үлдсэн пивийг ууж эхэлсэн ба, дуусаад нөгөө С-гийн найзын дүү охин нь гадаа ирсэн байсан, гэрт орж ирээгүй гадаа байсан. С-гийн найз хүүхнийг авч явах гээд байж байсан юм шиг байна лээ. С-гийн найз эмэгтэй нь дүүдээ би явах болоогүй чи харин дэлгүүр яваад нэг том пиво аваад ир гэж хэлээд дэлгүүр лүү явуулж нэг том савтай пиво авч ирснийг бид 4 нийлж уусан. ...Хараа архи авсан байсныг С- уухгүй байсан. С-гийн найз эмэгтэй Б- бид 3 хувааж уусан. ...Тэгээд маргаан эхэлсэн. Б- бид хоёрын дунд маргаан үүссэн. Одоо санаж байгаагаар нэг нэгнийхээ дээр гарах гээд яриа өдөөд байсан, чи би дээ тулаад хоёулаа заамдалцаад барилцаад авсан. Би газар унах шиг болсон, яаж унасныг санахгүй байна. ...Миний биед учирсан гэмтлийг яг хэн хэрхэн учруулсан гэдгийг би тодорхой сайн мэдэхгүй байгаа юм. ...Б- бид хоёр хоорондоо маргах үед С-, С-гийн найз эмэгтэй А- гээд эмэгтэй хоёр байсан. ...Одоогоор толгой дүүрч хатгаж өвдөнө, хоёр нүд ухархайгаараа хатгаж өвдөнө, хараа бүрэлзэнэ, нойр хүрэхгүй нойрны эм ууж байж унтдаг зэрэг зовиурууд байна. Цаашид ямар нэгэн гомдол санал алга байна. Бид хоёр хамаатан садан ураг төрлийн хүмүүс, мөн хамт архи ууж байгаад энэ асуудал гарсан болохоор гомдолгүй болсон. Миний эмчилгээний зардлыг гаргаад өгвөл өөр ямар нэгэн нэхэмжилэх зүйл алга байна, тэр мөнгө нь нийт 10,000,000 төгрөг болохоор юм байна лээ. Би баримтаа одоо гаргаж өгч чадахгүй. Одоо гаргаж өгсөн баримт нь 1,800,000 орчим төгрөгийн баримт байгаа. ...” гэх мэдүүлэг [2] ,

 

3.Хохирогч Б.Ц-ын мөрдөн байцаалтад 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дахин мэдүүлсэн “...2016 оны 9 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00-р хорооны Хилчний 00-0 тоотод хажуу айл болох Б-ын гэрт нь ороход Б-ын эхнэр С-, найз А-ийн хамт сууж байсан. Намайг гэрт нь ортол юм уумаар байна гэхээр нь би юу уух бэ гэж асуутал пиво ууя гэхээр нь би гараад дэлгүүрээс 2,5 л том боргио пиво хоёрыг аваад гэрт нь ороод гуравуулаа нэгийг нь уугаад талдаа орж байхад гаднаас Б- согтуу орж ирсэн. Би Б-од пиво хийж өгсөн. Б- С- хоёрын хооронд маргаан болсон. Тэгээд бид дөрөв нийлээд үлдсэн пиво ууж дуусгасан. Тэгээд А- гарч яваад нэг том пиво нэмж авчирсаныг уугаад сууж байтал А-ийн дүү нь гэх хүн ирээд А-ийг явъя гэсэн. А- явах гэтэл С- хоноод яв гээд явуулаагүй. Тэгээд пиво ууж дуусгаад архи авахаар С- А- хоёр үлдэж, Б- бид хоёр ...машинаар дэлгүүр лүү архинд явсан. 0,5 л Хараа архи 1 шилийг авчирсан. Бид дөрөв 0,5 архи хувааж ууж байхад Б- С- хоёр дахин маргалдахаар нь боль гэж хэлсэн. Тэгтэл Б- гэрийн зүүн талаас над руу үг чулуудаад байсан. Би тухайн үед гэрийн баруун талд сууж байсан. Би Б-ын урдаас үг хэлтэл Б- намайг “яасан олон юм ярьдаг юм бэ” гэж хэлээд босоод зуухаа тойроод хүрээд ирэхээр нь би “чи яах гэж байгаа юм бэ, намайг зодох нуу” гэж хэлсэн. Тэгтэл Б- намайг шууд заамдаж боож байгаад баруун талын шанаа луу гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэр үед би зүүн талаараа газар унасан. Тэгээд газар уначихсан байхад үсдээд шал мөргүүлсөн. Тэгээд би ухаан алдчихсан юм шиг байсан. Тэгээд нилээд хэд хоногийн дараа эмнэлэгт сэргэсэн. Би тухайн үед тархины хагалгаанд ороод бие муу байсан тул тухайн болсон асуудлыг нарийн сайн санахгүй байсан. Одоо эмчилгээ хийлгүүлсний үр дүнд бие маань сайжирч болсон асуудлыг санаж байгаа. Би тухайн үед архины шилээр цохих гээгүй. Ийм зүйл огт болоогүй. Тухайн болсон асуудлыг А- С- хоёр харсан. Б- намайг газар унагааж байгаад үсдэж шал мөргүүлж учруулсан гэмтэл байгаа юм. Б-ын гэрийн шал нь бетонон шал байсан. Одоогоор миний эмчилгээний зардал 10 сая гарчихаад байгаа, байнгын эм тариа хэрэглэж байна. Би эмчилгээний зардлаа бүрэн төлүүлэх, хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг [3],

 

4.Гэрч Г.Ц-ын мөрдөн байцаалтад 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүү Ц- нь ....байшинд юм хийж байхад Ц- орж гараад яваад байсан. Тухайн үед архи дарс уусан шинж ерөөсөө мэдэгдээгүй. Гэтэл нэг цонхоор харсан хашаанд байх жорлонгийн тэнд 2-3 эмэгтэй хүн харагдахаар нь юун эмэгтэй хүн байдаг билээ гэж бодоод гараад манай хашаанд байх С-гийн гэрт орсон чинь С-гийн нөхөр Б- манай хүү Ц- тэр хоёр хамт пиво уугаад сууж байхаар нь би та нар ажил төрөл ихтэй байхад архи дарс уугаад гэж хэлсэн чинь надад үгүй үгүй гэж Ц- хэлэхээр нь гэрээс гарсан. ...ширээн дээр нь 2,5л Боргио гэсэн нэртэй л пиво байгаагүй, өөр өнгөтэй л пиво  байх шиг байсан. Удалгүй Ц- гэрт орж ирэхээр нь царайг нь харсан чинь архи уусан шинжтэй ухаангүй царайтай байхаар нь “чи юм уусан биш үү” гэж хэлсэн чинь “үгүй үгүй” гэж хэлээд гэрээс гарах гэхээр нь би чи одоо унтаж амар гэж хэлсэн чинь за за ээжээ би  унтлаа унтана гэж хэлчихээд надад машиныхаа түлхүүрийг өгьчихье гээд машинынхаа түлхүүрийг өгөөд гэрээс гарсан. Гарах үед нь чи одоо айлд ороод яах уу шууд унтаж амар гэж хэлсэн, зүгээрээ гээд гэрээс гарсан юм. ...Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө 05 цаг өнгөрөөгөөд сэрээд гадаа гарч бие засчихаад харсан чинь гадаа хашааны хаалга онгорхой манай хашаанд байх Б-ын гэрийн хаалга онгорхой гэрэл нь асаалттай байхаар нь би нэг их юм анзаараагүй буцаад байшиндаа ороод хэвтээд өгсөн юм. Тэгээд 06 цаг өнгөрч байхад босоод эртхэн хүнтэй уулзах ёстой эрхтэн явъя гэж бодоод 07 цаг болох гэж байхад гэрээсээ гараад хашааны хаалгаар гарах гэж байх үедээ ер нь би энэ хэд дээр нэг ороод гаръя шөнө чимээгүй байсан гэж бодоод гэр рүү нь яваад ортол манай хүү Ц- гэрийн баруун талд зуухны хажуу талд гадуур хувцастайгаа атиралдаад эвгүй хэвтэж байхаар нь хүүе миний хүү босоорой гэртээ ороод унт гэж хэлээд хувцаснаас нь татсан чинь сэрэхгүй байхаар нь сайн харсан чинь энгээрс нь авахуулаад доошоо хувцас нь нил нойтон болсон, ...амнаас нь бөөлжис гарсан шинжтэй, нус нь гоожсон, шүд нь зуурсан нүүр ам нь цэв хүйтэн болсон байсан. Нүүрийг нь илээд үзсэн чинь цэв хүйтэн болсон нэг л эвгүй болсон байхаар нь хүүеэ яасан бэ миний хүү гээд 4-5 минут сэрээх гэж оролдсон чинь хамаг бие нь хөшсөн байхаар нь би тэнд хэвтэж байсан С- болон нөхөрт нь та нар ямар сонин хүмүүс вэ энэ хүүхдийн дээрээс нэг хөнжил хаяад өгчихгүй сонин болчихсон байна шүү дээ гэж хэлсэн.  Тэр хэд сэрээд босож ирээд Б-той хамт өргөж байшинд оруулаад түргэн рүү яриад дуудсан юм. Ц- тархи толгой өвддөг хууч өвчин байхгүй. ...Надад С- хэлэхдээ Ц- шөнө гэр лүүгээ орж унтах гээд гарсан, хаалга тогшоод онгойлгохгүй ээж унтсан байна гээд гэрийн баруун талд сандал дээр суух гээд доош болохдоо савж унасан, тэгээд ёо ёо гээд бөөлжөөд байсан гэж надад хэлсэн. Тэрнээс өөр зүйл болоогүй гэж надад хэлсэн. С- нь миний төрсөн эгч Хүрэлийн хүүхэд нь байгаа юм. Б- бол нөхөр нь юм. ...” гэх мэдүүлэг [4] ,

 

5.Гэрч Г.Ц-ын мөрдөн байцаалтад 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дахин мэдүүлсэн: “...2016 оны 09 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хилчины 84-05 тоотод оршин суух гэртээ хүү Ц-ын хамт байшиндаа засвар хийж байгаад цонхоор хартал манай хашаанд гэр бариад түр амьдарч байгаа Б-ын эхнэр С- нэг эмэгтэйн хамт нойлд орж байгаа нь харагдсан. ...Б-ын гэр лүү ортол Ц-, С-, А-, Б- нар том Сэнгүүр пиво ууж байгаа бололтой сууж байсан. ...Өглөө 06 цагийн орчим босоод гадаа гартал Б-ын гэр нь гэрэлтэй гэрийн хаалга нь дэлгээтэй, хашааны хаалга дэлгээгэй харагдсан. ...Б-ын гэрт ортол Ц- Б-ын гэрийн зуухны баруун талд зүүн хөлөө атирсан зүүн талаараа харсан байдалтай газар шалан дээр хувцастайгаа хэвтэж байхаар нь би очоод миний хүү босоорой гэртээ орж унт гээд татаж үзтэл сэрэх шинжшгүй амнаас цагаан хөөс гарсан, хурхираад байх шиг сонин болчихсон байхаар нь нүүрийг нь илж үзтэл хүйтэн болчихсон байсан. ...Тэгээд 103 дуудсан, эмч ирээд нүдийг нь нээж харчихаад яаралтай эмнэлэгийн тусламж хэрэгтэй гээд Гэмтэл рүү авч явсан. ...Хагалгаанд орсны 2-3 хоногийн дараа Гэмтэл дээр А- надтай уулзахаар өөрөө ирсэн байсан. А- надтай уулзаад манай аав ээж намайг хот руу явахад чи болсон бүх юмыг үнэнээр нь хэлээрэй гэж захисан. Тэгээд би таньд болсон зүйлийг бүгдийг нь хэлэхээр ирлээ гэж хэлсэн тул эмнэлгийн гадаа машин дотор А-тэй хамт сууж байгаад юу хэлэх гэсэн юм бэ та нар архи дарс уусан юм уу гэж асуусан. А- Б- Ц- хоёр хоорондоо юм яриад байсан. Би тухайн үед юуны тухай ярьсныг хэлж мэдэхгүй байна. С- бид хоёр юм яриад байж байтал гэнэтхэн Б- Ц- хоёр босч ирээд барилцаж аваад Ц-ыг Б- орон дээр дарж унагааж байгаад татаж газар унагааж заамдсан чигээрээ шал мөргүүлээд байсан гэж хэлэхээр нь би тэр үед юмаар цохисон юм уу гэж асуутал “А- үгүй шалан дээр толгойгоор нь мөргүүлээд байсан” гэж надад ярьсан. Тэгэхээр нь би А-т хандаж та нар салгахгүй яасан юм бэ гэж хэлтэл “Б- аймаар чадалтай болохоор С- бид хоёр дийлээгүй” гэж хэлсэн. Намайг дуудахгүй яасан юм бэ гэж хэлсэн. Тухайн үед машин дотор А- бид хоёр хоёулханаа байсан өөр хүн байгаагүй.  ...Надаас мэдүүлэг авсны дараа А-тэй уулзаж энэ талаар сонссон тул мэдүүлэгтээ хэлж амжаагүй байсан. Тэрнээс хойш А-тэй дахиж уулзаагүй. Ц- 7-8 хоногийн дараа ухаан орсон ухаан ороод орон гаран байсан. Анх ухаан орохдоо та нар яагаад намайг сандалаар цохиод байгаа юм бэ та нар яагаад Сэнгүр пиво уугаад байгаа юм бэ гээд янз бүрийн юм яриад байсан. ...” гэх мэдүүлэг [5],

 

6.Гэрч А.А-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгаас хотод орж ирээд Драгон дээр С-тай уулзаад С-гийн гэрт нь хамт очоод байж байтал Ц- орж ирсэн. Тэгээд Ц- гарч яваад 2,5 л том пиво нэгийг оруулж ирээд Ц- бид хоёр хувааж уугаад Ц- дахин нэг том пиво машинаасаа авчирсан. Тэрнийгээ уугаад байж байтал гаднаас Б- орж ирээд бид хоёртой хамт пиво ууж дуусгасан. Энэ үед манай дүү намайг авахаар машинтай ирчихсэн байсан тул манай дүүгийн машинаар дэлгүүр явтал дэлгүүр хаалттай байсан тул караоке орж 0,5 л архи нэмж аваад Ц- эхэлж гарч ирсэн, араас нь Б- гарч ирээд Ц- хандаж чи караокены 1000 төгрөг төлчихсөн гэсэн төлөөгүй байна намайг шараа болголоо гээд тэр хоёрын хооронд маргаан болсон. Тэндээсээ Б-ын гэр лүү очсон. Гэрт нь ороод Ц- архиа задалж аяганд хийж Б-од өгөөд өөрөө архиа шилээр нь уугаад байсан. Тэгээд байж байгаад Ц- Б- хоёр маргалдаж байгаад шууд барьцалдаж аваад Ц-ыг газар унагааж байгаад Б- цамцны захнаас нь барьж байгаад толгойгоор нь хэд хэдэн удаа шал мөргүүлсэн. С- бид хоёр салгах гээд дийлэхгүй байсан тул нилээд хэдэн удаа шал мөргүүлсэн. Энэ үед Ц- газар хэвтээд босохгүй байхаар нь яаж байна гайгүй юу гэж асуутал Ц- зүгээрээ гэж хэлж байсан. Тэгээд Ц- тэндээ унтаад өгсөн. Шөнө Ц- бөөлжөөд байх шиг байсан. Нойронд дунд С- босоод бөөлжисийг нь цэвэрлээд байх шиг байсан. Тэгээд өглөө нь Ц-ын ээж нь орж ирээд Ц-ыг сэрээх гээд сэрэхгүй байсан тул яасан юм бэ гээд байсан. Энэ үед Б- бид хэд босоод Ц-ыг гэр лүү нь өргөж оруулаад 103 дуудсан. Тухайн үед би пиво уусан байсан архи бол уугаагүй тул болсон асуудлыг бүгдийг нь санаж байгаа. ...гэрт очоод караокены 1000 төгрөг төлсөн төлөөгүй гэдгээс болж маргаад байх шиг байсан. Б- хэсэг дуугүй сууж байсан боловч Ц- өөрөө Б-ыг хэл үгээр доромжилоод байхаар нь Б- гэнэт уурлаад босч ирээд Ц-ыг бариад авч баруун орны урд талд шалан дээр газар унаагаад Б- өөрөө дээр нь гарчихсан цамцны захнаас нь барьчихсан толгойгоор нь хэд хэдэн удаа шал мөргүүлээд байсан. Хохирогч Цэрэнлхава нь Б-од зодуулснаас хойш Б-ын гэрээс гарч яваагүй, тэр дороо шалан дээрээ унтаад өгсөн. ...Тухайн үед Ц- Б-ыг үг хэлээр доромжилсон болохоос биш архины шил болон юм барьж дайрсан асуудал огт байхгүй. Б- нь Ц-ыг газар унагааж заамдаж байгаад шал мөргүүлсэн нь үнэн би харсан. Тухайн үед С- над руу утсаар залгаад Б-ыг хорьчихлоо өвлийн хүйтэн боллоо би 3 хүүхэдтэйгээ хэцүүдлээ чи мэдүүлгээ “зодоон болоход байгаагүй гадаа машинд сууж байсан гэж хэлээд өгөөч” гэж уйлаад гуйгаад байхаар нь би тэгж мэдүүлэг өгсөн юм. Тухайн үед би худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээдэг гэдгийг мэдээгүй тул С-гийн хэлснээр нь мэдүүлэг өгсөн юм. Би тухайн үед Ц-ын ээжтэйн уулзаад болсон асуудлыг үнэнээр нь хэлсэн. Тэр үед ээж нь “Б- яах араггүй миний мах цусны тасархайтай суусан хүн, шоронд явуулмааргүй байна” гэж хэлж байсан тул би С-гийн гуйсны дагуу худал мэдүүлэг өгсөн. Би зааж өгч чадна Б-ын шал нь цементэн шалан дээр хулдаастай дрожтой байсныг сайн санаж байна. ...” гэх мэдүүлэг [6],

 

7.Гэрч П.С-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр  мэдүүлсэн “...2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр үдээс хойш манай гэрт найз эмэгтэй болох А- гэрт ирсэн байсан. Гэтэл гаднаас Ц- ганцаараа манай гэрт орж ирэхдээ 2,5 л том Сэнгүр пиво барьсан орж ирсэн. Тэгээд А- тэр хоёр пиво хувааж уусан. Би нэг удаа уусан. Тэгээд тэр хоёр пиво ууж дуусгачихаад дахин гарч 2,5 л пиво авчираад хувааж уугаад дуусах дөхөж байхад манай нөхөр Б- ажлаасаа 23-24 цагийн орчим архи үнэртүүлсэн халамцуу ирсэн. Б- Ц- хоёр хоорондоо мэнд усаа мэдэлцээд ойр зуурын юм ярьсан. Байсан пивио ууж дуусаад Ц- Б- А- 3 гараад 1 шил Хараа архи бариад орж ирсэн. Ц- Б- 2 архиа ууж үлдээд А- бид 2 гарч хэсэг юм ярьж суусан. Буцаад ороод ирэхэд Ц- гэрийн баруун талд архиа шилээр нь уугаад зогсож байсан. Тэр хоёр муудалцсан бололтой харагдсан ба хоёулаа босч ирээд гэрийн баруун хойно заамдалцаад авсан. Хоёулаа хамт орон дээр заамдалцаад унахлаар нь А- бид хоёр салгах гэхэд газар давхралдаад унасан. Унахдаа Б- дээр нь Ц-  доор нь унасан ба газар харилцан заамдалцсан чигээрээ Б- Ц-гыг газар шалан дээр толгойгоор нь 1-2 удаа мөргүүлсэн. Толгойных нь аль хэсгээр мөргүүлсэн гэдгийг анзаараагүй, тэр дор нь А- бид хоёр салгасан. Миний одоо ярьж байгаа мэдүүлэг үнэн зөв. Тухайн үед нөхрийгөө шоронд орчих байх гэж айгаад худал мэдүүлэг өгсөн. ...” гэх мэдүүлэг [7] ,

 

8.Насанд хүрээгүй гэрч Ү.Ү-гийн мөрдөн байцаалтад 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...Би он сар өдрийг нь санахгүй байна. Тэр өдөр манай ээжийн хамаатан Ц- ах манай гэрт хэдэн цагийн үед ирсэнийг нь санахгүй байна. ...манай гэрт ах Б, дүү Т, ээж С-, эгч А- нар байсан. Ц- ах гаднаас 2 ширхэг бор савтай том пиво авч орж ирээд А- эгчтэй хувааж уусан. Тэр хоёрыг пиво ууж байх үед нь орой 21 цаг өнгөрөөгөөд орондоо ороод унтсан. Маргааш өглөө нь сэрэхэд манай гэрийн баруун талыг шалан дээр нил бөөлжис болчихсон байдалтай байсан. ...А- эгч, ээж С- хоёр гадаа байсан. ...Ц- ах манай гэрт байхгүй байсан, удалгүй эмнэлэгийн машин ирээд манай гэрийн баруун талд байшингаас Ц- ахыг гэрээс нь аваад явсан. Тэгээд Ц- ахыг яагаад эмнэлэг явсан талаар нь асуухад ээж С- Ц- ахыг бэртсэн гэж надад хэлсэн. ...Би унтаж байсан болохоор мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг [8] ,

 

9.Гэрч А.Б-ын мөрдөн байцаалтад 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр  мэдүүлсэн “...Би 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байсан чинь манай эгч А- намайг Б-ын гэрт хүрч ирээд авчих гэж хэлэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Орбитод гэрт нь 23 цаг өнгөрч байхад явж очсон юм. Би тэдний гэрийн гадаа очоод шууд гэр лүү нь ороогүй, машинд найз Доржийн хамт байж байсан юм. Тэгээд эгчийг гараад ир гэсэн чинь болоогүй байна гээд гадаа хүлээж байсан чинь манай эгч С- эгчтэй машинд орж ирж хамт сууж хэсэг юм ярьж сууж байгаад буцаад гэр лүүгээ орсон юм. Тэр үед Б- ахын найз нь гээд гэрт нь байсан нэг ах бид нарыг архинд яваад ир гэж хэлэхээр нь Орбитын эцэс рүү тэр ахтай хамт явсан, архийг нь аваад буцаж ирээд тэр ахын гэр лүү орсон. “Эгчийг явъя” гэсэн чинь С- эгч манайг хоночихоод яв гээд байсан. Эгч би явахаа болилоо чи яв яв гээд би найзынхаа хамтаар тэдний хашааны гадна машинтай зогсож байгаад яваад өгсөн юм. ...Намайг гэрт ороход ямар нэгэн хэрүүл маргаан зодоон цохион болсон асуудал ерөөсөө болоогүй байсан. Тэнд байсан хүмүүс пиво ууж байх шиг байсан. Бүгдээрээ миний харснаар бага зэргийн согтолттой байсан. Тухайн үед тэр хүний бие зүгээр байсан ямар нэгэн гэмтэж бэртсэн зүйл байгаагүй ...” гэх мэдүүлэг [9] ,

 

10.Б.Б-ын мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2016 оны 09 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө шинэ нисэхээс хаягдал түлээний мод ачаад гэртээ ирсэн. Тухайн үед манай гэрт эхнэр С- эхнэрийн найз А-, эхнэрийн үеэл Ц- нар том пиво 1 савыг тавьчихсан уугаад сууж байсан. Би тухайн үед ажлынхаа 1 хүнтэй нэг шил архи хуваагаад уусан, согтуу орж ирсэн. Эхнэр хоолоо хийсэн байсан тул идчихээд байж байтал Ц- манай хөргөгчнөөс дахиад 1 сав пиво гаргаж ирсэн. Тэрийгээ дуусаад А-ээр дахиад 1 сав том пиво авахуулсан. Дуусаад Ц- А- бид нар А-ийг авах гээд ирсэн дүүгийнх нь машинаар дэлгүүр орж 1 шил архи авсан. Буцаж манай гэрт хүргэж өгөөд А-ийн дүү нь явсан. Би архинаас 2-3 хундага уугаад архи орохгүй байсан тул би одоо уухгүй чи уувал уугаад уухгүй бол гэртээ орж амар гэж Ц-д хэлсэн. Гэтэл Ц- “чи миний авч өгсөн архийг голоод байгаа юм уу эзнийг голоод байгаа юм уу” гэхээр нь “юу гэж тийм юм байхав орохгүй байна” гэхэд “чам шиг бацаан чадахгүй л дээ” гээд өөрөө шилээр нь архиа уусан. Тэгээд байж байтал “чи энэ зун ажил хийгээд байгаа гэсэн ийм архи уухгүй болтлоо томорчихсон юм уу “гэхээр нь тоглож байгаа юм байлгүй гэж бодоод “тийн штэй” гэж хэлтэл босч ирээд архины шилээр намайг цохих гэж далайсан. Архины шилийг нь булааж аваад барилцаж аваад би дээр нь байрлалтай давхралдаад газар унасан. Энэ үед С- ч билүү А- ч билүү аль нэг нь намайг салгасан. Өглөө ээж нь орж ирээд Ц-ыг сэрэхгүй байна гэхээр нь сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгэхээр нь ер нь болохоо байчихсан байна гэж бодоод түргэн дуудсан. Хамт гэмтлийн эмнэлэг явсан. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №13259 дугаартай дүгнэлтээр “Ц-ын биед зүүн чамархайн зулай ясруу үргэлжилсэн хугарал, зүүн зулай чамархай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, аалзан бүрхүүлийн цус харвалт’’ гэмтлийг учруулсан. Яг яаж учруулсан гэдгээ санахгүй байна. Ц-тай муудалцахад эхнэр П.С-, найз А- нар байсан. Б.Ц-ын цамцных нь захнаас барьж байгаад хэд хэдэн удаа толгойгоор нь газар мөргүүлэн асуудал болсон эсэхийг санахгүй байна. Бид 2 газар унаад хурдан салах шиг болсон. Би нилээн согтуу байсан. Өөрийнхөө буруутайг хүлээн зөвшөөрч байна.

Би 2016 оны 09 дүгээр сард эмнэлэгт хэвтэж байхад нь ээж Ц-д эмчилгээнд хэрэглээрэй гээд 50.000 төгрөг бэлнээр өгсөн. Эмнэлэгээс гарсаных дараа гэрт нь 50,000 төгрөгний эм аваачиж өгсөн. 2016 оны 10 сард Шар хадны эмнэлэгт шинжилгээ хийлгэхэд 52.000 төгрөг тушаасан. Баримт нь Ц-д байгаа. 2016 оны 12 дугаар сарын 02-ны шөнө хорооллоос 7 буудал хүргүүлээд буцаад саппоро хүргүүлсэн. Энэ үед хүний машинд 10,000 төгрөг хийж хүргэж өгсөн. Хадам ах Батхуягт 8000 төгрөгөөр бензин хийгээд 15.000 төгрөгний идэж уух юм авч өгсөн. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ц- 60.000 төгрөг бэлнээр нь гарын үсэг зурж аваад 10,000 төгрөгийг манай эгч Өлзийгөөс надаас аваарай гээд аваад явсан байсан. 2017.01.11-нд ээж Ц-ынх нь данс руу 630.000 төгрөг бэлэн мөнгөөр хаан банкны теллер дээрээс явуулсан. 2017 оны 02 дугаар сарын 07-нд Ц- 300,000 төгрөг гарын үсгээ зурж бэлнээр авч явсан. Энэ өдөртөө эхнэр С-гийн данснаас Ц-ын ээж Ц-ын данс руу 700,000 төгрөг явуулсан. Ингээд нийт 1.885.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. 1.710.000 төгрөгний хохирол барагдуулсан баримт нь байгаа. Өөр мөнгө өгч чадаагүй. Б.Ц-ыг зодсон талаараа гэр бүлийнх нь төрсөн эгч Ц-т тухайн үед нь архи уугаад муудалцаж байгаад гэмтээсэн гэдгээ хэлсэн. Яг тодорхой болсон асуудлыг хэлээгүй. Ээж хямарсан байгаа тул маргалдсан зодолдсон талаараа битгий хэлээрэй л гэж байсан. Худал мэдүүлэг өг гэж намайг ятгаагүй. Гэхдээ та хоёр зодолдсон нь ойлгомжтой анхнаасаа зодолдсон талаараа хэлээд хэрэггүй нэг нь хэвтэрт үлдээд нэг нь шоронд явах байхдаа гэсэн. ...” гэх мэдүүлэг [10],

 

11.Б.Б-ын мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн: “...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Ц-д баримтаар урчисан хохирлын үлдэгдэл мөнгийг төлж барагдуулна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсч байна. Ярьсан зүйл үнэн зөв. ...” гэх мэдүүлэг [11],

 

12.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 13259 тоот дүгнэлтэд:

Болсон хэргийн товч: 2016 оны 09 дүгээр сарын 13-14-ны шөнө унаж гэмтсэн гэх.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн 24493 тоот өвчний түүхээс:

2016.09.14. Хэвтэх үеийн зовиур: ухаангүй. Ерөнхий үзлэг. Биеийн ерөнхий байдал маш хүнд, ухаан санаа кома, орчиндоо харьцаагүй, байрлал хэвтрийн. Хэсэг газрын үзлэг: ил шархгүй, ухаангүй. Компьютер томографид: тархины зүүн тал бөмбөлгийг хамарсан том хэмжээний хатуу хальс дээрх цусан хураатай. 2016 оны 09 дүгээр сарын 14-ний Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн толгойн компьютер томографид: зүүн талд лямбда хэлбэрийн заадасны диастаз хугаралтай. ..тархины эдэд хавантай. Зүүн зулайн ар хэсэгт 9.9см өргөн 4.2см гүн зузаан 8.5см урттай холимог нягтралтай /+41.3-+64.4НШ эпидурал цус хуралттай, тархины эд дарагдалтай. Субарахнойдал зайнуудад тархины атираа ховил завсар бага зэргийн цус харвалттай. Зүүн хажуу болон 3-р ховил шахагдаж нарийссан. ...голын бүрдэл баруун тийш 1 бсм орчим хазайсан. 2016 оны 09 дүгээр сарын 14-нд зүүн чамархай хэсгийн хатуу хальсны дээрх том хэмжээний цусан хурааг авч тархи дарагдалыг чөлөөлөх мэс засал хийжээ.

2016 оны 09 дүгээр сарын 15-ны Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн толгойн Компьютер томографид: зүүн чамархай ясанд 4.9х4.7см өргөн хэмжээтэй трепенаци хийгдсэн. Трепенацийн нүхээр ардаас урагшаа чиглэлтэй гуурс байрлуулсан. Трепенацийн харалдаа болон зулай чамархай хэсэгт зөөлөн эдэд хаван хавдар нэвчдэст өөрчлөлт ихтэй. Трепенацийн харалдаа тархины эдийн гүнд хэд хэдэн тооны хий тодорхойлогдоно. Зүүн тал бөмбөлгийн зулай хэсэгт 1.2см гүн зузаантай, 6.2см өргөн хэмжээтэй, /54/-НШ нягтралтай, субдураль цус хуралт тодорхойлогдоно.

-зүүн чамархай хэсэгт 1.3см гүн зузаантай, 6.1см өргөн хэмжзэтэй /75/Н11 нягтралтай, эпидураль цус хуралт тодорхойлогдоно. Эргэн тойронд хавантай. Тархины бор цагаан эдийн ялгарал буурсан хавантай. Субарахнойдаль зайнууд цус харвалттай. Зүүн хажуу ховдол шахагдаж нарийссан, голын бүрдэл баруун тийш 0,6 см хазайсан.  ...”

ДҮГНЭЛТ:

1.Ц-ын биед зүүн чамархайн зулай яс руу үргэлжилсэн хугарал, зүүн зулай чамархай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, аалзан бүрхүүлийн цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Унах үед үүсч болно.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна,

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонти алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Т.Номинцэцэг/. ...” гэсэн дүгнэлт [12],

 

13.Шинжээч Т.Номинцэцэгийн мөрдөн байцаалтад 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “... Дээрх гэмтлийг авсан хүн идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Тухайн үедээ эмнэл зүйд толгой эргэх толгой өвдөх дотор муухайрах шинж тэмдэг илрэх ба хатуу хальсны дээрх цусан хураа нь тархийг дарах хүртэл хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийгээд явах боломжтой. Тархи цусан хураанд дарагдах үед унтаарах, ухаан алдах, гар хөл саажих, хурхирах, бөөлжих, шинж тэмдэг илэрдэг. Ир үзүүр ирмэгтэйгээс бусад зүйлийг мохоо зүйл гэнэ. Ц-д учирсан гэмтэл нь мохоо том талбайтай зүйлээр цохих, цохигдох унах үед үүсгэгдэх гэмтлүүд юм. Арагш  толгойгоороо шалан дээр савж унах үед буюу дагзаараа унасан үед тэр хэсэг газарт гэмтэл учирдаг. Харин Хохирогч Ц-д учирсан гэмтэл нь зүүн чамархайн зулай хэсэгт гэмтэл учирсан байгаа нь тухайн газарт хүч үйлчилж учирсан байна гэсэн үг. Хатуу хальсны дээрх цусан хураа нь хатуу хальсны доорх цусан хураагаа бодвол эмнэл зүйн хувьд шинж тэмдэг явцын хувьд түргэн, богино байдаг. Мөн компьютер томографиийн цус харалтын харахад хэрэг уг болсон гэх цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. ...” гэх мэдүүлэг [13] ,

 

14.Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 1080 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Толгойн зүүн чихний дээгүүр 5 5 см хэмжээний трепнацийн нүхтэй.

Шинжилгээнд: КТГ-д 2016-09-15 Зүүн чамархайн ясанд 4,9 4,7 см өргөн хэмжээтэй трепнаци хийгдсэн. Трепнаций нүхээр ардаас урагшаа чиглэлтэй гуурс байрлуулсан. Трепнаций харалдаа болон зулай чамархай хэсэгт зөөлөн эдэд хаван хавдар нэвчдэст өөрчлөлт ихтэй. Трепнаций харалдаа тархины эдийн гүнд хэд хэдэн тооны хий тодорхойлогдоно. Зүүн тал бөмбөлөгийн зулай хэсэгт 1,2 см гүн зузаантай, 6,2 см өргөн хэмжээтэй \54\ Н\/ нягтралтай. Субдураль цус хуралт тодорхойлогдоно. Эргэн тойронд хавантай. Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан хавантай. Субдураль зайнууд цус харвалттай. Зүүн хажуу ховдол шахагдаж нарийссан. Голын бүрдэл баруун тийш 0,6 см хазайсан. /Дүгнэлт бичсэн. Ц.Тунгалаг /

ЭССШ:нд Оюуны ажиллах чадвар дундаж түвшинд буурсан. Анхаарал төвлөрүүлэх чадвар суларсан. Сэтгэхүйд хийсвэрлэн дүгнэх үйлийн түвшин буурсан. Хэт хийсвэр сэтгэхүй илрэх бодол санаа үүсэх явц удааширсан байдал ажиглагдана. Өөрийн сэтгэцийн байдалд харьцангуй шүүмжлэлтэй хандана. /Патопсихологич Ж.Нямцэцэг 2016-11-14 нд/

Сэтгэцийн онош: Тархи доргилтын дараах хам шинж, хагас ойгүйдэл хам шинж

Дүгнэлт: Комисс доорх дүгнэлтийг санал нэгтэй гаргав.

1.Б.Ц- нь “Тархи доргилтын дараах хам шинж хагас ойгүйдэл хам шинж” сэтгэцийн эмгэгтэй байна.

2.Б.Ц- нь мэдүүлэг өгөх чадвар султай байна.

3.Б.Ц- нь хүний хэлсэн ярьсаныг ойлгох боломжтой байна.

4.Б.Ц- нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх бусдад ойлгуулах, өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлаж ойлгох чадвар султай байна. ..." гэсэн дүгнэлт [14] ,

 

15.Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183 дүгнэлт

“...Онош, оношийн үндэслэл

1.2016 оны 09 дүгээр сарын 14- ний өдөр тархиндаа хүнд гэмтэл авч ухаан тархиндаа хүнд гэмтэл авч ухаан алдаж толгойдоо мэс засал (трепенаци) хийлгэсэн.

2.Тархиндаа мэс засал хийлгэснээс хойш арваад хоног ухаан нь бүрэн ороогүй, заримдаа юм ойлгохгүй, асуултанд буруу зөрүү хариулт өгч байсан гэх объектив өгүүлэмжтэй.

3.Тархиндаа мэс засал хийлгэснээс хойшхи 2-3 сарын хугацаанд нойрондоо муу, мартамхай байдалтай болсон. 2017 оны 03 сараас мартамхай байдал нь багасч эхэлсэн. Тархиндаа гэмтэл авснаас хойш амархан уурлаж уцаарлах болсон, толгой өвддөг болсон гэх субъектив өгүүлэмжгэй.

4.(Амбулаторийн картнаас)

-Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр – 000429

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ЭХМК-ын суурин хурлаар Б овогтой Ц-- нд Онош: СПО удаление эпидур. Гемотома лев. Височ области ердийн өвчний жагсаалтын 10.3 заА-р хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 12 сараар тогтоохоор шийдвэрлэв. Шийдвэрийн хүчинтэй хугацаа Эхлэх: 2017 он 01 сар 05 өдөр, Дуусах 2018 он 01 сар 05 өдөр,

5.Шинжилгээнд: Компьютерт томограгарфи (ГССҮТ-2016-09-15) - Зүүн чамархайн ясанд 4,9x4,7 см өргөн хэмжээтэй трепенаци хийгдсэн. Трепанацийн нүхээр ардаас урагшаа чиглэлтэй гуурс байрлуулсан. Трепенацийн харалдаа тархины эдийн гүнд хэд хэдэн тооны хий тодорхойлогдоно. Зүүн тал бөмбөлгийн зулай хэсэгт 1,2 см гүн зузаантай 6,2 см өргөн хэмжээтэй, /54/ Н11 нягтралтай, Субдураль цус хуралт тодорхойлогдоно. Эргэн тойронд хавантай. Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, хавантай. Зүүн хажуу ховдол шахагдаж нарийссан. Голын бүрдэл баруун тийш 0,6 см хазайсан.

ЭССШ- нд (2018.02.28-Дугаар1/51 СЭМҮТ)

Шинжлүүлэгчийн хийсвэрлэн дүгнэх үйлдийн түвшин нас боловсролын түвшинтэй нь харьцуулахад илэрхий бууралтгүй, бодол санаа үүсэх нийлэмж хэвийн, сэтгэхүйн үйл ажиллагаанд эмгэг өөрчлөлтгүй байна. Анхаарал төвлөрөлттэй холбоотойгоор ой тогтоолт ялимгүй буурсан байх талтай. Оюуны ажиллах чадвар буурсан, сэтгэцийн үйл ажиллагааны хурд удааширсан байна. Өөрийн хувь хүний сэтгэцийн чанарт хандах шүүмжлэлт чанар одоогоор хэвийн.

6. 2018 оны 02 сарын 26-ны өдөр Сэтгэцийн байдлыг тодруулахад: Амьдралын түүх, өвчний түүх болон болсон хэргийн талаар дэлгэрэнгүй тоочиж ярина. Орон зай, цаг хугацааны баримжаалал хэвийн. Амархан ядарч сульдах нь багассан, нойрондоо сайн байгаа гэх. Толгой дүүрч өвдөнө гэх.

Эдгээрээс үндэслэн сэтгэцийн онош: DS F 07.2 Тархи доргилтын дараах хам шинж  st: Засрал сайжралын байдал

ДҮГНЭЛТ: Комисс доорх дүгнэлтийг санал нэгтэй гаргав.

1.Б овогтой Ц- нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Шүүх сэтгэц эмгэг судлалын 1080 тоот дүгнэлтээр “Тархи доргилтын дараах хам шинж, хагас ойгүйдлийн хам шинж” сэтгэцийн эмгэгтэй ... болсон нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх бусдад ойлгуулах, өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлаж ойлгох чадвар сул байна гэсэн дүгнэлт гарсан байна. Одоо Б.Ц-ын “Тархи доргилтын дараах хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэг нь засрал сайжралын байдалтай байна.

2.Б.Ц- нь одоогийн байдлаар сэтгэцийн хувьд болсон хэргийн талаархи үйл баримтаа эргэн санаж мэдүүлэг өгөх чадвартай байна.

3.Б.Ц- нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна /шинжээч О.Баатаржав,Э.Амгалан, С.Байгальмаа/. ...” гэсэн  дүгнэлт [15] ,

 

16.Шинжээч С.Байгальмаагаас мөрдөн байцаалтад 2018 оны  3 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр комисс санал нэгтэйгээр хэргийн материал болон эмнэлгийн бичиг баримт, эмнэл зүйн үзлэгийг үндэслэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэсэн дүгнэлт гаргасан. Тархи доргилтын дараах хам шинж сэтгэцийн эмгэг нь архаг явцтай бөгөөд хэдий хугацааны дараа эдгэрсэн эсэхийг урьдчилан тодорхойлох боломжгүй эмгэг юм. Комиссын дүгнэлтээр тархи доргилтын дараах хам шинж хэмээх сэтгэцийн эмгэг нь засрал сайжралтын байдалтай байна гэсэн дүгнэлт гаргасан. Хэргийн материал болон эмгэг сэтгэл судлалын магадлалын шинжилгээний үзлэг эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн гаргасан. ...” гэх мэдүүлэг [16],

 

17.2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [17] ,

 

18.Гэмтэл согог судлал үндэсний төвийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нээсэн Б.Ц-ын өвчний түүх [18], хохирогч Б.Ц-ын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар гаргасан гомдол [19], хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд [20], мөн хохирлын мөнгө хүлээн авсан гэх баримт [21] ,

 

19.Шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа [22], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [23], Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар [24] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хилчний 00 дүгээр гудамжны 00 тоотод иргэн Б.Ц-тай “...намайг доромжлоо...” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгойг цементэн шал мөргүүлж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-хохирогч Б.Ц-ын мөрдөн байцаалтад 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...Би тэр өдөр орой 21 цагийн орчим ...Би гэрээсээ гараад буцаад Б-ын гэрт орсон. ...С- найзтайгаа хамт пиво ууя гэж надад хэлэхээр нь би   өөрөөсөө мөнгө гаргаад дэлгүүр лүү өөрөө яваад Сэнгүр нэртэй 2,5 л том савтай пиво авч ирсэн. Бид хамт нийлж уусан. ...бид 4 нийлж уусан. ...Хараа архи авсан байсныг С- уухгүй байсан. С-гийн найз эмэгтэй Б- бид 3 хувааж уусан. ...Тэгээд маргаан эхэлсэн. Б- бид хоёрын дунд маргаан үүссэн. Одоо санаж байгаагаар нэг нэгнийхээ дээр гарах гээд яриа өдөөд байсан, чи би дээ тулаад хоёулаа заамдалцаад барилцаад авсан. Би газар унах шиг болсон, ...Б- бид хоёр хоорондоо маргах үед С-, С-гийн найз эмэгтэй А- гээд эмэгтэй хоёр байсан. ...Одоогоор толгой дүүрч хатгаж өвдөнө, хоёр нүд ухархайгаараа хатгаж өвдөнө, хараа бүрэлзэнэ, нойр хүрэхгүй нойрны эм ууж байж унтдаг зэрэг зовиурууд байна. ...” гэх мэдүүлэг [25],

-хохирогч Б.Ц-ын мөрдөн байцалтад 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дахин мэдүүлсэн “...2016 оны 9 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө ...Б-ын гэрт нь ...2,5 литр том боргио пиво хоёрыг аваад гэрт нь ороод гуравуулаа нэгийг нь уугаад талдаа орж байхад гаднаас Б- согтуу орж ирсэн. Би Б-од пиво хийж өгсөн. ...пивоо ууж дуусгаад архи авахаар ...дэлгүүр лүү архинд явсан. 0,5 л хараа архи 1 шилийг авчирсан. Бид дөрөв 0,5 архи хувааж ууж байхад Б- С- хоёр дахин маргалдахаар нь боль гэж хэлсэн. Тэгтэл Б- гэрийн зүүн талаас над руу үг чулуудаад байсан. Би тухайн үед гэрийн баруун талд сууж байсан. Би Б-ын урдаас үг хэлтэл Б- намайг “яасан олон юм ярьдаг юм бэ” гэж хэлээд босоод зуухаа тойроод хүрээд ирэхээр нь би “чи яах гэж байгаа юм бэ, намайг зодох нуу” гэж хэлсэн. Тэгтэл Б- намайг шууд заамдаж боож байгаад баруун талын шанаа луу гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэр үед би зүүн талаараа газар унасан. Тэгээд газар уначихсан байхад үсдээд шал мөргүүлсөн. Тэгээд би ухаан алдчихсан юм шиг байсан. Тэгээд нилээд хэд хоногийн дараа эмнэлэгт сэргэсэн. Би тухайн үед тархины хагалгаанд ороод бие муу байсан тул тухайн болсон асуудлыг нарийн сайн санахгүй байсан. Одоо эмчилгээ хийлгүүлсэний үр дүнд бие маань сайжирч болсон асуудлыг санаж байгаа. Тухайн болсон асуудлыг А- С- хоёр харсан. Б- намайг газар унагааж байгаад үсдэж шал мөргүүлж учруулсан гэмтэл байгаа юм. Б-ын гэрийн шал нь бетонон шал байсан. ...” гэх мэдүүлэг [26],

-гэрч Г.Ц-ын мөрдөн байцаалтад 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дахин мэдүүлсэн: “...2016 оны 09 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн орчим ...Б-ын гэр лүү ортол Ц-, С-, А-, Б- нар том Сэнгүүр пиво ууж байгаа бололтой сууж байсан. ...Өглөө 06 цагийн орчим босоод ...Б-ын гэрт ортол Ц- Б-ын гэрийн зуухны баруун талд зүүн хөлөө атирсан зүүн талаараа харсан байдалтай газар шалан дээр хувцастайгаа хэвтэж байсан. ...би очоод миний хүү босоорой гэртээ орж унт гээд татаж үзтэл сэрэх шинжгүй амнаас нь цагаан хөөс гарсан, хурхираад ...сонин болсон байхаар нь нүүрийг нь илж үзтэл хүйтэн болсон байсан. ...Тэгээд 103 дуудсан, эмч ирээд нүдийг нь нээж харчихаад яаралтай эмнэлэгийн тусламж хэрэгтэй гээд Гэмтэл рүү авч явсан. ...Хагалгаанд орсны 2-3 хоногийн дараа Гэмтэл дээр А- надтай уулзахаар өөрөө ирсэн байсан. ...Тэгээд би таньд болсон зүйлийг бүгдийг нь хэлэхээр ирлээ гэсэн. ...А- Б- Ц- хоёр хоорондоо юм яриад байсан. ...С- бид хоёр юм яриад байж байтал гэнэтхэн Б- Ц- хоёр босч ирээд барилцаж аваад Ц-ыг Б- орон дээр дарж унагааж байгаад татаж газар унагааж заамдсан чигээрээ шал мөргүүлээд байсан гэж хэлэхээр нь би тэр үед юмаар цохисон юм уу гэж асуутал “А- үгүй шалан дээр толгойгоор нь мөргүүлээд байсан” гэж надад ярьсан. Тэгэхээр нь би А-т хандаж та нар салгахгүй яасан юм бэ гэж хэлтэл “Б- аймаар чадалтай болохоор С- бид хоёр дийлээгүй” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [27],

-гэрч А.А-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр  мэдүүлсэн “...2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ...С-гийн гэрт нь хамт очоод байж байтал Ц- орж ирсэн. Тэгээд Ц- гарч яваад 2,5 литр том пиво нэгийг оруулж ирээд Ц- бид хоёр хувааж уусан, ...Ц- дахин нэг том пиво машинаасаа авчирсан. Тэрнийгээ уугаад байж байтал гаднаас Б- орж ирээд бид хоёртой хамт пиво ууж дуусгасан. ...Тэгээд байж байгаад Ц- Б- хоёр маргалдаж байгаад шууд барьцалдаж аваад Ц-ыг газар унагааж байгаад Б- цамцны захнаас нь барьж байгаад толгойгоор нь хэд хэдэн удаа шал мөргүүлсэн. С- бид хоёр салгах гээд дийлэхгүй байсан тул нилээд хэдэн удаа шал мөргүүлсэн. ...Ц- өөрөө Б-ыг хэл үгээр доромжилоод байхаар нь Б- гэнэт уурлаад босч ирээд Ц-ыг бариад авч баруун орны урд талд шалан дээр газар унаагаад Б- өөрөө дээр нь гарчихсан цамцны захнаас нь барьчихсан толгойгоор нь хэд хэдэн удаа шал мөргүүлээд байсан. ...Б- нь Ц-ыг газар унагааж заамдаж байгаад шал мөргүүлсэн нь үнэн би харсан. ...С- над руу утсаар залгаад Б-ыг хорьчихлоо өвлийн хүйтэн боллоо би 3 хүүхэдтэйгээ хэцүүдлээ чи мэдүүлгээ “зодоон болоход байгаагүй гадаа машинд сууж байсан гэж хэлээд өгөөч” гэж уйлаад гуйгаад байхаар нь ...С-гийн хэлснээр нь мэдүүлэг өгсөн юм. Би тухайн үед Ц-ын ээжтэйн уулзаад болсон асуудлыг үнэнээр нь хэлсэн. ...” гэх мэдүүлэг [28],

-гэрч П.С-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дахин мэдүүлсэн “...2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр үдээс хойш манай гэрт манай найз эмэгтэй болох А- гэрт ирсэн байсан. Гэтэл гаднаас Ц- ганцаараа манай гэрт орж ирэхдээ 2,5 л том Сэнгүр пиво барьсан орж ирсэн. Тэгээд А- тэр хоёр пиво хувааж уусан. ...дахин гарч 2,5 л пиво авчираад хувааж уугаад дуусах дөхөж байхад манай нөхөр Б- ажлаасаа 23-24 цагийн орчим архи үнэртүүлсэн халамцуу ирсэн. ...Ц- Б- 2 архиа ууж үлдээд А- бид 2 гарч хэсэг юм ярьж суусан. Буцаад ороод ирэхэд тэр хоёр муудалцсан бололтой харагдсан, хоёулаа босч ирээд гэрийн баруун хойно заамдалцаад авсан. Хоёулаа хамт орон дээр заамдалцаад унахлаар нь А- бид хоёр салгах гэхэд газар давхралдаад унасан. Унахдаа Б- дээр нь Ц- доор нь унасан, газар харилцан заамдалцсан чигээрээ Б- Ц-гыг газар шалан дээр толгойгоор нь 1-2 удаа мөргүүлсэн. ..Миний одоо ярьж байгаа мэдүүлэг үнэн зөв. Тухайн үед нөхрийгөө шоронд орчих байх гэж айгаад худал мэдүүлэг өгсөн. ...” гэх мэдүүлэг [29] ,

-Б.Б-ын мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би архинаас 2-3 хундага уугаад архи орохгүй байсан тул би одоо уухгүй чи уувал уугаад уухгүй бол гэртээ орж амар гэж Ц-д хэлсэн. Гэтэл Ц- “чи миний авч өгсөн архийг голоод байгаа юм уу эзнийг голоод байгаа юм уу” гэхээр нь “юу гэж тийм юм байхав орохгүй байна” гэхэд “чам шиг бацаан чадахгүй л дээ” гээд өөрөө шилээр нь архиа уусан. Тэгээд байж байтал “чи энэ зун ажил хийгээд байгаа гэсэн ийм архи уухгүй болтлоо томорчихсон юм уу “гэсэн. ...барилцаж аваад би дээр нь байрлалтай давхралдаад газар унасан. ...Өөрийнхөө буруутайг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг [30], Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 13259 дугаартай дүгнэлт [31], шинжээч Т.Номинцэцэгийн мэдүүлэг [32], Гэмтэл согог судлал үндэсний төвийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нээсэн Б.Ц-ын өвчний түүх [33] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээр дурдсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, оролцогчдоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт оногдуулах хорих ялын хэмжээ нь 5-7 жил байх ба шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын хэмжээ 2-8 жил буюу хорих ялын доод хэмжээ багассан байна. Тиймээс 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэж 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчилсэн. Иймд шүүгдэгч Б.Б-ыг 2015 оны хуульд зааснаар хохирогч Б.Ц-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцуулах саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй. Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл бол архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болсон бөгөөд хохирогч, шүүгдэгч нарын хэн хэнийнх нь буруутай үйл ажиллагаа байгаа гэсэн санал дүгнэлтийг гаргасан.  

Тус эрүүгийн хэрэг нь 2016 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх ба 2016 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Гэвч тус хэргийн хохирогч, шүүгдэгч нар нь садан төрлийн холбоо бүхий хамааралтай хүмүүс байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн газар байсан гэрчээр тогтоогдсон А..А-, П.С- нар нь худал мэдүүлэг гаргасан, хэргийн хохирогч Б.Ц- нь толгойдоо авсан гэмтлийн улмаас тархи доргилтын дараах хагас ойгүйдэл хам шинж бүхий сэтгэцийн эмгэгтэй болж, болсон үйл явдлын талаар санахгүй байгаа талаар мэдүүлэг гаргасан зэрэг нөхцөл байдлын улмаас тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан байна.

Хэрэгт цугларсан үйл баримт, нотлох баримтуудаас үзвэл тухайн гэмт хэрэг гарсан өдөр хохирогч Б.Ц- нь өөрөө удаа дараа архи согтууруулах ундаа зүйл худалдан авч гэрчээр тогтоогдсон А.А-, П.Сарангуяа нар болон шүүгдэгч Б.Б- нартай ууж согтуурсан, улмаар согтуурсан байх үедээ Б.Б-, Б.Ц- нар нь үл ялих зүйлээр шалтгалан хэрүүл маргаан хийж, Б.Б- нь өөрийн гэртээ хохирогч Б.Ц-ыг удаа дараа гэрийн шал буюу хатуу бетонон шал мөргүүлж зодсон гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нь хангалттай тогтоогджээ.

Тус гэмт хэрэг үйлдэгдсэн 2016 онд 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж, мөрдөж байсан ба 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байна.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт хамаарч байх ба тус зүйл хэсэгт зааснаар оногдуулах ялын төрөл хэмжээ нь таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь хүчин Т үйлчилж байгаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байх ба тус зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээ нь арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна. Үүнээс үзвэл 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ нь багассан буюу хөнгөрсөн байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан.

Иймд шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэж яллах дүгнэлт үйлдснийг, мөн тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц-ын бие махбодид хүнд хохирол учирсан байх ба хэрэгт нийт 3,016,158 төгрөгийн баримтыг ирүүлсэн, үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид бэлнээр өгсөн мөнгө болон шүүх хуралдаан дээр 1,250,000 төгрөгийг хохирогчийн өмгөөлөгчөөр дамжуулан өгч, нийт 3,135,000 төгрөг хохирогчид нөхөн төлөгдсөн байна. Иймд шүүгдэгч Б.Б- нь хохирогч Б.Ц-д  энэ тогтоолоор төлөх төлбөргүй байна. Цаашид хохирогч Б.Ц- нь тус хэргийн улмаас учирсан гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингээс Б.Б- нь урьд гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан. Үүнээс үзэхэд шүүгдэгч Б.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл  байдал байна. Хувийн байдлын хувьд эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь одоо жирэмсэн, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилбэл холбогдох баримтыг үндэслэн нөхөн төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Иймээс хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

Шүүхээс шүүгдэгч Б.Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн зардлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх  эсэхийг шүүх шийдвэрлэх талаар зохицуулсан

Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч хэрэгт цугларсан баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Б- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугийн талаар маргаж байсан ба, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх гэрч А.А-, П.С- нараас хэргийн талаар худал мэдүүлэг гаргасан нь тогтоогдож тэдэнд эрүүгийн хариуцлага тооцож, хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Б.Б-од гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан оногдуулах ялыг хөнгөрүүлэх заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хор уршиг зэргийг харгалзан Б.Б-од 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

 

3.Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус тогтоолд дурдаж, шүүгдэгч Б.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 15-17 дугаар тал.

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар тал.

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дугаар тал.

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 21-25 дугаар тал.

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 215 дугаар тал.

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 218-219 дүгээр тал.

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 144 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 29-30 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал.

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 240-241 дүгээр тал.

[11] 2 дугаар хавтаст хэргийн 39-40 дүгээр тал.

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар тал.

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 226-228 дугаар тал.

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 36-39 дүгээр тал.

[15] 1 дүгээр хавтаст хэргийн 148-155 дугаар тал.

[16] 1 дүгээр хавтаст хэргийн 158-159 дүгээр тал.

[17] 1 дүгээр хавтаст хэргийн 9-12 дугаар тал.

[18] 1 дүгээр хавтаст хэргийн 77-96 дугаар тал.

[19] 1 дүгээр хавтаст хэргийн 119-122 дугаар тал.

[20] 1 дүгээр хавтаст хэргийн 176-202 дугаар тал.

[21] 2 дугаар хавтаст хэргийн 5 дугаар тал.

[22] 2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр тал.

[23] 2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр тал.

[24] 1 дүгээр хавтаст хэргийн 66-69 дүгээр тал.

[25] 1 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар тал.

[26] 1 дгээр хавтаст хэргийн 137-138 дугаар тал.

[27] 1 дүгээр хавтаст хэргийн 215 дугаар тал.

[28] 1 дүгээр хавтаст хэргийн 218-219 дүгээр тал.

[29] 1 дүгээр хавтаст хэргийн 144 дүгээр тал.

[30] 1 дүгээр хавтаст хэргийн 240-241 дүгээр тал.

[31] 1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар тал.

[32] 1 дүгээр хавтаст хэргийн 226-228 дугаар тал.

[33] 1 дүгээр хавтаст хэргийн 77-96 дугаар тал.