Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 938

 

                                                       Б.Б-од холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 658 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б-од холбогдох эрүүгийн 201626012232 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Хонин-Онход овгийн Б.Б-, 1988 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймагт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 140 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хасч, суллагдсан /РД:/,

            Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2016 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 84 дүгээр гудамжны 5 тоотод иргэн Б.Цэрэнлхагватай “...намайг доромжиллоо...” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгойг цементэн шал мөргүүлж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Б-ын цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Б.Б- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, хохирогч Б.Цэрэнлхагва нь цаашид тус гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, Б.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирогч Б.Цэрэнлхагвад учирсан хохирлыг нөхөн төлсөн. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй. Харин гэрч А.Алтанцэцэг, П.Сарангуа нарын худал мэдүүлэг өгсөн үйлдлийг надад халдаан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглээгүйд гомдолтой байна. Хохирогч Б.Цэрэнлхагва, миний эхнэр гэрч П.Сарангуа нар үеэлүүд бөгөөд Б.Цэрэнлхагвын эх Г.Цэвээнжав нь “хохирлоо барагдуулвал хамаатан саднаа шоронд хийгээд яах вэ” хэмээн П.Сарангуа, А.Алтанцэцэг нараар худал мэдүүлэг өгүүлсэн. Эдгээр гэрч нар нь хэрэг сэргээгдсэний дараа үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг.  Иймд дээрх байдлуудыг харгалзан надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 3.135.000 төгрөгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Ар гэрийн байдлын тухайд эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь жирэмсэн байгаа болно. Анхан шатны шүүхээс Б.Б-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугийн талаар маргаж байсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглээгүй. Гэтэл Б.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ял өөрчлөн сонсгосон тогтоолтой танилцан мэдүүлэг өгөхдөө, мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн байдаг. Хохирогч Б.Цэрэнлхагва одоогоор эрүүл мэндийн байдал нь дээрдсэн, ажил хөдөлмөр эрхлээд явж байгаа. Иймд Б.Б-од оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үздэг. Хохирогч Б.Цэрэнлхагва энэ гэмт хэргийн улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан бөгөөд улмаар уг гэмтэл нь түүний сэтгэцийн байдалд нөлөөлсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогчийг ажил хөдөлмөр эрхлээд, жирийн хүмүүсийн нэгэн адил хөл нийлүүлэн алхаж яваа хэмээн тайлбарлах боловч энэ тайлбар үндэслэлтэй эсэх талаарх баримт нотолгоо алга байна. Иймд гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршиг арилсан гэж үзэх үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Б.Б- нь 2016 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 84 дүгээр гудамжны 5 тоотод өөрийн гэртээ бусадтай нийлэн архидан согтуурч, улмаар Б.Цэрэнлхагватай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний толгойг удаа дараа шал мөргүүлж, эрүүл мэндэд нь “зүүн чамархайн зулай яс руу үргэлжилсэн хугарал, зүүн зулай чамархай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, аалзан бүрхүүлийн цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Б.Цэрэнлхагва нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, Б.Б-той маргалдах болсон шалтгаан, өөрийн биед учирсан гэмтлийн талаар /1хх-ийн 18, 137-138/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Г.Цэвээнжав /1хх-ийн 215/, А.Алтанцэцэг /1хх-ийн 218-219/, П.Сарангуа /1хх-ийн 144/, шинжээч Т.Номинцэцэг /1хх-ийн 226-228/, яллагдагч Б.Б- /1хх-ийн 240-241/ нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэгдэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 9-12/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №13259 дугаартай дүгнэлт /1хх-ийн 32/, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 77-96/ зэргээр давхар нотлогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Б.Б-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

Буцаан хэрэглэгдэж буй хөнгөн хууль гэдэгт гэмт хэргийн шинж, онцлогийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл, ял шийтгэлийн төрөл, хэмжээнд орж буй өөрчлөлтийг ойлгохоос гадна, хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан,... бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, харин 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэж тус тус хуульчилснаас үзэхэд 2015 оны Эрүүгийн хуулиар энэ гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хөнгөрсөний гадна, хорих ялыг доод хэмжээгээр нь оногдуулсан тохиолдолд мөн хөнгөрч байна.

Дээрх байдлыг үндэслэн, шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-од хуульд заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж, уг ялыг эдлэх хорих байгууллагын дэглэм нөхцлийг хуульд нийцүүлэн тогтоосон байх боловч түүний эдэлбэл зохих ялын хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын болон учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээнд тохироогүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Цэрэнлхагва нь гавал тархины хүнд гэмтэл авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ мэс ажилбарт орсон байх бөгөөд улмаар “тархи доргилтын дараах хам шинж, хагас ойгүйдлийн хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгтэй болсон, хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №1080, №183 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 36-39, 148-155/, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /1хх-ийн 157/ зэргээр тогтоогдсон, шинжээч С.Байгальмаагаас “...тархи доргилтын дараах хам шинж сэтгэцийн эмгэг нь архаг явцтай бөгөөд хэдий хугацааны дараа эдгэрэх эсэхийг урьдчилан тодорхойлох боломжгүй...” /1хх-ийн 158-159/ гэж мэдүүлжээ.

Хэдийгээр шүүгдэгч Б.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байх боловч хохирогч Б.Цэрэнлхагвын сэтгэцэд учирсан эмгэгийн эдгэрэх хугацаа тодорхойгүй, эдгэрсэн талаарх эмнэлгийн байгууллагын дүгнэлт шүүхэд ирээгүй байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй гэж үзэх үндэслэл болно.

Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг …, хүндрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцүүлэн, шүүгдэгч Б.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан “...хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн...” давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 658 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтад “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЮУНЧУЛУУН

                                 ШҮҮГЧИД                                                   Ц.ОЧ

                                                                                                     Н.БАТСАЙХАН